Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Бөөр яагаад өвддөг вэ?

Бөөр яагаад өвддөг вэ?

Бөөр бол ялгаруулах эрхтэн тогтолцоо бөгөөд гол үүрэг нь цуснаас бодисын солилцооны илүүдэл бүтээгдэхүүнийг шүүх үйл явц юм. Шүүгдсэн илүүдэл бүтээгдэхүүн нь устай нэгдэн шээс болж биеэс гадагшилдаг.

Бөөрний  өвчлөлд нөлөөлдөг хүчин зүйлс:

  1. Амьтны гаралтай мах ихээр идэх
  2. Шингэний хэмжээг гүйцэт авахгүй байх
  3. Хоол хүнсийг зохисгүй идэх
  4. Халуун нөхцөлд ажиллах

Хүн өдөрт тогтмол 2-2,5л ус уух ёстой. Өдөрт хангалттай ус уугаагүйн улмаас усгүйжиж, шээс элсжиж эхэлдэг. Үүнээс шалтгаалж бөөрний чулуу үүсдэг. Энэ эмгэг нь сүүлийн жилүүдэд тархалт нэмэгдсээр байна. Бөөрний чулуу гэдэг нь жижиг кристалаас үүссэн хатуу бөөгнөрөл юм. Бөөрөнд нэг болон түүнээс олон чулуу үүсч болно.

Гол шинж тэмдэг нь гэнэт гарч ирнэ, ихээхэн өвдөлт мэдрүүлж мөн гэнэтхэн алга болдог байна. Өвдөлт нь нурууны хажуу талаар болон хэвлий хэсгээр илүү их мэдрэгддэг. Түүнчлэн салтаа болон төмсөгний хэсгээр өвдөлт даамжран мэдрэгддэг байна.

Бусад шинж тэмдгүүд:
•    Шээхэд шээсний өнгө хэвийн бус байх
•    Шээс цустай байх
•    Даарах
•    Халуурах
•    Дотор муухайрах
•    Бөөлжих гэх мэт.

Бөөрний чулуун олон төрөл байдаг.Нарийн шалтгаан нь чулууны хэлбэрээс болно. Кальцийн чулуунууд түгээмэл тохиолдоно. Эдгээр чулуунууд нь эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд 20-30 насныханд ихэвчлэн илэрдэг. Кальци нь чулуу үүсгэдэг оксалэт (түгээмэл байдаг бодис), фосфат, карбонот гэх мэт бодисуудтай нэгддэг.

Мөн шээсний хүчил шүлтийн орчин хамааралтай. Шээсний хэвийн орчин /5,5-6,8/байдаг бол бөөрний чулуутай хүмүүсийн шээс хүчиллэг болж эхэлдэг. Шээсэнд  кальцийн оксалэтын давс үүсдэг. Энэхүү давс удах тусмаа хоорондоо нягтаршиж хурц ирмэгтэй талстыг үүсгэж шээх явцад шээлүүрийн хучуур эсүүдийг гэмтээж, шээсээр улаан эс гадагшилж эхэлдэг. Үүнийг бид цустай шээх гэж ярьдаг.

  • Бөөрөнд үүсэж буй чулууг бүтэц, химийн найрлагаар нь : оксалатын, фосфатын, уратын, карбонатын чулуу гэж ангилна.
  • Оксалатын чулуу: Хурган чихний хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Нягт хатуу, хар саарал өнгөтэй, өргөслөг гадаргуутай. Салст бүрхэвчийг амархан гэмтээж цусны пигмент нь бараан хүрэн өнгөтэй болгоно.
  • Фосфатын чулуу: Фосфорын хүчлийн кальцийн давс агуулсан. Гадаргуу нь гөлгөр, янз бүрийн хэлбэртэй, зөөлөн чулуу. Цагаан, цагаан саарал өнгөтэй, шүлтлэг орчинд үүсдэг, хурдан үүсэж амархан задардаг чулуу.
  • Уратын чулуу: шээсний хүчил түүний давсуудаас үүссэн шар хүрэн өнгөтэй, гөлгөр гадаргуутай, хатуу чулуу.
  • Карбонатын чулуу: нүүрс хүчлийн кальцийн давснаас үүсэлтэй. Гөлгөр гадаргуутай, цагаан өнгетэй, зөөлөн янз бүрийн хэлбэртэй чулуу.
  • Цистины чулуу: цистин агуулсан хүхрийн нэгдэл. Цагаан шар өнгөтэй, дугуй хэлбэртэй, зеөлөн, гөлгөр гадаргуутай. Маш ховор тохиолдоно. Нимбэгэн шар өнгөтэй, рентген туяаг үл нэвтрүүлнэ. Шээсэнд 6 өнцөгтэй хавтгай ялтас маягтай байна.
  • Уургийн чулуу: фибрин давс, нянгийн холимог, жижиг хэмжээтэй, хавтгай зеөлөн, цагаан чулуу. Бөөрөнд ганц нэг эсвэл олон тооны чулуунууд үүсэж болно. Хэмжээ нь 0,1-15 см хүртэл байна. Зарим чулуунууд нь бөөрний аяганцар, тэвшинцрийн системийг бүхэлд нь хамарсан байдаг. Ийм чулууг шүр хэлбэрийн чулуу гэнэ.

