Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Уреаплазма /Ureaplasma/

Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.

Микоплазма нь байгаль дээр элбэг тохиолдох ба хүн, амьтан, хэвлээр явагч, загас, шавьж ургамал зэрэгт паразитлах хэлбэрээр оршдог.

Хүнд ам, амьсгалын дээд зам, шээс бэлгийн замын захын хэсгүүдэд байна. Бэлгийн микоплазма дундаас Ureaplasma зүйлүүд зонхилон тохиолдох бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүний шээс бэлгийн замын өвчин үүсгэгч нян юм. Хугацаанаас өмнө төрөх шалтгаан болох ба жирэмсний үед сөрөг үр дагавар бий болгодог.

Ерөнхий шинж чанар – Уреаплазма

Эсийн ханагүй, 0.2-0.3 µм диаметр бүхий бөмбөлөг, коккобацилл хэлбэрийн нян. Геномийн хувьд жижиг учир хязгаарлагдмал бионийлэгжлийн чадавхитай, өсгөвөрлөхөд серум нэмэн баяжуулсан өсөлтийн орчин шаардлагатай. Хуваагдах хугацаа нь ойролцоогоор нэг цаг.

Шээс бэлгийн замын болон амьсгалын замд уреаплазма тохиолдох ба дархлаа унах үед болон эмчилгээний үед багаж, аппарат хэрэглэснээс салст бүрхэвч /submucosa/ рүү нэвтрэх тохиолдол байна. Хүнд Уреаплазма бэлгийн замаар дамжих ба эхээс урагт үтрээнээс, төрөх үед халдварт биеийн шингэнээр дамжина.

Ureaplasma 14 серотип байх ба Ureaplasma parvum болон Ureaplasma urealyticum гэсэн 2 биоварт хуваагдана. Биовар нэгт 1, 3, 6, 14 серотип багтдаг бол үлдсэн арав нь биовар хоёрт багтана. Биоварууд манганы давст мэдрэг байдал, энзимээр хэрчихэд фрагментын урт өөр өөр байх ба, полиакриламид гел электрофорезэд бүхэл эсийн шинж чанар ялгаатай байдаг байна.

Эмнэлзүйн онцлог

Уреаплазма ба бэлгийн замын халдвар

Уреаплазма нь бэлэг эрхтний хэвийн микрофлорын бүрэлдэхүүний хэсэгт багтана. Үүнээс гадна заг хүйтний бус шээсний замын үрэвсэл /уретрит/, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний замд чулуу үүсэлт, эмэгтэйчүүдийн өвчин, үр тогтолт, нярайн архаг уушигны өвчин зэргийн шалтгаан болох тохиолдол байдаг байна.

Эрэгтэйчүүдэд заг хүйтний бус, хламидын бус шээсний замын үрэвсэл үүсгэдэг гэсэн судалгаа байдаг боловч эмгэг төрүүлэх байдал нь тодорхойгүй. Эрүүл эрэгтэйд ч элбэг тохиолддог байна. Заг хүйтний бус шээсний замын үрэвсэл үүсгэгчдийн 3 дугаарт буюу Chlamydia trachomatis болон Mycoplasma genitalium-ий дараа жагсдаг.

Уреаплазма аарцгийн үрэвсэлт өвчтэй (PID) хүмүүсийн фаллопиев сувгаас ялгасан тохиолдол байх боловч ихэнх тохиолдолд уг хэсэгт ховор тохиолдох ба өөр эмгэг төрүүлэгчтэй хамт байна.

Нянгийн гаралтай үтрээний үрэвслийн (bacterial vaginosis) үед дийлэнхийг эзлэх (62-97%) ба эмгэг төрүүлэх чанар нь тодорхойгүй байна.

