Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Харшилтай тэмцэх энгийн 11 арга

Харшилтай тэмцэх энгийн 11 арга

1. Дотоод орчны агаарын чанар

Гадаа нарлаг сайхан өдөр байсан ч, салхитай, тоосжилт ихтэй үед дотоод орчны агаараа хамгаалахын тулд хаалга, цонхоо хаасан нь дээр. Цонхондоо тоос, шорооны хамгаалалтын шүүлтүүр бүхий тор байрлуулах, эсвэл агаар цэвэршүүлэгчийг хавар, зуны улиралд ч хэрэглэдэг байх нь зүйтэй.

2. Угааж хэвших

Гэрийнхээ босгыг давах бүртээ гадаад орчноос ямар нэг хэмжээгээр тоос, шороо авч орж байгаа. Гадуур явах үед бидний хувцас, гутал, үс, арьсанд тоос, шорооны жижиг ширхгүүд наалдсаар байдаг. Гэртээ орж ирсэн даруйдаа гутлаа тайлж, үүдний хэсэгт үлдээх, хувцсаа сольж, гараа угаах, шүршүүрт орох зэрэг энгийн алхмуудыг хийж заншвал гэрийнхээ дотоод орчны агаарыг цэвэр байлгаж, харшил үүсгэгчдээс сэргийлэх боломжтой.

3. Амны хаалт зүүх

Амны хаалтыг зөвхөн өвлийн утаатай үед л зүүх ёстой юу? Ялангуяа хаврын улиралд хуурайшилт ихтэй байдгаас тоосжилт нэмэгддэг тул энэ үед ч амны хаалт хэрэглэж, харшил үүсгэгчдээс өөрийгөө хамгаалах нь зүйтэй. Эмийн сангуудад өргөн сонголттой худалдаалагддаг шүүлтүүртэй амны хаалт нь агаар дахь тоосонцрын жижиг хэсгүүдийг 95% шүүх зориулалттай бөгөөд харшил үүсгэгчдээс таныг хамгаалж чадна.

4. Эрүүл хооллолт

Судалгаагаар хоол хүнсэндээ хангалттай хэмжээний шинэ ногоо, жимс (усан үзэм, алим, жүрж, улаан лооль), самар хэрэглэдэг хүүхдүүд харшилд өртөх нь бага байдгийг тогтоожээ. Эрдэмтэд шалтгааныг нь бүрэн тодорхойлоогүй ч, эрүүл зохистой хооллолт нь биеийн ерөнхий эрүүл мэндэд нэн тустай. Өдөрт дор хаяж 5 нэгж шинэхэн жимс, хүнсний ногоо хэрэглэхийг хичээгээрэй.

5. Хамар угаах

Хамраа угаах нь хамрын салстыг цэвэрлэж, харшлын шинж тэмдгийг бууруулахад тустай. Мөн хамрын хөндийн бохирдол, нян, салстыг цэвэрлэнэ. Эмийн сангуудад зориулалтын цацдаг хамар угаах бэлдмэл худалдаалагддаг болсон. Эсвэл гэрийн нөхцөлд буцалсан усанд нэг халбага иодгүй давс, хүнсний сода хийж хутгаад тагтай саванд хөргөн, хамар луугаа зөөлөн шүршиж угааж болно.

6. Хангалттай шингэн уух

Харшлын улмаас хамар битүүрэх, хоолой загатнах шинж тэмдэг илэрвэл ус, цай, жимсний шүүс зэрэг алкохол агуулаагүй шингэн хангалттай уух хэрэгтэй. Их хэмжээний шингэн ууснаар хамрын хөндийд хуримтлагсан салст шингэрч, амьсгалахад хүндрэлгүй болно. Халуун цай, шөл зэрэг нь илүү үр дүнтэй.

7. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх

Гэрээ тогтмол цэвэрлэх нь дотоод орчны агаарыг харшил үүсгэгчдээс хамгаалах хамгийн зөв арга. Гэсэн хэдий ч химийн найрлагатай цэвэрлэгээний бодисууд нь амьсгалын замыг цочроож, харшлын шинж тэмдгийг нэмэгдүүлдэг. Алимны цуу, хүнсний сода зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэгээндээ хэрэглэснээр уг хүндрэлээс сэргийлэх боломжтой. Тоос сорогч сонгохдоо ХЕПА шүүлтүүртэйг сонговол харшил үүсгэгчдийг бууруулж чадна. Харшил хүндэрсэн үед гэр цэвэрлэхдээ бусдын тусламжийг авч болно.

8. Уураар утах

Уураар утах нь битүүрсэн хамрыг онгойлгож, саадгүй амьсгалахад тусална. Саванд халуун (хэт халуун биш) ус хийж, толгой дээрээ алчуур нөмрөн ууранд нь утлага хийж болно. Эсвэл халуун шүршүүр орох, ваннд сууж болно.

9. Тамхины утаанаас зайлсхийх

Тамхины утаанд хамраас нус гойжих, загатнах, битүүрэх, нүднээс нулимс гарах шинж тэмдэг улам дордоно. Иймд олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ тамхигүй орчныг сонгож үйлчлүүлэх нь зөв. Мөн шүршдэг агааржуулагч, галын утаа зэрэг бусад амьсгалын замын шинж тэмдгийг хүндрүүлдэг зүйлсээс зайлсхийх хэрэгтэй.

10. Зүү эмчилгээ

Уламжлалт зүү эмчилгээ нь харшлын зовиур, шинж тэмдгийг бууруулахад тустай байж мэднэ. Хэдийгээр зүү эмчилгээ нь амьсгалын замын харшилд хэрхэн нөлөөлдөг нь тодорхой биш боловч хэд хэдэн судалгаагаар зовиур, шинж тэмдгийг бууруулдаг гэжээ.

11. Харшлын сорил өгөх

Чухам юунаас харшилж буйгаа та мэдэх үү? Мэргэжлийн харшлын эмчид хандан арьсан дээрээ сорил хийлгэж, юунаас харшилдаг гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Үүний дараа тухайн харшил үүсгэгчээс сэргийлэх арга хэмжээ авах нь үр дүнтэй.