Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

НОЙРГҮЙДЭЛ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮР ДАГАВАР

НОЙРГҮЙДЭЛ БА ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮР ДАГАВАР

Хүний бие махбодийг машинтай харьцуулбал 24 цагийн турш тасралтгүй ажилладаг. Машинд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд техникийн үйлчилгээ үзүүлдэг бол хүний бие унтаж амарснаар тус үйлчилгээг авдаг. Бие махбодь унтаж амрах хугацаанд өөрөө өөрийгөө сэргээн, эрх хүчээ нөхдөг. Нойр нь ой тогтоолт, ямарваа нэгэн зүйлийг хүлээн авах чадамжийг дээшлүүлэхээс гадна тухайн өдрийн турш эрч хүчтэй байж, бие махбодийн цэвэрлэх үйл ажиллагааг давхар дэмждэг. Унтаж амрахад хугацаа болон орчин маш чухал гэдгийг санах хэрэгтэй. Түүнчлэн, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга бол сайн унтаж амрах юм. Тухайлбал:

  • Оройн 21.00 – 00  – хүний биеэс хорт бодисыг гадагшлуулах процесс явагддаг ба тунгалгийн системийн үйл ажиллагаа эрчимтэйгээр явагдаж, дархлааны систем сайжирдаг.
  • Оройн 23:00 – 1.00– цагийн хооронд элэгний үйл ажиллагаа явагдаж, элэг үр дүнтэйгээр өөрөө өөрийгөө цэвэрлэж байдаг. Тухайн үед эсийн өсөлт 8 дахин хурдан явагдсанаар арьсны эсийн нөхөн төлжих чадвар эрчимтэйгээр явагддаг.
  • Шөнө дундаас – 4.00–  Ясны чөмөг цусны улаан эсийг үйлдвэрлэдэг.
  • 00.00 3.00: – Цөсний хоргүйжүүлэх үйл ажиллагаа явагддаг.
  • 00.00 5.00: – Уушиг нь өөрөө өөрийгөө цэвэрлэх үйл ажиллагааг эрчимтэйгээр явуулдаг.

Нойргүйдлийн шинж тэмдэг

Нэг ба түүнээс дээш сарын хугацаанд 7 хоногт 6 – аас бага цагаар унтах, унтахын өмнө 30 минут ба түүнээс дээш хугацаа зарцуулах нь нойргүйдлийн түгээмэл шинж тэмдгүүд юм. Мөн шөнийн цагаар сэрүүн унтах, сэрэх, өглөө нойрмог байдалтай байх, өдрийн цагаар ядрах, нойр хүрэх, цухалдангуй байх, сэтгэл зовних, сэтгэл гутралд орох, төвлөрөхөд хүнд байх, ой тогтоолт муудах, толгой өвдөх, дотор эрхтэн зовиурлах зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хэрэв нойргүйдэл өдөр тутмын ажилд

сөргөөр нөлөөлж байгаа тохиолдолд зайлшгүй эмчид хандан шалтгаан болон эмчилгээг тодорхойлох хэрэгтэй.

Хурхирах болон унтах үеийн амьсгалын саатлыг хэрхэн ялгах вэ?

Жингийн илүүдэл болон насжилттай холбоотойгоор амьсгалын саатал үүсдэг ба хэд хэдэн шалтгаантай. Амьсгалын саатлыг мэс заслын болон мэс заслын бус аргаар эмчилдэг.

Хэвийн хурхиралт – удаан хугацаагаар хурхирах нь тархины судасны ханыг зузаарахад нөлөөлдөг. Мөн унтахад бэрх байхаас гадна хамт унтаж буй хүний нойр хулжих болон нойрны чанар мууддаг.

Амьсгалын саатал –  унтаж байх үед амьсгалын зам нарийсахыг хэлдэг. Хоолойны булчин унтаж байхад сулардаг ч зарим тохиолдолд амьсгалын зам бөглөртөл тохиолдол гардаг. Чанга хурхирах, амьсгалын саатал нь тархинд очих хүчилтөрөгчийг хязгаарладаг. Амьсгалын саатал нь хэд хэдэн удаа давтагддаг ба ингэснээр хүн амарч чадахгүйгээс гадна маргааш өдөр нь маш нойрмог байна. Түүнчлэн цус болон уушигны даралт ихсэх, зүрхний хэм алдагдах, шигдээс үүсэх шалтгаан болдог.

Хурхирах нь ихэвчлэн илүүдэл жинтэй хүнд илэрдэг ч, туранхай хүмүүст ч илэрч болдог.

Хоолондоо сайн ч нойрондоо сайн байж чадаж байна юу?

Орчин үед хүн бүр эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийж амьдрах ёстойг мэддэг. Харин амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг нойрны талаар хэр мэддэг вэ? Та нойрны зөв дадалтай юу?

