Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

БЗХӨ-ний оношлогоо, эмчилгээ

БЗХӨ-ний оношлогоо, эмчилгээ

Хэрэв танд БЗХӨ-ий шинж тэмдэг илэрсэн, халдвар авсан байж болзошгүй гэж сэжиглэж байвал лабораторийн шинжилгээнд цаг алдалгүй хамрагдах хэрэгтэй. БЗХӨ-ийг лабораторийн дараах шинжилгээгээр оношлоно:

  • Цусны шинжилгээ. Серологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүүгийн халдварыг илрүүлнэ.
  • Наалдцын шинжилгээ (Мазок). Эмэгтэйчүүдийн үтрээ, эрэгтэйчүүдийн шээс, бэлгийн сүвнээс наалдцын (Мазок) шинжилгээ авч, шээс-бэлгийн замын үрэвсэл, мөөгөнцөр, нянгийн халдварыг илрүүлнэ. Эмэгтэйчүүдэд үтрээний орчин хэвийн эсэхийг тодорхойлно.
  • Хүний Хөхөнцөр Вирусийн (Human Papilloma Virus) 30 гаруй хэв шинжийн халдвар илрүүлэх шинжилгээг эмэгтэйчүүдэд умайн хүзүүнээс, эрэгтэйчүүдэд шээс бэлгийн сүвнээс авч, молекул-биологийн аргаар хийдэг. ХХВ нь умайн хүзүүний хорт хавдрын үүсгэгч бөгөөд эрэгтэйчүүд вирусийн халдвар авснаар тээгч болдог. Шинжилгээгээр ХХВ-ийн умайн хүзүүний хорт хавдрын өндөр эрсдэлтэй хэв шинжүүд болон бусад хэв шинжүүдийг илрүүлдэг.
  • Шээс-бэлгийн замын дэлгэрэнгүй шинжилгээ (PCR). Уг шинжилгээгээр шээс-бэлгийн замын нийт 16 төрлийн нян, шимэгч, вирусийн халдварыг молекул-биологийн шинжилгээгээр илрүүлнэ. Үүнд:
  1. Chlamydia trachomatis (Хламид)
  2. Neisseria gonorrhoeae (Заг хүйтэн)
  3. Mycoplasma genitalium
  4. Ureaplasma urealiticum
  5. Ureaplasma parvum
  6. Trichomonas vaginalis
  7. Mycoplasma hominis
  8. Herpes Semplex Virus 1,2 (Херпес)
  9. HPV хэв шинж 6/11
  10. HPV хэв шинж 16
  11. HPV хэв шинж 18
  12. HPV multi 16 (31,33,35,58,52,67)
  13. HPV multi 18 (45,39,59)
  14. Cytomegalovirus
  15. Candida albicanis (Бэлгийн мөөгөнцөр)
  16. Gardnerella vaginalis

Эрт илрүүлэг

Шинж тэмдэг илрээгүй хүнд лабораторийн шинжилгээ хийхийг эрт илрүүлэг гэж нэрлэдэг. Дараах тохиолдлуудад БЗДХ-ын эрт илрүүлэгт ХАМРАГДАНА:

