Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Нойр булчирхайн хурц үрэвслийн талаар

Нойр булчирхайн хурц үрэвслийн талаар

Нойр булчирхайн гэнэтийн үрэвслийг нойр булчирхайн хурц үрэвсэл гэж нэрлэдэг. Түргэн явцтай, өвдөлт, зовиур ихтэй, зарим тохиолдолд амь насанд ч эрсдэл учруулна.Хөнгөн хэлбэр нь ямар нэг эмчилгээ шаардлагагүй эдгэх боломжтой, харин хүндэрсэн тохиолдолд эрүүл мэнд, амь насанд ч хохирол учруулж болзошгүй. Өвчний явц хэр хүндэрсэн, нойр булчирхайнаас бусад эрхтэнд нөлөөлсөн эсэхээс шалтгаалж нас баралт 5-30 хувьтай байна.

Нойр булчирхай нь уртавтар, хавтгай хэлбэртэй, хэвлийн хөндийн дээд хэсэгт ходоодны ард байрлана. Хоол боловсруулахад оролцдог энзим, даавруудыг ялгаруулдаг. Жишээ нь, бие дэх глюкозын хэмжээг зохицуулдаг инсулин нойр булчирхайд нийлэгждэг.

Нойр булчирхайн үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь цөсний чулуу бөгөөд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь эрсдэлийг нэмэгдүүлдэг. Өвчлөлийн 30 орчим хувь нь архины хэрэглээнээс үүдэлтэй гэсэн судалгаа бий.

Нойр булчирхайн хурц үрэвсэл гэнэт явагддаг бол архаг үрэвсэл нь дахидаг, удаан хугацаанд үргэлжилдэг.

  • Нойр булчирхайн үрэвслийг архаг болон хурц гэж ангилна.
  • Нойр булчирхай нь олон чухал үүрэгтэй эрхтэн бөгөөд хоол боловсруулах энзимүүдийг ялгаруулдаг.
  • Аюулхай орчмоор өвдөх, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
  • Нойр булчирхайн хурц үрэвслийн хамгийн түгээмэл шалтгаан нь цөсний чулуу, архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ.

 Шинж тэмдэг

Ихэнхдээ аюулхай орчимд, өвчүүний доод хэсэгт өвдөлт мэдрэгддэг.

Ховор тохиолдолд өвдөлт хэвлийн доод хэсэгт мэдрэгдэж, өвдөлт байнгын болтлоо хүч нь аажим нэмэгдэнэ.

Өвдөлт улам хүчтэй, давтамж нь ойртож болно. Тохиолдлын 50 орчим хувьд өвдөлт нуруу руу тархдаг. Хоол идэх нь өвдөлтийг хүндрүүлж болзошгүй.

Цөсний чулуунаас шалтгаалж үүссэн нойр булчирхайн үрэвслийн явц маш хурдан явагдана. Харин архины зохисгүй хэрэглээнээс шалтгаалсан тохиолдолд явц удаан, хэдэн өдрөөр ч үргэлжилж болно.

Урагш тонгойх, өвдгөө нугалж цагираглан хэвтэх нь өвдөлтийг бага зэрэг бууруулахад тустай. Өвдөлт намдахгүй бол эмнэлгийн тусламж аваарай.

Дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:

  • бөөлжих
  • дотор муухайрах
  • суулгах
  • хоолны дуршил муудах
  • зүрхний хэм түргэсэх
  • ханиах, огцом хөдлөх, гүнзгий амьсгалахад өвдөлт мэдрэгдэх
  • хэвлий дээр дарахад хөндүүрлэх
  • 38 °C хэмээс дээш халуурах
  • шарлалт, арьс, нүдний цагаан шарлах
  • хүчтэй өвчин намдаах эм уусан ч өвдөлт намдахгүй байх
  • цусны даралт хэлбэлзэх, босч зогсох үед цусны даралт багассанаас толгой эргэж болно

Acute-Pancreatitis-8-important-things-you-should-know-907

Эмчилгээ

Нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээ нь өвчний хүнд, хөнгөнөөс шалтгаална. Хөнгөн тохиолдолд хүндрэл үүсэх эрсдэл бага, харин хүндэрсэн үед эрсдэл өндөртэй.

