Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Шээс бэлгийн замын халдвар гэж юу вэ?

Шээс бэлгийн замын халдвар гэж юу вэ?

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад шээс-бэлгийн замын халдвараар өвчлөх эрсдэл өндөр байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 2 эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид шээс-бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй бөгөөд олон эмэгтэйчүүд давтан өвчилж, зарим нь олон жилийн турш үргэлжилдэг. Шээс-бэлгийн замын халдвараас хэрхэн сэргийлэх, эмчлэх талаар дараах мэдээлэлтэй танилцана уу.

Эмэгтэйчүүд шээс-бэлгийн замын халдвараар өвчлөх шалтгаан?

Бие зассаны дараа гадна бэлэг эрхтэнээ урдаас хойш чиглэлтэй арчих нь шээс-бэлгийн замын халдвараас сэргийлэх энгийн бөгөөд эхний алхам. Учир нь давсагнаас шээс гадагшлуулах үүрэгтэй шээсний сүв нь анустай ойр байрладаг. Буруу чиглэлд арчсанаас бүдүүн гэдэсний нянгууд (жишээ нь E. coli) шээсний сүв рүү нэвтэрч халдвар авах нөхцөл бүрдэнэ. Нянгийн халдвар цааш даамжирч давсагт хүрэх бөгөөд зохих эмчилгээ хийгээгүй тохиолдолд халдвар бөөрөнд тархана. Эмэгтэйчүүд шээс-бэлгийн замын халдварт өртөмтгий байдаг шалтгаан нь шээсний суваг богино байдгаас нянгийн халдвар богино хугацаанд давсагт хүрэх боломжтой байдагт юм. Мөн бэлгийн хавьтлын улмаас шээсний зам нянгийн халдвараар өвчлөх магадлалтай.

Шээс-бэлгийн замын халдварын шинж тэмдэг

  • Шээх үед халуу оргиж, хорсох
  • Шээс гэнэт, ойрхон хүрч, бага хэмжээтэй шээх
  • Нуруу, хэвлийн доод хэсгээр өвдөх, даралт мэдрэгдэх
  • Шээс бараан өнгөтэй, тунадастай, цустай гарах, эсвэл шээсний үнэрт өөрчлөлт гарах
  • Ядарч сульдах
  • Халуурах, жихүүдэс төрөх (халдвар бөөрөнд тархсаныг илтгэнэ)

Оношилгоо, эмчилгээ

Хэрэв та шээс-бэлгийн замын халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэвэл эмчид хандах нь зүйтэй. Шээсний шинжилгээгээр шээс-бэлгийн замын халдвар үүсгэдэг нянг илрүүлнэ. Үндсэн эмчилгээ нь эмчийн заавраар антибиотик хэрэглэх бөгөөд эмийг эмчийн бичсэн жорын дагуу бүрэн гүйцэд уух шаардлагатай. Биеийн байдал сайжирч, зовиур, шинж тэмдэг арилсан ч эмээ дуустал нь ууна. Эмийн эмчилгээний хажуугаар шингэн их хэмжээгээр ууж, нянг биеэс шээсээр дамжин угаагдаж гарах нөхцлийг бүрдүүлнэ. Зовиур ихтэй тохиолдолд эмч өвчин намдаах эм болон бүлээн жин санал болгоно. 

Цангис жимсний шүүс нь шээс-бэлгийн замын халдвараас урьдчилан сэргийлэх, эмчлэхэд үр дүнтэй эсэх талаар хийгдсан судалгааны үр дүнгүүд хоорондоо зөрүүтэй байна. Улаалзгана жимсэнд агуулагддаг таннин нэгдэл нь E. coli нянгийн эсрэг үйлчлэлтэй. E. coli бол шээс-бэлгийн замын халдварын хамгийн түгээмэл шалтгаан бөгөөд давсагны хананд наалдаж, давсгыг үрэвсүүлдэг. 2012 онд өмнө хийгдсэн 25 судалгаанд шинжилгээ хийж, тоймлосон боловч цангис жимсний шүүс, бэлдмэл нь шээс-бэлгийн замын халдварын тохиолдлыг бууруулдаггүй гэж дүгнэжээ.

