Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг ба урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг ба урьдчилан сэргийлэлт

Эс судлалын шинжилгээгээр умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийг хийснээр умайн хүзүүний хавдрын нас баралт ач холбогдолтой буурсан. Эрт илрүүлэг хийдэггүй улс орнуудад умайн хүзүүний хавдрын нас баралт их хэвээр байна.

Умайн хүзүүний хавдар нь ихэвчлэн олон жилийн туршид хавдрын урьдал эмгэгээс үүсдэг тул эс судлалын шинжилгээгээр эрт илрүүлэг хийхэд тохиромжтой байдаг. Хусуур эсвэл сойз ашиглаж умайн хүзүүний шилжвэр бүсийг хамруулан хусаж эс цуглуулаад шилэн слайд дээр түрхэнэ. Дараа нь спиртэд бэхжүүлж, Папаниколаоу буюу Пап аргаар будаж, түрхцийг микроскопоор үнэлнэ. Пап тестэд эсийн өөрчлөлтийн байдлаас хамаарч LSIL, HSIL гэж дүгнэнэ.

Умайн хүзүүний түрхцэд ХПВ-ийн ДНХ-ийн илрэлийг молекул биологийн аргаар тодорхойлж болно. ХПВ-ийн молекул биологийн сорилыг Пап тесттэй харьцуулахад өвөрмөц чанар өндөртэй боловч мэдрэг чанар багатай. Гуч болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт ХПВ-ийн ДНХ сорилыг нэмэлтээр оруулдаг. Харин 30-аас доош насны эмэгтэйчүүдэд ХПВ-ийн  сорил хийхийг зөвлөдөггүй, учир нь уг вирусийн халдвар залуу насанд их тархалттай байдаг тул энэ насны бүлэгт ХПВ-ийн сорил мэдрэг чанар багатай гэж үздэг. 

  • Умайн хүзүүний хавдрын илрүүлэг ба урьдчилан сэргийлэлтийг хийх нь ухаалаг алхам юм. Пап тестийн илрүүлэлтийн давтамж харилцан адилгүй боловч ерөнхийдөө анх бэлгийн харьцаанд орсноос 3 жилийн дотор 21 насанд, харин түүнээс хойш 3 жил тутамд хамрагдаж байхыг зөвлөдөг.  Эс судлалын шинжилгээний хариу сөрөг, ХПВ-ийн сорил сөрөг бол 30-аас дээш насанд 5 жилд нэг удаа илрүүлэгт хамрагдаж болно. Гэхдээ эс судлалын шинжилгээний хариу сөрөг боловч өндөр эрсдэлт ХПВ-ийн ДНХ эерэг бол умайн хүзүүний эсийн шинжилгээг 6-12 сар тутамд давтаж байх хэрэгтэй.
  • Хэрвээ Пап тестийн хариу өөрчлөлттэй гарсан бол үтрээ, умайн хүзүүний гэмтлийг олж илрүүлэх зорилгоор кольпоскопи хийнэ. Умайн хүзүүний салстад цууны хүчил түрхэж шалгах бөгөөд өөрчлөлттэй хэсгийн хучуур цагаан өнгийн (acetowhite areas) толботой харагдана. Өөрчлөлттэй харагдаж буй хэсгээс эд судлалын шинжилгээнд сорьц авна. Эд судлалын шинжилгээгээр LSIL-ийг баталсан тохиолдолд консерватив эмчилгээ хийгдэнэ. Энэ үед зарим эмэгтэйчүүдийн эмч хэсэгчлэн тайрах (cryotherapy гэх мэт) эмчилгээг хийдэг ч ерөнхийдөө өвчтөнийг хянахыг илүүд үзнэ. HSIL оношлогдсон бол умайн хүзүүг конус хэлбэртэй тайрах (conization) эмчилгээг хийнэ. 

Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх шинэ аргачлал бол өндөр эрсдэлт ХПВ-ийн вакцинжуулалт юм. Уг вакциныг 11-12 насны охид, хөвгүүд болон 26-аас доош насны эрэгтэй, эмэгтэйчүүдэд хийхийг зөвлөж байна. Одоогоор хоёр төрлийн ХПВ-ийн вакцинд АНУ-ын хүнс эмийн холбоо (FDA) лиценз өгчээ. Энэ хоёр вакцин нь хоёулаа ХПВ-ийн өндөр эрсдэлт 16 ба 18 хэвшинжээс бүрэн хамгаалах (умайн хүзүүний хавдрын бараг 70% нь уг хэвшинжүүдээр үүсгэгддэг) боловч зөвхөн нэг нь бэлгийн замын үү үүсгэдэг ХПВ-ийн  6,11 хэвшинжээс хамгаална. Эмэгтэйчүүдийн ХПВ-ийн халдварыг эрэгтэйчүүд зөөвөрлөдөг төдийгүй эрэгтэйчүүдийн хошного болон ам-залгиурын хавдрууд ХПВ-тэй холбоотой байдаг тул вакцинжуулалтад зөвхөн охидыг бус хөвгүүдийг ч мөн адил хамруулах хэрэгтэй. Энэхүү вакциныг хийлгэснээр 10 хүртэлх жил хамгаалах бөгөөд ажиглалтын судалгааг одоо ч үргэлжлүүлсээр байна. Нэгэнт л ХПВ-ийн вакцин бүх өндөр эрсдэлт ХПВ-ээс хамгаалж чадахгүй тул вакцинжуулалтын дараа ч уг хавдрын эс судлалын илрүүлэг буюу Пап тестэд хамрагдаж байх хэрэгтэй.