Зарим эмэгтэйчүүдийн хувьд үр тогтолт, жирэмслэлт, төрөлт бэрхшээл, хүндрэлгүй явагддаг бол зарим нь хүүхэдтэй болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргадаг. Мөн цөөнгүй эмэгтэйчүүд насан туршдаа хүүхэд төрүүлэхээс татгалздаг.
Таны амьдралын төлөвлөгөө аль замаар явахаас үл шалтгаалан, үр тогтолт, жирэмслэлт, төрөлтийн талаар мэдээлэлтэй байх нь ирээдүйд зөв сонголт хийхэд танд тусална.
Үр тогтолтын талаар таны мэдэхэд илүүдэхгүй зүйлс:
Жирэмслэх магадлалтай 6 хоногийг “үр тогтолтын цонх үе” гэж нэрлэдэг. Энэхүү 6 хоног яг хэзээ гэдэг нь тухайн эмэгтэйн биений юмны мөчлөгийн урт, богиноос шалтгаалах бөгөөд энэ нь эмэгтэй хүн бүрт харилцан адилгүй байдаг.
Үр тогтолтын цонх үе нь өндгөн эс өндгөвчнөөс ялгарах буюу овуляци явагдах өдөр болон түүнээс өмнөх 5 хоногийг хамарна. Эдгээр өдрүүдэд бэлгийн хавьталд орсноор жирэмслэх боломжтой.
Жирэмслэх магадлал хамгийн өндөр өдрүүд нь овуляци явагдах өдөр болон овуляцийн өмнөх 2 хоног байдаг.
Эмэгтэй хүний нас түүний нөхөн үржихүйн чадвар, жирэмслэлт, үр тогтолтонд нөлөөлдөг чухал хүчин зүйл гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Тэгвэл үр тогтолт амжилттай болж, жирэмслэлт эрүүл явагдахад эрэгтэйн нас ч чухал нөлөөтэй гэдгийг судалгаагаар тогтоосон.
Эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн чанар насжилт дагаж буурдаг тул үр тогтоох чадвар 40 нас хүртэл хэвийн байна. Иймд 40 наснаас өмнө хүүхэдтэй болох нь зүйтэй.
Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэх чадвар нь 30 наснаас эхлэн аажим буурч, 35 наснаас өндгөн эсийн чанар буурахтай хамт хурдацтай багасна.
Жирэмслэхээр төлөвлөж байгаа хосуудын эмэгтэй нь 35 ба түүнээс доош настай бол тухайн сард жирэмслэх магадлал тавны нэг буюу 20 хувь байхад 40 насанд магадлал 5 хувь болж буурдаг.
Хосуудын аль аль нь хэвийн жинтэй байвал жирэмслэх болон эрүүл хүүхэд төрүүлэх магадлал нэмэгддэг. Илүүдэлтэй жинтэй болон таргалалттай эрэгтэйн эр бэлгийн эсийн чанар буурдгаас хэвийн жинтэй эрэгтэйтэй харьцуулахад үр тогтоох чадвар бага байдаг. Эмэгтэйчүүдийн хувьд илүүдэл жинтэй болон жингийн дутагдалтай байх нь дааврын түвшин, биений юмны мөчлөг, өндгөн эсийн чанарт сөргөөр нөлөөлнө.
Эрүүл, зохистой хооллож, тогтмол дасгал хөдөлгөөн хийж илүүдэл жингээсээ бага болов ч хасахад л хосуудын үр тогтох чадвар нэмэгддэг байна.
Хэдийгээр энэхүү дүгнэлтийг эрдэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөггүй ч зарим судалгаагаар каффейны хэрэглээ өндөртэй эмэгтэйчүүд жирэмслэх хугацаа урт бөгөөд зулбах эрсдэл өндөр байдаг гэж үзсэн.
Каффейн нь кофе болон хар, ногоон цай, энергийн ундаа, шоколад, хийжүүлсэн ундаанд ихээр агуулагддаг.
