Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

ФОЛЛИКУЛ СЭДЭЭГЧ ДААВАР (FSH) ГЭЖ ЮУ ВЭ?

Нөхөн үржихүйн үйл ажиллагаанд оролцдог чухал даавруудын нэг бол фолликул сэдээгч даавар (FSH) юм. Энэ нь өндгөвчний фолликулын өсөлтийг дэмжиж өгдөг. Эмэгтэйчүүдэд фолликул нь эстроген болон прогестерон дааврыг өндгөвчинд ялгаруулахад оролцдог ба сарын тэмдгийн мөчлөлийг тэнцвэржүүлдэг. Эрэгтэйчүүдийн хувьд төмсөгний үйл ажиллагаа болон эр бэлгийн эс боловсроход үүрэг гүйцэтгэдэг. Фолликул сэдээгч дааврыг нөхөн үржихүйн асуудалтай үед шалтгааныг илрүүлэх зорилгоор цусанд шинжилдэг.

FSH ДААВРЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗОРИЛГО

FSHын хэмжээг цусанд тодорхойлдог. Эмэгтэйчүүд биений юмны мөчлөгийн тодорхой хугацаанд (мөчлөгийн эхний өдрүүдэд) өгдөг.

FSH эмэгтэйчүүдэд тодорхойлох

Эмэгтэйчүүд дараах зорилгоор FSH шинжилгээг өгдөг:

  • Үргүйдлийн шалтгааныг тодорхойлох
  • Биений юмны мөчлөг алдагдах
  • Өндгөвч болон өнчин тархины үйл ажиллагаа алдагдах

FSH эрэгтэйчүүдэд тодорхойлох

Эрэгтэйчүүд нь дараах зорилгоор FSH шинжилгээг өгдөг:

  • Эр бэлгийн эсийн тоо цөөрсөн үед
  • Төмсөгний үйл ажиллагаа алдагдах, буурах
  • Түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах

FSH хүүхдүүдэд тодорхойлох

Бэлгийн бойжилт эрт үед явагдах нь FSH-ын хэмжээтэй холбоотой. Үүнээс гадна бэлгийн бойжилт удаашрах шалтгааныг илрүүлэхэд уг шинжилгээг өгнө. Энэ нь нөхөн үржихүйн эрхтнүүд хэт орой хөгжиж байгаагаар илэрдэг.

Шинжилгээ өгөхийн өмнө эмчид ямар мэдээлэл өгөх шаардлагатай вэ?

Хэрэв ямар нэг эмийн бэлдмэл тэр дундаа витамин, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн болон жирэмслэлтээс сэргийлэх дааврын бэлдмэлийг хэрэглэдэг бол зайлшгүй хэлэх. Түүнээс гадна дараах эмгэгийн үед зайлшгүй эмчтэйгээ ярилцах шаардлагатай.

  • Бамбайн эмгэг
  • Бэлгийн даавраас үүдэлтэй хоргүй хавдар
  • Өндгөвчний уйланхай
  • Хэвийн бус (abnormal) цус алдалт. Учир нь эдгээр эмгэг нь FSH – ээс шалтгаал үүсэх магадлалтай.

ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУГ ТАЙЛБАРЛАХ

FSH нь нас болон хүйсээс хамаараад харилцан адилгүй. Үүнээс гадна эмэгтэйчүүд биений юмны мөчлөгийн хэд дэх өдөр өгснөөс шинжилгээний хариу хамаарна. Лаборатори болгон өөр өөр тоног төхөөрөмж ашигладаг тул лавламж хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Аливаа дааврын шинжилгээний хариуг мэргэжлийн эмчээр уншуулж, дүгнүүлэх нь ач холбогдол өндөртэй.

FSH хэмжээ өндөр гарсан үед

Доорх тохиолдолд эмэгтэйчүүдэд FSH хэмжээ өндөр гарч болно:

  • Өндөгвчний үйл ажиллагаа алдагдсан
  • Цэвэршилт явагдаж байгаа
  • Дааврын тэнцвэрт байдал алдагдсанаас болж өндгөвчний уйланхуй үүссэн
  • Хромосомын гажиг буюу Тёрнерийн синдром

FSH хэмжээ ихсэх нь өндгөн эс ялгарах үйл ажиллагаа болон үр тогтолт удаан явагдаж байгааг илтгэдэг. Жил ирэх тусам эмэгтэй хүн цөөн тооны өндгөн эс ялгаруулж эхэлдэг. Мөн ялгарч буй өндгөн эсийн үр тогтоох чадвар суларна.

FSH – ийг бусад бэлгийн даавар болох шар биеийн даавар, эстрадиол, прогестеронтой хамт шинжлүүлж, өндгөвчний нөөцийг тодорхойлох боломжтой болсон. “Өндгөвчний нөөц” гэдэг нь нас харгалзан үр тогтох чадварыг үнэлдэг. Нөхөн үржихүйн насанд FSH хэмжээ өндөр байх нь жирэмслэх магадлал бага байгааг илтгэнэ. Өөрөөр хэлбэл жирэмслэхгүй биш харин жирэмслэх үйл ажиллагаа удааширсан эсвэл ямар нэг асуудал байгааг илтгэх тул эмчилгээ хийлгүүлж жирэмслэх бүрэн боломжтой юм.

Доорх тохиолдолд эрэгтэйчүүдэд FSH хэмжээ өндөр гарч болно: 

  • Хромосомын гажиг – Клейнфельтерийн синдром.
  • Төмсөггүй эсвэл төмсөгний үйл ажиллагаа нь хэвийн бус болсон.
  • Согтууруулах ундаа, бусад  хүчин зүйлээс шалтгаалж төмсөг гэмтсэн буюу төмсөгний гэмтлийн үед.
  • Рентген туяа, хими эмчилгээнээс шалтгаалсан төмсөгний гэмтэл.

Хүүхдэд FSH өндөр байх нь бэлгийн бойжилт эрт явагдаж байгааг илтгэнэ. 

 FSH  хэмжээ бага байвал:

  • Эмэгтэйн өндгөн эс ялгарахгүй
  • Эрэгтэйн эр бэлгийн эсийн тоо цөөрөх.
  • Гипоталамус эсвэл өнчин тархины үйл ажиллагаа хэвийн явагдахгүй байх зэргийг илтгэнэ.

Тархины үйл ажиллагаанд саад учруулж буй хавдар нь FSH хэмжээг хянах чадваргүй болгодог. Стресс болон хэт бага жинтэй байх нь FSH хэмжээнд нөлөөлнө.