Эслэгээр баялаг хүнсний бүтээгдэхүүн нь элэгний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Овъёос бол өглөөний цайнд хамгийн тохирох сонголт яах аргагүй мөн. Овъёос нь хэвлийн таргалалт, илүүдэл жинг бууруулах замаар элэгний өвчнөөс сэргийлдэг.
Шарсан төмс, гамбургер, пицца зэрэг түргэн хоолнууд нь элэгний эрүүл мэндэд хортой. Ханасан өөх тос ихээр агуулсан хоол хүнс хэрэглэх нь элэгний хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Урт хугацаанд энэ нь элэгний үрэвслийн шалтгаан болж, элэг хатуурах эмгэгт ч хүргэж болзошгүй. Иймд гадуур хооллох шаардлага гарсан үед эрүүл сонголт хийх талаар бодолцоорой.
Элгээ эрүүл байлгахыг хүсвэл олон төрлийн хүнсний ногоог хангалттай иддэг байх хэрэгтэй. Элэгний эрүүл мэндэд тустай хүнсний ногооны нэг нь брокколи юм. Зарим судалгаагаар брокколи нь согтууруулах ундааны бус шалтгаант элэг өөхлөх эмгэгээс сэргийлдэг гэж үзсэн. Жигнэсэн брокколи амт муутай санагдаж байвал жимс, жимсгэнэ, самар, сармис, алимны цуу зэргээр амтлаад идээрэй.
Өглөөний аяга кофегүйгээр амьдралаа төсөөлөхөд бэрх болсон кофенд дурлагчдад зориулсан сайхан мэдээ дуулгая. Кофе нь элэгний эрүүл мэндэд ач тустай гэж үзэх болжээ. Өдөрт 2-3 аяга сайн чанарын кофе уух нь архи, согтууруулах ундаа, зохисгүй хооллолтоос үүдэлтэй элэгний гэмтлээс хамгаалах үйлчлэлтэй гэж зарим судалгаагаар тогтоожээ. Цаашилбал, кофе нь элэгний хавдрын эрсдэлийг бууруулдаг ч гэж үзэж байна.
Хэт их чихэрлэг хүнс идэх нь элэгний ачааллыг нэмэгдүүлдэг. Учир нь сахарыг өөх болгон хувиргах нь элэгний нэг үүрэг юм. Хэрэв хоол хүнсээр хэт их сахар авбал элэг их хэмжээний өөх хуримтлуулж, удаан хугацаанд элэг өөхлөх эмгэгт ч хүргэж болзошгүй. Сахар ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах нь таны элгэндээ үзүүлж буй томоохон тус болно.
Ногоон цайнд катечин хэмээх антиоксидант агуулагддаг. Ногоон цай нь элэгний хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй гэдгийг судалгаагаар тогтоогоод байна. Ногоон цайг өөрөө хандлан халуунаар нь ууснаар катечины хэмжээ өндөр байна. Мөстэй болон сав, лаазтай бэлэн ногоон цайнд бага хэмжээтэй агуулагддаг.
Биеийн зохистой жинг хадгалах нь элэгний эрүүл мэндэд тун чухал. Хийжүүлсэн ундаа, чихэрлэг жүүс, содтой ус болон энергийн ундааны оронд ус ууж хэвшээрэй. Чихэрлэг ундааны хэрэглээг хязгаарласнаар хүнснээс авах илчлэгийн хэмжээ ихээхэн буурдаг.
Самар тэр дундаа бүйлс нь Е амин дэмийн сайн эх үүсвэр бөгөөд уг амин дэм нь элэг өөхлөх эмгэгээс сэргийлдэг гэж судалгаагаар үзэж байна. Бүйлс нь зүрхний эрүүл мэндэд мөн тустай бөгөөд хоолны дундуур зууш идмээр санагдсан үедээ нэг атгыг идэж болно. Мөн салатанд хийснээр зажлууртай сайхан болно.
Хүний биед давс зайлшгүй хэрэгтэй. Гэвч шаардлагатай хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөөтэй. Давсны өндөр хэрэглээ нь элэгний хатуурлын эхний үе шат болох фиброз үүсгэдэг гэдгийг олон жилийн өмнөх судалгаагаар тогтоосон. Давсны хэрэглээгээ бууруулах энгийн аргууд бий. Үүнд, утсан гахайн мах болон лаазалсан, боловсруулсан хүнснээс татгалзах, лаазалсан биш органик ногоо идэх, ширээн дээрх цацдаг давсыг нүднээс далд тавих гэх мэт.
Ногоон өнгийн навчит ногоонд глютатион гэдэг хүчтэй антиоксидант агуулагдах бөгөөд элэгний үйл ажиллагааг дэмжих үйлчлэлтэй. Бууцайг хоол, зуушинд хэрэглэхэд хялбар бөгөөд сармис, оливийн тостой сайтар зохицдог.
Нэрс жимсэнд полифенол гэх бодис агуулагдах бөгөөд согтууруулах ундааны бус шалтгаант элэг өөхлөх эмгэгээс хамгаалах үйлчлэлтэй гэж үзэж байна. Элэг өөхлөлт нь таргалалттай болон цусан дахь холестеролын түвшин өндөр хүмүүст түгээмэл тохиолддог. Полифенол нь нэрс жимснээс гадна хар шоколад, чидун жимс (олив), чавганд мөн агуулагддаг.
Архи согтууруулах ундааг зохистой хэмжээнээс хэтрүүлж хэрэглэх нь элгэнд маш хортой. Удаан хугацаанд элэгний хатууралд ч хүргэх аюултай. Зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын үеэр уудаг байсан ч, эмэгтэйчүүд нэг дор 4 нэгж, эрэгтэйчүүд 5 нэгж уух нь элгэнд хор хөнөөл учруулна. Зохистой хэрэглээ нь өдөрт эмэгтэйчүүд 1 нэгж (50мл цагаан архи, 330мл шар айраг, 125мл дарс гэх мэт), эрэгтэйчүүд 2 нэгж уухад хангалттай.
Хоолны дундуур амны зугаа гаргадаг зуушиндаа мөн адил анхаарах хэрэгтэй. Аль болох эрүүл сонголт хийх нь таны элгэнд сайнаар нөлөөлнө. Ууттай чипс, нарийн боовыг идэхэд амттай боловч их хэмжээний далд давс, сахар, тос агуулдаг. Үүний оронд алим, лийр, гадил гэх мэт жимс болон самар, хатаасан жимс идэж болно.