  • Хүн бүр. 13-64 насны хүн бүр ДОХ-ын үүсгэгч ХДХВ-г илрүүлэх цусны шинжилгээнд хамрагдах ёстой. Ихэнх улс орнуудад уг шинжилгээг нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөртөө оруулсан байдаг. 
  • 1945-1965 оны хооронд төрөгсөд. Гепатит С-ийн халдвар дэлхийн улс орнуудын хэмжээнд 1945-1965 онуудад төрсөн хүмүүсийн дунд тархалт хамгийн өндөр байдаг. Гепатитын халдвар авсан ч, элгийг гэмтээж хүндрэх хүртэл шинж тэмдэг бараг илэрдэггүй тул эрсдэлт бүлгийн хүмүүсийг гепатит С-ийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөдөг. Манай улсын хувьд 2017-2020 онд “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, 15-65 насны хүн бүрийг гепатит В,С вирусийн илрүүлэг шинжилгээнд ЭМД-аар үнэ төлбөргүй хамруулж байна.
  • Жирэмсэн эмэгтэйчүүд. ДОХ, тэмбүүгийн шинжилгээг жирэмсэн эмэгтэй бүр жирэмсний хяналтанд анх орсон үедээ заавал хийлгэх ёстой. Мөн жирэмсний сүүлийн 3 сард давтан хийдэг. Үүнээс гадна жирэмсэн эмэгтэйчүүд хламид, заг хүйтэн, гепатит В,С-ийн илрүүлэг шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
  • 21 ба түүнээс дээш насны эмэгтэйчүүд. Умайн хүзүүний эсийн ПАП тестээр хүний хөхөнцөр вирусийн (ХХВ) халдвараар үүсгэгддэг умайн хүзүүний хорт хавдар, хавдрын өмнөх урьдал өөрчлөлт, үрэвсэл зэрэг өөрчлөлтийг илрүүлдэг. 21 нас хүрсэн эмэгтэйчүүд 3 жил тутам ПАП тест, 30 наснаас хойш ПАП тест болон ХХВ-ийн генийн шинжилгээнд хамтад нь 3 жил тутам хамрагдахыг зөвлөдөг.
  • 25-аас доош насны эмэгтэйчүүд. Бэлгийн идэвхтэй амьдралтай, 25-аас доош насны эмэгтэйчүүд хламидын халдварын илрүүлэг шинжилгээнд хамрагдвал зохино. Хламидын шинжилгээг үтрээнээс сорьц авч шинжилнэ. Хэрэв шинжилгээгээр хламидын халдвар илэрч, эмчилгээ хийлгэсэн бол 3 сарын дараа шинжилгээг давтана.
    Давтан шинжилгээг эмчилгээний үр дүнг үнэлэх зорилгоор хийх бөгөөд халдвар бүрэн гүйцэд эмчлэгдээгүй, эсвэл бэлгийн хамтрагчийг давхар эмчлээгүй тохиолдолд дахин өвчлөх нь цөөнгүй. Хламидын халдвар аваад, эмчилгээ үр дүнтэй болсон ч дахин шинээр халдвар авах эрсдэл байсаар байна.
    Залуу эмэгтэйчүүд заг хүйтэн өвчний илрүүлэг шинжилгээнд мөн хамрагдаарай.
  • Ижил хүйстэн эрэгтэйчүүд. Бусадтай харьцуулахад ижил хүйстэн буюу эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрэгтэйчүүд БЗДХ авах эрсдэл харьцангуй өндөр байдаг. Иймд ихэнх улс орнуудад эрсдэл бүлгийн эрэгтэйчүүдийг БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд тогтмол, ойрхон хамруулах хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд ХДХВ, тэмбүү, хламид, заг хүйтэн зэрэг БЗДХ-ын илрүүлгийг чухалчилдаг. Гепатит В-ийн халдвар илрүүлэх шинжилгээ мөн шаардлагатай. 
  • ХДХВ-ийн халдвартай хүмүүс. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс бусад БЗДХ авах өндөр эрсдэлтэй. ХДХВ-ийн халдвар илэрсэн хүмүүст нэн даруй тэмбүү, заг хүйтэн, хламид, херпесийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх шаардлагатай. Мөн гепатит С-ийн шинжилгээнд хамруулна.
  • Бэлгийн шинэ хамтрагчтай болох. Шинээр дотно харилцаа үүсгэсэн тохиолдолд бэлгийн хавьталд анх орохын өмнө БЗДХ-ын илрүүлэг шинжилгээнд хоёулаа хамрагдах нь зүйтэй. Хэдийгээр эрэгтэйчүүд Хүний хөхөнцөр вирусийн тээгч болдог ч, эрэгтэйчүүдэд ХХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ одоогоор байхгүй. Мөн эрэгтэй, эмэгтэй аль ч хүйсийн хүмүүст зориулсан бэлгийн херпес вирус илрүүлэх найдвартай шинжилгээ хараахан бий болоогүй байна. Иймд зарим халдварыг зөвхөн шинж тэмдэг илэртэл оношлох боломжгүй байх талтай.
    БЗДХ-тай ч шинжилгээгээр сөрөг хариу гарах тохиолдол нь өмнө нь БЗДХ аваад удаагүй байсан үед гарч болохыг анхаарна уу.

