Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Гепатит B вирусийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Гепатит B вирусийн талаар та хэр сайн мэдэх вэ?

Гепатит B бол дэлхийд хамгийн элбэг тохиолдох элэгний халдварт өвчин юм. Энэ нь элгийг гэмтээдэг гепатит B вирусаар халдварладаг. Уг вирус нь цусаар, хамгаалалтгүй бэлгийн хавьтал болон дахин хэрэглэсэн зүүгээр дамжин халдварлаж болно. Түүнчлэн эхээс урагт жирэмсний хугацаанд болон төрөх явцад халдварладаг. Ихэнх халдвар авсан насанд хүрэгчид гепатит B вирусаас ямар нэгэн асуудалгүй ангижрах боломжтой байдаг. Хэдий тийм боловч зарим насанд хүрэгчид болон ихэнх халдвар авсан нярай болон хүүхдүүд вирусаас зугатах боломжгүй байдаг ба халдвар (амьдралын турш) архагшдаг байна.

Сайн мэдээ гэвэл гепатит B-ээс сэргийлэх вакцин болон гепатит B-ийн халдвартай хүмүүст зориулсан шинэ эмчилгээнүүд бий болсоор байна.

Гепатит B-ийн тархалт

Дэлхий дээр ойролцоогоор 2 тэрбум хүн (3 хүн тутмын 1 нь) гепатит B вирусийн халдвар авсан гэж үздэг бөгөөд үүнээс 257 сая нь архаг хэлбэрт шилжсэн гэж тооцоолсон байдаг (халдвараас зугатах боломжгүй хүмүүс). Жил бүр 700,000 орчим хүн гепатит B вирусаас болж нас барж байна.

Яагаад бид гепатит B-ийн талаар нухацтай авч үзэх шаардлагатай вэ?

Архаг гепатит B нь элэгний цирроз /хатуурал/, болон хорт хавдар зэрэг элэгний ноцтой өвчлөлийг үүсгэдэг. Шинжилгээ өгч эрт илрүүлэх нь чухал ба эрт илрүүлснээр эмчилгээ эрт хийлгэж таны амь насыг аврах боломжтой болно гэсэн үг. Түүнчлэн халдвар авсан хүмүүс вирусийг бусдад тарааж байдаг. Ихэнх хүмүүс халдвар авснаа ч мэддэггүй учраас өөрөө ч мэдэлгүй бусдад халдвар тараадаг. Шинжилгээ өгч гепатит B вирустай эсэхээ шалгуулаагүй тохиолдолд нэг гэр бүлийн хэдэн үе төдийгүй цаашид нийгэмшлээр дамжин тархах нь дамжиггүй.

Хүмүүсийн дунд тархсан нэгэн буруу ойлголт нь гепатит B нь халдвар авсан нэг гэр бүлийн хэдэн үе дамжин удамшдаг гэсэн ойлголт юм. Гэвч гепатит B нь генетикийн өвчин биш бөгөөд зөвхөн вирусаар үүсгэгдэж, гэр бүлийн гишүүдийн хувьд эхээс урагт дамжин халдварлах эсвэл ахуйн замаар цусаар дамжин халдварлаж болно. Гэр бүлүүд гепатит B-ийн халдварыг шинжилгээ өгөх, вакцинд хамрагдах болон эмчилгээ хийлгэх замаар таслан зогсоох боломжтой.

Гепатит B яагаад аюултай вэ?

Гепатит B нь “чимээгүй халдвар” буюу хүмүүс халдвар авснаа ч мэдэхгүй байх тохиолдол их учраас маш аюултай юм. Гепатит B-ийн халдвар авсан ихэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй бусдад цусаар болон биеэс ялгарч буй шингэнүүдээр дамжуулан халдварлуулж байдаг. Архаг халдвартай хүмүүс элэгний цирроз /хатуурал/ болон дутагдалд орж улмаар хорт хавдар болох эрсдэл илүү өндөр байдаг. Энэхүү вирус ямар нэгэн шинж тэмдэггүйгээр элгийг чимээгүй бөгөөд тасралтгүй гэмтээж байдаг.

Хурц гепатит B гэж юу вэ?

Хурц гепатит B-ийн халдвар нь зургаан сар хүртэл хугацаанд (шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй) үргэлжилдэг бөгөөд энэ хугацаанд халдвар авсан хүн бусдад вирус тараах магадлалтай.

