Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Эрч хүчээ сэргээх энгийн 9 арга

Эрч хүчээ сэргээх энгийн 9 арга

Урин дулаан хаврын улирал ирэхтэй зэрэгцэн байнга ядрах, эрч хүчгүй болсон мэт мэдрэмж төрөх нь хэвийн үзэгдэл үү?

Хэдийгээр нас бол зөвхөн тоо гэдэг ч, нас ахихын хирээр эрч хүч буурах, ядрах, эрүүл мэнд муудах шинж тэмдэг илэрч байна уу?

Ядарч сульдах нь аль ч насны хүмүүст тохиолдож болох ч, дунд нас өнгөрөхөд илүү мэдэрч эхэлдэг. Аз болоход энергийн түвшинг нэмэгдүүлж, эрч хүчийг сэргээдэг энгийн аргууд бий. Зарим нь насжилтын үйл явцыг ч удаашруулах үйлчлэлтэй.

Энергийн банкаа хэрхэн дүүргэх талаар зөвлөгөөг хүргэе.

1. Эрүүл мэнддээ анхаарч, асуудлыг шийдвэрлэх

Чихрийн шижин, зүрх судасны өвчин, артрит, цус цагадал, бамбай булчирхайн эмгэг, нойрон дунд амьсгал тасалдах зэрэг олон өвчний үед ядрах шинж тэмдэг илэрдэг. Хэрэв танд шалтгаангүйгээр гэнэт ихээр ядрах шинж тэмдэг илэрвэл эмчид хандах нь зүйтэй.

Мөн зарим эм бэлдмэлийн гаж нөлөөгөөр ядрах шинж тэмдэг илэрч болно. Цусны даралт бууруулах эм, харшлын болон шээс хөөх эмүүдийг дурдаж болно. Ямар нэг шинэ эм ууж эхэлсний дараагаа ядрах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

2. Хөдөлгөөний идэвхтэй байх

Ядарч сульдсан үедээ дасгал хийхийг хүсэх хүн ховор. Гэвч дасгал хөдөлгөөн нь энергийн түвшинг нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөтэй гэдгийг олон судалгаа нотолсон.

Дасгал хөдөлгөөн тогтмол хийснээр биеийн тамир тэнхээг нэмэгдүүлээд зогсохгүй амьдралын чанарт бүхэлд нь эерэг нөлөө үзүүлдэг. Хөдөлгөөний идэвхтэй хүмүүс өөртөө илүү итгэлтэй, аз жаргалтай байдаг. Мөн дасгал хөдөлгөөн нь зүрх, уушиг, булчингийн үйл ажиллагааг дэмждэг бөгөөд авто машинтай зүйрлэвэл шатахуун зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэхтэй адил. Ямар ч төрлийн дасгал хөдөлгөөн таны эрч хүчийг нэмэгдүүлнэ.

3. Иогоор хичээллэх

Хэдийгээр бүх төрлийн дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг ч, иогийн дасгал илүү тустай. Судалгаагаар долоо хоногт 1-2 удаа, 6 долоо хоногийн турш иогоор хичээллэсэн сайн дурынхны эрч хүч, өөртөө итгэх итгэл, оюун ухааны чадавх сайжирсан үзүүлэлт ажиглагджээ.

Иогоор хичээллэж эхлэхэд хэзээ ч оройтохгүй. Орегоны Их Сургуулийн судалгаанд 65-85 насны, 135 эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хамруулж, 6 сарын турш иогоор хичээллэсэн үр дүнг судлахад судалгаан оролцогчдын ерөнхий эрүүл мэнд болон эрч хүч сайжирсан байна.

4. Хангалттай ус уух

Шингэний дутагдал энергийн түвшинг бууруулж, бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Шингэн дутагдах нь биеийн ачаалал бага үед ч ядрах гол шалтгаан болдог.

Мөн шингэн дутагдсан үед анхаарал төвлөрөл, сонор сэрэмж буурдаг байна.

Тэгвэл хангалттай хэмжээний шингэн ууж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Хамгийн хялбар шинж тэмдэг бол шээсний өнгө. Шээс цайвар шаргал өнгөтэй бол шингэн хангалттайг, үүнээс бараан, тод өнгөтэй бол ус уух шаардлагатайг илтгэнэ.

