Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Кандидоз (Candida albicans)

Кандидоз (Candida albicans)

Кандидоз гэж юу вэ?

Кандидоз нь кандид (Candida albicans) хэлбэрийн мөөгөнцрийн халдвар юм. Энэхүү халдвар нь ам, хоолой, арьс, цус, бэлэг эрхтэнг өвчлүүлдэг. Ихэнх тохиолдолд кандидозыг ариун цэврийн дэглэмээр эмчилж болох боловч, мөөгөнцрийн халдвар нь дархлаа сул хүмүүст маш аюултай байж болно.

Мөөгөнцрийн шалтгаан юу вэ?

Хүний биеийн хэвийн бичил биетний тоо эрс багассанаар мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг. Хэвийн бичил биетний тоо буурах нь бидний антибиотик эмийн хэрэглээтэй холбоотой байдаг. Манай оронд антибиотикийг дур мэдэн хэрэглэх нь элбэг. Антибиотик эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөөгөнцрийн эсрэг эм хавсран хэрэглэж болно.

Эмэгтэйчүүдэд мөөгөнцөр нь үтрээний хамгаалагч лактобацилл бактери эрс багасан үтрээний орчин (pH) чанарын болон тооны хувьд өөрчлөгдсөнөөс үүсдэг.

Хүүхдэд ихэвчлэн мөөгөнцрөөс шалтгаалсан живхний тууралт гардаг. Удаан хугацаагаар живх өмсөх нь хүүхдийн арьсыг дулаан чийглэг болгож, мөөгөнцөр үржих таатай нөхцөл бүрддэг. Энэ нь арьсны мөөгөнцөр юм.

 

Мөөгөнцөр хэрхэн халдварладаг вэ? images

Мөөгөнцрийн нөөц, үтрээний халдварын эх булаг нь ходоод гэдэсний зам гэсэн баримт байдаг. Үтрээнд мөөгөнцөр байгаа тохиолдолд өтгөнд ч илэрдэг бөгөөд үтрээний болон гэдэсний омгууд ижил байх нь элбэг. Кандида омгийн мөөгөнцөр бэлгийн замаар халдварлах нь эмэгтэйчүүдэд II зэргийн ач холбогдолтой.

Гэдэснээс  мөн ахуйн болон мэргэжлийн  гаралтай халдвар дамждаг . Өөр нэг онолоор антибиотик хэрэглэснээс үтрээний хэвийн микрофлорын хамгаалах үүрэг алдагдсанаас халдвар идэвхждэг гэж үздэг.

Мөөгөнцрийн эмнэлзүйн хэлбэрүүдBV

Бэлгийн замаар дамждаг янз бүрийн өвчнийг антибиотикоор эмчлэх, урьдчилан сэргийлэлтийг хэтрүүлснээр өвчтөний 18-40%-д нь кандидоз үүсэх ба мөөгөнцөр тээгч болдог. Сүүлийн үед бэлгийн замын мөөгөнцөр эмнэлзүйн 3 хэлбэрээр илэрч байна.

  1. Мөөгөнцөр тээгч.Мөөгөнцөр тээгч нь ямар нэг зовиур болон өвчний шинж тэмдэггүй, гэхдээ үтрээний ялгадсанд микробиологийн шинжилгээ хийхэд бага хэмжээгээр мөөгөнцөр илэрдэг. Зарим нөхцөлд мөөгөнцөр тээгч нь өвчин болж болно. Эхээс урагт, эсвэл бэлгийн хавьтагчид халдвар дамжих боломжийг үгүйсгэхгүй.
  2. Шээс бэлгийн замынхурц мөөгөнцөр. Хурц мөөгөнцөр нь үрэвслийн тод шинж тэмдгээр тодорхойлогдох ба улайлт, хавагналт, загатналт, арьс ба үтрээний салст бүрхэвч дээр тууралт гарах шинжүүд илэрнэ. Мөөгөнцрийн хурц хэлбэрийн үргэлжлэх хугацаа нь 2 сараас хэтрэхгүй
  3. Шээс бэлгийн замын архаг мөөгөнцөр. Мөөгөнцрийн архаг буюу дахилтат хэлбэр нь 2-3 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжилдэг.

