Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Шээсний хүчил ихэссэнээс үүсэх хүндрэлүүд

Шээсний хүчил ихэссэнээс үүсэх хүндрэлүүд

Бие махбодь дахь азотын бодисын солилцооны дүнд үүсдэг, усанд уусдаггүй нэгдлийг шээсний хүчил гэнэ. Бие махбодид байгалийн замаар эс задарснаас болон хүнсний хэрэглээнээс үүсдэг. Ихэвчлэн бөөрөөр гадагшилдаг бол маш бага хэмжээтэйгээр өтгөнөөр ялгарч биеэс гадагшилдаг. Бөөрний хэвийн үйл ажиллагаагаар цуснаас шээсний хүчлийг хөөж чадахгүй байх үед шээсний хүчил хуримтлагдаж биеийн эдийг гэмтээж эхэлдэг.

Шээсний хүчил ихсэх шалтгаан

Бие махбодид хэт их шээсний хүчил хуримтлагдахыг гиперурикеми гэнэ. Бөөр хэвийн үйл ажиллагаа явуулж чадахгүй тохиолдолд шээсний хүчлийг хэвийн хэмжээгээр гадагшлуулж чадахгүй биед ихээр хуримтлагддаг. Бөөрний үйл ажиллагааг хэт ихсэхэд дараах хүчин зүйлс нөлөөлнө. Үүнд:

  • Шээс хөөх бэлдмэл
  • Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх
  • Удамшлын хамаарал
  • Бамбайн хордлого
  • Дархлааны системд нөлөөлөх эмийн бэлдмэл
  • Витамин В3
  • Таргалалт
  • Псориаз буюу үлд өвчин
  • Уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх
  • Хорт хавдрын лизисийн синдром (Tumor lysis syndrome) – хорт хавдрын эмчилгээний үед илэрдэг бодисын солилцооны саатал бөгөөд энэ нь хорт хавдрын эс эмчилгээний үед устдаг хэдий ч цусны ургсалд орохыг хэлдэг.

Тулай өвчин

Тулай өвчнийг үүсгэдэг гол шалтгаан бол шээсний хүчлийн хуримтлал бөгөөд зовиур ихтэй өвчин. Марилэндийн Анагаахын Төв Сургуулийн хийсэн судалгаагаар амьтны гаралтай уураг агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх нь шээсний хүчил ялгарах шалтгаан болдог. Шээсний хүчлийн агууламж ихэссэнээр хөл болон гарны үе дээр талст хэлбэрээр хуримтлагдаж, ялангуяа хөлийн эрхий хурууны үеийг өвчлүүлнэ.

Үүссэн талст нь хурц ирмэгтэй байдаг учир зөөлөн эдийг гэмтээж зовиур өгч, үрэвсэл үүсч, хөөж тулайн артрит үүсдэг. Тулай нь ихэвчлэн эрэгтэйчүүдэд илэрдэг гэхдээ эмэгэйчүүдэд болон өсвөр насны хүүхдүүдийн хувьд хүнсний хэрэглээтэй холбоотойгоор үүсэх магадлал өндөр байдаг.

Бодисын солилцооны хүчил (ацидоз)

Бодисын солилцооны эрчим удаан байх нь хоол хүнсээр авсан уургийг задалж чаддаггүй, ингэснээр цусан дахь шээсний хүчил нэмэгддэг.

Шээсний хүчлийг гадагшлуулдаг эрхтэн бол бөөр. Хэрэв гадагшлуулах үйл явц саатвал энэ нь бодисын солилцооны ацидозыг үүсгэдэг. Бодисын солилцооны ацидоз нь бие махбодь сульдах үлбэгэр болох үүнээс үүдэн амьсгаа давчдах, шоконд орох цаашилбал үхэлд хүргэх аюултай.

Бөөрний чулуу

Бөөрөнд талст хэлбэрийн шээсний хүчил хуримтлагдсанаар бөөрний чулууг үүсгэдэг. Ингэхдээ үүссэн чулуу хэмжээ хэлбэрийн хувьд өөр өөр байдаг. Ихэвчлэн бөөрнөөс давсаг руу явах замыг бөглөнө. Энэ үед их зовиур илэрнэ.

Хэрэв бөөрний чулуу илэрсэн бол дахин чулуутай болох магадлал өндөр байдгийг тодорхойлсон байдаг. Хэрэв та эрүүл хоолны дэглэм мөрдөх буюу амьтны гаралтай уургийн хэмжээг багасгавал шинэ чулуу үүсэх эрсдэлийг бууруулж чадна.

Хэрхэн илрүүлэх вэ?

Хэрэв таны шээсний хүчлийн хэмжээ өндөр гарсан бол дараах нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамрагдаарай:

  • Бөөрний үйл ажиллагааг шалгуулах
  • Бөөрний чулуу үүссэн шалтгааныг илрүүлэх
  • Бөөрний бусад зовиур шинж тэмдгийг шинжлэх
  • Химийн болон туяа эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд эмчдээ тогтмол хянуулж байх

Шээсний хүчлийг дараах тохиолдолд шинжлүүлэх хэрэгтэй:

  • Тулайн өвчинтэй адил шинж тэмдэг илрэх буюу үеэр өвдөх
  • Ямар нэгэн химийн эмчилгээнд орсон үед
  • Эсвэл химийн эмчилгээ эхлүүлэх гэж байгаа тохиолдолд
  • Бөөрний чулуутай бол
  • Өмнө нь тулайтай гэж оношлогдож байсан тохиолдолд

Шээсний хүчил тодорхойлох шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс:

  • Согтууруулах ундаа хэрэглээгүй байх
  • Өвчин намдаагч эмийн бэлдмэл хэрэглээгүй байх
  • Өндөр тунтай витамин С хэрэглээгүй байх
  • MRI, CT зэрэг шинжилгээний тодруулагч бодисгүй байх.

