Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Таргалалт бидний дайсан уу?

Таргалалт бидний дайсан уу?

Таргалалт бол сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж байгаа нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал бөгөөд насанд хүрэгчдийн гурван хүн тутмын нэг нь таргалалттай. 2017 оны байдлаар дэлхий даяар нийт 2,2 тэрбум хүн таргалалттай байна.

Сүүлийн жилүүдэд таргалалт эрэгтэйчүүдийн дунд 3 дахин, эмэгтэйчүүдийн дунд 2 дахин нэмэгджээ. 2013 онд ДЭМБ-ийн хийсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-аар Монголд насанд хүрэгчдийн дунд таргалалт 40 орчим хувьтай байна гэсэн үр дүн гарчээ. 

Таргалалтын шалтгааныг энгийнээр тайлбарлавал өдөр тутмын үйл ажиллагаа, дасгал хөдөлгөөнөөр зарцуулж байгаа энергийн хэмжээнээс илүүдэл калорийг бид хоол хүнснээсээ авч байна гэсэн үг. Таргалалтанд нөлөөлдөг хүчин зүйлүүдийг дурьдвал:

  • Хоол хүнсээрээ илүүдэл калори авах: Ялангуяа нарийн боов, амттан, чипс, чихэрлэг ундаа зэрэг өөх тос, сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх. 
  • Зохисгүй хооллолт
  • Түргэн хоол үе үе идэх, донтох
  • Хөдөлгөөний дутагдал,
  • Биеийн жингээ хянах зохисгүй аргууд
  • Бодисын солилцоо удаашрах

Таргалалттай гэдгээ хэрхэн мэдэх вэ?

Биеийн жингийн индекс бодох аргачлалыг таргалалтыг оношлоход түгээмэл ашигладаг. Биеийн жингийн индексийг тооцоолохдоо өөрийн биеийн жинг (кг) өндрийн (м) квадратад хуваана.

Таргалалт эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Таргалалттай хүмүүс эрүүл мэндийн хувьд өвчлөх эрсдэл хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад өндөр байдаг:

Элэг өөхлөх эмгэг

Таргалалтай хүмүүсийн 20 хувь нь элэг өөхлөх эмгэгтэй байдаг. Элэг өөхлөнө гэдэг нь элэгний эсэд хэт их хэмжээний өөх тос хуримтлагдсантай холбоотой. Өөх тос ихэвчлэн триглицирид хэлбэрээр хуримтлагдана. Цусан дахь сахарын хэмжээ их үед элэг үүнийг өөх тос болгон хувиргаснаас элэг өөхөлдөг.

Нойрон дунд амьсгал тасалдах

Насанд хүрэгчдийн хувьд таргалалт, илүүдэл жин бол нойрон дунд амьсгал тасалдах хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд энэ нь ам, хоолойны зөөлөн эдтэй холбоотой. Нойрсож байх үед хоолойн болон хэлний булчин суларсан байх бөгөөд эдгээр зөөлөн эдүүд нь агаарын урсгал чөлөөтэй нэвтрэхэд саад учруулдаг.

Зүрх судасны өвчин

Илүүдэл жин, ялангуяа төвийн болон хэвлийн таргалалт нь зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг маш ихээр нэмэгдүүлдэг. Таргалалт болон цусны даралт ихсэх, цусан дахь өөх тос ихсэх, чихрийн шижин зэрэг зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлсийн хамаарлыг судалсан олон тооны судалгаа бий.

Ходоод, улаан хоолойн сөргөө өвчин

Хэвлийн хөндийд байрлах илүүдэл өөх нь ходоодыг шахаж, ходоодны хүчил улаан хоолой руу шахагдсанаар сөргөө өвчний эрсдэл нэмэгдэнэ.

Шээс задгайрал

Таргалалт нь бага аарцаг орчмын булчингуудад хэт ачаалал өгч, сунаж, сулрахад нөлөөлдөг. Улмаар шээс задгайрах эрсдэл нэмэгдэнэ.

