Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Интерферон-Гамма ялгарлын шинжилгээ (IGRA) – Сүрьеэгийн халдварын цусны шинжилгээ

Интерферон-Гамма ялгарлын шинжилгээ (IGRA) – Сүрьеэгийн халдварын цусны шинжилгээ

IGRA гэж юу вэ?

Интерферон-Гамма ялгарлын шинжилгээ (IGRA) нь сүрьеэгийн микобактерийн халдварыг оношлоход тусалдаг цусны шинжилгээ юм. Тус шинжилгээ нь сүрьеэгийн далд халдварыг (LTBI) сүрьеэгийн өвчнөөс ялгахад тус болдоггүй байна. АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаанаас (FDA) зөвшөөрөгдсөн хоёр IGRA шинжилгээ;

  1. QuantiFERON®-TB Gold In-Tube тест (QFT-GIT);
  2. T-SPOT® TB тест (T-Spot)

IGRA хэрхэн ажилладаг вэ?

IGRA нь сүрьеэгийн микобактерийн эсрэг хүний дархлааны хариу урвалыг хэмждэг. Сүрьеэгийн микобактерийн халдвар авсан ихэнх хүмүүсийн цагаан эс нь сүрьеэгийн микобактерийн эсрэгтөрөгчтэй холбогдох үед интерферон-гамма (IFN-g) ялгаруулдаг.

IGRA-ийн давуу тал юу вэ?

  • Шинжилгээнд өвчтөн нэг удаа зорих
  • Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарах
  • Давтан шинжилгээгээр хэмжсэн хариу өөрчлөгдөхгүй
  • Өмнө нь БЦЖ вакцин хийлгэсэн тохиолдолд, IGRA шинжилгээгээр хуурамч эерэг хариу гарахгүй

IGRA-ийн сул тал, хязгаарлалтууд юу вэ?

– Цусны сорьцыг цуглуулснаас хойш 8-30 цагийн дотор, цусны цагаан эсүүд амьдрах чадвартай байх.
– Цусны сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжилгээг явуулах, тайлбарлах явцад гарсан алдаа нь IGRA-ийн нарийвчлалыг бууруулдаг.
– Ирээдүйд сүрьеэ өвчнөөр өвчлөх урьдчилан таамаглах хязгаарлагдмал тоо баримт.
– IGRA-ийн хэрэглээний хязгаарлагдмал өгөгдлүүд:
5-аас доош насны хүүхдүүд;
Саяхан сүрьеэгийн микобактеритэй өртсөн хүмүүс;
Дархлаа суларсан хүмүүс; болон
Олон дахин давтсан шинжилгээ.
– Шинжилгээний өртөг өндөр

IGRA шинжилгээнд ямар үе шатууд байдаг вэ?

Мэргэжлийн лабораторид шинжилгээ хийлгэх ба цусны сорьцыг лабораторийн тогтоосон хугацаанд лабораторид хүргэнэ.

1. Шинжилгээний үйлдвэрлэгчийн зааврын дагуу өвчтөнөөс цусны сорьц авна.
2. Өвчтөнд шинжилгээний хариуг өгөх дараагийн уулзалтыг төлөвлөнө.
3. Шинжилгээний хариунд үндэслэн шаардлагатай бол дараагийн үнэлгээ, эмчилгээг хийнэ.

IGRA шинжилгээний хариуг хэрхэн тайлбарладаг вэ?

IGRA-ийн тайлбарууд нь ялгарсан IFN-g-ийн хэмжээ эсвэл IFN-g-г ялгаруулж буй эсийн тоо дээр суурилдаг. Шинжилгээний стандарт чанарын тайлбар (эерэг, сөрөг эсвэл тодорхойгүй) болон тоон шинжилгээний хэмжилтийг хоёуланг нь мэдээлэх ёстой.

Туберкулины арьсны сорил (ТАС)-ийн нэгэн адил IGRAs-ийг сүрьеэгийн микобактерийн халдварыг оношлоход туслах хэрэгсэл болгон ашигладаг. Шинжилгээний эерэг хариу нь сүрьеэгийн микобактерийн халдвар авах магадлалтайг харуулдаг; сөрөг хариу нь халдвар авах магадлал бага болохыг харуулдаг. Тодорхой бус хариу нь сүрьеэгийн микобактерийн халдварын тодорхой бус магадлалыг харуулдаг байна.

Сүрьеэгийн далд халдварыг оношлохын тулд эрүүл мэндийн дүгнэлтээр сүрьеэ өвчнийг үгүйсгэх шаардлагатай. Үүнд сүрьеэгийн өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах, цээжний рентген зураг авах, шаардлагатай бол цэр болон бусад эмнэлзүйн сорьцоос сүрьеэгийн микобактери байгаа эсэхийг шалгах шаардлагатай. Сүрьеэгийн микобактерийн халдварыг оношлох шийдвэрт тархвар судлалын болон өвчний түүхийн мэдээллийг агуулсан байх хэрэгтэй.

