Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Та усыг зөв ууж чаддаг уу?

Та усыг зөв ууж чаддаг уу?

Өдөр бүр хангалттай хэмжээний цэвэр ус уух нь бидний эрүүл мэндэд нэн чухал үүрэгтэй. Ихэнх хүмүүс усны эрүүл мэндийн ашиг тусыг мэддэг ч, шингэний дутагдал нь бие махбодид ямар хор уршигтайг тэр бүр мэддэггүй.

Хүний биеийн 65 хувийг ус эзлэх бөгөөд бодисын солилцоо, цусны эргэлт, бие махбодиос хорт бодис гадагшлах, биеийн дулааны зохицуулга гэх мэт физиологийн нэн чухал үйл явц, биохимийн урвалд оролцдог.

Бие дэх нийт усны 1-2 хувийг алдахад ам цангах мэдрэмж төрдөг бөгөөд энэ үед бие махбодь аль хэдийн шингэний дутагдлын эхний үе шатанд орсон байдаг. Улмаар өлсөх, ялангуяа чихэрлэг зүйл идэх хүсэл төрөх нь шингэний дутагдлын шинж тэмдэг юм. Иймд өлссөн үедээ нэн түрүүнд аяга ус уух хэрэгтэй.

Бие махбодь шингэний дутагдал орсон үед дараах шинж тэмдэг илэрнэ:

  • Ядрах, толгой эргэх
  • Зан ааш тогтворгүйтэх
  • Толгой өвдөх
  • Чихэрлэг зүйл идэхийг хүсэх
  • Жихүүдэс хүрэх
  • Анхаарал төвлөрөл муудах
  • Булчин өвдөх
  • Өтгөн хатах
  • Арьс хуурайших, үрчлээтэх
  • Шээсний өнгө бараан гарах, шээх зай холдох
  • Амнаас таагүй үнэр гарах
  • Нуруу, үе мөч өвдөх

Хөнгөн хэлбэрийн шингэний дутагдлын үед толгой өвдөх, сэтгэн бодох чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрдэг бол хүнд хэлбэрийн шингэний дутагдал амь насанд ч аюултай.

Архаг шингэний дутагдлын үед бие махбодийн эрхтэн системүүд гэмтэж, дараах өвчлөлд хүргэж болзошгүй:

Өтгөн хатах: Бие дэх усны хэмжээ багассан үед бүдүүн гэдэсний үйл ажиллагаа удааширч, өтгөн хатна.

Хоол боловсруулах замын эмгэг: Бие дэх ус болон магни, кальци зэрэг эрдэс бодисын хэмжээ багасах нь ходоод, улаан хоолойн сөргөө, шарх, гэдэсний үрэвсэл зэрэг хоол боловсруулах замын эмгэгийг шалтгаан болдог.

Амттанд хорхойсох: Бие дэх шим тэжээлийн бодисуудыг боловсруулах ус оролцдог. Гликоген үүний нэг юм. Иймд шингэний дутагдалд орсон үед бие организмд сахар шаардлагатай байна гэсэн дохио өгдөг.

Цусны өндөр даралт: Шингэний хэмжээ хангалттай үед цусны бүтцийн 92%-ийг ус эзэлнэ. Шингэн дутагдалтай үед цус өтгөрч, цусны даралт нэмэгдэн, цусны урсгал удааширна.

Биеийн жин нэмэгдэх, байнга өлсөх: Шингэн дутагдсан үед эд эс шатаах энергийн хомсдолд ордог тул илүү их идэж, энерги нөөцлөхийг эрмэлздэг.

Холестеролын түвшин өсөх: Эд эс дэх усны нөөцийг бууруулахгүйн тулд бие махбодь илүүдэл хэмжээний холестерол ялгаруулдаг

Толгойн өвдөлт, мигрень: Шингэний дутагдалд орсон үед даралт бууруулахын тулд тархины эсийн эргэн тойрон дох шингэний уутанцрууд үгүй болсноор толгой өвдөх, мигрень өвдөлт өгөх шалтгаан болдог.

Үе мөч өвдөх, хөших: Бүх үе мөчинд мөгөөрсөн зөөлөвч байх бөгөөд бүтцийн ихэнх хэсгийг ус эзэлдэг. Иймд шингэний дутагдалд орсон үед үе мөч, холбоос эдийн бат бөх чанар алдагдаж, үе мөч өвдөх, зовиурлах шалтгаан болно.

Астма, харшил: Бие организм усны нөөцөө хадгалахын тулд гестамины хэмжээг өсгөж, агаарын урсгалыг саатуулдаг.

Давсаг, бөөрний асуудал: Хүчил болон хорт бодисын хэмжээ нэмэгдсэнээр нян, үрэвсэл, өвдөлт, чулуу үүсэх, халдвар тархах таатай орчныг бүрдүүлдэг.

Арьсны эмгэг: Шингэний дутагдал нь арьсны сүвээр хорт бодис гадагшлах үйл явцыг саатуулснаас үрчлээс, псиориаз, дерматит, нөсөө толбо зэрэг арьсны асуудал үүсэх шалтгаан болдог.

Хүн бүр өдөрт 8 аяга ус уух ёстой гэсэн ерөнхий зөвлөмж байдаг ч, уувал зохих усны хэмжээ харилцан адилгүй байх бөгөөд хөдөлгөөний идэвх, цаг агаарын нөхцлөөс шалтгаална.

