Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Title Image

Гар утасны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй юу?

Гар утасны хэрэглээгээ хязгаарлах хэрэгтэй юу?

Сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудад зориулсан өөрийн хэрэглээгээ хянадаг аппликейшнууд олон төрлийн сонголттой бий болжээ. Эдгээр аппликейшнууд нь та өдөрт гар утсаа ямар хугацаагаар ашиглаж байгаа, аль аппликейшнд хэдэн минут зарцуулж байгааг ялгаж тооцдог. Ихэнх хүмүүс өөрөө ч мэдэлгүй багагүй цагийг гар утсаа ашиглаж өнгөрүүлдэг. Хэрэглээгээ хяналттай болгож, зарцуулж байгаа хугацаагаа мэдсэнээр та зуршлаа өөрчлөх талаар шийдвэр гаргаж магадгүй.

Утасны хонх, дохиоллыг унтраах

Зурвас, цахим шуудан, нийгмийн сүлжээний шинэ мэдээллүүд ирэх бүрт утасны хонх дуугардаггүй бол утсаа тэр бүр шүүрч аваад байхгүй. Нийгмийн сүлжээгээр авдаг ихэнх мэдээллүүд тэр бүр ач холбогдолтой байдаггүйгээс гадна, тухайн мэдээллийг ирсэн даруйд унших шаардлага бараг л үгүй. Харин ч та үе үе утсаа оролдолгүйгээр хийж байгаа ажилдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадвал илүү бүтээлч байж чадна. Хэрэв гэр бүлийнхнээс ирсэн болон бусад чухал зурвасыг цаг алдалгүй унших шаардлагатай бол тохиргоо хийснээр хялбархан шийдэх боломжтой.

Гар утсандаа резин углах

Заримдаа бид гар утсаараа нийгмийн сүлжээнд орж, ямар ч ухамсаргүйгээр фейсбүүк дээрх зураг, мэдээ, видеог гүйлгэж харсаар байдаг. Гар утсандаа нарийн резинэн боолт углах нь зарим үед тархиа амраах шаардлагатайг сануулах зорилготой юм. Резинийг харах бүртээ үүнийг санах хэрэгтэй. Хэрэв резин төвөгтэй санагдвал утасныхаа дэлгэцэн дээр “Утсаа ашиглах зайлшгүй шаардлага гарсан уу?” гэж бичиж болно. Ингэснээр та 45 минутыг ямар ч ашиггүй фейсбүүкийн зураг гүйлгэж үрэхээс сэргийлж чадна.

Сэрүүлэгтэй цаг ашиглах

Сэрүүлэгтэй цаг хэзээ ч хэрэглээнээс гарахгүй. Гар утсан дээрээ сэрүүлэг тавьж өглөө сэрдэг хүмүүс сэрүүлгээ унтраасны дараа үргэлжлүүлэн утсаа оролдож, зурвас, цахим шуудангаа шалган, нийгмийн сүлжээгээр хэсүүчлэх магадлал өндөртэй. Үүний оронд сэрүүлэгтэй цаг ашиглах нь таныг хэдэн хором ч болов утаснаасаа хол байх боломж олгоно. Мөн түүнчлэн, гар утсаа шөнө унтлагын өрөөндөө цэнэглэхгүй байх, өглөө босоод тогтсон цагт богино хугацааг гар утас ашиглахад зарцуулдаг болох зэрэг аргууд бий.

Зуршлаа өөрчлөх

Зарим мэргэжилтнүүд 3 хоногийн турш гар утас огт ашиглахгүй байхад зуршил болсон хэрэглээ тодорхой хэмжээнд буурдаг гэж үздэг. Энэ хугацаанд гар утас ашиглахад зарцуулдаг цагтаа өөр зүйл олж хийх шаардлагатай болно. Эсвэл өдөрт цөөн хормыг зөвхөн дуудлага хийж, зурвал илгээхэд зарцуулах замаар хэрэглээгээ аажим бууруулж болно.

