Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

С-пептид

С-пептидийн шинжилгээ гэж юу вэ?
С-пептид нь инсулины хамт нойр булчирхайнаас ялгардаг бодис ба цус болон шээсэнд хэмждэг. Инсулин нь цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг даавар бөгөөд сахар нь биеийн энергийн гол эх үүсвэр болдог. Биемахбод инсулиныг зохистой хэмжээгээр ялгаруулж чадахгүй байгаа нь чихрийн шижин өвчний илрэл болдог.
Нойр булчирхайнаас инсулин болон с-пептид нь ижил хугацаанд тэнцүү хэмжээгээр ялгардаг бөгөөд уг шинжилгээгээр нойр булчирхайнаас ямар хэмжээний инсулин ялгарч байгааг тогтоодог. Учир нь с-пептид нь инсулинээс илүү удаан хугацаанд биед тогтвортой байдаг.

С-пептид шинжилгээний зорилго юу вэ?
Ихэвчлэн 1 болон 2 хэв шинжийн чихрийн шижинг ялгахад хэрэглэнэ.
1-р хэв шинжийн чихрийн шижингийн үед нойр булчирхайнаас инсулин болон с-пептид огт ялгардаггүй. 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед биемахбод нь инсулин үүсгэдэг боловч сайн хэрэглэдэггүй. Энэ нь С-пептидийн түвшинг хэвийн хэмжээнээс өндөр болгоход хүргэдэг.
Мөн дараах зорилгоор ашиглана.
Гипогликеми (цусан дахь сахар багадалт) шалтгааныг олох
Чихрийн шижин өвчний эмчилгээг хянах
Нойр булчирхайн хавдрын төлөв байдлыг тодорхойлох

Яагаад с-пептидын шинжилгээг өгөх хэрэгтэй вэ?
Хэрэв та чихрийн шижин өвчнөөр оношлогдсон ч 1 эсвэл 2-р хэвшинж эсэх нь тодорхойгүй байгаа бол танд С-пептидийн шинжилгээ шаардлагатай байж магадгүй. Мөн таны цусан дахь сахарын хэмжээ багасах (гипогликеми) шинж тэмдэг илэрвэл С-пептидийн шинжилгээ өгөх шаардлагатай. Үүнд:
Хөлрөх
Хурдан эсвэл тогтмол бус зүрхний цохилт
Шалтгаангүй өлсөх
Нүд бүрэлзэх
Анхаарал төвлөрөл муудах
Ухаан алдах

С-пептид шинжилгээг хэрхэн өгөх вэ?
С-пептид шинжилгээг ихэвчлэн цусны шинжилгээгээр өгдөг БА мөн шээсэнд хэмжиж болдог. Шээсэнд шинжлүүлэх бол 24 цагийн дотор бүх шээсийг цуглуулна. Үүнийг 24 цагийн шээсний шинжилгээ гэж нэрлэдэг.
24 цагийн шээсний шинжилгээний алхмууд:

Өглөө давсагаа суллан шээсийг урсгана. Цагийг тэмдэглэнэ.
Дараагийн 24 цагийн турш бүх шээсээ ариун саванд цуглуулна.
Шээсний савыг хөргөгчинд эсвэл мөстэй саванд хадгална.
Зааварт заасны дагуу сорьцыг лабораторид авчирч өгнө.

Шинжилгээнд ямар бэлтгэл хангах вэ?
Шинжилгээг цуснаас өгөх бол 8-12 цаг өлөн байх хэрэгтэй. Хэрэв шинжилгээг шээснээс өгөх бол ямар нэгэн ямар нэгэн өвөрмөц бэлтгэл байгаа эсэхийг эмчээсээ асуух хэрэгтэй.

Шинжилгээний хариуны тайлбар
С-пептид шинжилгээний хариу бага гарвал биемахбод хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чадахгүй байгааг илэрхийлэх ба дараах шалгаануудаас байж болно.
1-р хэвшинжийн чихрийн шижин
Аддисоны өвчин, бөөрний дээд булчирхай хамааралт эмгэгүүд
Элэгний өвчин
Мөн чихрийн шижин өвчний эмчилгээ тохирохгүй байгааг илэрхийлж болно.
С-пептид хэмжээ өндөр гарвал биемахбод их хэмжээний инсулин ялгаруулж байгааг илтгэх ба дараах шалтгаануудаас байж болно
2-р хэвшинжийн чихрийн шижин
Инсулин тэсвэржилт- Биемахбод инсулиныг хэрэглэж чадахгүйн улмаас цусны сахар болон инсулины түвшин өндөр байна.
Кушингийн хам шинж, (таны бие кортизол дааврыг хэт их хэмжээгээр ялгаруулдаг эмгэг юм)
Нойр булчирхайн хавдар
С-пептидийн шинжилгээг чихрийн шижингийн төрөл ялгах, чихрийн шижингийн эмчилгээг хянах зорилгоор өгөх боломжтой. Харин чихрийн шижин өвчнийг оношлоход ашигладаггүй. Цусан дахь сахар, шээсний сахар зэрэг бусад шинжилгээг чихрийн шижин өвчнийг илрүүлэх, оношлоход ашигладаг.
Эх сурвалж: https://medlineplus.gov/lab-tests/c-peptide-test/