Үтрээнд колонизаци үүсгэлт 8.5-77.5% хооронд байдаг. Бэлгийн идэвхитэй харилцаатай, олон хавьтагчтай хүнд үтрээний колонизаци үүсгэх хэмжээ их байдаг байна. Бэлгийн замын халдвартай өвчтөний 25.8%-д, үр тогтоох чадваргүй эмэгтэйчүүдийн 20.8%-д U.urealyticum илэрсэн Даван зэрэг эрдэмтдийн судалгаа байдаг байна. Чуа зэрэг эрдэмтдийн судалгаагаар биовар 2 нь лактобацилл байхгүй нөхцөлд биовар 1-ээс их гарсан байна. Биовар 2 нь шээс бэлгийн замын халдварт оролцдог (58.18%) бол биовар 1 шээс бэлгийн замд илэрдэг байна.

Уреаплазма болон ХДХВ

Ureaplasma spp. бэлгийн замын халдвар ХДХВ-тэй өвчтөнд илрэх нь нэмэгдэж байгаа бол Мартинелли зэрэг эрдэмтдийн судалгаагаар 187 ХДХВ-1-ийн халдвартай, шээс замын халдварын шинж тэмдэггүй эрэгтэй өвчтөнүүдийг авч үзвэл ДОХ-оор өвчлөгсдөд харьцангуй өндөр (12.3%), ХДХВ-1 өвчлөгсдөд 8.5%, эрүүл хүнд 7% байсан байна. Мөн Гош зэрэг эрдэмтдийн судалгаагаар ХДХВ-н халдвар авсан өвчтөнд Уреаплазмын халдварлалт 6% байсан бол эрүүл хүмүүст 2%-тай байсан байна. Бусад бэлгийн замын микоплазмууд болох M. hominis, M. genitalium нь ДОХ-ын өвчлөлд давхар хүчин зүйл болдог буюу ХДХВ-тэй синерги байдлаар ажиллаж ретровирус өвчлөлийг нэмэгдүүлдэг. Хэдийгээр батлагдаагүй ч Уреаплазма M. hominis, M. genitalium-тай ижил үүрэгтэй байж магадгүй юм.

Уреаплазма болон үргүйдэл

Доод бэлгийн замын Уреаплазмын колонизаци үргүйдлийн шалтгаан болдог байна гэсэн дүгнэлт Гупта зэрэг эрдэмтдийн судалгаагаар гарчээ. Үр тогтоох боломжгүй эмэгтэйчүүдийн 32%-д Ureaplasma urealyticum илэрсэн байна. Уреаплазмыг мөн аарцгийн үрэвсэлт өвчтэй (PID) өвчтөний фаллопиев сувгаас илэрсэн байна. Түүнээс гадна эр бэлгийн эсэд наалдаж, түүний хөлөлгөөн буурах шалтгаан болдог байна.

Үр тогтоох боломжгүй эмэгтэйчүүдийн 32%-д Ureaplasma urealyticum илэрсэн байна.

Уреаплазма болон бөөрний чулуу

Уреаплазма бодисын солилцооны синдромтой, чулуутай өвчтөнүүдийн шээснээс илэрсэн байдаг. Proteus-тай ижил, загвар амьтдад Уреаплазма нь уреаза энзим болон магни аммоний фосфатыг кристалжуулах чадвараараа шээс задлах чадвартай нь ажиглагддаг. Уреаза энзим ялгаруулдаг нянгийн халдвар магни аммоний фосфат үүсгэх эрсдэлтэй юм. Бөөрний чулуун гүн, нарийн хэсэгт байх учир антибиотик хангалттай нэвчиж чаддаггүйгээс тэсвэртэй халдвар үүсгэн, чулуун хэмжээ томрох нөхцөл бүрддэг. Дэван зэрэг эрдэмтдийн судалгаагаар цөсний чулуутай 70 өвчтөнөөс 2-т нь л Ureaplasma urealyticum илэрсэн байна. Бөөрний чулуунаас E. coli хамгийн их ургадаг бол Ureaplasma urealyticum шээсний замын үрэвслээс түгээмэл илэрдэг байна.

