Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Умайн хүзүүний хорт хавдар

Умайн хүзүүний хорт хавдар

Дэлхий дахинд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын гуравдугаар байранд ордог.  Тавин жилийн өмнө умайн хүзүүний өмөн АНУ-д хавдрын шалтгаант эмэгтэйчүүдийн нас баралтыг тэргүүлж байсан боловч нас баралт гуравны хоёроор буурч, одоо хавдрын шалтгаант нас баралтын арван гуравдугаар байранд ордог болжээ. Умайн хүзүүний хавдраас өөр ямар ч хорт хавдарт үр дүнтэй илрүүлэлт, эрт үеийн оношилгоо, бүрэн эмчлэгддэг давуу тал тэмдэглэгдээгүй юм. Умайн хүзүүний хавдрын урьдал эмгэгийг эмчлээгүй бол аажимдаа хорт хавдарт шилждэг бөгөөд үүнийг эрт илрүүлдэг аргыг эс судлалын шинжилгээ буюу Пап тест гэж нэрлэнэ. Уг аргаар хавдрыг эрт үед нь илрүүлж, оношлох боломжтой.  

Умайн хүзүүний хорт хавдартай өвчтөнүүдийн дундаж нас 45 орчим байдаг. Умайн хүзүүний хорт хавдар мөөг маягийн (экзофит) эсвэл нэвчсэн зангилаа мэт харагдана. Умайн хүзүүний өмөнгийн хожуу үед умайн хүзүү орчмын зөөлөн эд, давсаг, шээлүүр (гидронефроз үүсгэнэ), шулуун гэдэс болон үтрээний ойролцоох эдэд шууд тархдаг онцлогтой. Цус-тунгалгийн судсанд хавдрын эсүүд нэвтэрснээс тархмал байдлаар тунгалгийн булчирхайд үсэрхийлнэ. Уушги, элэг, ясны чөмөг болон бусад эрхтэнд алсын үсэрхийлэл тохиолдож болно. 

Умайн хүзүүний хавдрын үе шатыг дараах байдлаар эрэмбэлнэ.   

Үе шат 0—Байран өмөн/Carcinoma in situ (CIN III, HSIL)

Үе шат I—Умайн хүзүүнд хязгаарлагдмал хорт хавдар 

Үе шат II—Хорт хавдар умайн хүзүүнээс хальсан боловч аарцгийн ханыг хамраагүй. Үтрээний доод гуравны нэгийг хамраагүй. 

Үе шат III—Хорт хавдар аарцгийн хананд тархсан. Шулуун гэдэсний үзлэгээр аарцгийн хана болон хавдрын хооронд хавдаргүй орон зай тодорхойлогдохгүй. 

Үе шат IV—Хорт хавдар аарцгаас гадагш тархаж шулуун гэдэс эсвэл давсгийг хамарсан. Энэ үе шатанд хавдар аль хэдийн үсэрхийлсэн байдаг.  

Умайн хүзүүний хавдрын хагасаас илүү хувь нь тогтмол Пап шинжилгээнд хамрагддаггүй эмэгтэйчүүдэд ихэвчлэн оношлогдоно. Умайн хүзүүний эрт үеийн хавдар оношлогдвол умайн хүзүүг конус хэлбэрээр тайрах, харин нэвчсэн хавдрыг умай тайрах буюу хистерэктоми болон орчмын тунгалгийн булчирхайг түүх мэс заслаар, харин хожуу үеийн хавдрыг хими болон туяа эмчилгээгээр эмчилнэ. Нэвчсэн хорт хавдартай өвчтөний тавилан, амьдрах боломж нь хавдрын үе шат, гистологийн хэлбэрээс хамаарна. Умайн хүзүүний хожуу үеийн хавдартай ихэнх өвчтөнүүд алсын үсэрхийллээс илүүтэй хавдрын байран нэвчилт (шээлүүрийн бөглөрөл, пиелонефрит, уреми)-ээс болж нас бардаг.