Хурц халдварын үед хоолны дуршил багасах, булчин болон үеэр өвдөх, бага градустай халуурах болон гэдэс өвдөх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Ихэнх хүмүүст эдгээр шинж тэмдгүүд илэрдэггүй бөгөөд хэрэв илэрсэн тохиолдолд халдвар авснаас хойш 60-150 хоног буюу ойролцоогоор 3 сарын дараагаас ажиглагдана. Зарим хүмүүст шинж тэмдгүүд нь дотор муухайрах, бөөлжих, шарлах (арьс, нүд шарлах), гэдэс цүдийх зэргээр хүчтэй илэрч болох ба энэ нь тэднийг эмнэлгийн тусламж авах шалтгаан болох нь бий.

Энгийн цусны шинжилгээ нь тухайн хүнд гепатит B вирус тэдний цусанд байгаа эсэхийг илрүүлж чадна. Хэрвээ та хурц гепатит B вирустай гэж оношлогдсон бол эмч танаас дахин 6 сарын дотор цусны шинжилгээ авч, эдгэрч байна уу эсвэл архаг гепатит B болон хүндэрч байгаа эсэхийг шалгана. Эмнэлгийн байгууллага таны цусан дахь гепатит B вирус бүрэн байхгүй боллоо гэх хүртэл хэн нэгэнд халдвар тараахаас болгоомжлох хэрэгтэй. Түүнчлэн та өөрийн бэлгийн хамтрагч, гэр бүлийн гишүүд (хамт амьдарч буй, ойр байдаг)-ийг мөн гепатит B-ийн шинжилгээнд хамруулах нь чухал. Хэрвээ тэд халдвар авсан бөгөөд гепатит B-ийн вакцинд хамрагдаагүй тохиолдолд цуврал вакцинд хамрагдах шаардлагатай.

Хурц гепатит B-ийн халдварыг бүрэн арилгах эмчилгээ байдаггүй бөгөөд халдвар авсан насанд хүрэгчдийн бие аажмаар өөрөө нөхөн сэргээгддэг. Зарим тохиолдолд шинж тэмдэг хурцаар илэрч буй хүмүүс эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх нь бий. Энэ тохиолдолд амраах болон шинж тэмдгүүдийг арилгах нь гол зорилго байдаг. Ховор тохиолдолд, амь насанд заналхийлж буй нөхцөл байдал буюу “Цочмог гепатит” нь шинэ хурц халдвараар үүсгэгдэж болох ба халдварлагдсан хүн гэнэтийн элэгний дутагдал болсноор яаралтай эмнэлгийн хяналтанд орох шаардлагатай.

Хурц гепатит B-ийн халдварын үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тамхи татахаа багасгах эсвэл зогсоох, эрүүл хооллох, өөх тос ихтэй таргалуулах хоол хүнснээс зайлсхийх, аливаа эмчилгээг хийхдээ (жороор болон жоргүй олгож буй эмүүд, витамин, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд) таны элгэнд аюулгүй эсэхийг эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Витаминууд болон элгэнд зориулсан эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ нь таны элгэнд эм болохоосоо илүү хордуулах шалтгаан болж болох юм.

Эмчтэйгээ зөвлөлдөн шаардлагатай бол нэмэлт цусны шинжилгээ өгч, хурц халдвар бүрэн эдгэрч буй эсэхийг нягтлаарай.

Архаг гепатит B гэж юу вэ?

Анх цусны шинжилгээгээр гепатит B вирустай гэж оношлогдсоноос хойш 6-аас дээш сарын дараа цусны шинжилгээгээр гепатит B вирус эерэг гарсан бол архаг халдвартай гэж оношилж болно. Энэ нь дархлааны систем гепатит B вирусийг устгах чадамжгүй бөгөөд цус болон элгэнд тус вирус байсаар байгааг илтгэнэ. Архаг халдварын үед өвчнийг анагаах үр дүнтэй эмчилгээнүүд байдаг хэдий ч бүрэн эдгээх боломжгүй юм. Хэрвээ та архаг халдвар авсан бол вирус таны цусанд таны үлдсэн амьдралын турш байсаар байх өндөр магадлалтай

Архаг гепатит B вирустай хүмүүс мэдэлгүйгээр бусдад халдварлуулдаг. Түүнчлэн архаг гепатит B нь элэгний хатуурал, хорт хавдар гэх мэт ноцтой өвчлөлүүдийг үүсгэх нь бий. Архаг гепатит B-ийн халдвар авсан хүн бүр ноцтой элэгний өвчин тусаад байдаггүй. Хэдий тийм боловч халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад өвчлөх магадлал харьцангуй өндөр байдаг.

