Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Ясны сийрэгжилт, яс хугарахаас хэрхэн сэргийлэх вэ?

Ясны сийрэгжилт, яс хугарахаас хэрхэн сэргийлэх вэ?

Ахмад насныханд түгээмэл тохиолддог эрүүл мэндийн томоохон эрсдэл нь ясны хугарал юм. Яс хугарах нь “ясны сийрэгжилт”-ийн үр дагавар бөгөөд ясны эдийн сөнөрөл чимээгүй явагддаг. Ихэвчлэн унаж бэртэх хүртлээ шинж тэмдэггүй байдаг.Хүний ясны бүтэц өндөгтэй төстэй, хамгаалалтын бүрхүүлтэй бөгөөд ясны сийрэгжилтийн нөлөөгөөр уг бүрхүүл нимгэрч, бэртэж гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлнэ. Нэгэнт бүрхүүл хэврэг болсон үед ясны доторх эдийг хамгаалахад хүндрэл учирна. Энэ нь ясны сийрэгжилтийн эмчилгээг илүү ярвигтай болгодог.

Насжилт явагдахын хирээр биеийн тэнцвэр, хөдөлгөөний зохицуулалтыг хариуцдаг тархи болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа аажим буурдаг. Зарим тохиолдолд эмийн нөлөөгөөр толгой эргэх нь унах шалтгаан болно.

Хэрэв өвчтөн ясны сийрэгжилттэй бол унаж бэртсэний дараах эмчилгээнд хүндрэл гарах нь элбэг. Сээр нуруу, бугуйн ясны хугарал нь ташааны ясны гэмтлээс хохирол багатай. Ташааны яс хугарсан ахмад настнуудын 95 хувьд нь мэс заслын эмчилгээ хийгддэг. Судалгаанаас харахад ташааны ясны гэмтлийн дараа ахмад настнуудын зөвхөн 20 хувь нь хэвийн амьдралдаа эргэн ордог байна. Харин үлдсэн хэсэгт нь эрүүл мэндийн эргэшгүй өөрчлөлт гардаг үр дагавартай.

Ташааны ясны гэмтлийн дараа өвчтөн удаан хугацаагаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай бөгөөд биеийн зарим хэсгийн арьс цоорох, зүрх, уушиг, бөөр зэрэг дотор эрхтэний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг.

Ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх нь тун чухал бөгөөд үүний тулд ясны сийрэгжилтийн шалтгаан болдог эрсдэлт хүчин зүйлүүдийг хянах шаардлагатай. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, хөдөлгөөний идэвхгүй байх, эрүүл бус хооллолт зэрэг амьдралын хэв маягийн эрсдэлт хүчин зүйлүүд нь сэргийлж болох эрсдэл юм. Ясны эдийн нягтрал тодорхойлох шинжилгээг насанд хүрсэн хүн бүр өгөх нь зүйтэй бөгөөд ялангуяа гэр бүлийн гишүүд нь ясны сийрэгжилтээр өвчилж, унаж бэртсэн өгүүлэмжтэй хүмүүс зайлшгүй өгнө. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүд уг шинжилгээг 1-2 жил тутам өгөх шаардлагатай. Кальци болон Д амин дэмийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, паратероид дааврын тарилга зэрэг ясны эдийн нягтралыг сайжруулах үйлчлэлтэй эмчилгээний олон аргууд байдаг. Ясны эдийн нягтралыг зориулалтын DEXA (Dual Energy X-ray Absorptiometry) аппаратаар үнэлнэ. Харин кальци болон Д амин дэмийн түвшинг лабораторийн шинжилгээгээр тодорхойлдог.

Ахмад настнуудын унаж бэртэх эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

Дотоод хүчин зүйл: Өвчтөний эрүүл мэндийн байдал буюу үе мөчний эмгэг, танин мэдэхүйн бэрхшээл, эмийн гаж нөлөөнөөс толгой эргэх гэм мэт.

Гадаад хүчин зүйл: Унаж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа хүрээлэн буй орчны нөлөө буюу нойтон, хальтарч болзошгүй шал, гадаргуу, бүдэрч болохуйц саад гэх мэт. Эрсдэлээс сэргийлэхийн тулд гэрэлтүүлэгтэй газраар явах, түшлэг, шатны бариул зэргээс сайтар барих. Ахмад настнууд ихэвчлэн шөнийн цагаар угаалгын өрөөнд орохдоо унаж бэртдэгийг анхаарах.

Ташаа, өвдөгний дасгал нь үе мөч, булчингийн үйл ажиллагаа, хүчийг сайжруулдаг. Мөн ташааны ясны гэмтэл, үе мөчний эмгэггүй бол явган алхах, шогших нь үр дүн өндөртэй.