Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Үтрээний хэвийн бус ялгарал ба наалдацын шинжилгээний тухай

Үтрээний хэвийн бус ялгарал ба наалдацын шинжилгээний тухай

Үтрээний ялгарал гэж юу вэ?
Үтрээний ялгарал нь эмэгтэйн бэлэг эрхтэнээс шингэн эсвэл өтгөн зүйл гарахыг хэлнэ. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд энэ нь харилцан адилгүй байдаг. Үтрээнээс бага хэмжээний ялгарал гарах нь бие махбодид байгалийн жамаар цэвэрлэгээний үйл ажиллагаа явагдаж байгааг харуулдаг. Түүнчлэн эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөгөөс хамаарч хэмжээ нь өөр өөр байдаг. Үтрээний ялгарал өөрчлөгдөх (эвгүй үнэр гарах, өнгөтэй болох , гарч буй ялгаралын хэмжээ хэт ихсэх) эсвэл загатнах болон бусад зовиур, шинж тэмдэгтэй уялдан үрэвсэл, халдвар явагдаж байгааг илэрхийлнэ.

Үтрээний ялгарлын төрөл ба илрэх шинж тэмдэг:
Эмэгтэйчүүдийн дунд үтрээнээс өнгөтэй юм гарах, загатнах зовиур элбэг байдаг. Эдгээр шинж тэмдэг нь олон өвчний үед гардаг ч вульвовагинитис (мөөгөнцрийн шалтгаант), трихомонад, заг хүйтэн, хламид, нянгийн вагиноз гэсэн өвчний үед илэрдэг байна.

Нянгийн вагиноз (Bacterial vaginosis)
Нянгийн вагинозыг үрэвслийн бус халдвар гэж үздэг ба үтрээний орчин чанарын болон тооны хувьд өөрчлөгдсөнөөс үүсдэг. Ялгарлын гол шинж тэмдэг нь сүүн хүчлийн бактери эрс багасах буюу алга болж, ашиггүй нян хэт ихэсдэг. Энэ үед бэлэг эрхтэнээс муудсан загасны мэт эхүүн үнэр гарах ба энэ нь бэлгийн хавьтлын дараа эсвэл сарын тэмдгийн үед илүү ихээр мэдрэгддэг. Өвчний эхэн үед цагаан юм нь шингэн, сааралдуу өнгөтэй байна. Өвчин удахын хирээр ялгарал шар, ногоондуу өнгөтэй болж илүү өтгөн, тараг шиг болно. Нянгийн вагинозоор халхлагдан бэлгийн замын халдварт өвчин болох хламид, микоуреаплазм, хүний папиллома вирусын халдвар хавсрах нь элбэг. Өвчний 40 хувьд нь умайн хүзүүний шархлаа болон үрэвсэл илэрдэг.
Жирэмсэн эмэгтэйчүүдэд амнион шингэний халдвар, хориоамниотис, кесарево хагалгааны дараах эндометрит, дутуу төрөлт болон бага жинтэй хүүхэд төрөх шалтгааны нэг нь нянгийн вагиноз байдаг.
Нянгийн вагиноз нь олон шалтгаантай бөгөөд судалгаагаар Gardnerella vaginalis, грам сөрөг болон эерэг анаэроб нян, Mobiluncus spp, Mycoplasma hominis нь уг өвчний шалтгаан болдог нь нотлогдсон. Lactobacillus spp буюу үтрээний хэвийн флор дарангуйлагдах нь нянгийн вагинозын гол шалтгаан болох тухай олон судалгаанд дурдагдсан байдаг.

Трихомониаз (Trichomonas)
Трихомонад халдварын үед хөөсөрхөг, ногоон-шаргалдуу өнгөтэй, үнэртэй ялгарал гардаг. Үүнээс гадна шээх болон бэлгийн харьцааны үед өвдөх, бэлэг эрхтэн загатнах болон цочрох зэрэг шинж тэмдэг эмэгтэйчүүдэд илэрдэг.

