Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (GERD-Gastroesophageal reflux disease) гэж юу вэ?

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин (GERD-Gastroesophageal reflux disease) гэж юу вэ?

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин нь хоол боловсруулах замын архаг өвчнүүдийн нэг. Ходоод улаан хоолойн сөргөө өвчний үед ходоодны хүчил, бусад ходоодны агуулагдахуун ходоодноос улаан хоолой руу сөргөж гардаг. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж ХУСӨ-ийг үүсгэнэ.Хүчлээр гулгих, цээж хорсох зовиур нь олон хүнд түгээмэл илэрдэг хоол боловсруулах замын шинж тэмдэг. Ихэнх хүмүүс ХУСӨ-ний зовиурыг амьдралын хэв маягийн зохицуулалт, жоргүй олгодог эмийн тусламжтай намдаах боломжтой. Харин ХУСӨ-тэй зарим хүмүүс зовиураа багасгахын тулд илүү хүчтэй эм бэлдмэл хэрэглэх, цаашлаад мэс заслын эмчилгээ ч хийлгэж болно.

Шинж тэмдэг, зовиур 7 хоногт 2-оос доошгүй удаа илрэх эсвэл өдөр тутмын хэвийн амьдралд саад учруулах, мөн улаан хоолойн салст гэмтсэн тохиолдолд эмч таныг ХУСӨ-тэй гэж оношлож болзошгүй.

ХУСӨ-ий үед илрэх шинж тэмдэг

ХУСӨ нь насанд хүрэгчдэд байнга цээж хорсох, цээж, хэвлийн дунд хэсэгт хөндүүрлэж өвдөх, хоолой бачуурах, зүрхэн тус газарт хорсох мэдрэмж төрөх нь зарим тохиолдолд зүрхний өвчний шинж тэмдэгтэй андуурагддаг.

12-оос доош насны хүүхэд, зарим насанд хүрэгчдэд ХУСӨ-ий үед цээж хорсох зовиур илэрдэггүй ч хуурай ханиалгах, шуухинах, юм залгихад хүндрэлтэй байх шинж тэмдэг илэрч болно.

ХУСӨ үүсэх шалтгаан

ХУСӨ үүсгэх гол хүчин зүйл нь ходоодны хүчил, ходоодны бусад агуулагдахуун улаан хоолой руу сөргөж гарах буюу үйл ажиллагааны алдагдал юм. Сөргөө нь улаан хоолойн салстыг гэмтээж, ХУСӨ-ийг үүсгэдэг. Мөн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны хавдар нь ХУСӨ үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ. ХУСӨ-ий эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлс:

  • Таргалалт
  • Жирэмслэлт
  • Тамхидалт

ХУСӨ үүсгэгч, сэдрээгч хоол хүнс:

  • Гашуун жимс
  • Шоколад
  • Каффейн агуулсан ундаа, архи
  • Шарсан хоол, холестерин ихтэй хүнс
  • Сонгино, сармис
  • Гаатай хүнс
  • Давстай, гашуун, халуун ногоотой хоол
  • Кетчуп, шпагетти, пицца зэрэг улаан лооль агуулсан хүнс

ХУСӨ-ий эмчилгээ

Эмчилгээний сонголтыг өвчтөний нас, шинж тэмдэг зовиурын байдалд үндэслэн шийднэ. ХУСӨ-ий эрт үе шатанд эмч ходоодны хүчлийг багасгах эм уухыг зөвлөдөг.

Эмийн эмчилгээнээс гадна ХУСӨ-ий зовиурыг бууруулж, урьдчилан сэргийлэхэд аргууд:

  • Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох
  • Унтахаас 2-3 цагийн өмнө юм идэхээс зайлсхийх
  • Унтахдаа толгойгоо 15-20 см өндөрт байрлуулах
  • Хийжүүлсэн ундаа, шоколад, кофе, өөх тос ихтэй, хүчиллэг хоол хүнс, гашуун амттай жимс идэхээс зайлсхийх

Шинж тэмдэг, зовиур хүнд илрээгүй тохиолдолд хэвлийн булчингийн дасгал хийх нь хоол боловсруулах үйл явцыг сайжруулах ач холбогдолтой.

ХУСӨ-ий сүүлийн шатны эмчилгээ нь мэс засал байдаг.

Амьдралын хэв маягийн зохицуулалт

  • Тамхи татдаг бол тамхинаас гарах
  • ХУСӨ үүсгэдэг хоол хүнснээс татгалзах
  • Биеийн жингээ зохистой хэмжээнд байлгах
  • Бага хэмжээгээр ойр ойрхон хооллох
  • Бариу биш, сул хувцаслах
  • Унтахаас 3 цагийн өмнө хоол идэхгүй байх
  • Унтахдаа толгойгоо 15-20 см өндөрт байрлуулах

Санамж

Цээж хорсох нь насанд хүрэгчдэд илэрдэг ХУСӨ-ий түгээмэл шинж тэмдэг. 7 хоногт 2 ба түүнээс олон удаа илрэх нь ХУСӨ байж болзошгүйг заана.

ХУСӨ нь нярай хүүхдэд ч элбэг тохиолддог. Ихэвчлэн зовиур нь нярайг 23 сар хүрэхэд аажимдаа алга болдог. Хэрэв ХУСӨ-ий шинж тэмдэг арилахгүй бол эмчид хандах нь зүйтэй.

Хүчил бууруулах эмийг 2 долоо хоногоос илүү хугацаагаар хэрэглэсэн ч зовиур арилахгүй бол эмчид хандана.