Уреаплазма болон жирэмслэлтийн эсрэг нөлөө

Ureaplasma эерэг эмэгтэйчүүдийг сөрөгтэй харьцуулахад цагаасаа өмнө төрөлт мэдэгдэхүйц их байсан байна

Уреаплазма нянгийн халдвар авсан юм уу төрөх үед халдвар авсан /chorioamniotis/, цагаасаа өмнө төрсөн эмэгтэйн амниотик шингэнээс/ус/ илрэх тохиолдол бий. Цагаасаа өмнө төрсөн эмэгтэйн ихэсээс дээж аван 16S рибосомын ДНХ-г ПГУ-аар олшруулахад Ureaplasma зүйлийн нян амниотик шингэнд бусад нянгийн бүрэлдэхүүнээс хамгийн их байсан байна. Ureaplasma эерэг эмэгтэйчүүдийг сөрөгтэй харьцуулахад цагаасаа өмнө төрөлт мэдэгдэхүйц их байсан байна. Лии нарын 2009 оны судалгаагаар цагаасаа өмнө төрсөн 150 эмэгтэйн ихэсийн 96%-д Ureaplasma urealyticum илэрсэн байна. Үүнээс гадна, Ureaplasma кесар хагалгаагаар төрсөн, цагтаа төрсөн нярайгаас эндсэн ураг, дутуу төрсөн нярайд илүү илэрсэн судалгаа байдаг байна.

Уреаплазма болон нярайн өвчлөл

Уреаплазма шинэ төрсөн хүүхдийн амьсгалын замын өвчний шалтгаан болох нь элбэг. Биеийн жин маш бага нярай өвчлөх нь их байдаг байна. Тиймээс 1 кг-с бага жинтэй нярайн амьсгалын хоолойгоос /трахеальный аспират/ 24 цагийн дотор дээж авч Уреаплазма илрүүлэхэд үхэлд хүрэх, архаг уушигны өвчин үүсэх эрсдэл халдвар аваагүй адилхан нөхцөлд байгаа 1 кг-аас дээш биеийн жинтэй хүүхдээс 2 дахин их байсан байна. Нярайн дотоод амьсгалын шингэнээс Уреаплазма илэрсэн дүнгээс ураг үтрээнд байхад, эсвэл төрөх явцад халдварт өртдөг байна.

Уреаплазма мөн дутуу төрсөн нярайн хэвийн нүдний торлог бүрхэвчид нөлөөлж /ретинопатия недоношенных/ буюу Терри синдром үүсгэх тохиолдол байдаг байна.

Уреаплазма болон бусад халдвар

Уреаплазма гипогаммаглобулинемитай халдварт артриттай өвчтөний үеээс илэрсэн байна. Эдгээр өвчтөнүүдийн артритын нөхцөл антибиотик, үрэвслийн эсрэг эм уусан нь намжихгүй байсан байна. Сетхи зэрэг эрдэмтдийн мэдээлснээр 10 настай охины үеийн шингэнээс Ureaplasma urealyticum илэрсэн байна.

Эмгэг үүсгэлт

Уреаплазма салстын гадаргууд cytadherence уургийн тусламжтай холбогддог. Эдгээр уургууд нянгийн эсийн гадаргууд бий болдог байна. Ureaplasma хүний эритроцид, эр бэлгийн эс, үтрээн хучуур эсэд наалдах чадвартай байдаг.

Уреаплазмын гол хоруу чанар үүсгэгч нь гадаргууд байрлах тосон уураг бүтэцтэй MBA юм. MBA хэмжээгээрээ олон хувилбар үүсгэдэг байна. Робинсон зэрэг эрдэмтэд төрөхийн өмнөх ба үеийн халдвар хэр ноцтой байх нь амниотик шингэнд MBA хэмжээгээрээ олон хувилбар үүсгэсэн тооноос хамааралтай болохыг тодорхойлсон байна.

