Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Mycoplasma ба Ureaplasma

Шээс бэлгийн замын уреаплазм, микоплазмын халдвар нь шээс бэлгийн замын микоплазмуудаар үүсгэгдэж, хүний шээс бэлгийн замын эрхтнийг гэмтээдэг үрэвсэлт өвчин бөгөөд ураг, нярайд эмгэг үүсгэх, үргүйдэл үүсгэх шалтгаануудын нэг болдог. Микоплазм болон уреаплазмын халдвар нь хүний биед шээс бэлгийн замын (ШБЗ)-н гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвслийг үүсгэдэг бөгөөд гонококкийн бус гаралтай шээсний сувгийн үрэвсэл нь олон шалтгаантай бүлэг өвчин бөгөөд үүнд микоплазм, уреплазмын халдвар чухал үүрэгтэй байдаг. 

Микоплазм болон уреаплазм бактерийг нийтэд нь микоплазмын бүлэгт хамааруулдаг ба хүнд 16 төрлийн микоплазм илэрдгээс 6 нь шээс бэлгийн замд халдварлан өвчин үүсгэдэг байна. Mycoplasma hominis, Ureaplasma urealyticum гэх зүйлийн нянгууд хүний шээс бэлгийн замд хамгийн их тохиолддог. Сүүлийн үед PCR-н тусламжтай гонококкийн бус шээсний сувгийн үрэвсэлтэй эрчүүдэд Mycoplasma genitalium илрэх нь ихэссэн. 

Халдварлах зам. ШБЗ-н халдварын эх уурхай нь өвчтэй хүн буюу тээгч болно. Халдвар нь бэлгийн замаар дамжин халдварлана. Жирэмсэн, төрөх үед урагт халдварлаж болно. 

Эрэгтэйчүүдэд микоплазм нь шээсний суваг, түрүү булчирхай, төмсөгний дайвар, давсагны үрэвсэл зэргийг үүсгэнэ. Уг халдварын үед цочмог хэлбэртэй байх нь ховор буюу микоплазмын халдвартай эрчүүдийн 4.7%-д цочмог явцтай шээсний сувгийн үрэвсэл тохиолддог. Ихэвчлэн балархай хэлбэртэй тохиолддог бөгөөд бага зэрэг загатнах, ирвэгнэх, хорсох зовиур илэрч, шээсний сүвнээс бага зэргийн салсархаг ялгадас гарч болно. Мэдэгдэх зовиургүй тохиолдолд цааш ШБЗ-н эрхтнийг хамарсан хүндрэл үүсгэдэг ба үүссэн хүндрэл нь өвчтөнг эмчид хандахад хүргэдэг. 

Эмэгтэйчүүдэд үтрээ, умайн хүзүү, умайн гуурсан хоолой, өндгөвчний архаг үрэвслийн үед микоплазмын халдвар илэрч байдаг. Халдварын шинж тэмдэггүй буюу микоплазмын халдварын тээгч үед ШБЗ-н эрхтний салст бүрхэвчийн үрэвсэл илэрдэггүй. Зарим үед гадна бэлэг эрхтэн орчмоор бага зэрэг загатнах, үтрээ, шээсний сувгаас бага зэрэг ялгадас гардаг ба онцын зовиургүй байдаг. Иймээс өвчтөн эмнэлэгт ханддаггүй байна. Халдвар цааш даамжирч дотор бэлэг эрхтэнд өгсөх халдварууд илэрдэг.