Хэдэн насандаа гепатит B вирусийн халдвар авсан нь архаг гепатит B болох эрсдэлийг тодорхойлж байдаг.

  • Халдвар авсан нярай болон нялх хүүхдүүдийн 90 хувь нь архаг гепатит B вирусийн халдвар болдог.
  • Халдвар авсан 1-5 нас хүртэлх хүүхдүүдийн 50 хүртэлх хувь нь архаг гепатит B өвчлөлттэй болдог.
  • Халдвар авсан насанд хүрэгчдийн 5-10 хувь нь халдвар нь архаг гепатит B өвчлөлтэй болдог (90 хувь нь эдгэрдэг).

Архаг гепатит B-ийн халдвар авснаа мэдэх нь мэдээж маш их сэтгэлээр унагадаг. Ихэнх хүмүүст халдварын ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй учир халдвар авснаас хойш удаан хугацааны дараа шинжилгээгээр архаг гепатит B-ийн халдвартай гэдгээ мэдэх нь мэдээж хүндээр тусна. Сайн мэдээ гэвэл архаг гепатит B халдвартай ихэнх хүмүүс урт удаан бөгөөд эрүүл амьдрах нь бий.

Халдвар авсан жирэмсэн эмэгтэй төрөлтийн явцад нярайд вирус дамжуулах магадлалтай. Нярай хүүхдүүд төрөх үедээ архаг халдвар авах эрсдэл өндөр учраас Дэлхий Эрүүл Мэндийн байгууллага (ДЭМБ), АНУ-ын Өвчний Хяналт болон Урьдчилан Сэргийлэх Төв (ӨХУСТ) нярай хүүхдүүдийг төрснөөс 12-24 цагийн дотор гепатит B вирусийн вакциныг анхны тунгаар тарихыг санал болгож байна. Хэрвээ та жирэмсэн бөгөөд халдвар авсан бол таны хүүхэд төрснөөсөө хойш 12-24 цагийн дотор гепатит B вирусийн эсрэг вакциныг анхны тунгаар тариулах ёстойг анхаарна уу.

Архаг гепатит B вирусийн халдварыг бүрэн эмчлэх арга байхгүй ч гепатит B вирус элгийг гэмтээхээс хамгаалах үр дүнтэй эмийн эмчилгээнүүд байдаг. Түүнчлэн ойрын ирээдүйд уг өвчнийг эмчлэх тал дээр ахиц дэвшил гарч илүү сайн үйлчилгээ бүхий эмүүд туршигдаж байна. Хэдий архаг гепатит B вирустай хүмүүс халдвар аваагүй хүмүүстэй харьцуулахад ноцтой элэгний өвчлөл эсвэл элэгний хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг ч тухайн хүн өөрөө эрсдэлийг бууруулахын тулд хийх энгийн зүйлс бий.

  • Зургаан сар тутамд (эсвэл жилдээ нэг удаа) гепатит B вирусийн талаар мэдлэгтэй элэгний чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн байгууллагад тогтмол хандаж үзүүлснээр элэгнийхээ үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг хянах.
  • Архаг гепатит B-ийн эмчилгээ хир үр дүнтэй байгаа, болзошгүй элэгний өвчлөл, хорт хавдраас сэргийлж чадаж байгаа эсэх талаар хариуцсан эмчтэйгээ ярилцаж байх.
  • Аль болох эрт илрүүлэх нь илүү үр дүнтэй учир хариуцсан эмчдээ хуваарийн дагуу үзүүлэх бүртээ элэгний хорт хавдрын шинжилгээ хийлгэж байх
  • Архи, тамхи нь таны элгэнд ачаалал үүсгэх учраас хэрэглээгээ хязгаарлах эсвэл татгалзах хэрэгтэй
  • Шарж хуурсан болон өөх тос ихтэй хоол хүнс таны элгэнд муу учраас эрүүл хоолны дэглэм барих нь зүйтэй.

“Архаг вирус тээгч” гэж хэн бэ?

Архаг гепатит B-ийн халдвар авсан хүнийг эмч “архаг халдвар тээгч” гэж үздэг. “Архаг халдвар тээгч” гэдэг нь архаг гепатит B вирусийн халдвар авсан бөгөөд халдвар тараах магадлалтай, эмчийн хяналтанд буй өвчтөнийг хэлнэ.