Түүнчлэн, ямар эмийн бэлдмэл хэрэглэж байгаагаа зайлшгүй эмчдээ хэлж мэдүүлэх шаардлагатай. Шинжилгээ өгөхөөс өмнө 4 цаг ямар нэгэн зүйл идээгүй байх эсвэл өглөө өлөн дээрээ өгөх хэрэгтэй.

Шинжилгээний үр дүн

Шээсний хүчлийн харьцаа нь эрэгтэй, эмэгтэй хүнд ялгаатай байдаг. Эмнэлзүйн лабораторийн лавлагааны дагуу эмэгтэй хүн 2.5 – 7.5 milligrams/deciliter (mg/dL), эрэгтэй хүнд 4.0 – 8.5 mg/dL. Түүнчлэн, лабораторийн хэрэглэж буй оношлуур, төхөөрөмжөөс хамааран хэвийн хэмжээний үзүүлэлт харилцан адилгүй байж болно.

АНУ-ын Ревматологийн Коллежийн дүгнэснээр хэрэв та тулай өвчинтэй бол цусан дахь шээсний хүчлийн хэмжээ 6 mg/dL-ээс бага байх ёстой. Гэвч ихэнх тохиолдолд  хэвийн хэмжээнээс их байдаг.

Шинжилгээний хариу өндөр гарсан бол бие махбодь шээсний хүчлийг ихээр ялгаруулж байгаа эсвэл бөөрний үйл ажиллагаатай уялдан хангалттай хэмжээний шээсний хүчлийг гадагшлуулж чадахгүй байгаатай холбоотой. Түүнчлэн ямар нэгэн хорт хавдартай эсвэл хорт хавдрын эмчилгээ хийлгэж байгаа тохиолдолд өндөр гарах магадлал байдаг.

Цусан дахь шээсний хүчил нь доорх өвчин, эмгэгийн үед ихэсдэг:

  • Чихрийн шижин
  • Хурц артритийн үед
  • Химийн эмчилгээний үед
  • Лейкеми, ясны хэмийн өвчин
  • Уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэх
  • Бамбан булчирхайн үйл ажиллагаа буурсан
  • Бөөрний үйл ажиллагаа алдагдсан
  • Бөөрний чулуу
  • Миелома
  • Хорт хавдрын үсэрхийлэл

Ганцхан шээсний хүчлийн шинжилгээн дээр үндэслэн тулай өвчин гэх онош тавих нь өрөөсгөл юм. Хамгийн зөв оношлогоо нь тухайн хүний үеийн шингэн дэх мононатрийн уратыг тодорхойлох арга юм. Гэсэн хэдий ч эмчлэгч эмч нь тулайн шинж тэмдэг болон цусны шинжилгээн дээр үндэслэн онош тавина. Тулайн үед шинж тэмдэг илрэхгүй хирнээ шээсний хүчил өндөр байх үе байдаг. Үүнийг шинж тэмдэггүй гиперурикема гэнэ.

Шээсний хүчил дараах тохиолдолд бага байдаг:

  • Вилсоны өвчин (биеийн эдэд зэс хуримтлагдах)
  • Фанконийн синдром (бөөрний эмгэг)
  • Элэг эсвэл бөөрний өвчин
  • Уургийн агууламж багатай хоол хүнс хэрэглэх үед.

Эмчилгээ: 

Ямар ч тохиолдод мэргэжлийн эмчид хандах нь зөв алхам юм.

Эмийн бэлдмэлийн сонголт

Тулай өвчний эмчилгээ нь урт болон богино хугацааны гэж байдаг. Зарим тохиолдолд эмчилгээг хавсарч хийдэг.

Богино хугацааны эмчилгээ

Богино хугацааны эмийн бэлмдэл нь үрэвсэл болон зовиурыг бууруулахаас гадна дахин тулайгаар өвчлөх эрсдэлээс урьдчилан сэргийлдэг. Үүнд:

  • Үрэвслийн эсрэг стеройдын бус эмийн бэлдмэл (ибупрофен, индометацин эсвэл напроксен). Тулайн  үед аспирин хэрэглэхгүй байх. Учир нь аспирин нь тулайн өвдөлтийг намдааж чаддаггүй. Үүнээс гадна аспирин нь цусан дахь шээсний хүчлийн хэмжээг өөрчилдөг учир өвчний зовиурыг улам ихэсгэх хандлагатай байдаг. Ямар нэг эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд зааврыг нь зайлшгүй мөрдөх хэрэгтэй.
  • Колхицин

Зөв эмчилгээ сонгож чадвал 24 цагийн дотор өвчний зовиур арилна.