Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Таргалалт таны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Таргалалт таны эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

Биеийн жингийн индекс (BMI) буюу биеийн жинг (кг) өндрийн (м) квадратад хуваасан харьцаа 30-аас илүү байвал таргалалттай гэж үздэг. Таргалалт нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйл бөгөөд дараах өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг: 

  • Зүрх судасны өвчин, цус харвалт
  • Цусны даралт ихсэлт
  • Чихрийн шижин
  • Хорт хавдар
  • Цөсний эмгэг, цөсний чулуу
  • Үе мөчний эмгэг
  • Тулай
  • Нойрон дунд амьсгал тасалдах, астма зэрэг амьсгалын замын хүндрэл

Гэвч таргалалттай хүн бүр дээрх өвчнөөр өвчилдөггүй, өвчилж байсан гэр бүлийн өгүүлэмжтэй хүмүүс илүү эрсдэлтэй байдаг.

Биеийн жингээс гадна биеийн галбир чухал. Учир “алим” хэлбэрийн таргалалттай буюу хэвлий орчмын өөхлөлт ихтэй хүмүүс “лийр” хэлбэрийн буюу өгзөг, гуяны хэсгээрээ таргалалттай хүмүүстэй харьцуулахад бодисын солилцооны эмгэгийн эрсдэл өндөртэй байдаг.

Илүүдэл жин, таргалалтын улмаас эрсдэл нэмэгддэг дараах өвчнүүдийг онцолж байна.

Зүрх судасны өвчин, цус харвалт

Илүүдэл жинтэй байх нь цусны даралт ихсэх, цусан дахь холестеролын түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Эдгээр нь цаашлаад зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх суурь болно.

Гэсэн хэдий ч илүүдэл жингээсээ бага хэмжээгээр хасахад л зүрх судасны өвчин, цус харвалтын эрсдэл тодорхой хэмжээгээр буурдаг. Биеийн жин буурах тусам эрсдэл дагаад буурна.

Чихрийн шижин

2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчилсөн хүмүүсийн ихэнх нь илүүдэл жинтэй байдаг нь тохиолдол биш. Иймд илүүдэл жингээ хасч, зохистой хооллож, хөдөлгөөний идэвхтэй байж, хангалттай унтаж амрах нь 2-р хэв шинжийн чихрийн шижингээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

Нэгэнт чихрийн шижингээр өвчилсөн бол илүүдэл жингээ хасч, дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр цусан дахь сахарын хэмжээгээ хянах бололцоотой. Хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлснээр чихрийн шижингийн эсрэг эм, тарианы хэрэглээгээ бууруулж болно.  

Хорт хавдар

Ходоод, хөх, умайн салст, бөөр, улаан хоолойн хорт хавдрын өвчлөлд таргалалт нөлөөлдгийг судалгаагаар тогтоосон. Мөн цөс, өндгөвч, нойр булчирхайн хавдар болон таргалалтын хамаарлыг судалсан судалгаанууд байдаг.

Цөсний эмгэг

Илүүдэл жинтэй хүмүүст цөсний эмгэг болон цөсний чулуу элбэг тохиолддог.

Гэвч богино хугацаанд огцом жин хасах нь өөрөө цөсний чулуу үүсгэх эрсдэлтэйг анхаарах хэрэгтэй. Илүүдэл жингээ системтэйгээр, аажим хасах нь цөсний чулуут үүсэхээс сэргийлнэ. 7 хоногт ойролцоогоор 500гр орчим хасах нь хамгийн тохиромжтой.

Үе мөчний үрэвсэл

Үе мөчний үрэвсэл ихэвчлэн өвдөг, ташаа, нурууны үеүүдийг гэмтээдэг. Илүүдэл жинтэй байх нь үе мөчний ачааллыг нэмэгдүүлж, үеийг хамгаалах үүрэгтэй мөгөөрс, зөөлөн эдийг гэмтэхэд хүргэдэг.

Илүүдэл жингээ хасах нь өвдөг, ташаа, доод нуруунд ирэх ачааллыг бууруулж, үе мөчний эмгэгийн шинж тэмдгийг хөнгөвчилнө.

Тулай

Тулай нь үеийг гэмтээдэг өвчин юм. Цусан дахь шээсний хүчлийн хэмжээ хэт ихэссэнээс үүсдэг. Илүүдэл шээсний хүчил талсжиж, үенд хуримтлагдана.

Тулай өвчнөөр ихэвчлэн илүүдэл жинтэй хүмүүс өвчилдөг бөгөөд биеийн жин ихсэх тусам уг өвчний эрсдэл дагаад нэмэгдэнэ.

Богино хугацаанд огцом жин хасах нь тулай өвчнийг сэдрээж болзошгүй тул өмнө нь уг өвчнөөр өвчилж байсан хүмүүс жингээ хасахаас өмнө эмчээс зөвлөгөө авах нь зүйтэй.

Нойрон дунд амьсгал тасалдах

Нойрон дунд амьсгал тасалдах нь илүүдэл жин, таргалалттай холбоотой амьсгалын замын хүндрэл юм.

Нойрсож байх үедээ хүчтэй хурхирч, амьсгал түр хугацаанд зогсож, тасалдах шинж тэмдгээр илэрнэ. Уг эмгэгээр өвчилсөн хүмүүс өдрийн цагаар нойр хүрэх, зүрх судасны өвчин, цус харвалтаар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ.

Илүүдэл жингээ хасах нь нойрон дунд амьсгал тасалдах хүндрэлийг бууруулдаг.