Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Гепатит В вирус (HBV)-ийн серологийн оношлогоо

Гепатит В вирус (HBV)-ийн серологийн оношлогоо

HBV-ийн серологийн оношлогоогоор өмнө нь В вирусийн халдвар авч байсан эсэх, хэрэв халдвар авч байсан бол халдварын явц, В вирусийн төлөв байдал, эдгэрэл болон вакцины дараах дархлаажилтын байдлыг үнэлнэ. Өөрөөр хэлбэл В вирусийн халдварын төлөв байдлыг тодорхойлох нарийвчилсан шинжилгээ юм.

HBV-ийн серологийн оношлогоог дараах зорилгоор хийнэ:

  • Гепатитийн ялган оношлогоо
  • Цус ба эрхтний доноруудын хяналт
  • Вакцины өмнө дархлааны байдлыг шалгах

HBV-ийн серологийн төлөв байдлыг тодорхойлох үзүүлэлтүүд

  • HBsAg- Гепатит В вирусийн гадаргуугийн антиген
  • AntiHBsГепатит В вирусийн гадаргуугийн эсрэг бие
  • HBeAgГепатит В вирусийн Е антиген
  • AntiHBeГепатит В вирусийн Е эсрэг бие
  • AntiHBc totalГепатит В вирусийн цөмийн антигений нийт эсрэг бие
  • AntiHBc lgMГепатит В вирусийн цөмийн эсрэг биеийн М уураг

HBV-ийн серологийн үзүүлэлтүүд хэрхэн гарснаар шинжилгээний хариуг дараах байдлаар дүгнэнэ. Үүнд:

Гепатит В (HBV) нь дараах 3 үе шаттай:

Хурц гепатитийн үе– 1-6 сар үргэлжлэх ба шинж тэмдэг бага буюу шинж тэмдэггүй ч байж болно. Лабораторийн шинжилгээнд дараах өөрчлөлт илэрнэ. Үүнд:

  • АСТ, АЛТ 10 дахинаас их өндөрсөнө.
  • Ийлдсийн билирубин хэвийн буюу үл ялиг ихэснэ.
  • HBsAg-аажмаар ихэсч, удаан хугацаанд өндөр титр тодорхойлогдоно. HBeAg илэрч болно.
  • Дараагийн шатанд аажмаар шилжинэ.

Архаг гепатитийн үе 6 сараас удаан хугацаанд трансаминазууд 50% ба түүнээс дээш өндөрсөнө. Зөвхөн нэг жил ч үргэлжилж болно, эсвэл шинж тэмдэг багатай хэдэн 10 жил ч үргэлжилж болно. Ихэнх нь эдгэрэх боловч зарим нь элэгний хатуурал болон элэгний дутагдлаар хүндэрдэг. Лабораторийн шинжилгээнд дараах өөрчлөлт илэрнэ.

  • АСТ, АЛТ 2-10 дахин ихэснэ.
  • HBsAg өндөр, HBeAg тодорхойлогдоно.

Архаг тээлтийн үе (шинж тэмдэггүй байдаг)

  • АСТ, АЛТ хэвийн буюу 2 дахин хүртэл ихсэж болно.
  • HBeAg алга болж, АntiHBeүүснэ. HbsAg-ийн титр буурах боловч илэрхүйц хэмжээнд байна. АntiHBsүүсэх нь тээлтийн үеийн төгсгөл юм.
  • Цөмийн антигений эсрэг бие АntiHBc-ийн өндөр титр (>1:512) тодорхойлогдоно.
  • Хүндрэлийн лаборатори шинжүүд илэрнэ.
  • Бөөрний түүдгэнцэр дээр HBeAg, AntiHBcирж сууснаас гломерулонефрит буюу нефроз хамшинж үүсэх ба цаашид бөөрний дутагдлаар хүндэрч болно.

Гепатит В вирусийн эсрэг вакцинийг хэн хийлгэж болох вэ?

Вакцин хийлгэхийн өмнө гепатит В вирусийн халдвар авч байгаагүй гэдгийг лабораторийн шинжилгээгээр тогтооно. Дархлаажуулалтыг дараах 3 үзүүлэлтийг үндэслэн схемийн дагуу хийнэ:

  • Гепатит В вирусийн гадаргуугийн антиген HBsAg
  • Гепатит В вирусийн гадаргуугийн эсрэг бие AntiHBs
  • Гепатит В вирусийн цөмийн эсрэг бие АntiHBc

Гепатит В-ийн вакцинтай холбоотой түгээмэл асуултууд

  1. Гепатит В-ийн вакцин аюулгүй юу?
    Тийм, гепатит В-ийн вакцин нь аюулгүй бөгөөд өндөр үр дүнтэй. Гепатит В-ийн вакцин нь анхны “хорт хавдрын эсрэг вакцин” юм. Учир нь уг вакцин дэлхий дээрх элэгний хорт хавдрын өвчлөлийн шалтгааны 80 хувийг эзэлдэг гепатит В вирусаас таныг хамгаалж чадна.
    Дэлхий дахинаа тэрбум гаруй тунгаар тарьж хэрэглэсэн туршлагаас харахад гепатит В-ийн вакцин нь хамгийн аюулгүй вакцинуудын нэгт зүй ёсоор орж байна.
  2. Вакцин хийлгэх үедээ гепатит В-ийн халдвар авах эрсдэлтэй юу?
    Үгүй, та вакцинаас гепатит В халдварлахгүй. Энэхүү вакциныг лабораторийн аргаар гаргаж авдаг. Вакцин хийлгэснээс үүсэх хамгийн түгээмэл сөрөг нөлөө гэвэл тариулсан хэсэгт улайж хөндүүрлэх явдал юм.
  3. Гепатит В-ийн вакцины 2 дахь тунг тариулаад 3 дахь тунг хугацаанд нь тариулж чадаагүй бол дахин эхнээс нь эхлэх шаардлагатай юу?
    Үгүй, вакцины тун бүр тоологдоно. Хамгийн сүүлд тариулсан тунгаас үргэлжлүүлэн дараагийн тунг тариулна.