Уреаплазма нь фосфолипаза А, С энзим ялгарууладаг. Энэ нь төрөлтийг “өдөөгч” простагландин үүсэхэд оролцдог байна. Касеровски зэрэг эрдэмтэд амниотик шингэний уургийн профил болон амниотикийн Ureaplasma-д хариу үрэвсэл явагдахыг судалсан байна. Уреаплазма байх үед IL-6, IL-8, IL-10, тархины гаралтай нейротропик фактор, гранулоцит макрофаг идэвхжүүлэгч фактор, моноцит хемотактик уураг-1, макрофаг үрэвслийн уураг-1, металлопротейназа-9 нарын тоо нэмэгдэн гарсан байна. Үүнээс IL-1β, IL-6, простагландин зэрэг үрэвслийн мэдрэгчид үүссэнээр төрөлтийг өдөөдөг гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Уреаплазмын уреазаар шээс задлан, аммони үүсгэдэг ба энэ нь эзэн организмын эдэд хортой орчин бүрдүүлэх буюу рН өөрчилдөг. Аммониоор амьсгалснаас архаг уушигны өвчлөл тэмдэглэгдсэн байдаг байна. Уреаплазмын нөлөөгөөр чөлөөлөгдсөн аммони ургийн уушигт үтрээнд байхад үйлчлэн гэмтээн өвчлөл үүсгэсэн тохиолдол мөн гарсан байна.

Уреаплазмын хоруу чанар, тэсвэртэй байдал нь бичил биетэн биофилм үүсэхэд нөлөөлдөг эсэх судалгааг Панделидис зэрэг судлаачид хийжээ. Ихэнх эмнэлгийн Уреаплазмын өсгөврүүд in vitro орчинд биофилм үүсгэсэн байна. Эдгээр биофилм организмын тэсвэртэй байдал болон архаг үрэвсэл оролцож болох ч азитромицин, эритромицинд тэсвэргүй байжээ.

Оношилгоо

Сорьц авах

Уреаплазмыг илрүүлэхэд үтрээн арчдас, шээс, умайн хүзүүний арчдас, эндометрийн биопси зэргээс дээж авна. Dacron swab /нийлэг/, кальцийн алгинат, полиэстер арчдас/толгой бүхий хуванцар голтойг зөвлөдөг. Хөвөн материалтай, модон голтой бол организмын дарангуйлах үйлчлэлтэй байдаг. Организм нь маш эмзэг, хуурай болон халуунд мэдрэг учир зөөвөрлөх орчин нь SP4, 2SP, Shepard’s 10B, PPLO шөлийг ашиглавал зохино. Мөн Stuart’s medium, Amie’s medium, trypticase soy broth (5% bovine serum albumin агуулсан) хэрэглэж болно. Дээжийг хөргөгчинд хадгална. Хоёрдугаар ангиллын өвчин үүсгэгч учир 2-р зэргийн биоаюулгүйн кабинет ашиглана. Лабораторт PPLO шөлөнд өсгөвөрлөнө. Эсийн ханагүй учир гэрлэн микроскопоор шууд харах боломжгүй, грам будалт хийн бусад нянгаас ялгах арга байдаг. Өсгөвөрлөлтийн арга нь илрүүлэх “алтан стандарт” боловч өсгөврийн тусгай орчин шаардлагатай. Стандартчилсан серологийн арга одоогоор байхгүй /2015 оны байдлаар/ учир оношлогоонд хэрэглэх зохимжгүй.

Нуклейн хүчлээр илрүүлэх

Real-time PCR-р ихэссэн нянг тодорхойлох нь халдварыг тодорхойлох хамгийн гол арга юм.

Real-time ПГУ-ын бай дараалал нь уреаза ген болон дэд хэсгүүд, MBA байдаг.

Уреаплазма эрүүл хүний шээс, бэлгийн доод замд элбэг тохиолддог учир энэ хэсгээс авсан дээжид эерэг гарах нь ойлгомжтой юм. Real-time ПГУ-р ихэссэн нянг тодорхойлох нь халдварыг тодорхойлох хамгийн гол арга юм. Ureaplasma зүйлүүд шээсний замын үрэвсэлтэй эрэгтэйн шээсний сүвээс, амьсгалын замын хүндрэлтэй дөнгөж төрсөн хүүхдийн трахеал аспиратаас болон плеоцитозтой нярайн цус, тархины шингэнд, ариун байх ёстой бэлэг эрхтний хэсгээс илэрвэл халдвар авсан нь тодорхой гэсэн үг.

Эх сурвалж: “Ureaplasma: Current perspectives” https://www.sciencedirect.com/science/article/pii/S0255085721002449