Нойрсох зуршлын талаар танд өгөх зөвлөмж:

Шөнө:

  1. Унтлагын өрөө тухтайгаас гадна нам гүм байх нь чухал. Унтлагын өрөөнд зурагт үзэхгүй байх. Зурагт унтах цагийг хойшлуулах шалтгаан болохоос гадна нойрны мөчлөгийг өөрчилдөг сөрөг талтай. Зурагтаа асаалттай унтах нь маш муу зуршил. Хүний бие махбодь зурагтны гэрлийг хүлээн авснаар сэрэх дохиог үүсгэдэг.
  2. Тодорхой цагт унтаж хэвших. Амралтын өдөр болон баяр наадам тохиолдсон ч өдөр болгон тогтсон цагт босох. Тогтсон цагт унтаж босох нь биологийн цагийг тэнцвэржүүлдэг учир бие физиологийн хувьд ядрах нь харьцангуй бага байдаг.
  3. Унтахын өмнө их хэмжээгээр шингэн зүйл уух, идэхгүй байх.
  4. Хэрэв унтахаар хэвтсэнээс хойш 20 – 30 минутын дотор унтахгүй бол босож өөр өрөөнд орж нам гүм орчинд ном унших. Энэ хугацаанд зурагт үзэх, компьютер болон утсаа оролдохгүйг хичээх. Ядарсэн үедээ эргээд орондоо орж унтах хэрэгтэй. Цаг руу аль болох харахгүйг хичээх хэрэгтэйг анхаарна уу. Өглөө босох хүртэл хэдэн цаг үлдсэн бол яавал хурдан унтах вэ гэж бодох нь цухалдах шалтгаан болдог.

Өдөр:

  1. Кофейн нь нойрмоглохоос урьдчилан сэргийлдэг. Гэхдээ кофег өдрийн 12 цагаас өмнө уухыг хичээнэ үү.
  2. Унтахын өмнө тамхи татах, спиртний төрлийн ундааг хэрэглэхгүй байх.
  3. Тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нь бөх нойртой байхад тусалдаг хэдий ч унтахын өмнө дасгал хийхгүй байх. Ингэснээр биеийн температур нэмэгдэж, сэрүүн байх үндэс болдог.
  4. Өдрийн цагаар ажлын өрөө болон ширээний эргэн тойронд гэрэл сайтай байх. Унтахын өмнө хэт их гэрэлтэй орчинд байх нь нойр хулжих шалтгаан болдог учир 3-4 цагийн өмнө буюу унтахын өмнө шар эсвэл улбар шар өнгийн гэрэлтэй орчинд байх нь амархан нойр хүргэдэг.

Хэрэв танд унтахад хүндрэлтэй байдаг бол дээрх зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна. Ихэнх тохиолдолд унтахад хүндрэлтэй байвал мэргэжлийн эмчид хандаарай.

Хүүхдийн унтах үеийн амьсгалын саатал (нойрны апнеа)

Хоёроос зургаан настай хүүхдүүдийн 4-12 хувь нь унтах үедээ хурхирдаг ба тэдгээрийн 1-5 хувьд нь амьсгал саатал илэрдэг. Хүүхдэд унтах үед нь амьсгалын саатал илрэх нь тэдний сурлага хөдөлмөр, зан төлөв, сэтгэл хөдлөлд нөлөөлдөг. Амьсгалын замын дээд хэсгийн гүйлсэн болон тунгалгын булчирхай томроход амьсгалын саатал үүсэх гол шалтгааны нэг болдог. Үүнээс гадна ямар нэгэн халдвараас үүдэн булчирхай томордог тохиолдол бий. Иймээс таны хүүхэд унтаж байхдаа хурхирах болон амьсгалах үедээ чимээ гаргаж байгаа үгүйг сайтар анзаарах нь чухал.

Амьсгалын саатлыг таних нь

Хүүхэд унтахад мөн адил хоолой болон амьсгалын замын дээд хэсгийн булчин сулардаг. Энэ нь хэсэгчлэн болон бүтэн байдлаар амьсгалын замыг бөглөх шалтгаан болдог.  Ингэснээр уушиг хүчилтөрөгч авах болон гаргаж чадахгүй болж цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буурдаг. Тус саатал нь үе үе давтагдан нойр сэрдэг. Тус богино сэрэх үйл явц нь нойронд садаа болох талтай. Бүрэн эмчлэгдээгүйгээс үүдэн төвлөрөх чадвар буурах, хувь хүний зан төлөв өөрчлөгдөх, зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэх зэрэг сөрөг талууд бий болно.

Амьсгалын саатлын төрөл:

  1. Амьсгалын зам саатах эсвэл нарийссанаас болж үүссэн саатал.
  2. Тархи булчинд амьсгалах процессыг удирдах сигнал дамжуулахгүй байх үеийн саатал.

