Мэдээлэл

Элэгний хорт хавдрын тухай

07/17/2024
preview

ЭЛЭГНИЙ ХАВДРЫН ТАЛААРХ ЭНГИЙН ОЙЛГОЛТУУД

Элэгний хавдар гэж юу?

Элэг нь хоол боловсруулах замаас шимэгдсэн шим тэжээл, бодисыг цусны эргэлтээр дамжуулан шүүж, хувиргах үүрэгтэй, бие махбодид эргэлдэж буй цусыг тогтмол шүүж байдаг чухал эрхтэн юм. Элэг нь мөн бүх төрлийн хортой болон химийн бодисыг задалж, ялгаруулж, биеэс гадагшлуулахад оролцдог.

Элэгний хавдрыг ерөнхийд нь 2 ангилдаг. Анх элгэнд үүссэн хавдрыг анхдагч, биеийн өөр хэсэгт үүсээд элгэнд үсэрхийлж тарсныг хоёрдогч хавдар гэнэ. Элэгний хавдрын ихэнх тохиолдол нь хоёрдогч хэлбэрийн буюу өөр эрхтнээс үсэрхийлсэн байдаг.

Монгол Улсын элэгний анхдагч хорт хавдар үүсэх гол шалтгаан нь хепатит В (HBV), C (HCV) эсвэл дельта (HDV) вирусийн архаг халдвар, түүнчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс үүдэлтэй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. ДЭМБ-ын мэдээллээр дэлхийн дунджаар 100 000 хүн амд ногдох элэгний хорт хавдрын тохиолдлын тоо 8.4, түүнээс их байхыг өвчлөл маш өндөр гэж тооцдог. Гэвч Монгол Улсад энэ үзүүлэлт 2019 онд 68.4 болж, даруй 8.1 дахин их байна. Хорт хавдрын нийт өвчлөлийн 40%-ийг элэгний хавдар дангаараа эзэлж байна.

Элэг нь бүтцийн хувьд хэд хэдэн төрлийн эс агуулдаг бөгөөд элгэнд үүсэх хавдрын олон төрөл байдаг. Элэгний хавдрыг хоргүй болон хорт (биеийн бусад хэсэгт тархах боломжтой) хавдар гэж ангилж болно. Эдгээр элэгний хавдрын шалтгаан бөгөөд эмчилгээний аргууд хоорондоо ялгаатай байна.

Зарим түгээмэл тохиолддог элэгний хоргүй хавдрууд:

·       Гемангиома

·       Элэгний аденома

·       Уйланхай

·       Липома

·       Фиброма

·       Лейомиома

Эдгээр хоргүй хавдрын эмчилгээ нь хорт хавдрын эмчилгээнээс эрс ялгаатай. Хоргүй хавдрын үед өвдөх, цус алдах зэрэг тохиолдолд мэс заслын аргаар хавдрыг тайрч авдаг.

Элэгний хорт хавдар:

·       Элэгний эсийн гаралтай хорт хавдар (Карцинома)

·       Цөсний хүүдийн хорт хавдар (Холангиокарцинома)

Элэгний хавдар яагаад үүсдэг вэ?

Элэгний анхдагч хавдар (Карцинома) нь вирусийн халдвараас гадна чихрийн шижин, таргалалт, архины хэрэглээ, эм, химийн бодисын зохисгүй хэрэглээнээс үүсэх боломжтой. Мөн элэгний хатуурал (цирроз), гемохроматоз (элгэн дэх төмрийн хэмжээ хэт ихсэх) зэрэг эмгэг нь элэгний хавдрын шалтгаан болдог. Элэгний анхдагч хавдар оношлогдсон хүмүүсийн талаас илүү хувь нь цирроз буюу элэгний хатууралтай байх бөгөөд архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ нь үүний голлох шалтгаан юм. Гепатит В, С вирусийн халдвар, гемохроматоз нь элгийг эргэшгүй өөрчлөлтөнд оруулж, элэгний үйл ажиллагааны дутагдалд хүргэдэг. Таргалалт, элэг өөхлөх эмгэг ч хорт хавдрын эрсдлийг ихээр нэмэгдүүлдэг.

Тамхидалт, химийн бодисын хэрэглээ мөн хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлнэ.

Элэгний хорт хавдрын бусад эрсдэлт хүчин зүйлс:

·       Хүйс: эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад элэгний хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй. Монгол Улсад элэгний хорт хавдрын өвчлөлийн түвшинг хүйсээр харвал 2019 онд эрэгтэйчүүдийнх 7.6 болж, эмэгтэйчүүдээс 1.5-аар их байна.

·       Биеийн жин: Таргалалт элэгний эсийн карциномын эрсдлийг нэмэгдүүлдэг.

·       Анаболик стеройдын хэрэглээ: булчингийн масс нэмэгдүүлэх үйлчлэлтэй эр бэлгийн стеройд даавруудыг удаан хугацаагаар хэрэглэх нь элэгний хавдрын эрсдлийг нэмэгдүүлнэ.

·       Чихрийн шижин: элэгний хорт хавдар болон чихрийн шижингийн хамаарлыг судалгаагаар тогтоосон. Үүний гол шалтгаан нь элэг өөхлөх эмгэг юм.

·       Бодисын солилцооны эмгэг: бодисын солилцооны эмгэг нь элэгний хавдрын эрсдлийг мөн нэмэгдүүлдэг.