Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Таргалалт ба өндгөвчний олон уйланхайт хамшинж

Таргалалт ба өндгөвчний олон уйланхайт хамшинж

Илүүдэл жинтэй эмэгтэйчүүд өндгөвчний олон уйланхайт хамшинжээр өвчлөх эрсдэл өндөртэй.

Өндгөвчний олон уйланхайт хамшинж (ӨОУХ) нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог дааврын гаралтай эмгэг юм. Илүүдэл жин инсулинд дөжрөлийг нэмэгдүүлж, дааврын тэнцвэрийг алдагдуулдаг тул өндгөвчний олон уйланхайт хамшинжийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Хүүхэд төрүүлэх насны буюу 25-35 насны залуу эмэгтэйчүүдэд уг эмгэгээр өвчлөх нь түгээмэл. Өндгөвчний олон уйланхайт хамшинжийг бүрэн гүйцэд эмчлэхгүй бол үргүйдэл, эндометрийн гиперплази, эндометрийн хавдар зэрэг хүндрэлд хүргэж болзошгүй.

Өндгөвчний олон уйланхайт хамшинж гэж юу вэ?

Өндгөвчний олон уйланхайт хамшинж нь бэлгийн даавруудын тэнцвэр алдагдсанаас шалтгаалж үүсдэг нэг төрлийн эмгэг юм. Дааврын тэнцвэр алдагдсанаас өндгөвчинд олон тооны жижиг уйланхай үүсч, өндгөн эс ялгарах үйл явц саатдаг. Өндгөвчний олон уйланхайт хамшинжийн үед өндгөн эсийн хөгжил хэвийн явагдахгүй эсвэл овуляцийн үед өндгөн эс гадагшлах бололцоогүй болдог. ӨОУХ-ийн шалтгааныг нарийн тогтоож чадаагүй байна. Бие организм дахь дааврын түвшин алдагдах болон өнчин тархи, өндгөвч, бөөрний дээд булчирхай зэрэг дотоод шүүрлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа алдагдах зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

Таргалалт ба ӨОУХ

Таргалалттай хүмүүст эстроген дааврын нийлэгжил хэвийн бус явагдах бөгөөд ялангуяа хэвлийн таргалалттай ихтэй хүмүүст илүү их тохиолдоно. Өөхний эсээс илүүдэл эстроген нийлэгжсэнээр өндгөвчний өндгөн эс ялгаруулах үйл явцад нөлөөлдөг. ӨОУХ-тай эмэгтэйчүүдэд биений юмны мөчлөгийн өөрчлөлт илэрнэ.

Шинж тэмдэг

Хэрэв дараах шинж тэмдэг илэрвэл нарийн мэргэжлийн эмчид хандана:

  • Биений юмны мөчлөгийн өөрчлөлт: Биений юм жилд 6-8 ба түүнээс цөөн ирэх эсвэл мөчлөг хоорондын зай 35-аас олон хоног байх
  • Биений юм ирэлгүй алгасах: Биений мөчлөг хэвийн эмэгтэйд 3 ба түүнээс олон, биений юмны мөчлөг хэвийн бус эмэгтэйд 6 ба түүнээс олон сараар биений юм ирэхгүй байх.
  • Умайн салст хэт зузаарснаас биений юм их хэмжээтэй ирэх эсвэл мөчлөг хооронд цус гарах
  • Андроген дааврын ихсэлт: Эр бэлгийн дааврын түвшин ихэссэнээс биеийн болон нүүрний үсжилт нэмэгдэх, батгаших, арьс тослогтох, үс халзрах зэрэг өөрчлөлтүүд ажиглагдаж эхэлнэ.
  • Биеийн жин нэмэгдэх: Инсулинд дөжрөлийг нэмэгдүүлж, овуляци хэвийн бус явагдана.

ӨОУХ-ийн хүндрэлүүд

ӨОУХ нь дараах хүндрэлүүдэд хүргэж болно:

  • Үргүйдэл: Овуляци саатах, жирэмсний эхний 3 сард зулбах, жирэмсний чихрийн шижин, манас таталт, ургийн өсөлт удаашрах зэрэг хүндрэлүүд гарна.
  • Эндометрийн гиперплази, эндометрийн хавдар, хөхний хавдрын эрсдэл нэмэгдэнэ.

Оношилгоо

  • Эрүүл мэндийн асуумж авах: гэр бүлийн өвчний түүх, биений юмны мөчлөг, жирэмслэхээс хамгаалах хэрэгсэл, дааврын эмийн хэрэглээ
  • Биеийн үзлэг: цусны даралт, өндөр, жин, ерөнхий байдал
  • Биеийн жингийн индекс
  • Бага аарцгийн эрхтэнүүдийн үзлэг

Эмчилгээ

  • Биеийн жин хасах: Илүүдэл жингээ хассанаар инсулинд мэдрэг байдал сайжирч, андроген дааврын хэмжээ багасаж, овуляци эргэн сэргэнэ.
  • Эмийн эмчилгээ: жирэмслэхээр төлөвлөөгүй эмэгтэйд биений юмны мөчлөгийг тогтворжуулах зорилгоор эмийн эмчилгээ хийж болно. Харин жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйд эмчийн заавраар овуляцийг дэмжих эмийн эмчилгээ хийнэ.
  • Хүндрэлээс сэргийлэх: Чихрийн шижин, зүрх судасны өвчин, эндометрийн гиперплази болохоос сэргийлэхийн тулд инсулинд мэдрэг байдлыг нэмэгдүүлэх эмчилгээ хийнэ.

ӨОУХ-ээс урьдчилан сэргийлэх нь

  • Биеийн жингээ хэвийн хэмжээнд барих
  • Эрүүл хооллолт- жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэж, нүүрс-ус, өөх тосны хэрэглээг бууруулах
  • Тогтмол дасгал хөдөлгөөн
  • Стресс менежмент

ӨОУХ бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог дааврын шалтгаант эмгэг бөгөөд үргүйдэлд хүргэж болзошгүй. Ихэнх эмэгтэйчүүд амьдралынхаа аль нэг шатанд биеийн жингийн асуудалтай тулгардаг. ӨОУХ-тэй эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл жингээ хасахад нэлээд бэрхшээл тулгарна. Таргалалттай эмэгтэйчүүд мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, илүүдэл жингээ бууруулах үр дүнтэй эмчилгээний аргуудаас сонгох нь зүйтэй. Орчин үед эмийн болон мэс засал эмчилгээний аргууд нэвтэрсээр байна.