Үүсэх шалтгаан (Этиологи):

Хүүхдийн обструктив амьсгалын саатал нь төв апнеагаас илүү тохиолддог. Үүсэх гол шалтгаан нь:

  1. Гүйлсэн болон тунгалгын булчирхайн томролт.
  2. Таргалалт.
  3. Амьсгалын замын бөглөрөл эсвэл мэдрэлийн булчингийн сулрал.

Унтах үеийн амьсгалын саатлын илрэх шинж тэмдэг:

  • Унтаж байх хугацаанд хурхирах.
  • Унтаж эхлэхдээ хурхирах.
  • Шөнө бүр биш олон давтамжтайгаар хурхирах.

Бусад шинж тэмдэг:

  • Амаараа амьсгалах.
  • Чангаар амьсгалах.
  • Унтаж байх хугацаанд амьсгал зогсох.
  • Шөнө ханиалгах эсвэл амьсгаа давчдах.
  • Ойр ойрхон сэрэх.
  • Шөнө ихээр хөлрөх.
  • Орондоо шээх.
  • Зан төлөв болон сэтгэл зүйн байдал өөрчлөгдөх.

Илрэх хүндрэл:

Обстрактив амьсгалын саатал нь хүүхэд насанд элбэг тохиолддог хэдий ч эмчлэлгүй орхисноор зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Түүнчлэн доорх хүндрэлийг үүсгэдэг:

  • Өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлөх – Өсөлтийн даавар хүүхдийг унтаж байх хугацаанд ялгардаг учир амьсгалын саатал илэрч байгаа тохиолдолд даавар ялгаралтыг саатуулах тохиолдол гардаг.
  • Зан төлөв, сэтгэл зүйн өөрчлөлт – Анхаарал төвлөрөл муудах, хэт их идэвхтэй байх, уцаарлангуй болох, зан байдал эвдрэх.

Оношлогоо, шинжилгээ:

  1. Өвчтөний түүх болон эмчийн үзлэг
  2. Шөнийн полисомнографийн шинжилгээ – хүүхдийн унтах үеийн амьсгалын саатлыг шинжилдэг гол шинжилгээ юм. Тус шинжилгээний дүн дээр үндэслэн эмчилгээний төрлийг сонгодог.
  3. Бусад шинжилгээ: рентгенээр тунгалгын булчирхайн хэмжээг тодорхойлох, зүрхний цахилгаан бичлэг хийх. Түүнчлэн нойрны шинжилгээ, хүчилтөрөгийн хэмжээ тодорхойлох, зүрхний хэмийг хянах, хүүхдээ унтаж байх хугацаанд ажиглалт хийх.

Эмчилгээ:

Гүйлсэн болон тунгалгын булчирхайг чих, хамар хоолойн мэс заслын эмчээр хянуулж, мэс заслын аргаар авахуулах үгүйг шийддэг. Ямар ч эмчилгээний өмнө эмчлэгч эмч эмчилгээний эрсдэл болон бусад үнэлгээг тооцоолон гаргах ёстой.

  • Мэс заслын эмчилгээ шаардлагагүй тохиолдолд амьсгалын замын агаарын даралтын эмчилгээ хийгддэг.
  • Амьсгалын саатлын хүнд хэлбэр биш бол 6 сар тутамд полисомнографийн шинжилгээг давтах.
  • Хэрэв хүүхэд жингийн илүүдэлтэй бол биеийн жинд анхаарах.
  • Зөв байрлалаар унтах.
  • Харшилтай бол эмчилгээ хийх.
  • Тамхи татах болон бусад харшил үүсгэх зүйлсийг анхаарах.

Эмчилгээний дараах хяналт болон давталт:

Обстрактив унтах үеийн амьсгалын сааталтай хүүхэд гүйлсэн булчирхайн хагалгаанд орсноор эмчилгээний үр дүн сайтай байдаг. Дараах шинж тэмдэгтэй хүүхдүүдэд гүйлсэн булчирхайг авсан ч үр дүн бага үзүүлдэг:

  1. Жингийн илүүдэлтэй хүүхэд
  2. Архаг амьсгалын саатал
  3. Бусад өвчин эмгэгтэй хүүхэд

Хагалгааны дараа зарим үед полисомнографийн шинжилгээг давтан хийлгүүлж хянах хэрэгтэй.

Гүйлсэн болон тунгалгын булчирхай авахуулсан хүүхдүүд халдварт илүү өртөмтгий байдаг уу?

Булчирхай авах хагалгаа нь хүүхдэд ямар нэгэн халдварт өртөх эрсдэл үүсгэхгүй. Зарим тохиолдолд хоолой үрэвсдэг. Дээрх булчирхайнуудыг бие махбодиос авсан ч гэсэн биеийн бусад эрхтэн дээрх булчирхайн үүргийг гүйцэтгэн халдвараас урьдчилан сэргийлдэг.