Биений юмны мөчлөг алдагдах

Таргалалтын хор уршгаар биений юмны мөчлөг өөрчлөгддөг. Эстроген даавар хэвийн үед өндгөвчнөөс ялгардаг ч, өөхний эсээс мөн нийлэгжинэ. Өөхний эсийн хэмжээ их байх нь эстроген дааврын хэмжээг нэмэгдүүлж, умайн салст зузаарч, биений юм их хэмжээтэй ирэх нөхцлийг бүрдүүлнэ. Өөхний эсээс нийлэгжих эстроген дааврын хэмжээ хэт ихэсвэл биений юмны мөчлөгт оролцдог бусад дааварт нөлөөлж, биений юмны мөчлөг алдагдахад хүргэдэг.

Чихрийн шижин

Таргалалт бие махбодийн бодисын солилцоонд ч нөлөөлдөг. Өөхний эдээс чөлөөт тосны хүчил, глюкоз нийлэгжиж цус руу нэвтэрснээс инсулинд мэдрэг эсүүдэд нөлөөлж, инсулинд мэдрэг байдлыг бууруулна. Цусан дахь глюкозын хэмжээг бууруулахад илүү их хэмжээний инсулин шаардагдана. Үр дүнд нь нойр булчирхай хэвийн хэмжээнээс илүү инсулин ялгаруулах шаардлагатай болдог. Нойр булчирхай цусан дахь сахарын хэмжээг бууруулахад хангалттай хэмжээний инсулин ялгаруулж чадахгүй болсон үед чихрийн шижингийн шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлдэг.

Үе мөчний эмгэг

Илүүдэл жинтэй байх нь өвдөг гэх мэт үе мөчний ачааллыг нэмэгдүүлж, мөгөөрс, зөөлөн эдийн элэгдлийг хурдасгадаг. Таргалалт бол үе мөчний өвчний голлох эрсдэлт хүчин зүйл юм.

Нэмж хэлэхэд таргалалттай хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг. Биеийн жин буурахад сэтгэлзүйн байдал дагаад сайжирна. Таргалалттай тэмцэх хамгийн оновчтой алхам арга бол эрүүл хооллож, хоол хүнснээс авах илчлэгийн хэмжээг бууруулж, тогтмол дасгал хөдөлгөөн хийх юм. Хэрэв амьдралын хэв маягийн зохицуулалт үр дүнгүй байвал эмчид хандаж дараагийн шатны арга хэмжээ авах нь зүйтэй.

Таргалалтаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Хооллох зуршлаа өөрчлөх- хүнсний ногоо, жимсний хэрэглээг нэмэгдүүлж, өдөрт 8-10 аяга ус ууж хэвших
  • Хоолоо чанах, жигнэх, хайрах (гриллдэх) аргаар боловсруулж, шарсан хоолноос татгалзах
  • Чихэрлэг болон согтууруулах ундаанаас зайлсхийх. 1 лааз хийжүүлсэн ундаанд 7-12 цайны халбага, 1 лааз ногоон цайнд 8-14 цайны халбага элсэн чихэр агуулагддаг.
  • Өдөрт дор хаяж 30 минут идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх. Хөнгөн дасгалаас эхэлж, дасгалын үргэлжлэх хугацаа, ачааллыг аажим нэмэгдүүлнэ. Иог, усанд сэлэлт нь таргалалттай хүмүүст хамгийн тохиромжтой. Учир нь үе мөчний гэмтлээс сэргийлнэ.
  • Хангалттай унтаж амрах. Нойрсоход хамгийн тохиромжтой цаг бол оройны 10 цагаас өглөөний 6 цагийн хооронд байдаг. Нойрны хэмнэл нь бие махбодийн бодисын солилцооны хурдад нөлөөлдгийг судалгаагаар тогтоожээ.
  • Идэвхтэй бай. Зарим төрлийн дасгал хөдөлгөөн илүү их хэмжээний илчлэг шатаадаг. Гэвч өдөр тутмын үйл ажиллагаанд ч илчлэг зарцуулагдаж байдаг. Жишээлбэл, машинаа очих газраасаа зайтай байрлуулж, алхах зайгаа нэмэгдүүлэх хүртэл илүүдэл илчлэг шатаах үр дүнтэй арга юм.

Зарим хүмүүсийн хувьд илүүдэл жингээсээ салахад дан ганц амьдралын хэв маягийн зохицуулалт хангалтгүй байдаг. Иймд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, биеийн жин бууруулах эмчилгээний бусад аргууд болон таргалалтаас үүдэлтэй эрүүл мэндийн асуудлаас хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө аваарай.