Хөнгөн хэлбэрийн нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээ

Нойр булчирхай өөрөө нөхөн төлжих явцад шинж тэмдгийг багасгаж, бие махбодийн үйл ажиллагааг сэргээх нь эмчилгээний зорилго байна. Үүнд:

  • Өвчин намдаагч: Хөнгөн хэлбэрийн нойр булчирхайн хурц үрэвслийн үед ч дунд зэрэг болон хүчтэй өвдөлт мэдрэгдэж болзошгүй.
  • Хамар-ходоодны гуурс: Дотор муухайрах, бөөлжих зовиурын эмчилгээнд илүүдэл шингэн болон агаарыг зайлуулах зорилгоор гуурс хэрэглэж болно.
  • Гэдсээ амраах: Хоол боловсруулах эрхтэн тогтолцоог хэдэн өдрийн турш амраахын тулд өвчтөн шинж тэмдэг арилтал хоолны дэглэм барина.
  • Шингэн дутагдлаас сэргийлэх. Шингэний дутагдал нь зарим тохиолдолд нойр булчирхайн үрэвсэлтэй хавсарч явагдах бөгөөд шинж тэмдэг, хүндрэлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг. Иймд шингэнийг 24-48 цагийн дотор судсаар хийнэ.

Өвчтөн дунджаар 5-7 хоногийн дараа хэвийн байдалд ордог.

Цөсний чулууг эмчлэх

Нойр булчирхайн хурц үрэвслийн шалтгаан нь цөсний чулуу бол өвчтөний биеийн байдал сайжирсны дараа цөсний чулуу авах мэс засалд орж болно.

Цөсний чулууг мэс заслын аргаар авсны дараа цусан дахь холестеролын түвшинг бууруулах зорилгоор өвчтөн тусгай хоолны дэглэм мөрддөг. Учир нь илүүдэл холестерол цөсний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах

Нойр булчирхайн хурц үрэвслийн шалтгаан нь архины зохисгүй хэрэглээ бол эмч өвчтөнд эмчилгээний тусгай аргачлал санал болгоно.

Архи согтууруулах ундааг олон жилийн турш хэтрүүлж хэрэглэсэн хүмүүс нойр булчирхайн үрэвслээр өвчлөх нь түгээмэл. Архины хэрэглээ өндөр байх нь нойр булчирхайн архаг үрэвслээр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Трипсин нь хоол боловсруулах энзим бөгөөд идэвхгүй хэлбэрээр нойр булчирхайд ялгардаг. Архины зохисгүй хэрэглээ нь трипсинийг нойр булчирхайд байхад нь идэвхжүүлдэг. Этанолын молекулууд нойр булчирхайн эсүүдэд нөлөөлж, трипсинийг хугацаанаас нь өмнө идэвхжүүлдэг гэж эрдэмтэд таамаглажээ.

Хоолны дэглэм

Нойр булчирхайн хурц үрэвслээр өвчилсөн ихэнх хүмүүст хоолны тусгайлсан дэглэм шаардлагагүй. Гэвч өвчтөн хэдэн өдрийн турш хоол идэх боломжгүй эсвэл хуурай хоолноос татгалзаж болно. Эмнэлэгт зарим өвчтөнг шаардлагатай бол гуурсаар хооллодог.

Өвчтөн хэвийн хооллолтонд шилжсэн үед эрүүл, өөх тос багатай хоолыг бага хэмжээгээр тогтмол цагт хооллохыг зөвлөдөг.

Шингэний хэрэглээгээ нэмэгдүүлэх нь чухал ч, каффейны хэрэглээг хязгаарлаж, архи уухаас зайлсхийнэ.

Гарч болох хүндрэлүүд

Зүрх, уушиг, бөөрний дутагдал үүсч болзошгүй. Хүндрэл үүссэн тохиолдолд шинж тэмдэг илэрснээс хойш ойролцоогоор 48 цагийн дараа бусад эрхтэнүүдийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Энэ тохиолдолд шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийхгүй бол амь насанд ч эрсдэл учирна. Иймд нойр булчирхайн хурц үрэвслийн шинж тэмдэг илэрвэл аль болох яаралтай эмнэлгийн тусламж авах нь зүйтэй.

Оношлогоо

Эмч өвчтөнөөс шинж тэмдгийн талаар лавлаж, хэвлийг тэмтэрч шалгана. Хэвлийн зарим хэсгүүдэд дарахад зовиуртай, эмзэг байвал нойр булчирхайн хурц үрэвсэл байж болзошгүй.

Цусны шинжилгээ

Цусны шинжилгээгээр амилаза, липаза ферментийн түвшин хэвийн хэмжээнээс өндөр байвал өвчтөнг эмнэлэгт хэвтүүлнэ. Нойр булчирхайн хурц үрэвслийн үед дээрх хоёр ферментийн ялгаралт нэмэгддэг.

Өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 1-2 хоногийн хугацаанд цусны шинжилгээ аваагүй тохиолдолд шинжилгээний хариу буруу гарч болно. Учир нь липаза болон амилазагийн түвшин эхний хэдэн цагийн турш хамгийн өндөр хэмжээндээ хүрч, хэдхэн хоногийн дараа хэвийн хэмжээндээ хүртэл буурдаг.

Амилаза 3-7 хоногийн дотор, липаза 8-14 хоногийн дотор хэвийн хэмжээндээ эргэж хүрнэ.