Заг хүйтэн (Gonorrhea)
Заг хүйтний халдвар авсан эмэгтэйчүүдийн дийлэнхид нь шинж тэмдэг илэрдэггүй ч шээхэд хорсох, ойр ойрхон шээх, ногоон өнгөтэй ялгарал гарах, бэлэг эрхтэн улайх, хавдах болон загатнах шинж тэмдэг илэрдэг.

Хламиди
Хламиди нь ихэнх тохиолдолд шинж тэмдэггүй. Хламидийн халдвар авсан үед үтрээний ялгарал ихсэхээс гадна шээсний замын халдварын шинж тэмдэг илэрч болно.

Үтрээний мөөгөнцрийн халдвар
Мөөгөнцөр нь үтрээнд тодорхой хэмжээгээр оршиж байдаг. Мөөгөнцрийн халдвар нь маш өргөн тархсан байдаг ч эмчилгээ сайн авдаг. Мөөгөнцөр нь ихэнх тохиолдолд Candida albicans-аар үүсгэгддэг. Эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа аль нэг мөчид мөөгөнцрийн халдвар авсан байдаг. Антибиотикийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж чадвал мөөгөнцрийн халдварыг хүндрүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой.

Шээс бэлгийн замын мөөгөнцрын шинж тэмдгүүдэд:

• Их хэмжээний тараг шиг консистенцтэй ялгарал гарах,
• Загатнах, хорсох, угаах болон бэлгийн харьцааны дараа загатналт нэмэгдэх,
• Бэлгийн харьцааны дараа эвгүй үнэр гарах,
• Бэлгийн замын кандидоз нь шээсний замын өвчлөлтэй хавсрах нь элбэг.

Эмэгтэйчүүд мөөгөнцрийн халдварыг үл тоомсорлодог бөгөөд энэ нь мөөгөнцрийн дахилтат болон архаг хэлбэрээр өвчлөгсдийн тоог ихэсгэхэд хүрдэг. Иймээс уг өвчнөөс бүрэн илааршихыг хүсвэл эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай. Эмчилгээний дараа үр дүн өгсөн эсэхийг лабораториор заавал үнэлүүлэх шаардлагатай. Ихэнх тохиолдолд эмчилгээ хийж эхлэнгүүт зовиур шинж тэмдэг арилдаг. Энэ үед эмэгтэйчүүд эмчилгээгээ дутуу орхих эсвэл зүгээр болчлоо гэж бодон тайвширдаг. Гэтэл зовиур арилсан ч үтрээнд мөөгөнцрийн шалтгаант үрэвсэл хэвээр байдаг. Иймээс эмчилгээний үр дүнгийн шалгуурыг лабораториор заавал үнэлүүлээрэй!

Үтрээний ялгарлыг хэрхэн шинжилдэг вэ?
Эмчлэгч эмч шинж тэмдэг болон өвчтөний түүхийг үндэслэн бэлэг эрхтэний гадуур болон дотуур үзлэгийг хийдэг. Дотуур үзлэг хийхдээ хэрэв өвчтөн бэлгийн харьцаанд орсон бол зайлшгүй толь тавьж үтрээний хана болон умайн хүзүүг ажиглах шаардлагатай.
Үзлэг хийхийн хажуугаар үтрээнээс наалдац болон бактериологийн шинжилгээг авч ялгарал үүсгэж буй гол шалтгааныг тодорхойлдог.

Наалдацын шинжилгээг өгөхөөс өмнө эмэгтэйчүүд өөрсдийгөө бэлдэх нь шинжилгээний бас нэгэн чухал хэсэг юм. Ингэхдээ:

• Бэлгийн хавьталд 1-2 хоног ороогүй байх
• Дотуур угаалга хийгээгүй байх
• Лаа, гель зэрэг бэлдмэлийг хэрэглээгүй байх ёстой.