Тохиолдол 1:

Иргэн Б, 60 настай эрэгтэй, гепатит В-ийн вакцин хийлгэхийг эмчээс хүсэв. Элэгний халдварт өвчний ямар нэг шинж тэмдэг илэрч байгаагүй. Гепатит В вирусийн халдвар авч байгаагүй гэдгийг тогтоохын тулд эмч Anti-HBc шинжилгээ авсан бөгөөд хариу (-) сөрөг гарсан. Anti-HBs шинжилгээний хариу мөн (-) сөрөг гарсан. Үйлчлүүлэгчид гепатит В-ийн вакцин 3 тунг тарьсан бөгөөд дархлаажуулалт амжилттай болсон эсэхийг хянахын тулд сүүлийн тунг тарьснаас 4 долоо хоногийн дараа Anti-HBs шинжилгээг давтан хийхэд хариу 100 IU/L (эерэг) гарсан нь гепатит В-ийн эсрэг дархлаа тогтсоныг илтгэнэ.
5 жилийн дараа дархлааг хянах зорилгоор Anti-HBs шинжилгээг давтан хийхэд хариу 15 IU/L (сул эерэг) гарсан тул нэмэлт вакцинжуулалтанд (Booster) хамрагдах шаардлагатай.

Тохиолдол 2:

Иргэн Т, 25 настай эмэгтэй, Гепатит В-ийн вакцин хийлгэхийг хүсэв. Тэрээр нэг жилийн өмнө нэг тун вакцин тариулсан ч дараагийн тунгаа мартаад тариулаагүй. Эмч түүний серологийн статусыг тодорхойлох зорилгоор шинжилгээ авахад хариу дараах байдалтай гарав.

  • HBsAg (-) сөрөг, Anti-HBc (-) сөрөг, Anti-HBs 35 IU/L (сул эерэг)

Энэ тохиолдолд вакцин хийх шаардлагатай юу? Тийм бол хэдэн тун хийх вэ? Вакцины тун бүр тоологдох учраас сүүлийн тунг хэзээ хийснээс үл шалтгаалан 2 тун вакцин тарьсан. Сүүлийн буюу 3 дахь тунг тарьснаас 4 долоо хоногийн дараа дархлаажуулалт амжилттай болсон эсэхийг хянахын тулд Anti-HBs шинжилгээг давтан хийхэд хариу 740 IU/L (эерэг) гарсан нь гепатит В-ийн эсрэг дархлаа тогтсоныг илтгэнэ.

Тохиолдол 3:

Иргэн Т, бөөрний дутагдалтай 65 настай диализийн өвчтөн гепатит В-ийн вакцин хийлгэх ёстой. Вакцин хийлгэхээс өмнө гепатит В серологийн төлөв байдлыг тодорхойлов.

  • HBsAg (-) сөрөг, Anti-HBc (-) сөрөг, Anti-HBs (-) сөрөг

3 тун вакцин тарьснаас 4 долоо хоногийн дараа дархлаажуулалтыг хянах зорилгоор Anti-HBs эсрэг биеийн титрийг тодорхойлоход хариу (-) сөрөг гарсан тул өвчтөн вакцинд хариу урвал үзүүлээгүй (Non-responder) гэж дүгнэв. Эмч давтан вакцинжуулж 2 тунг нэмж тарьснаас 4 долоо хоногийн дараа Anti-HBs эсрэг биеийн титрийг дахин тодорхойлоход хариу 15 IU/L сул эерэг гарсан нь дархлаа хангалтгүй тогтсоныг илтгэнэ. Энэ тохиолдолд эмчийн сонгох дараагийн алхам нь вакциныг өндөр тунгаар тарих, эсвэл өөр төрлийн вакцин сонгох юм.

Эх сурвалж:

  • https://www.hepb.org/
  • WHO guidelines on hepatitis B and C testing. Geneva: World Health Organization; February 2017. Licence: CC BY-NC-SA 3.0 IGO.
  • WHO Guidelines for the screening care and treatment of persons with chronic hepatitis C infection. Updated version, April 2016
  • HEPATITIS C GUIDANCE: AASLD-IDSA RECOMMENDATIONS FOR TESTING, MANAGING, AND TREATING ADULTS INFECTED WITH HEPATITIS C VIRUS. 2017, American Association for the Study of Liver Diseases (AASLD) and the Infectious Diseases Society of America (IDSA).
  • EASL- European Association for the Study of the Liver  2017, Clinical Practice Guidelines on the management of hepatitis B virus infection. 
  • Asian-Pacific clinical practice guidelines on the management of hepatitis B: 2015 update •Guidelines for the prevention, care and treatment of persons with chronic hepatitis B infection. WHO, March 2015
  • AASLD Guideline for treatment of Chronic Hepatitis B, 2015
  • A Guide to Comprehensive Hepatitis C Counseling and Testing, CDC, 2016
  • Update on Prevention, Diagnosis, and Treatment of Chronic Hepatitis B: AASLD 2018 Hepatitis B Guidance