Жирэмсэн болон жирэмслэхээр төлөвлөж байгаа эмэгтэйчүүд каффейны хэрэглээгээ өдөрт 200мг-аас хэтрүүлэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь ойролцоогоор 2 аяга кофе гэсэн үг.
Хламид, заг хүйтэн зэрэг бэлгийн замын халдварт өвчнүүдийг эмчлэхгүй эсвэл дутуу эмчилснээс бага аарцгийн үрэвсэлт эмгэг буюу нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоог гэмтээж, үрийн сувгийг бөглөж, үргүйдлийн шалтгаан болдог.
Эдгээр БЗХӨ-үүдийг бүрэн эмчлээгүй тохиолдолд эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагаанд ч нөлөөлнө. Эр бэлгийн эсийн чанарт аюул учруулж, үрийн сувгийг гэмтээдэг.
Нэмж хэлэхэд хламид, заг хүйтэн ихэвчлэн шинж тэмдэггүй, эсвэл өөр өвчинтэй андуурагддагаас хүмүүс халдвар авснаа мэдэлгүй цаг алдах, бусдад тараах эрсдэлтэй байдаг.
Гэвч сайн мэдээ нь БЗХӨ-ийг хялбар оношилж, бүрэн гүйцэд эмчлэх боломжтой. Иймд бэлгийн идэвхтэй амьдралтай хүн бүр БЗХӨ-ний илрүүлэг шинжилгээнд тогтмол хамрагдаж, бэлгийн хавьтлын эрүүл, аюулгүй дадлыг эрхэмлэх нь зүйтэй.
Маш олон хүмүүс үр шилжүүлэн суулгах эмчилгээг хожуу насанд хүүхэдтэй болоход нь тусална гэж найддаг. Гэвч насжилтаас үүдэлтэй нөхөн үржихүйн үйл ажиллагаа саарах үйл явцыг үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр бүрэн шийдэх боломжгүй.
Үр шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэж байгаа хосуудын хувьд хүүхэдтэй болох магадлал эмэгтэй нь 35 ба түүнээс залуу бол харьцангуй өндөр, харин 40 наснаас хойш магадлал эрчимтэй буурдаг. Үр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа хүүхэдтэй болох магадлал 40-44 насны эмэгтэйд 5 хувь байна.
Эрэгтэйчүүдийн хувьд 41 наснаас залуу бол үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр хүүхэдтэй болох магадлал өндөр байна.
Өмнө нь нэг эсвэл хоёр хүүхэд төрүүлсэн, одоо дахин жирэмсэлж, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа тохиолдолд тухайн эмэгтэйн нас жирэмслэх боломжийг тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл болно.
37 настай анхны хүүхдээ төрүүлсэн эмэгтэй 40 настайдаа хоёрдох хүүхдээ төрүүлэхээр төлөвлөвөл, түүний жирэмслэх магадлал 40 настай өмнө нь хүүхэд төрүүлж байгаагүй эмэгтэйтэй адил буюу ердөө 5 хувь байна.
Өндгөн эсэд хүрч, амжилттай үр тогтоохын тулд эр бэлгийн эс эрүүл, хүчтэй байх шаардлагатай ч уг даалгаврыг ганцаараа гүйцэтгэдэг гэж ойлгож болохгүй.
Үнэн хэрэгтээ, эр бэлгийн эсийн урт аялалд эмэгтэйчүүдийн умайн булчин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бэлгийн хавьтлын үед умайн булчин аажим чангарч, сулран эр бэлгийн эсийг үрийн сувгаар дамжин өндгөн эсэд хүрч очиход нь дэмжлэг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл үүнийг багийн ажиллагаа гэж нэрлэж ч болно.
Нас залуу, эрүүл эмэгтэйд ч зарим тохиолдолд жирэмслэхэд хүндрэл учирдгийг санах хэрэгтэй.
Хэрэв 35-аас доош насны эмэгтэйчүүд 12 сар, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 6 сарын турш жирэмслэхээр оролдсон ч амжилтанд хүрээгүй бол мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.