Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

ЦУСАН ДАХЬ ШЭЭГ (МОЧЕВИН) БОЛОН ЭРДЭС ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ

ЦУСАН ДАХЬ ШЭЭГ (МОЧЕВИН) БОЛОН ЭРДЭС ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ

Бие махбодийн шингэн болон эрдсийг тэнцвэржүүлэгч эрхтэн бол бөөр. Бөөр нь биеийн илүүдэл ус болон түүнд агуулагдах бодисыг биеэс гадагшлуулж, хордлогоос урьдчилан сэргийлдэг. Бөөрний үйл ажиллагааг шалгахын тулд эмнэлзүйн лабораторид шээсний ерөнхий шинжилгээ болон цусан дахь шээг, эрдсийг шинжлүүлдэг.

Шээг болон эрдсийн шинжилгээний ач холбогдол 

Цус болон шээсний шинжилгээ нь эмнэлзүйн лабораторид хийгддэг түгээмэл (сонгодог, суурь) шинжилгээнүүд юм.  Тус шинжилгээний ач холбогдол нь бөөрний үйл ажиллагаа болон тухайн шинжилгээгээр таны эрүүл мэндийн талаар, учирч болох өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга замыг хэлэхэд тусалдаг.

Бөөр нь өдөрт 5 литр цусыг шүүхээс гадна ойролцойгоор 2 литр шингэнийг шээс болгон гадагшлуулдаг. Хоол хүнснээс авч буй уураг нь задралд орохдоо шээг үүсгэдэг бол булчингийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд креатинин үүснэ. Иймээс эдгээр бодисыг бие махбодид хуримтлагдахаас урьдчилан сэргийлэхийн тулд тогтмол ялгаруулж бөөрний эрүүл мэнддээ анхаарах нь чухал.

Үүнээс гадна бие махбодь дахь эрдэс болох натри, кали, фосфорын хэмжээг тэнцвэржүүлэгч эрхтэн бол бөөр. Эрдсийн хэмжээ ихэссэн тохиолдолд биед хордлогын шинж тэмдэг илэрдэг.

Шээг, эрдсийн шинжилгээний арга зүй болон үр дүн

Бөөрний үйл ажиллагаанд олон төрлийн өвчин эмгэг нөлөөлдөг. Жишээ нь чихрийн шижин орно. Хэрэв бөөрөнд ямар нэгэн өвчин нөлөөлж бөөрний дутагдал зэрэг өвчнийг үүсгэсэн тохиолдолд зайлшгүй шээг, эрдэс болон бусад шаардлагатай шинжилгээг өгөх хэрэгтэй. Ингэснээр өвчнийг хянах болон тохирсон эмчилгээг сонгоход хялбар болгоно.

Цусан дахь шээг тодорхойлох шинжилгээ

Цусан дахь шээгний хэмжээг тодорхойлсноор бөөрний өвчнийг анхан шатанд буюу ерөнхий байдлаар нь тодорхойлдог. Хэрэв эмчлүүлэгч диализын (бөөрний үйл ажиллагааг орлон гүйцэтгэх аппарат) эмчилгээ хийлгүүлж байгаа тохиолдолд шээгний хэмжээг тодорхойлох нь тус эмчилгээний үр дүнг хянахад тусалдаг. Түүнчлэн, цусан дахь шээг нь бөөрний өвчнөөс гадна элэг, зүрх болон биеийн бусад эрхтний үйл ажиллагааг хянахад тустай.

Цусан дахь шээгний хэмжээ хэвийн үед 7 – 20 mg/dL (2.5 – 7.1 mmol/L). Лабораторид ашиглаж буй урвалж, аппаратнаас хамааран хэвийн хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Уургийн агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүсийн цусан дахь шээгний хэмжээ их байдаг. Цусан дахь шээгний хэмжээ ихэссэн тохиолдолд  дегидратаци (бие махбодь усгүйжих), шээс дамжуулах замын халдвар эсвэл бөөрний гэмтлийг үүсгэдэг.

Цусан дахь эрдсийн хэмжээг тодорхойлох шинжилгээ

Бие махбодь дахь эрдэст натри, кали, бикарбонат болон хлорид ордог. Бөөр нь эрдсийн хэмжээг зохицуулагч гол эрхтэн болдог учир эрдсийн хэмжээ хэт их эсвэл хэт бага байх нь бөөрний үйл ажиллагааг алдагдуулдаг. Цусанд агуулагдах эрдсийн хэмжээнд ихээр бөөлжих, суулгах, зүрх судасны өвчин болон эмийн заавраар хэрэглэж буй шээс хөөх бэлдмэл зэрэг нь нөлөөлдөг.