Шээс бэлгийн замын мөөгөнцрийн шинж тэмдгүүд:

  • Их хэмжээний тараг шиг хольцтой ялгадас
  • Загатнах, хорсох, гадна бэлэг эрхтэн орчим цочрох, унтаж байхад болон угаах, бэлгийн харьцааны дараа загатналт нэмэгдэх
  • Бэлгийн харьцааны дараа эвгүй үнэр ихсэх
  • Бэлгийн замын кандидоз нь шээсний замынхтай хавсрах нь элбэг

Жирэмсэн эмэгтэйчүүдэд шээс бэлгийн замын мөөгөнцөр жирэмсэн бус эмэгтэйнхээс 2-3 дахин илүү тохиолддог. Жирэмсэн үед үтрээний ялгадас хүчиллэг болох ба организмд дааврын өөрчлөлт гарах нь мөөгөнцөр үүсэх шалтгаан болж болно.

Мөөгөнцрийг хэрхэн оношлох вэ?

Оношлогоонд лабораторийн шинжилгээ гол үүрэгтэй. Энгийн арга нь үтрээний наалдацыг микроскопоор харах арга бөгөөд нянгийн нийт тоо, үрэвслийн эрчмийг үүгээр тодорхойлж болно.

Мөн Полимеразын Гинжин Урвалын (PCR) аргыг хэрэглэдэг бөгөөд энэ нь мөөгөнцөр болон түүнтэй хавсарч тохиолддог зарим нууц халдварыг (хламид, микоплазм, уреаплазм гэх мэт) нарийвчлан тогтоодог.

Бактериологийн аргаар үтрээний микрофлорыг ургуулж үүсгэгчийн төрөл, омог, тоо, хэмжээ, антибиотик мэдрэг чанарыг (мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүд) тодорхойлдог. Өсгөврийн арга нь сонголтын арга бөгөөд эмчилгээний үр дүнг дүгнэхэд хэрэглэгдэнэ. Наалдацыг мөн микроскопоор харж мөөгөнцрийн зэрэгцээ бусад нянг тодорхойлох нь эмчилгээний тактикийн ач холбогдолтой.

Үтрээний мөөгөнцрийн оношлогоонд эмнэлзүйн микробиологийн иж бүрэн шинжилгээ, өсгөврийн болон микроскопын, ПГУ–ын арга нь 3 гол шинжилгээ байх болно.

 

 

Мөөгөнцрийн эмчилгээ

Мөөгөнцрийн эмчилгээ иж бүрэн, үе шатны дагуу байх ба зөвхөн мөөгөнцрөөс ангижруулах төдийгүй нөлөөлж буй хүчин зүйлийг арилгах, хавсарсан өвчнийг эмчлэхэд чиглэгдэнэ. Эмэгтэйчүүд мөөгөнцрийг үл тоомсорлодог бөгөөд энэ нь мөөгөнцрийн дахилтат болон архаг хэлбэрээр өвчлөгсдийн тоог ихэсгэхэд хүргэдэг. Ер нь мөөгөнцөр олон дахин хурцдах нь дотоод шүүрлийн эмгэг болон бусад архаг өвчнийг оношлуулах, шинжлүүлэх ноцтой шалтгаан болно. Бэлгийн замын архаг мөөгөнцрийн үед ойролцоо эрхтэнүүд ёс мэт гэмтдэг (давсаг, гэдэс). Иймээс уг өвчнөөс бүрэн илааршъя гэвэл мөөгөнцрийн эсрэг бэлдмэлийг хэсэг газарт төдийгүй дотуур хэрэглэх шаардлагатай.

Харамсалтай нь архаг хэлбэрийг эмчлэхэд нилээд төвөгтөй байдаг.

