Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Түгээмэл асуултууд

Home  /  Түгээмэл асуултууд
TORCH-ийн шинжилгээ гэж юу вэ?

TORCH нь жирэмсэн эхэд өвчин, урагт ургийн гажиг үүсгэдэг бүлэг халдваруудын нэрний товчлол ба эдгээр халдваруудаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор хийдэг цусны шинжилгээ юм.

TORCH-ийн шинжилгээг хэзээ шинжлүүлэх вэ?

TORCH-ийн шинжилгээ өгөх шийдвэрийг жирэмсний хяналтын эмч шийддэг. Ихэвчлэн жирэмслэхээс өмнөх болон эхний 3 сард шинжилнэ.

TORCH-ийн шинжилгээний хариу юуг илэрхийлдэг вэ?

TORCH-ийн шинжилгээний хариунд ихэвчлэн эерэг, сөрөг гэсэн дүгнэлтүүд байдаг. Үүнд халдвар бүрт IgG, IgM гэх эсрэг бие байгаа үгүйг харуулна. IgM эсрэг бие нь хурц халдвар болон архаг халдвар сэдэрлийг,  IgG эсрэг бие нь архаг халдварыг илэрхийлдэг.

Жирэмсний үед бактерийн вагинозтой байх нь эх болон хүүхдэд эрүүл мэндийн эрсдэл дагуулах уу?

Болно. Нянгийн вагинозтой эхийн хүүхэд бага жинтэй төрөх болон дутуу төрөх эрсдэл гарч байдаг. Жирэмсэн болон жирэмсэн бус эмэгтэй нянгийн вагинозтой удаан явах нь бага аарцгийн үрэвсэлт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бага аарцгийн үрэвсэлт өвчин нь улмаар үргүйдэл болон умайн гадуурх жирэмслэлтэнд хүргэх эрсдэлтэй.

Бактерийн вагиноз хэрхэн халдварладаг вэ?

Ихэвчлэн бэлгийн замаар дамжих нь элбэг байдаг.
Бактерийн вагиноз болон бусад бэлгийн замын халдварууд дараах зүйлсээс шалтгаалж халдварлагдахгүй:

  • Усан сан/бассейн
  • Сандал дээр суух
  • Орны дэвсгэр, гудас
  • Ахуйн хэрэглээнд хүрэх
Бактерийн вагинозоос урьдчилан сэргийлж болох уу?

Болно. Нянгийг вагинозоос урьдчилан сэргийлэх хэд хэдэн аргууд бий.

Үүнд:

  • Антибиотик эмчилгээг дур мэдэн хэрэглэхгүй байх.
  • Хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орохгүй байх. Ингэснээр та нянгийн вагиноз болон бусад бэлгийн замын халдварт өвчний халдвараас сэргийлж болно.
  • Бэлгийн хамтрагчийн тоог хязгаарлах. Энэ нь бусад үтрээний халдвар, ХДХВ-ийн гэх мэт халдвар авах эрсдэлийг бууруулна.
  • Үтрээний дотуур угаалга хийхгүй байх.
  • Эмчилгээг бүрэн төгс хийх. Нянгийн вагинозийн эмчилгээг бүрэн хийх нь өвчлөл дахихаас сэргийлэх чухал ач холбогдолтой.
Бактерийн вагинозтой үед ямар хүндрэлүүд гарч болох вэ?

Аз болоход ихэнх тохиолдолд бактерийн вагиноз эмчилгээ бүрэн авч эдгэрдэг тул хүндрэл гараад байдаггүй. Гэхдээ энэ нь нянгийн вагиноз хэзээ ч хүндрэл гарахгүй гэсэн үг биш юм. Нянгийн вагиноз байгаа үед гарч болох хүндрэл болон үр дагавар нь:

  • ХДХВ-ийн халдварт өртөх үед нянгийн вагинозтой байх нь ДОХ-ын халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Нянгийн вагиноз болон ХДХВ-ийн халдвартай эмэгтэйчүүдийн бэлгийн хамтрагч нь вирус дамжуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Бэлгийн замын халдварт өвчний үүсгэгчид болох хламид, заг хүйтэн зэрэг өвчний халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Нянгийн вагинозтой үед умай авахуулах мэс засал, үр хөндөлт хийлгэх нь бага аарцгийн үрэвсэлт өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ (ШДШ) ямар ач холбогдолтой вэ?

Шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь эрүүл мэндийн ерөнхий мэдээлэл авахад зориулагдсан шинжилгээ байдаг. Мөн мэс заслын практикт шээсний дэлгэрэнгүй шинжилгээ нь таны эрүүл мэндийн үнэлгээний салшгүй нэг хэсэг болно. Хэрвээ та бөөрний өвчин, хэрэх, чихрийн шижин өвчинтэй бол эмч нар хяналтын зорилгоор энэхүү шинжилгээг зөвлөдөг.

ШДШ-р юуг илрүүлдэг вэ?

Шээсний өнгө, төрхөнд уураг, цус байгааг шинжилнэ. Шээсний туузан оношлуураар цус, pH, хувийн жин, уураг, сахар, кетон, билирубин, уробилиноген, цагаан эс, нитрит, кальци зэргийг шинжилнэ. Шээсний тунадасыг микроскопоор харж цусны улаан эс болон цагаан эс, хавтгай эпител эс, нян, мөөгөнцөр, талст, давс байгаа эсэхийг оношлодог.

ШДШ-н хэвийн бус хариу юуг илэрхийлдэг вэ?

ШДШ-н хариунд нян, цагаан эс, нитрит зэрэг илрэх нь шээс бэлгийн замын халдвар байж болзошгүйг заана. Шинжилгээний хариунд юу илэрснээс хамаараад хэд хэдэн онош сэжиглэж болно. Жишээ нь шээсний шинжилгээнд сахар илэрвэл чихрийн шижин өвчнийг сэжиглэж, цаашид оношийг бататгах шинжилгээг хийдэг. Уураг, билирубин, улаан эс зэрэг нь бөөрний өвчлөлийг илэрхийлэх ба онош тодруулах зорилгоор дараагийн шатны шинжилгээг хийдэг.

ШДШ-д хэрхэн бэлдэх вэ?

Шээсний шинжилгээнд шээсийг зориулалтын саванд авдаг. Шээс тосохоос өмнө та бэлэг эрхтэнээ сайтар угаасан байх шаардлагатай. Шээсийг тосохдоо эмэгтэй хүн бэлгийн уруулыг нээж шээсний замыг чөлөөлөн, эрэгтэй хүн тээрхийн арьсыг хойш шамлан шээсний дунд хэсгээс тосож авна. Шээсэнд нян үржихээс сэргийлэн лабораторид 2 цагийн дотор авчрах ёстой байдаг.

Шээсний шинжилгээг хэзээ өгөх вэ?

Шээсний шинжилгээг нуруу өвдөх, хэвлийгээр өвдөх, шээс дусагнах, шээс задгайрах, шээхэд өвдөх, цусаар шээх гэх мэт зовиуруудын үед өгнө. Мөн эрүүл мэндийн хяналтын шинжилгээ, жирэмсний хяналт гэх мэт зорилгоор өгч болно.