Цусан дахь эрдсийн хэвийн хэмжээ:

  • Натри = 135 – 145 mEq/L
  • Кали = 3.5 – 5.0 mEq/L
  • Хлорид = 98 – 108 mmol/L
  • Бикарбонат = 22-30 mmol/L

19143281_1221872207942414_5945064927034026276_o

Бөөрний эрүүл мэндийг тодорхойлогч бусад шинжилгээ

Шээс болон цусны шинжилгээг бөөрний үйл ажиллагааны саатлыг  тодорхойлоход ашигладаг. Жишээ нь, креатинин нь булчингийн үйл ажиллагааны дүнд үүсдэг бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн. Креатинин нь шээгтэй харьцуулахад бөөрний үйл ажиллагааг илүү нарийн тодорхойлогч үзүүлэлт болдог.

Таны бөөр хэвийн хэмжээнд бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн болон илүүдэл шингэнийг биеэс гадагшлуулж байгааг тодорхойлохын тулд бөөрний түүдгэнцрийн шүүлтийн үнэлэмжийг тооцно. Ингэхийн тулд цусан дахь креатинины хэмжээг тодорхойлно. Түүдгэнцрийн шүүлтийн хурдыг тогтоох нь бөөрний үйл ажиллагааны индексийг илэрхийлэгч  гол үзүүлэлт болдог нь таны бөөрний эрүүл мэндэд учрах эсрдэлээс урьдчилан сэргийлэхэд тус болдог.

Цусан дахь креатинины хэмжээг тодорхойлох

Эрүүл бөөр цуснаас бусад бодисыг шүүдэгтэй адил креатининыг шүүдэг. Хэрэв таны бөөрний үйл ажиллагаа саатаж илүүдэл бодисыг тогтмол шээсээр гадагшлуулж чадахгүй байгаа тохиолдолд цусан дахь креатинин ихээр хуримтлагдаж эхэлдэг. Цусан дахь креатинины хэмжээг тогтоосноор бөөр хэрхэн ажиллаж байгааг мэдэх боломжтой.

Креатинины хэвийн хэмжээ нь нас болон хүйснээс хамаардаг. Насанд хүрсэн хүнийх 30.5-88.4 мкмольл .

Шээг болон креатинины харьцаа

Шээг болон креатинин нь бөөрөөр шүүгдэн шээстэй хамт бие махбодиос гадагшилдаг. Түүнчлэн, хоёулаа бөөрний эрүүл мэндийг тодорхойлогч гол үзүүлэлтүүд болдог. Шээгний хэвийн хэмжээ 7-20 mg/dL, креатинин 0.5-1.2 mg/dL.

Шээг болон креатинины хэмжээ нь 20:1 –ээс их болсон тохиолдолд пререналь эмгэг (бөөр лүү очих цусны эргэлт саатах, энэ нь бөөрний үйл ажиллагаа муудсанаас үүсдэг) болох дегидратаци зэрэг үүсдэг. Бөөрний чулуутай, бөөрний бусад өвчлөл болон хоол боловсруулах замын цус алдалттай үед шээг болон креатинины хэмжээ нэмэгддэг. Элэгний өвчин, жирэмсэн эх болон уургийн агууламж багатай хоол хүнс хэрэглэдэг хүмүүст шээг креатинины агууламж харьцангуй бага байдаг.

Түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмж (GFR)

Бөөрний түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмж гэдэг нь таны бөөр цусыг хир сайн шүүж шээс үүсгэж байгааг хэлдэг. Бөөрний үйл ажиллагааг тодорхойлоход түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмжийг шээг болон эрдсийн шинжилгээгээр тодорхойлдог. Насжилттай холбоотойгоор түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмжийн үнэлгээ багасдаг. Гурван сардаа  түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмж тодорхойлоход 60 mL/min/1.73 m2  бага байгаа бол бөөрний архаг өвчнийг илэрхийлнэ. Хэрэв  15 mL/min/1.73 m2  бага байгаа бол бөөрний эрүүл мэнддээ яаралтай анхаарч эмчид хандах хэрэгтэй. Бөөрний түүдгэнцрийн шүүлтүүрийн үнэлэмжийг тодорхойлохдоо биеийн жин, нас, хүйс болон креатинины агууламжийг томъёонд орлуулан бодож болно.