Эмчилгээ үр дүнгүй байх нь тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаа хангалтгүйгээс мөөгөнцрийн эсрэг бэлдмэлд мэдрэг бус байдлаас шалтгаална. Иймээс бактериологийн шинжилгээ хийлгэж антибиотик мэдрэг чанарыг заавал тодорхойлох шаардлагатай.

Мөөгөнцөр нь амархан дасан зохицох чадвартай бөгөөд эмийн бодист тэсвэртэй болох нь хялбар байдаг.

Гурав хоногт бүрэн эмчилнэ гэсэн зар сурталчилгаанд итгэж болохгүй. Эмийн бодисын зар сурталчилгааны хор холбогдлыг дүгнэхэд амар бус.

Практик дээр анхдагч халдварыг 10 хоногоос доошгүй хугацаагаар эмчилдэг, шинж тэмдэг арилсан ч эмчилгээг үргэлжлүүлнэ.

Архаг болон дахилтат хэлбэрийн мөөгөнцрийн эмчилгээ иж бүрэн бөгөөд үе шатны дагуу байх ёстой. Өсгөвөрийн шинжилгээнээс хамаарсан мөөгөнцрийн эсрэг эмчилгээг юуны түрүүнд эхлэх ба 2 дах шатанд хэсгийн болон ерөнхий дархлаа сайжруулах арга хэмжээ авдаг.

Үтрээний хэвийн хүчиллэгийг сэргээх үйлдэлтэй бэлдмэлийг заана.

Гэдэсний микрофлорийг сэргээнэ.

Бэлгийн хавьтагчийг эмчилгээнд заавал хамруулна. Эмчилгээний явцад болон дараа нь хоолны дэглэм сахих ба сахар, нүүрс ус, сүү, талх, шар айргийг хязгаарлана.

Уураг, витамин, эрдэслэг ихтэй хоол иднэ.

Эмчилгээний явцад бэлгийн харьцааг 10 хоногийн турш тэвчих шаардлагатай.

Фурациллины шахмал буюу хүнсний содын уусмалаар угааж бай.

Марганц болон савангаар угаахаас зайлсхий, учир нь салстыг хуурайшуулдаг байна.

Угаасны дараа тальк цацах нь загатналтаас түр хугацаагаар сэргийлдэг.

Хурц, даршилсан бүтээгдэхүүн хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхий. Учир нь шээс хэт шүлтлэг болж загатналт нэмэгддэг. Шинэ ногоо, сүүн хүчлийн бүтээгдэхүүн, каш идэх нь илүү тохиромжтой, эрүүл мэндэд ч тустай.

Удаан хугацааны биеийн хүчний хөдөлмөр, нийллэг зугаалга, халуунд байхаас зайлсхий, энэ нь илүү их хөлөргөж нуралт ба арьсны цочролыг нэмэгдүүлдэг.

Сарын тэмдэг ирсэн үед ариун цэврийн хэрэглэлийг ойр ойрхон соль. Ялгадасны хэмжээнээс үл хамааран 4-6 цаг тутам солих хэрэгтэй. Сарын тэмдгийн ялгадас нь эмгэг төрөгч нян үржих таатай нөхцөл төдийгүй энэ үед дархлаа суларсан байдаг.

 

Мөөгөнцрөөс яаж зайлсхийх вэ?

Юуны түрүүнд антибиотик болон нянгийн эсрэг бэлдмэлийг зөвхөн зайлшгүй шаардлагатай үед л хэрэглэнэ. Курс эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмчилгээний явцад мөөгөнцөртөхөөс сэргийлж, мөөгөнцрийн эсрэг бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Гэдсэнд мөөгөнцөр үржихээс сэргийлэх сайн арга бол амьд сүүн хүчлийн нянгийн өсгөвөр бүхий тараг болон мөөгөнцрийн эсрэг үйлчлэлтэй сармис, прополис, улаан чинжүү, гашуун жимс, аньсны шүүс, улаан жүржийн үр, самрын навч, цайны модны тосыг тогтмол хэрэглэх явдал юм. Энэ бүгд нь үндсэн эмчилгээнд туслах үүрэгтэй.

Candida