5. Эрт унтах

Хангалттай нойр аваагүй үед аваар, осолд өртөх эрсдэл нэмэгддэг бөгөөд өдрийн цагаар ядарч сульдах гол шалтгаан юм. Иймд шөнийн нойроо бүтэн, хангалттай авахын тулд аль болох эрт унтаж хэвшээрэй.

2004 онд Станфордын Их Сургуулийн хийсэн судалгаагаар шөнө хангалттай унтаж амарсан хүмүүс эрч хүчтэй, бага ядардгийг тогтоожээ. Нойрны зөв дадалтай байх нь эрүүл мэндэд олон талын ашиг тустай. 100-аас дээш насалсан хүмүүст байдаг нийтлэг шинж нь тэд шөнө сайн унтдаг байна.

Хэрэв өдрийн цагаар ядарч, нойр хүрдэг бол богино хугацаагаар дуг хийж болно. Дуг хийсний дараа бие сэргэж, ажлын бүтээмж, суралцах чадвар сайжирдаг. Эрч хүчийг сэргээхэд 10 минут дуг хийх хангалттай. Харин 30 минутаас илүү унтвал шөнө унтахад хүндрэл учирч болзошгүй. Өдрийн цагаар дуг хийсний дараа аяга кофе уух нь эрч хүчийг ихээр сэргээдэг болохыг Америкийн Нойрны Анагаах Ухааны Хүрээлэнгийн судалгаагаар тогтоожээ.

6. Загасны мах идэх

Омега-3 тосны хүчил зүрхний эрүүл мэндэд тустай гэдгийг хүн бүр мэддэг. Омега-3 нь сонор сэрэмжийг сайжруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Сайн дураараа судалгаанд оролцсон хүмүүст 21 хоногийн турш загасны тосны нэмэлт бүтээгдэхүүн уулгахад тэдний оюун ухааны хариу үйлдэл үзүүлэх хугацаа богиноссон байна. Мөн судалгаанд оролцогчдын эрч хүч нэмэгдсэн гэж дүгнэжээ. 

7. Биологийн цагаа дагах

Зарим хүмүүс өглөө эрт эрч хүч дүүрэн байдаг бол зарим нь оройн цагаар илүү эрч хүчийг мэдэрдэг бөгөөд ийм төрлийн хүмүүсийг шар шувуу гэнэ.

Өдөр тутмын энергийн түвшин, хэмнэл хүн бүрт харилцан адилгүй бөгөөд үүнд тархины бүтэц, үйл ажиллагаа, генетикийн хүчин зүйл нөлөөлдөг тул өөрчлөхөд амаргүй. Иймд өөрийн хэмнэлийг сайтар ажиглаж, ойлгох нь зүйтэй. Энергийн түвшин өндөр байдаг үедээ яаралтай, чухал ажлаа төлөвлөж хийх зэргээр өөрийн биеийн биологийн цагийг үр дүнтэй ашиглаж болно.

8. Илүүдэл жингээс салах

Илүүдэл жингээ хасч, биеийн жингээ хэвийн хэмжээнд барих нь эрч хүчийг нэмэгдүүлэхэд ихээхэн тустай. Биеийн өөхний хэмжээг бага зэрэг буулгахад нь зан ааш, эрч хүч, амьдралын чанарт мэдэгдэхүйц эерэг өөрчлөлт гардаг.

Ихэнх мэргэжилтнүүд илүүдэл жин хасах хамгийн зохистой аргуудад хоолны хэмжээг багасгаж, тэнцвэртэй хооллож, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг.

9. Ойр ойрхон хооллох

Өдрийн турш тогтмол цагт бага хэмжээгээр, ойр ойрхон хооллох нь цусан дахь сахарын хэмжээг тогтвортой байлгахад тустай.

Бүхэл үр болон бусад нийлмэл нүүрс ус агуулсан хүнс түлхүү хэрэглэснээр бусад төрлийн боловсруулсан нүүрс ус агуулсан хүнснээс удаан шингэж, цусан дахь сахарын түвшин хэлбэлзэхээс сэргийлдэг.

Хоол хоорондын зайг ойртуулж, ойр ойрхон хооллох үед идэх хоолны хэмжээндээ анхаарч, багасгах хэрэгтэй.