Наалдацын шинжилгээгээр үтрээний:

• Цагаан эсийн тоо буюу үрэвсэл
• Хэвийн бичил биетэн, эмгэг төрөгч бичил биетний харьцаа
• Трихомонад, заг хүйтний шинэ халдвар авсан эсэх
• Мөөгөнцрийн халдвар
• Лактобациллын агууламж зэргийг үнэлэн оношилдог.

Наалдацын шинжилгээг ямар тохиолдолд өгөх шаардлагтай вэ?

-Хэвлийн доод хэсэг болон бэлэг эрхтэн зовиурлах, загатнах, үтрээнээс ялгарал гарах
-Эмэгтэйчүүдийн эмчид 3-6 сар тутамд нэг удаадаа үзүүлж, наалдацын шинжилгээ өгч хянуулах
-Жирэмслэхээр төлөвлөж байгаа үед
-Жирэмсэн эхчүүд
-Удаан хугацааны антибиотик болон дааврын эмчилгээ хийлгүүлсэн тохиолдолд
-Бэлгийн хамтрагчийг сольсон бол өгөх нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Наалдацын шинжилгээнд Ньюжентийн шалгуурыг дүгнэхдээ дараах шалгуураар үнэлдэг:

•Лактобацилл (үтрээний хэвийн бичил биет) цөөрсөн эсвэл байхгүй
•Грам эерэг болон сөрөг эмгэг төрөгч нян
•Мобилункусууд ( грам эерэг болон сөрөг морины тах мэт тахир дугуй хэлбэртэй нарийн савханцар)-г харж үнэлнэ.

Ньюжентийн шалгуур нь 0 – 10 оноогоор үнэлэгддэг:

• Ньюжентийн шалгуур 0 – 3 оноогоор үнэлэгдбэл хэвийн
• 4-6 оноогоор үнэлэгдсэн бол дунд буюу наалдацын шинжилгээг давтан өгөх шаардлагатай
• 7 – 10 оноогоор үнэлэгдсэн бол нянгийн вагиноз буюу зайлшгүй мэргэжлийн эмчид хандах ёстой.

Ньюжентийн шалгуур дээр үндэслэн наалдацын шинжилгээний дүгнэлт бичигддэг тул зайлшгүй үнэлэгдэх ёстой байдаг.
Хэрэв үтрээний ялгарал хэвийн бус байдлаар зовиуртай байгаа тохиолдолд мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид хандах нь чухал. Заг хүйтэн, хламиди нь бүрэн эмчлэгдээгүй тохиолдолд эсвэл халдвар авснаа мэдсэн хирнээ эмчилгээ хийлгүүлээгүй үед умай, умайн хүзүү болон бэлэг эрхтэнд архаг үрэвсэл үүсгэж үргүйдэлд хүргэдэг аюултай. Эмэгтэйчүүд маань үтрээний ялгарал, үнэр гарах үед дур мэдэн дотуур угаалга хийдэг. Харин эмэгтэйчүүдийн эмч дотуур угаалгыг үр дүнтэй гэж үздэггүй. Учир нь үтрээ өөрөө өөрийгөө байгалийн жамаар цэвэрлэдэг эрхтэн бөгөөд угаалга хийснээр үтрээний орчны тэнцвэрийг алдагдуулахаас гадна үрэвсэл үүсгэж, илэрч буй шинж тэмдгийг улам дордуулах талтай байдаг. Эмэгтэйчүүдийн эмч эмэгтэйчүүдэд угаалга хийх тохиолдолд зөвхөн эмчийн заавраар хийхийг зөвлөсөн байдаг.
Эмчийн жороор эмчилгээ хийлгүүлж байхад шинж тэмдэг намдах эсвэл арилсан ч гэсэн эмчилгээг дуусгах нь чухал юм. Шинж тэмдэг дахих эсвэл хэвээрээ байгаа тохиолдолд эмчлэгч эмчдээ хандах ёстой.