Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Коронавирусийн халдвар (Covid-19)-ын талаар баримтат мэдээлэл

Коронавирусийн халдвар (Covid-19)-ын талаар баримтат мэдээлэл

Вирусийн халдвар нь хүн амын тодорхой бүлгийн дунд илүү тархах зүй тогтол ажиглагддаг. Жишээлбэл, 1918 онд дэлхий даяар нийт 50 сая гаруй хүнийг хамарсан томуугийн вирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн ихэнхийг залуучууд эзэлж байв. 2015-2016 онд Бразилд тархсан Зика вирусийн халдвар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд хурдацтай тархаж, ургийн тархи, мэдрэлийн тогтолцоог гэмтээх хор уршигтай байсан зэргийг дурдаж болно.

Харвардын Их Сургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургуулийн тархвар зүйн тэнхмийн профессор Др. Майкад Минагийн үзэж байгаагаар Хятад улсаас гаралтай Covid-19 буюу коронавирусийн халдвар, хүндрэлийн эрсдэл нь насжилт дагаж нэмэгдэх хандлагатай гэжээ.

Тэрээр “Одоог хүртэл цугласан тархалтын мэдээллийг дүгнэхэд 35-аас доош насныхны дунд тархалт тун бага буюу бараг байхгүй, 40-80 насныхны дунд тархалт хамгийн өндөр бөгөөд нас баралтын хувь насжилт дагаж нэмэгдэж байна” гэжээ.

2019 оны сүүлээр анх Хятадад бүртгэгдсэн уг вирусийн халдвар 2020 оны 3 сарын 9-ний байдлаар дэлхийн 110 оронд бүртгэгдэж, нийт 110,000 гаруй хүн өвчилж, 3800 гаруй хүн нас бараад байна. Халдварын тохиолдол, нас баралтын дийлэнх хувь БНХАУ-д бүртгэгджээ.

Америкийн Анагаах Ухааны Ассоциацын Сэтгүүлд саяхан нийтлэгдсэн өгүүлэлд Хятад улсад бүртгэгдсэн 45,000 тохиолдлыг судалж үзэхэд нийт халдварын 80%-д шинж тэмдэг хөнгөн илэрчээ. Үлдсэн 20 орчим хувьд нь амьсгал саадтай болох, уушигны хатгаа, дотор эрхтний дутагдал зэрэг дунд, хүнд хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн байна. Нийт халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 2,3% нь нас барсан. 2002 онд Хятадад дэгдсэн SARS буюу амьсгалын цочмог халтай хамшинжийн халдвараар мөн 60-аас дээш насныхан хамгийн их өвчилсөн. Уг вирусийн халдвараар 8 сарын хугацаанд нийт 8,000 гаруй хүн өвчилсөн бөгөөд 10 орчим хувь нь нас барсан.

JAMA-ийн судалгаанд дурдсанаар Хятад дахь Covid-19 нийт халдварын зөвхөн 1%-ийг 1-9 насны хүүхдүүд эзэлж байгаа ба одоогоор эндэгдэл бүртгэгдээгүй. Мөн 10-19 насны бүлгийн өвчлөл 1%-ийг эзэлж байна. Халдвар авсан 70 настнуудын дунд нас баралт 8%, 80 настнуудын дунд 15% байгаа нь нас баралтын хувь насжилт дагаж нэмэгдэж байгааг харуулж байна.

Судалгааны урьдчилан таамаглалуудыг харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад өвчлөх магадлал илүү гэж үзэж байна. Хятадын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн мэдээлснээр халдвар авсан эрэгтэйчүүдийн нас барах эрсдэл эмэгтэйчүүдээс 2 дахин их гэжээ. Гэвч илүү өргөн хүрээний судалгаа хийх шаардлагатай байна.

Энэ талаар зарим судлаачид үзэхдээ Хятад эрэгтэйчүүдийн дунд тамхидалт өргөн тархсан нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад халдвар авах болон хүндрэх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэсэн. 2019 оны ДЭМБ-аас гаргасан судалгааны тайланд Хятад эрэгтэйчүүдийн 47,6% нь тамхи татдаг бол эмэгтэйчүүдийн дунд тамхидалт 1,8%-тай байжээ. Мөн эмэгтэйчүүдийн дархлааны тогтолцоо илүү хүчтэй байдагтай холбон тайлбарлаж байна.

Чихрийн шижин, зүрх судас, уушигны архаг өвчтэй хүмүүст вирусийн халдвар хүндрэх, нас барах эрсдэл өндөр байгаа нь өнөөдрийг хүртэл цуглуулсан статистик мэдээллээс харагдаж байна. Covid-19 халдварыг улирлын томуугаас үүдэлтэй уушигны хатгаатай харьцуулахад дархлаа суларсан буюу өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүс илүү хүндээр өвчлөх хандлагатай.

Хүүхдүүдээ халдвараас хамгаалах нь

Уг вирусийн халдвар нь жирэмсэн эхэд онцын аюул учруулдаггүй гэж хэлж болохоор байна. Анагаах ухааны тэргүүлэх сэтгүүл болох Lancet дээр саяхан нийтлэгдсэн эрдэм шинжилгээний өгүүлэлд Сovid-19 вирусийн халдвартай 9 эмэгтэйгээс төрсөн хүүхдүүдэд вирусийн халдвар илрээгүй, мөн халдвар авсан бага насны хүүхдүүдийн дунд нас баралтын хувь маш бага байгааг дурджээ.

Хүүхдүүд улирлын томуу болон вирусийн бусад халдвараар хамгийн их өвчилдөг ч Covid-19 халдвараар өвчлөхгүй байгаагийн шалтгааныг эрдэмтэд хараахан олж тогтоогоогүй байна. Магадгүй хүүхдийн бие организм өмнөх вирусийн халдвараас бий болсон дархлааны үйлчлэлээр халдвар авсан ч эсэргүүцэх чадвар өндөртэй, эсвэл ямар нэг шалтгаанаар вирусийн репликаци явагдахгүй байна гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Халдвар авах эрсдэл өндөр бүлгийн нэг нь яах аргагүй эмч, эмнэлгийн ажилчид юм. Халдварын голомт болох БНХАУ-ын Хубэй мужид л гэхэд 1,700 эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтэй хүмүүсийг эмчлэх, асрах явцдаа халдвар аваад байна. Халдвар авсан эмнэлгийн ажилчдын ойролцоогоор 15% нь шинж тэмдэг хүндээр илэрч, 5 хүн нас барсан.

Шинж тэмдэг илэрсэн, биеийн байдал хэвийн бус байгаа хүмүүс яаран эмнэлэгт хандалгүй, бусдад халдвар тараахаас сэргийлж, гэртээ өөрийгөө тусгаарлахыг зөвлөж байна. Шаардлагатай үед ЭМЯ болон мэргэжлийн эрүүл мэндийн байгууллагуудаас утсаар болон цахимаар мэдээлэл авах боломжтой.

  • Эрүүл Мэндийн Яамны албан ёсны мэдээллийн хуудас: https://covid19.mohs.mn/
  • Утсаар мэдээлэл, зөвлөгөө авах: 119 (төлбөргүй)