Иймд хүн бүрт таарах ерөнхий зөвлөмж гэж байхгүй бөгөөд өдөр тутамд хангалттай хэмжээний шингэн ууж байгаа эсэхийг шээсний өнгөөр тодорхойлох боломжтой.

Хэрэв бараан өнгөтэй, өтгөн байвал бие организмын хэвийн үйл ажиллагааг хадгалахын тулд бөөр усыг нөөцлөх горимд ажиллаж байна гэсэн үг. Энэ нь илүү их хэмжээний шингэн уух шаардлагатай байгааг илтгэнэ. Шээсний өнгө цайвар шаргал байх нь хамгийн тохиромжтой.

Үүнээс гадна насанд хүрсэн эрүүл хүн өдөрт 7-8 удаа шээдэг. Хэдэн цагийн турш шээхгүй байх нь шингэн дутагдалтай байгааг илтгэнэ. Бие организмд шингэн дутагдсан үед хамгийн түрүүнд ядрах, уцаарлах, анхаарал төвлөрөхгүй байх, автомашин жолоодох чадвар буурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Судалгааны үр дүн:

Ихэнх хүмүүс хол замд гарахдаа ойр ойрхон бие засахаас зайлсхийж, шингэн уухаа хязгаарлах нь харин ч эсрэгээрээ шингэний дутагдалд орж, зам тээврийн осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх талтай.

Шингэний дутагдалд орсон үед сонор сэрэмж, богино хугацааны ой санамж зэрэг тархины үйл ажиллагаа буурдаг. Бие организм дахь усны хэмжээ байх ёстой хэмжээнээс багассан үед биеийн хүчний болон оюун ухааны чадвар аль аль нь буурдгийг сорилоор тогтоожээ.

Хүний бие өдрийн турш усаа алдах бөгөөд шингэнээ нөхөхийн тулд энергийн ундаа, содтой ус, жимсний шүүс, хийжүүлсэн ундаа зэргийг уух нь тийм тохиромжтой бус. Эдгээр ундаа нь их хэмжээний каффейн агуулдаг тул шээс хөөх үйлчлэл үзүүлж, шингэний дутагдалд илүү хурдан хүргэдэг. Мөн сахарын агууламж өндөртэй нь донтуулах нөлөө үзүүлж, шингэний дутагдал мөн хувь нэмрээ оруулдаг.

Хийжүүлсэн болон чихэрлэг ундаанд их хэмжээний нийлмэл фруктоз агуулагдах бөгөөд таргалалт, бодисын солилцооны эмгэг үүсгэж, чихрийн шижин, хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Спортоор хичээллэдэг олон хүмүүс дасгал хийсний дараа хөлсөөр алдсан эрдэс бодис, электролитуудыг нөхөхийн тулд энергийн ундаа уудаг. Энергийн ундаанд энгийн хийжүүлсэн ундаатай харьцуулахад илүү их хэмжээний сахар агуулагдах бөгөөд сахар нь ихэвчлэн фруктозын агууламж өндөртэй чихрийн нишингийн сиропоос гаргаж авсан байдаг.

Мөн түүнчлэн энэ төрлийн ундаанд амт, өнгө оруулагч нэмдэг. Фруктоз элгэнд задрах тул илүүдэл хэмжээний фруктоз нь архины бус шалтгаант элэг өөхлөг эмгэг үүсгэнэ. Химийн гаралтай амт оруулагч хүний биед илүү хортой, инсулинд мэдрэг байдал болон өсөлтийн дааврын нийлэгжилтэнд нөлөөлдөг.

Иймд ус бол шингэн нөхөх хамгийн тохиромжтой арга бөгөөд хөлсөөр алдсан электролитоо нөхөхийн тулд наргил модны самрын ус, эсвэл усандаа бага зэргийн боловсруулаагүй, байгалийн гаралтай давс нэмж болно. Эсвэл дасгал хийсний дараа шинэхэн жимс идэх нь алдсан электролит нөхөх өөр нэг арга болно.

Савласан жимсний шүүс ч эрүүл сонголт биш, биеийн жин нэмэгдэх, таргалалт, элэг өөхлөх эмгэг, цусны даралт ихсэх эмгэг болон 2-р хэлбэрийн чихрийн шижингийн эрсдэлийг нэмэгдүүлнэ.

1 стакан жүржийн шүүсэнд ойролцоогоор 8 халбага сахар агуулагдах бөгөөд үүний тал нь фруктоз гэсэн үг. Жимсний шүүсэнд хийжүүлсэн ундаатай адил фруктозын агууламж өндөр чихрийн нишингийн сироп их хэмжээгээр агуулагддаг.

Цэвэр усны тухай

Цэвэршүүлсэн нэртэй, савласан уснууд нь зөвхөн байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй, эрүүл ахуй, чанарын хувьд крантны уснаас дээрдэх зүйлгүй. . Үнэндээ, савласан цэвэр усны 40% нь энгийн крантны ус байдаг.

Савласан цэвэр усны хэд хэдэн төрөлд шинжилгээ хийхэд антимони нэртэй металь илэрчээ. Ус дэлгүүрийн лангуу, хөргөгчинд удаан хадгалагдах тусам антимоны агууламж өндөр байдаг.

Эцэст нь дүгнэхэд, савласан, чихэрлэг, хийжүүлсэн ус, ундааны төрлийн бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, баталгаатай, шинэ, цэвэр ус уух хэрэгтэй. Өөрийнхөө бие махбодийн хэрэгцээг сайтар ойлгож, шаардлагатай шингэнийг тогтмол нөхөж байх нь эрүүл байх үндэс юм.