Эмчилгээ

БЗДХ-ын үүсгэгчид олон янз байдаг. Нянгаар үүсгэгддэг БЗДХ-ыг эмчилгээ ерөнхийдөө энгийн. Вирусийн халдварын үед авах арга хэмжээ байдаг ч, бүрэн төгс эмчлэхэд хүндрэлтэй. БЗДХ-тай жирэмсэн эмэгтэйчүүд удахгүй төрөх хүүхдээ халдвараас хамгаалж, урагт халдвар дамжих эрсдэлийг бууруулахын тулд цогц эмчилгээ хийх шаардлагатай.

Халдварын төрлөөс шалтгаалж эмч дараах эмчилгээний аргуудаас санал болгодог:

  • Антибиотик эмчилгээ. Заг хүйтэн, тэмбүү, хламид, трихомониаз зэрэг нян болон шимэгчээр үүсгэгддэг халдварыг ихэнх тохиолдолд дан антибиотик эмчилгээгээр бүрэн гүйцэд эмчлэх боломжтой. Заг хүйтэн, хламид нь ихэнх тохиолдолд хавсарч илэрдэг тул эмчилгээг мөн хавсарч хийдэг.
    Антибиотик эмчилгээг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Эмчилгээ дуусах хүртэл бэлгийн хавьталд орохгүй. 
  • Вирусийн эсрэг эм. Вирусийн эсрэг дарангуйлах үйлчлэлтэй эмийг эмчийн заавраар өдөр бүр уух нь херпесийн халдвар дахих эрсдэлийг бууруулна. Эмийн эмчилгээ хийсэн боловч халдвар дахих, бусдад халдах эрсдэл байсаар байгааг санах хэрэгтэй.
    Вирусийн эсрэг эмчилгээг эрт эхлэх тусам үр дүнтэй байдаг. Эмийн зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх бөгөөд вирусийн идэвхжлийг бууруулах боломжтой.

Бэлгийн хамтрагчаа хамруулах, урьдчилсан сэргийлэх

Лабораторийн шинжилгээгээр БЗДХ илэрсэн тохиолдолд одоогийн бэлгийн хамтрагч болон хэрвээ байгаа бол 3 сараас 1 жилийн өмнөх хугацаанд бэлгийн хавьталтай байсан бусад хамтрагчид мөн шинжилгээнд хамрагдаж, халдвартай бол эмчилгээ хийлгэх шаардлагатай. Хувь хүн бүр үүнд хариуцлагатай хандаж, өөрийн болон бэлгийн хамтрагчийнхаа эрүүл мэндэд анхаарах хэрэгтэй.

Бэлгийн хамтрагчдаа мэдэгдэж, шаардлагатай шинжилгээнд цаг алдалгүй хамруулах нь БЗДХ-ын тархалт, ялангуяа тэмбүү, ДОХ-ын тархалтыг бууруулахад тустай.

Асуудлыг шийдэх, даван туулах

БЗДХ-тай гэдгээ мэдэх нь хүн бүрийн хувьд айдас дагуулсан мэдээ байдаг. Хамтрагчаа үнэнч байгаагүйд уур хүрч, гомдох эсвэл бусдад халдвар тараах эрсдэлтэй байгаадаа өөрөөсөө ичих гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлд автана. БЗДХ нь зарим архаг өвчний суурь болохоос гадна амь насыг ч эрсдэлд оруулдаг.

Эрүүл мэндэд учрах хор уршгаас гадна хосуудын хоорондох итгэл алдагдах, хүүхэдтэй болох төлөвлөгөө нурах, бэлгийн амьдралын сэтгэл ханамж, мэдрэмж хөрөх зэрэг сэтгэлзүйн болон харилцааны бэрхшээл үүсдэг.

Асуудлыг хэрхэн шийдэж, даван туулах вэ?