Шээс-бэлгийн замын архаг халдвар

Ойролцоогоор 5 эмэгтэй тутмын нэг нь шээс-бэлгийн замын халдвараар давтан өвчилдөг. Харин зарим эмэгтэйчүүдийн хувьд халдвар салж өгөхгүй, байнгын зовиуртай байх нь бий. Ихэнх тохиолдолд буруутан нь нянгийн ялгаатай төрлүүд болдог. Зарим төрлийн нян хүний биеийн эсийг гэмтээж, антибиотик болон дархлааны системд тэсвэртэй болно. Ийм төрлийн нянгууд антибиотикт тэсвэртэй нянгийн колони үүсгэж, халдвар дахисаар байдаг. 

Зарим эмэгтэйчүүд төрөлхийн шээс-бэлгийн замын халдварт өртөмтгий байхад, зарим нь шээсний замын эрхтэн системийн бүтцийн хэвийн бус өөрчлөлтөөс халдварт эмзэг байдаг. Чихрийн шижинтэй эмэгтэйчүүдийн дархлааны тогтолцоо сул болсноос үүдэн шээс-бэлгийн замын зэрэг халдварт өртөх эрсдэл өндөртэй. Халдварын эрсдэлийг нэмэгдүүлдэг бусад хүчин зүйлд жирэмслэлт, судас хатуурал, бөөрний чулуу зэрэг шээсний урсгалд нөлөөлөх эмгэгүүд, цус харвалт, нугасны гэмтэл зэргийг дурдаж болно.

Архаг халдварын эмчилгээ

Хэрэв жил 3 ба түүнээс олон удаа шээс-бэлгийн замын халдвараар өвчилсөн тохиолдолд эмчид хандан, эмчилгээний тусгай төлөвлөгөө гаргуулаарай:

  • Антибиотикийг бага тунгаар, урт хугацаагаар хэрэглэж халдвар дахихаас сэргийлэх
  • Бэлгийн хавьтлын дараа нэг тун антибиотик хэрэглэх
  • Шинж тэмдэг илрэх бүрт 1-2 өдөр антибиотик эмчилгээ хэрэглэх

Халдвар дахихаас хэрхэн сэргийлэх вэ?

Халдвар дахихаас сэргийлж дараах арга хэмжээг аваарай:

  • Шээс хүрсэн даруйд давсгаа сулладаг байх. Яарах хэрэггүй, давсгаа бүрэн гүйцэд суллах хэрэгтэй
  • Бие зассаны дараа гадна бэлэг эрхтэн, анусыг урдаас хойш чиглэлтэй арчих
  • Хангалттай ус уух
  • Усанд орохдоо ваннд суухаас илүүтэйгээр шүршүүрт орох
  • Эмэгтэйчүүдийн ариун цэврийн спрей, үнэртэй саван, ванны хөөс, давс зэргийг хэрэглэхээс татгалзах. Эдгээр нь халдвар, харшлыг даамжруулах талтай.
  • Бэлгийн хавьталд орохын өмнө ариун цэвэр сахих
  • Бэлгийн хавьталд орсны дараа шээс хэвших. Ингэх нь шээсний сувагт нэвтэрсэн нянг гадагшлуулна.
  • Жирэмслэхээс сэргийлэх зорилгоор умайн хүзүүний хаалт, бэлгэв, спермицидтэй түрхлэг хэрэглэдэг бол өөр арга сонгох. Умайн хүзүүний хаалт нь нянгийн өсөлтийг нэмэгдүүлдэг бол бэлгэвч, спермицид нь тухайн хэсгийг цочроож, халдварт өртөмтгий болгоно.
  • Гадна бэлэг эрхтэнг цэвэр, хуурай байлгахын тулд даавуун материалтай дотуур хувцас, бариу биш өмд, хувцас өмсөх. Бариу жинсэн өмд болон нийлэг дотуур хувцас нь агаарын солилцоонд саад учруулж хөлөрснөөс нян үржих чийглэг таатай орчныг бий болгодог.