Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Пролактин дааврын тухай дэлгэрэнгүй

Пролактин дааврын тухай дэлгэрэнгүй

Сүүн тэжээлтэнд нийлэгждэг дааврын нэг бол өнчин тархинаас ялгардаг пролактин буюу сүүний даавар юм. Өөрөөр хэлбэл эмэгтэй хүн төрсний дараа сүү ялгарахад оролцдог даавар.

Гэсэн хэдий ч пролактин нь ганц эмэгтэй биш эрэгтэйчүүдийн хувьд ч чухал үүрэг гүйцэтгэдэг даавар. Эрэгтэй хүнд үзүүлэх нарийн үйл ажиллагаа нь одоогийн байдлаар бүрэн тогтоогдоогүй ч эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн амьдралаас авах сэтгэл ханамжийг пролактины агууламжаар хэмжих тохиолдол байдал. Хүний бие махбодид явагддаг 300 орчим үйл ажиллагаанд оролцдог. Үүнд: нөхөн үржихүй, бодисын болон шингэний солилцоо, дархлаа, сэтгэлзүйн үйл ажиллагааг дурдаж болно.

Пролактин дааврын шинжилгээг ямар тохиолдолд өгөх вэ?

Эмэгтэйчүүд
Пролактин хэвийн хэмжээнээсээ хэт их ялгарах нь өнчин тархинд хоргүй хавдар үүсэх шалтгаан болдог. Энэ тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг:

  • Толгой өвдах
  • Нүдний хараа муудах
  • Жирэмсэн биш үед хөхнөөс сүү гарах
  • Бэлгийн хавьтлын үед зовиурлаж өвдөх
  • Биеийн болон нүүрний үс хэвийн бус байдлаар ургах
  • Шалтгаан тодорхойгүй батгашилт
  • Биений юмны мөчлөг алдагдах

Түүнчлэн сарын тэмдэг алдагдсан эсвэл үр тогтохгүй байгаа үед пролактины шинжилгээг өгдөг.

Эрэгтэйчүүд
Пролактин хэвийн хэмжээнээс их байх үед:

  • Толгой өвдөх
  • Нүдний хараа муудах
  • Бэлгийн дур хүсэл буурах, үр тогтоох чадваргүй байх
  • Шодойн хөвчрөл сулрал (бэлгийн сулрал)
  • Бие, нүүрний үс хангалттай ургахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Үүнээс гадна төмсөгний үйл ажиллагаа, үргүйдлийг хянахад пролактин дааврын үзүүлэлтийг ашигладаг

Шинжилгээ хэрхэн өгөх вэ?

Пролактин дааврын хэмжээг цусны шинжилгээгээр тодорхойлно. Ингэхдээ өглөө сэрснээс хойш тайван үедээ буюу 3-4 цагийн дотор, өглөөний 8-11 цагийн хооронд өгнө. Жирэмслэхээс сэргийлэх эмийн бэлдмэл, даралт бууруулах эм эсвэл тайвшруулах зориулалттай эмийн бэлдмэл нь шинжилгээний хариунд нөлөөлдгийг анхаарна уу. Түүнчлэн сайн унтаж амраагүй, стресстэй үед эсвэл хэт их биеийн хүчний ажил, дасгал хөдөлгөөн хийсэн үед шинжилгээний хариунд нөлөөлөх магадлалтай.

Шинжилгээний хэвийн үзүүлэлт

Эмчлэгч эмч биеийн байдал болон шинжилгээний хариуг үндэслэн дүгнэлт хийдэг. Эмнэлзүйн лаборатори болгон ижил оношлуур хэрэглэдэггүй учир хэвийн хэмжээ харилцан адилгүй байдаг. Пролактины хэвийн хэмжээ нь нг/мл-р  хэмжигддэг.

Жирэмсэн биш эмэгтэй < 35 нг/мл
Жирэмсэн эмэгтэй 34 – 386 нг/мл
Эрэгтэй < 15 нг/мл

Пролактины хэмжээ өндөр гарах нь юуг илэрхийлдэг вэ?

Эрэгтэй болон эмэгтэйчүүдэд пролактины хэмжээ бага байх нь санаа зовох зүйл биш. Харин хэвийн хэмжээнээс хэт их байх нь гиперлактинеми буюу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг эрсдэлийг дагуулдаг. Хүн амын 10 орчим хувь нь гиперпролактинемия буюу хэвийн хэмжээнээс өндөр байдаг.

Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд пролактины хэмжээ өндөр байх нь хэвийн үзэгдэл. Учир нь уг даавар сүү ялгарахад нийлэгждэг гол даавар юм.

Түүнчлэн хоолны дуршил муу (анорекси), элэг, бөөрний эмгэг болон бамбайн гипотериозын (бамбайн үйл ажиллагаа сул) үед өндөр байдаг. Гипотериоз нь өнчин тархины хэмжээг томсгодог ч бамбайн дааврын эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой. Өнчин тархины хавдраас үүдэлтэйгээр пролактины хэмжээ ихэсдэг энэ тохиолдолд эмийн эсвэл мэс заслын аргаар эмчлэх боломжтой.

Эдгээрээс гадна хэрэглэж буй эмийн бэлдмэлээс үүдэн (рисперидон, галоперидол, метоклопрамид) ихсэх шалтгаан болдог.

Дээрх хүчин зүйлээс гадна стресс, цусан дахь сахарын хэмжээ багасах, ачаалал ихтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь нөлөөлдөг учир цусан дахь сахарын хэмжээг тогтмол байлгах шаардлагатай. Хошингор, грек чирэг, гоньд зэрэг ургамал нь пролактины агууламжийг ихэсгэдэг тул хоол хүнсэндээ хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Пролактин ба үргүйдэл
Зарим тохиолдолд пролактин ихээр ялгарах нь үргүйдэлд хүргэдэг. Пролактины хэмжээ ихэссэнээр бусад дааврыг дарангуйлдаг. Ингэснээр гипопитуитаризм буюу эрэгтэйчүүдийн бэлгийн дур хүсэл буурч биеийн үс ихээр унах эмгэг үүсдэг. Эмэгтэйчүүдэд үргүйдэл үүсгэдэг.

Эмэгтэйчүүдийн пролактины хэмжээ ихэссэнээр эстроген болон прогестерон дааврын нийлэгжлийг дарангуйлж, жирэмслэхэд хүндрэл үүсгэдэг. Өөрөөр хэлбэл өндгөвч өндгөн эсийг ялгаруулж чадахгүй эсвэл бүр ялгаруулахгүй.

Эмийн бэлдмэл, бусад эмчилгээ болох хоргүй хавдрыг авах зэргээр эмэгтэйчүүдэд пролактинаас үүдэлтэй үргүйдлийг эмчлэх боломжтой. Хэрэв таны пролактины хэмжээ их гарсан бол мэргэжлийн эмчид хандаарай.

Таны өөрийн зүгээс мөрдөх зүйлс:

  • Аль болох стрессгүй тайван байх
  • Хэт ачаалалтай дасгал хөдөлгөөн хийхгүй байх
  • Цээжний хэсгийг барьсан, бариу хувцас өмсөхгүй байх
  • Хөхний толгойг хөндсөн хувцас, хөдөлгөөнөөс зайлсхийх
  • Витамин В-6, Е хэрэглэх

Пролактины хэмжээ өндөр үед мэргэжлийн эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмчид хандах ёстой. Түүнчлэн эмчийн заавраар MRI шинжилгээ хийлгэж, өнчин тархины гадаад бүтцэд ямар нэгэн өөрчлөлт гарсан эсэхийг шалгана. Зарим тохиолдолд пролактин ихсээд байгаа шалтгаан тодорхойгүй байдаг. Үүнийг шалтгаангүй гиперпролактинемия гэнэ. Энэ үед ямар нэг эмчилгээ шаардлагагүйгээр хэдэн сарын дараа пролактины хэмжээ өөрөө багасдаг. Хэрэв өндөр хэвээр байвал эмчлэгч эмч эмийн эмчилгээг эхэлнэ.

Пролактины эмчилгээ хийлгэж байх үед жирэмслэх тохиолдол гардаг. Энэ тохиолдолд эмчлэгч эмчдээ нэн даруй мэдэгдэж, зөвлөгөө авах нь чухал. Эмчлэгч эмч эмийг “ЗОГСОО” гэсэн цагт эмийн бэлдмэлийг зогсоох нь чухал.

Пролактины агууламж ихсэх нь аминд халтай биш. Үүнээс үүдэлтэй үргүйдэл эмчлэгдэх боломжтой.