Гепатит B вирусийг эмчлэх арга бий юу?

Ихэнх насанд хүрэгчид хурц халдварын үед ямар нэгэн эмчилгээний шаардлагагүй өөрсдөө эдгэх нь бий. Харин архаг гепатит B вирустай хүүхдүүд, нярай болон насанд хүрэгчдийн хувьд одоогоор уг өвчнийг бүрэн эмчлэх арга хараахан байхгүй байна. Гэвч эмчилгээ хийснээр вирусийн идэвхжлийг бууруулж, элэгний өвчлөл болох явцыг удаашруулж чадна. Гепатит B вирус бага байх тусам элгийг гэмтээх аюул бага байна.

Гепатит B-г эмчлэх ямар эмчилгээний аргууд байна вэ?

Хурц халдварын үед ерөнхийдөө шинж тэмдгийг арилгах, тайвшруулахаас өөр эмчилгээ байдаггүй.

Харин архаг халдварын үед хийгдэх хэд хэдэн боломжит эмчилгээнүүд бий. Архаг гепатит B-ийн халдвартай хүн болгон эмчилгээ хийлгэх шаардлага байдаггүй гэдгийг ойлгох нь маш чухал. Эмч танд эмчилгээ хэрэгтэй юу эсвэл хяналтанд байх хэрэгтэй юу гэдгийг шийдэхэд тусална.

Гепатит B вирусийн идэвхжлийг бууруулах буюу зогсоож элэгний үрэвсэл, гэмтлийг багасгадаг хэд хэдэн вирусийн эсрэг эмчилгээ байдаг. Энэхүү вирусийн эсрэг эмийг өдөрт нэг ширхгээр 1 жил болон түүнээс дээш хугацаагаар өгдөг. АНУ-ын Хүнс, Эмзүйн Алба (ХЭА)-нд бүртгэлтэй уг вирусийн эсрэг 6 төрлийн эм байдгаас гурвыг нь “нэн тэргүүнд” санал болгодог. Үүнд: тенофовир дисопроксил (Viread/TDF), тенофовир алафенамид (Vemlidy/TAF) болон энтекавир (Baraclude) эмүүд орно. “Нэн тэргүүнд” санал болгож буй уг эмүүд нь хамгийн үр дүнтэй бөгөөд аюулгүй вирусийн эсрэг эмүүд юм. “Нэн тэргүүн”-д санал болгож буй эмүүд нөлөө үзүүлэхгүй, үр дүн багатай байгаа, эсвэл уг эмүүд байхгүй тохиолдолд телбивудин (Tyzeka, Sebivo), адефовир дипивоксил (Hepsera) болон ламивудин (Epivir-HBV, Zeffix, Heptodin) зэргээс мөн сонгох боломжтой.

Хэдийгээр ХЭА-аас эдгээр эмүүдийг архаг гепатит B вирусийн эсрэг хэрэглэхээр баталсан ч уг эмүүд нь өвчнийг бүрэн эмчилж чадахгүй. Эдгээр эмүүд нь вирус элгийг гэмтээх болон хорт хавдар үүсгэх эрсдлийг бууруулж байдаг. Архаг гепатит B-ийн эмчилгээг эхлүүлэхээс өмнө мэргэжлийн эмчээр хянуулж вирусийн эсрэг эмчилгээг эхлүүлэх эсвэл зогсоохыг шийднэ.

Түүнчлэн гепатит B вирусыг хянахад туслах дархлааны системийг сэргээх дархлааны модулятор эмүүд байдаг. Тэдгээр эмүүдийг 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар тариагаар хэрэглэх боломжтой. Хамгийн элбэг хэрэглэгддэг нь интерферон альфа-2b (Intron A), PEG интерферон (Pegasys) нар юм.

Та эмчилгээгээ сонгохдоо танд хамгийн сайн тохирох эмийг эмчтэйгээ зөвлөлдөж шийдээрэй. Олон хүмүүсийн хувьд эдгээр эмчилгээнүүд нь гепатит B вирусийг бууруулж эсвэл тархалтыг зогсоодог. Үр дүнд нь вирусийн элгийг гэмтээх явцыг удаашруулж, өвчтөн хэдэн сарын дотор биеийн байдал сайжирна. Урт хугацааны турш хэрэглэж байгаа өвчтөнүүдэд зарим тохиолдолд вирусийг таслан зогсоодог байна.

Эх сурвалж: https://www.hepb.org/