Бөерний чулууны 75%-85% оксалат кальци, фосфат кальцийн давснаас үүссэн байдаг.

Оношилгоо

Энэхүү өвчин нь өвчин намдаагч хийлгэх шаардлагатай хурц өвдөлттэй. Хэвлий нурууний хэсгээр хөндүүрлэж болно.

Бөөрний чулууны шинжилгээнд дараах зүйлүүд багтдаг.

  • Чулууны төрлийг тодорхойлох шинжилгээ
  • Шээсний хүчлийн түвшин
  • Кристал болон шээсэн дэх улаан эсийн байдлыг харах шинжилгээ

Шээсний замын бөглөрөл болон чулууг илрүүлэх оношилгоо:

  • Хэвлийн хэсгийн СТ
  • Хэвлийн хэсгийн /бөөрний MRI
  • Хэвлий хэсгийн рентген зураг авах
  • Судасны pyelogram (IVP)
  • Бөөрний хэт авиа
  • Ритрогрэд pyelogram.

Шээсний ерөнхий шинжилгээ

Бөөрний үндсэн үүрэг нь шээс ялгаруулах бөгөөд шээс нь бодисын солилцооны 100 орчим төрлийн эцсийн бүтээгдэхүүнүүдийг агуулсан байдаг. Тийм ч учраас шээсийг шинжилснээр тухайн хүний эрүүл мэндийн талаар нилээд мэдээлэл авдаг.

Хүндрэлүүд

  • Өвчилсөн бөөрний үүрэг нь алдагдах, эсвэл буурах
  • Бөөрний гэмтэл, шарх үүсэх
  • Шээсний сувгийн түгжрэл үүсгэдэг чулуунууд дахин илрэх
  • Шээсний замын халдвар гэх мэт.

Урьдчилан сэргийлэх

Хэрэв та өмнө нь бөөрний чулуужилттай байсан бол хангалттай хэмжээний шээс гаргахын тулд өдөр бүр 6-8 аяга шингэн уух шаардлагатай.

Чулууны хэлбэрээс хамаарч чулуужилтаас урьдчилан сэргийлэхийн тулд эм уух болон бусад арга хэмжээг өөртөө авах хэрэгтэй. Зарим төрлийн чулуужилтаас сэргийлж хоолны дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Бөөр өвдөж эхэлсэн бол эмчид цаг алдалгүй хандах хэрэгтэй. Мөн эмчийн заавраар шинжилгээ өгнө.

Шээсний өнгө

Шээс маш олон төрлийн өнгөтэй байдаг. Гүн шар өнгө эсвэл зөгийн балны өнгөнөөс цайвар шаргал хүртэл маш олон өнгөний хувилбар бий.

  1. Өнгөгүй. Тунгалаг: Та маш их ус уудаг. Та ус уухаа багасгаж болно.
  2. Зэвхий шаргал: Таны бие хэвийн, эрүүл бөгөөд чийгшил сайтай байна.
  3. Тунгалаг шар: Таны эрүүл мэнд хэвийн байна.
  4. Бараан шар/Өтгөн шар: Хэвийн. Гэхдээ ус ойр ойрхон уух хэрэгтэй.
  5. Хуван шар эсвэл зөгийн балны өнгө: Таны бие хангалттай хэмжээний ус авахгүй байна. Ус уух хэрэгтэй.
  6. Хүрэн: Таны элэг өвдсөн байж болзошгүй. Эсвэл маш бага хэмжээний чийгшилтэй байна. Ус уух хэрэгтэй бөгөөд эмчид үзүүлээрэй.
  7. Улаан туяатай, ягаан: Та саяхан хүрэн манжин, нэрс эсвэл гишүүнэ идсэн үү? Хэрэв үгүй бол таны шээс цустай байж болзошгүй. Энэ нь хэвийн үзэгдэл ч байж болно. Эсвэл бөөрний өвчин, хавдар, шээсний замын үрэвсэл, түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт асуудлууд байж болзошгүй. Мөн хар тугалга эсвэл мөнгөн усны хордлогын шинж тэмдэг байж болно. Та заавал эмчид хандаарай.
  8. Улбар шар: Та хангалттай ус уухгүй байна. Эсвэл та элэг, цөсний асуудалтай байж болзошгүй. Мөн хүнсний будаг ч байж болно. Та эмчид хандаарай.
  9. Хөх эсвэл ногоон: Маш цөөхөн тохиолддог генийн өвчнүүд таны шээсийг хөх эсвэл ногоон болгож хувиргадаг. Түүнчлэн, зарим төрлийн бактери шээсний замыг үрэвсүүлдэг. Мөн таны идсэн хүнсний будаг эсвэл хэрэглэсэн эмнээс ч ийм өнгө гарч болно. Эмчид хандах шаардлагатай.