Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Прогестерон даавар

Прогестерон нь өндгөвч, ихэс, бөөрний дээд булчирхайнаас ялгардаг даавар бөгөөд нөхөн үржихүйд чухал нөлөөтэй гол даавруудын нэг юм. 

Сар бүр эмэгтэйн өндгөвчнөөс өндгөн эс ялгарахад өндгөвчинд шар бие гэх түр хугацааны бүтэц үүсдэг бөгөөд энэхүү шар бие нь прогестероны гол эх сурвалж болдог. Шар биеэс ялгарах прогестерон даавар нь үр тогтолт, үр тогтсон өндгөн эс умайд бэхлэгдэх зэрэг үйлийг дэмждэг. 

Үр тогтсон тохиолдолд шар бие үргэлжлүүлэн прогестероныг ялгаруулах ба энэ нь умайн дотоод ханыг тэтгэж, эвсэл үр бэхлэгдэх нөхцлийг бүрдүүлнэ.

Үр тогтоогүй тохиолдолд шар бие хатингаршиж, умайн дотоод ханыг дэмжих прогестерон ялгаруулалт буурснаар умайн дотно хана ховхорч сарын тэмдэг ирдэг. 

Прогестерон ямар үйлдэлтэй вэ?

  • Умайн дотоод ханыг тэтгэж, үр тогтсон өндгөн эс бэхлэгдэхэд тохиромжтой орчинг бүрдүүлэх
  • Жирэмсний үед умайн дотоод хананы үйл ажиллагааг дэмжих, тогтвортой байлгах
  • Жирэмслэлтийг дуусах хүртэл дахин өндгөн эс боловсрохоос сэргийлэх
  • Жирэмсний үед үр хөврөлийг тэтгэх чухал үүрэгтэй
  • Хөхөнд сүү боловсролтыг дэмжих, тэтгэх зэрэг олон чухал үүрэгтэй.

Прогестероны хэвийн хэмжээ. Өндгөн эс өндгөвчнөөс гадагшлах үе буюу овуляцийн үес өмнө бага хэмжээтэй байх ба овуляцийн үед хамгийн оргил үедээ хүрч, үр тогтсон тохиолдолд энэ нь цааш хадгалагддаг бол үр тогтоогүй үед хэмжээ нь буурч сарын тэмдэг ирдэг.

Хэрэв прогестероны хэмжээ сарын тодорхой мөчлөгөөр ихсэж багасахгүй байх нь овуляцийн үе болон сарын тэмдгийн асуудалтай байгааг болон үргүйдлийн шалтгаан болж болно. 

Давхар жирэмслэлттэй буюу 2 болон 3 ихэр төрүүлсэн эмэгтэйн прогестероны хэмжээ нэг хүүхэдтэй жирэмслэлттэй эмэгтэйгээс илүү байдаг байна. 

Ямар үед прогестероны түвшин багасдаг вэ?

  • Хордлого
  • Жирэмсний төгсгөл үе
  • Савны гадуурх жирэмслэлт
  • Зулбалт

Ямар үед прогестероны түвшин ихэсдэг вэ?

  • Өндгөвчний уйланхай
  • Ховор төрлийн өндгөвчний хорт хавдар
  • Бөөрний дээд булчирхайнаас прогестерон хэт их ялгарах
  • Бөөрний дээд булчирхайн хорт хавдар

Прогестерон эрчүүдэд

Прогестерон нь хэдий эмэгтэй даавар ч эрэгтэй хүнд тодорхой хэмжээнд нийлэгждэг ба тестостерон нийлэгжүүлэх үйл ажиллагаанд прогестерон оролцдог. Эрэгтэйчүүдийн хувьд бөөрний дээд булчирхай болон төмсөгнөөс прогестерон ялгарна.

Эрчүүдэд прогестерон буурахад:

  • Бэлгийн дур хүсэл буурах
  • Үс унах
  • Жин нэмэх
  • Ядарч сульдах
  • Сэтгэл гутрал
  • Хөх томрох
  • Шодой хөвчрөлтийн асуудлууд тулгарна.

Прогестерон дааврын хэмжээ сарын мөчлөг болон жирэмсний үед

  • Цэврүүний үе буюу сарын мөчлөгийн эхэн үед 0.1-0.7 ng/mL 
  • Шар биеийн үе буюу сарын мөчлөгийн төгсгөл үед 2-25 ng/mL
  • Жирэмсний эхний 3 сард 10-44 ng/mL 
  • Жирэмсний дунд 3 сард 19.5-82.5 ng/mL 
  • Жирэмсний сүүлийн 3 сард 65-290 ng/mL