Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Цөсний чулуу үүсэх эмгэгийн талаар

Цөсний чулуу үүсэх эмгэгийн талаар

Хэдийгээр чулуу гэж нэрлэдэг ч үнэн хэрэгтээ яг ч чулуу биш. Цөс нь элэгний доод талд байрладаг жижиг эрхтэн бөгөөд цөсний чулуу гэдэг нь цөсөнд үүссэн хатуу биет юм. Ихэнх тохиолдолд чулуу цөсний цоргыг бөглөж, өвдөлт мэдрэгдэхээс өмнө цөсний чулуутай гэдгээ мэддэггүй.

Цөсний чулууны төрлүүд

Цөсний чулууг 2 төрөлд хуваадаг:

  • Холестеролын чулуу. Ихэвчлэн шар-ногоон өнгөтэй. Цөсний чулуутай өвчтөнүүдийн 80%-д буюу хамгийн түгээмэл тохиолддог.
  • Нөсөөт чулуу. Бараан өнгөтэй, жижиг хэмжээтэй. Цөсний цоргоноос ялгардаг билирубинээс үүсдэг.

Цөсний чулуу үүсэх шалтгаан?

Дараах хэд хэдэн шалтгааныг дурдаж болно:

  • Удамшил
  • Биеийн жин
  • Цөсний эмгэгүүд
  • Хооллолт

Хүний биед цөс хэрэгцээтэй ч, хэт их холестерол агуулсан бол цөсний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Мөн түүнчлэн цөсний хүүдий бүрэн суллагдахгүй тохиолдолд үүсч болно. Нөсөөт чулуу нь элэгний цирроз, хадуур эс анеми зэрэг цусны өвчтэй хүмүүст илүү түгээмэл тохиолддог.

wbz-understanding-gallstones-the-basics

Цөсний чулуу үүсгэх эрсдэл хүчин зүйлүүд

Хэрэв танд дараах эрсдэлт хүчин зүйл байвал цөсний чулуутай болох эрсдэлтэй:

  • Таргалалт. Таргалалт бол хамгийн том эрсдэлт хүчин зүйлийн нэг. Холестеролын түвшинг ихэсгэхээс гадна цөсний хүүдийн бүрэн суллагдахад хүндрэл учруулдаг.
  • Жирэмслэхээс сэргийлэх дааврын бэлдмэл, цэвэршилтийн даавар нөхөх эмчилгээ болон жирэмслэлт. Илүүдэл эстроген эрсдэлийг нэмэгдүүлнэ. Энэ нь холестеролын түвшинг ихэсгэж, цөсний хүүдийн бүрэн суллагдахад саад болно.
  • Чихрийн шижин өвчин. Чихрийн шижинтэй хүмүүсийн цусан дахь триглицеридийн хэмжээ өндөр байдаг нь цөсний чулуу үүсэх эрсдэлт хүчин зүйл болно.
  • Холестерол бууруулах эмийн хэрэглээ. Энэ төрлийн зарим эмүүд цөсний холестеролыг ихэсгэж, цөсний чулуу үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
  • Богино хугацаанд их жин хасах. Энэ үед элэг илүүдэл хэмжээгээр холестерол ялгаруулж, цөсний чулуу үүсэхийг хурдасгана.
  • Мацаг барих. Цөсний хүүдий хангалттай агшихгүй байх.

Гэр бүлийн гишүүн цөсний чулуугаар өвчилж байсан өгүүлэмжтэй, эмэгтэй, өндөр настай байх нь эрсдэлийг мөн нэмэгдүүлдэг.

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

Эмч хэлэхээс өмнө та цөсний чулуутай гэдгээ мэдээгүй, юу ч анзаараагүй байж болно. Гэвч дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Хэвлийн дээд хэсэг, нурууны дээд хэсгээр өвдөл мэдрэгдэж, хэдэн цагийн турш үргэлжилж болно
  • Дотор муухайрах
  • Бөөлжих
  • Гэдэс дүүрэх, хоолны шингэц муудах, цээж хорсох, хий гарах зэрэг хоол боловсруулах замын асуудлууд

Хэрхэн оношлодог вэ?

Эмч өвчтөнг цөсний чулуутай байж болзошгүй гэж таамагласан тохиолдолд дараах үзлэг, шинжилгээг хийнэ:

  • Халдвар болон бөглөрлийн шинж тэмдэг байгаа эсэхийг шалгах зорилгоор цусны шинжилгээ хийнэ.
  • Хэт авиан оношлогоо
  • Компьютер томограф шинжилгээгээр илүү нарийвчлалтай шинжилнэ.
  • Соронзон резонанс холангиопанкритограф (MRCP). Элэг, цөс зэрэг дотор эрхтэнүүдийг соронзон долгион, радио-долгион эрчим хүчний тусламжтай илүү тод харах.
  • Холесцинтиграф (HIDA). Цөсний хүүдийн агшилтыг шинжилнэ. Эмч дотор эрхтэн рүү аюулгүй радио-идэвхид бодис шахаж, аппаратны тусламжтай хөдөлгөөнийг ажиглана.
  • Дурангийн хэт авиан оношлогоо. Цөсний чулууг дуран, хэт авиан хосолсон аргаар илрүүлэх.
  • Эсрэг чиглэлийн холангиопанкритограф дурангийн (ERCP) шинжилгээ. Амаар дуран шургуулж, нарийн гэдсэнд хүрээд цөсний цоргыг харах зорилгоор будагч бодис тарина. Ажилбарын явцад цөсний цоргонд орж ирсэн чулууг авах бололцоотой байдаг.

Эмчилгээний тухайд?

Цөсний чулуутай ихэнх өвчтөн цөсний хүүдий авах мэс засалд ордог. Мэс заслын 2 төрөл бий.

  • Дурангийн мэс засал. Сүүлийн үед илүү түгээмэл хийгддэг болсон. Мэс заслын эмч гэдсэнд жижиг нүх гаргаж багаж, гэрэл, камер зэргийг оруулна. Хэвлийн хөндийг камерын тусламжтай тусгай зориулалтын дэлгэцээр хардаг. Мэс заслын дараа удалгүй эмнэлгээс гарна.
  • Нээлттэй мэс засал. Цөсний хүүдийг авахын тулд хэвлийд арай том зүсэлт хийнэ. Мэс заслын дараа хэдэн хоног эмнэлэгт хэвтдэг. Хэрэв цөсний чулуу цөсний цоргонд байвал эмч мэс заслын өмнө болон мэс заслын үеэр эсрэг чиглэлийн холангиопанкритограф дуран ашиглаж чулууг олж авдаг.

Цөсний чулууг мэс засалгүйгээр эмчилж болох уу?

Хэрэв танд мэс засалд орж болохгүй эрүүл мэндийн заалт байна гэж эмч үзвэл хенодиол (Chenodol), урсодиол (Actigall, Urso 250, Urso Forte) зэрэг эмийг дангаар нь эсвэл хавсарч уухыг зөвлөнө. Эдгээр эмнүүд нь холестеролын чулууг хайлуулах үйлчлэлтэй. Хөнгөн хэлбэрийн суулгах гаж нөлөө илэрч болзошгүй. Эмийн сөрөг тал нь чулууг бүрэн хайлуулахын тулд хэдэн жилийн турш уух шаардлагатайгаас гадна, эмээ зогсоосны дараа дахин чулуу үүсэх магадлалтай.