IGRA шинжилгээг хэзээ өгөх талаарх зөвлөмж

АНУ-ийн Өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх төвүүдээс (CDC) сүрьеэгийн микобактерийн халдварыг оношлоход туслах зорилгоор IGRA шинжилгээг Tуберкулины арьсны сорилын (ТАС) оронд санал болгодог байна. Үүнд хавьтлын судалгаа, жирэмсний үеийн шинжилгээ, эрүүл мэндийн ажилтнууд болон бусад хүмүүст халдварын шинжилгээг хийх зэрэг орно. Уламжлалт шинжилгээ байгаа хэдий ч FDA-аас зөвшөөрсөн IGRA эсвэл TST ашиглах нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн практик юм. IGRA-ийн хэрэглээний талаарх мэдээлэл хязгаарлагдмал учир тодорхой хүн амд шинжилгээ хийхдээ, тайлбар өгөхдөө болгоомжтой хандах хэрэгтэй.

1. IGRA шинжилгээг хийх зохих хүн ам:
– БЦЖ вакцинд хамрагдсан хүмүүс
– TАС хийхэд үр дүн сул байсан хүмүүс
2. 5-аас доош насны хүүхдэд шинжилгээ хийхэд ТАС-ыг IGRA-аас илүүд үздэг.
3. IGRAs-ийг ихэвчлэн сүрьеэгийн микобактерийн халдвар авах эрсдэл бага, өвчин тусах эрсдэл бага хүмүүст хэрэглэх хэрэггүй.
4. Байгууллага, сүрьеэтэй тэмцэх хөтөлбөр бүр нь IGRA-ийн хүртээмж, ашиг тусыг үнэлэхдээ тэдгээрийн хэрэглээг эрэмбэлэх хэрэгтэй.
5. TАС болон IGRA шинжилгээг хамтад нь хийхийг зөвлөдөггүй. Гэсэн хэдий ч, тухайн хоёр шинжилгээний хариу дараах тохиолдолд ашигтай байж болно:
– Эхний шинжилгээ сөрөг гарсан үед:
. Халдвар авах эрсдэл, өвчин хүндрэх, сөрөг үр дагаварт хүргэх эрсдэл өндөр (жишээ нь, ХДХВ-ийн халдвартай хүмүүс эсвэл халдварт сүрьеэтэй хүнтэй харьцсан 5-аас доош насны хүүхдүүд).
. Сүрьеэгийн өвчний эмнэлзүйн сэжиг (жишээ нь, сүрьеэгийн өвчнийг илтгэх шинж тэмдэг эсвэл рентген шинжилгээний нотолгоо) байгаа бөгөөд сүрьеэгийн микобактерийн халдварыг баталгаажуулахыг хүсэх үед.
. Халдварын нотолгоо болох хоёр дахь шинжилгээнээс эерэг хариу гарвал илрүүлэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг.
– Эхний шинжилгээ эерэг гарсан үед:
. Халдварын нэмэлт нотлох баримтыг цуглуулах шаардлагатай. Эерэг IGRA нь дан эерэг TST-тэй харьцуулахад сүрьеэгийн далд халдварын эмчилгээг хүлээн зөвшөөрөхөд түлхэц болно.
. Хүн халдвараас сүрьеэгийн өвчинд шилжих эрсдэл багатай байдаг. Халдварын нотолгоо болохын тулд хоёр дахь шинжилгээний эерэг хариу шаардах нь халдварын магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн, IGRA-ийн анхны хариу тодорхойгүй эсвэл хүчингүй байвал IGRA-г давтан хийх эсвэл TST хийх нь ашигтай байж болно.

Эдгээр хоёр шинжилгээний сөрөг хариу нь сүрьеэгийн микобактерийн халдварыг үгүйсгэхгүй. Эрсдэл бага хүмүүсийг төөрөгдүүлсэн, шаардлагагүй шинжилгээг багасгах арга хэмжээ авах хэрэгтэй.

Сүрьеэгийн микобактерийн халдварыг илрүүлэх хамгийн тохиромжтой шинжилгээ эсвэл хосолсон шинжилгээг сонгохдоо шинжилгээ хийх шалтгаан, нөхцөл, шинжилгээний хүртээмж, шинжилгээний нийт өртөг зэрэгт үндэслэнэ.

Вакцин хийлгэж буй хүмүүс IGRA шинжилгээ өгч болох уу?

Tуберкулины арьсны сорилтой нэгэн адил амьд вирусын вакцин нь IGRA шинжилгээний хариунд нөлөөлж болзошгүй. Гэсэн хэдий ч амьд вирусын эсрэг вакцинжуулалтын IGRAs-д үзүүлэх нөлөөг одоогоор судлаагүй байна. Нэмэлт мэдээлэл гарах хүртэл амьд вирусын вакциныг хэрэглэх хүрээнд IGRA шинжилгээг дараах байдлаар хийнэ.

. Амьд вирусын эсрэг вакцин хийлгэсэн өдөр эсвэл амьд вирусын эсрэг вакцин хийлгэснээс хойш 4-6 долоо хоногийн дараа
. Салхин цэцэг вакцин хийлгэснээс хойш дор хаяж нэг сарын дараа

Эх сурвалж: https://www.cdc.gov/tb/publications/factsheets/testing/igra.htm