Завсарлага авах

Хэрэв бүтэн 3 өдрийн амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөд бэрх байгаа бол гэр орондоо гар утасны хэрэглээгээ хязгаарлахаас эхэлж болно. Зөвхөн гар утас гэлтгүй бусад электрон бараа, төхөөрөмжийн хэрэглээг ч хязгаарлаж болно. Орой бүр хоол идэхийн өмнөх 1 цаг эсвэл бүтэн сайн өдрийн үдээс хойш гэх мэт өөрт тохирох цагийг сонгоорой. Гадаа гарч алхах, хөзөр, даалуу, хөлөгт тоглоом зэрэг гэр бүлээрээ хамтдаа тоглож, ярилцаж, бие биетэйгээ харилцах боломжтой тоглоом тоглож болно.

Нийгмийн сүлжээнээс гадуурх харилцаагаа сэргээх

Ном унших, явган алхах зэрэг энгийн боловч үр дүнтэй аргаар чөлөөт цагаа өнгөрүүлж болох бөгөөд энэ тухайгаа нийгмийн сүлжээнд хуваалцахгүй байх хэрэгтэй. Оронд нь найзуудтайгаа нийгмийн сүлжээгээр бус, биечлэн уулзаж, кофе уух, хамт алхах зэргээр цагийг өнгөрүүлж болно. Найзууддаа гар утасны хэрэглээгээ хязгаарлаж байгаагаа дуулгавал тэд ч гэсэн хэв маягаа өөрчлөхийг хүсэх юм билүү?

Гар утасгүй орон зай бий болгох

Ариун цэврийн өрөөнд гар утсаа авч орох нь тийм ч сайхан санаа биш. Нэгдүгээрт, эрүүл ахуйн хувьд тохиромжгүй, хоёрдугаарт гэрийнхээ зарим өрөөнд гар утас ашигладаггүй байх хэрэгтэй. Үүнээс гадна уулзалтын үеэр, хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа, машин барьж байхдаа гар утас ашиглахгүй байх зэргээр гар утаснаасаа хэсэгт болов хол байх цагийг гаргаж хэвшээрэй.

‘Саад болохгүй байхыг хүсье’

Ухаалаг гар утсанд таны хэрэглээг зохицуулах олон төрлийн тохиргоо, аппликейшнүүд бий. Жишээлбэл, та өдрийн тодорхой хугацаанд хэрэглээгээ өөрөө хязгаарлах тохиргоо хийж болно. Утасныхаа “Саад болохгүй байхыг хүсье” тохиргоог 17-21 хооронд болон шөнө дундаас хойш дуудлага хүлээж авахгүй байхаар хэсэгчлэн тохируулж болно.

Хэрэгцээгүй аппликейшнүүдийг устгах

Ухаалаг гар утсанд зориулсан элдэв нэмэлт аппликейшн, тоглоомнууд нь таныг улам их хэрэглүүлэх зорилгоор бүтээгдсэн байдаг. Гэвч таны утсан дээр нэмэлт аппликейшн, тоглоом суугаагүй бол өөр хэрэг. Гар утсаараа зөвхөн дуудлага хийх, зурвас илгээх, цахим шуудангаа шалгаж, нийгмийн сүлжээгээ гэрийнхээ эсвэл ажлынхаа суурийн компьютерээс шалгадаг байвал та маш их цагийг хэмнэх болно.

Найзууддаа зарлах

Хэдийгээр та гар утасны хэрэглээгээ хязгаарлахыг хүссэн ч хүмүүсийн ирүүлсэн зурвас, нийгмийн сүлжээний хүсэлтэнд хурдан хариу өгөхгүй бол тэд таныг бүдүүлэг гэж бодохоос санаа зовж байна уу? Энэ тохиолдолд тэдэнд гар утас ашиглах зуршлаа өөрчлөхийг хичээж байгаа, хариуг нь хэсэг хугацааны дараа өгч магадгүй гэдгээ хэлэх нь зүйтэй.

Ухаалаг утсаа “энгийн” утсаар солих

Хүчин чадал, хэрэглээгээрээ халаасны компьютер гэж хэлж болохуйц орчин үеийн ухаалаг гар утасны туйлширсан хэрэглээ таныг залхааж байна уу? Тэгвэл зөвхөн дуудлага, зурвас илгээх, хүлээн авах боломжтой энгийн утас хэрэглэхийг зөвлөе. Энгийн гар утас интернетэд холбогдож, аппликейшн татаж авах боломжгүй ч, үнийн хувьд хэд дахин хямдаас гадна танд чөлөөт цаг олгох болно.