  • Хэн нэгнийг буруутгахаа түр азна. БЗДХ авснаа мэдмэгц хамтрагчаа танд үнэнч байсангүй гэж буруутгаж болохгүй. Учир нь халдварыг та хоёрын хэн хэн нь өмнөх хамтрагчаасаа авсан байх магадлалтай.
  • Эмчтэйгээ илэн далангүй ярилцах. Эмч танаас хувийн чанартай байж болох асуултууд асуусан нь таныг шүүх биш, харин БЗДХ-ын тархалтыг бууруулах зорилготой. Хувь хүний нууцтай холбоотой асуудлыг эмч чандлан хадгалах үүрэгтэй байдаг.

Эмчид үзүүлэхдээ биеэ хэрхэн бэлдэх вэ?

Бэлгийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаа хуваалцахад ихэнх хүмүүст ичих, санаа зовох мэдрэмж төрдөг. Эмнэлэг бол энэхүү хаалттай, нууц сэдвээр ярилцаж, мэргэжлийн тусламж үйлчилгээ авахад хамгийн тохиромжтой газар.

  • Эмчид үзүүлэхийн өмнө хориглох зүйлсийг сайтар анхаар. Шинжилгээ өгөх, эмчид үзүүлэх цаг авахын өмнө урьдчилж хийх шаардлагатай зүйлсийн талаар сайтар асууж, зохих журмын дагуу бэлтгэлээ хангах шаардлагатай.
  • Шинж тэмдгээ тэмдэглэж, хөтлөх. Хэдийгээр тухайн шинж тэмдэг эмчтэй уулзахаар цаг авсан шалтгаантай холбоогүй байсан ч бүх шинж тэмдгийг тэмдэглэх нь зөв.
  • Хэрэглэж байгаа эм бэлдмэлийн жагсаалт гаргах. Одоо болон өмнө нь хэрэглэж байсан эм, амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хүртэл жагсаалтанд оруулах.
  • Бэлгийн хавьтлаас түр зайлсхийх. Хэрэв танд БЗДХ-ын шинж тэмдэг илэрвэл эмчид үзүүлж, шинжилгээ өгч, онош баталгаажих хүртэл бэлгийн хавьтлаас түр татгалзах нь зүйтэй. Хэрэв энэ хугацаанд бэлгийн хавьталд орох бол бэлгэвч заавал хэрэглэнэ.
  • Эмчээс асуух асуултуудаа урьдчилан бэлдэх.

Эмч танаас дараах асуултуудыг асууж болзошгүй:

Эмчийн асуултад үнэн зөв, тодорхой хариулж, илэрч буй шинж тэмдэг болон бэлгийн эрүүл мэндийн түүхээ нээлттэй ярилцах нь эмчилгээний сонголтыг зөв хийхэд шаардлагатай мэдээллийг эмчид өгнө. Эмч мэдээлэл авах зорилгоор дараах асуултуудыг асууж болно:

  • Танд ямар шинж тэмдгүүд илэрч байна вэ? Эдгээр шинж тэмдэг хэр удаан хугацаанд үргэлжилсэн бэ?
  • Таны бэлгийн чиг баримжаа юу вэ?
  • Танд одоогоор хэдэн бэлгийн хамтрагчтай вэ?
  • Одоогийн бэлгийн хамтрагчтайгаа хэр удаан хамт байгаа вэ?
  • Та мансууруулах бодис өөртөө тарьж хэрэглэдэг үү?
  • Та мансууруулах бодис тарьж хэрэглэдэг хүнтэй бэлгийн хавьталд орж байсан уу?
  • Та БЗДХ-аас урьдчилан сэргийлэх ямар арга хэрэглэдэг вэ?
  • Та жирэмслэхээс сэргийлэх ямар арга хэрэглэдэг вэ?
  • Та хламид, херпес, заг хүйтэн, тэмбүү, ДОХ-ын халдвараар өвчилж байсан уу?
  • Та бэлэг эрхтэний хэвийн бус ялгарал, бэлгийн үү, яр, шээхэд өвдөх, нөхөн үржихүйн эрхтэнүүдийн үрэвслийн улмаас эмчилгээ хийлгэж байсан уу?
  • Та өмнө нь нийт хэдэн хүнтэй бэлгийн харилцаатай байсан бэ?
  • Сүүлийн 2 сарын хугацаанд та хэдэн хүнтэй бэлгийн хавьталд орсон бэ?
  • Та хамгийн сүүлд хэзээ бэлгийн хавьталд орсон бэ?