Мэдээлэл

Витамин Д-ийн дутагдал гэж юу вэ?

07/04/2024
preview

Витамин Д-ийн дутагдлыг тайлбарлах нь

Витамин Д бие махбодид байвал зохих хэмжээнээс бага байхыг дутагдал гэнэ. Витамин Д нь ясны өсөлт, төлжилт, нягтралыг хадгалахад чухал үүрэгтэй. Арьсаар хангалттай хэмжээний нарны гэрэл хүлээж авахгүй байх эсвэл витамин Д-ийн нийлэгжилд сөргөөр нөлөөлдөг эмгэгтэй, хоол хүнсээр хангалттай хэмжээний амин дэм авахгүй байх зэрэг шалтгаанаар дутагдал үүсдэг.

Витамин Д-г нарны гэрлийн тусламжтай нийлэгжүүлэхээс гадна бэлдмэл хэлбэрээр болон зарим загас, загасны тос, өндөгний шар, сүү сүүн бүтээгдэхүүн, жүржийн шүүсэнд агуулагддаг.

Витамин Д яагаад чухал вэ?

Витамин Д нь ясны бодисын солилцоо, бат бөх байдалд чухал үүрэгтэй. Хоол хүнснээс кальци, магни, фосфор зэрэг эрдэс бодисыг нийлэгжүүлж, ясны өсөлт төлжилтийг хангахад Витамин Д оролцдог. Мөн цус болон ясны кальцийн тэнцвэртэй байдлыг зохицуулдаг. Бие махбодид хангалттай хэмжээний Витамин Д байхгүй үед дагаад кальцийн түвшин буурдаг. Энэ үед цусан дахь кальцийн хэмжээг тэнцвэртэй байлгахын тулд бие махбодь кальцийн хэмжээгээ яснаасаа нөхөж авна. Үүнээс гадна Витамин Д нь мэдрэл, дархлааны тогтолцоо болон булчингийн үйл ажиллагаанд оролцдог.

Витамин Д-ийн дутагдал нь ясны бат бөх чанарыг бууруулж, остеопоросис буюу ясны сийрэгжилтийг үүсгэдэг. Мөн түүнчлэн дараах өвчин, эмгэгүүдийн эрсдлийг нэмэгдүүлдэг:

  • Хорт хавдар
  • Зүрх судасны өвчин, цус харвалт
  • Сэтгэл гутрал
  • Склероз
  • 2-р хэлбэрийн чихрийн шижин

Витамин Д-ийн түвшин ямар байх ёстой вэ?

Цусан дахь Витамин Д-ийн (25-гидроксивитамин Д) түвшинг цусны шинжилгээгээр тогтооно.

Шинжилгээний лавламж хэмжээ нь тухайн хүний нас, хүрээлэн буй орчин, цаг уураас шалтгаалан зөрүүтэй байж болох ч улс орнууд эмнэлзүйн судалгаанд үндэслэн лавламж хэмжээ болон шинжилгээний арга аргачлалаа тодорхойлдог. Хамгийн өргөн хэрэглэгддэг лавламж хэмжээг тайлбарлая:

Цусан дахь Витамин Д түвшин 30.0 ng/mL ба түүнээс дээш байх нь ерөнхий эрүүл мэндийг дэмжих хэвийн сайн үзүүлэлт юм. 

Витамин Д-ийн дутагдлыг дараах байдлаар тодорхойлдог:

  • Хөнгөн дутагдал: 29.0 ng/mL ба түүнээс бага
  • Хүнд зэргийн дутагдал: 8.1 ng/mL ба түүнээс бага

Витамин Д-ийн дутагдлын шинж тэмдэг

Витамин Д-ийн дутагдлын шинж тэмдэг нь ясны өсөлт, хөгжил хурдацтай явагдаж байгаа хүүхдүүдэд илүү тод илэрдэг. Хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:

  • Булчин сул, хөндүүртэй (хөнгөн дутагдлын үед)
  • Өсөлт удаашрах, хоцрох
  • Яс өвдөх, хатгуулах
  • Үе мөч өвдөх, янгинах

Насанд хүрэгчдийн шинж тэмдэг далд хэлбэртэй ч дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Ядарч сульдах
  • Яс, үе мөчөөр өвдөх (ихэвчлэн нуруу хэсгээр)
  • Ясны эдийн алдагдал
  • Булчин сулрах, хөндүүрлэх
  • Сэтгэл гутрал, зан ааш тогтворгүйтэх


Витамин Д-ийн дутагдлын шалтгаан

Хоол хүнснээс хангалттай хэмжээний Витамин Д авахгүй байх. Веган дэглэм мөрддөг хүмүүс ихэвчлэн өртдөг. Учир нь амьтны гаралтай дараах хоол хүнс нь Витамин Д-ээр баялаг:

  • Тослог загасны мах
  • Загасны тос
  • Өндөгний шар
  • Бяслаг
  • Зарим төрлийн мөөг
  • Үхрийн элэг
  • Баяжуулсан сүү

Нарны тусгалаас хол байх. Өдөрт 5-30 минутын турш нүүр, гар, хөл, гарын алгаа нарны гэрэлд ил байлгаснаар арьсаар Витамин Д авч, нийлэгжүүлэх боломжтой. Ихэнх цагийг дотор өнгөрүүлдэг, экваторын бүсээс хойш амьдардаг, гадагш гарах бүртээ нарны тос түрхдэг хүмүүс дутагдалд өртөх илүү эрсдэлтэй. Мөн өвлийн улиралд хүмүүс ихэнх цагийг дотоод орчинд өнгөрүүлдгээс дутагдалд өртөх эрсдэл нэмэгдэнэ.

Элэг, бөөрний эмгэгтэй байх. Витамин Д нь бие махбодид идэвхтэй болон идэвхгүй хэлбэртэй байдаг. Элэг, бөөрнөөс идэвхгүй хэлбэрийг идэвхтэй болгож хувиргадаг энзимүүд ялгардаг. Элэг, бөөрний эмгэг нь биеэс ялгарах энзимүүдийн хэмжээг бууруулснаар Витамин Д-ийн дутагдалд орох эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зарим төрлийн эмийн хэрэглээ. Цусны даралт бууруулах, холестерол бууруулах, сэтгэц нөлөөт болон сүрьеэгийн эмчилгээний зарим төрлийн эм бэлдмэлүүд нь элэгний үйл ажиллагаанд нөлөөлснөөр Витамин Д илүү хурдан задарч, дутагдал үүсгэх шалтгаан болдог.

Таргалалт. Витамин Д нь тосон суурьтай буюу тосонд уусамтгай чанартай. Таргалалттай, өөхөн эдийн хэмжээ өндөр хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад Витамин Д өөхний эсэд илүүтэй хуримтлагддаг. Ингэснээр БЖИ 30 ба түүнээс дээш, таргалалттай хүмүүсийн цусан дахь Витамин Д-ийн түвшин бага байх хандлагатай.

Витамин Д-ийн дутагдлын эрсдэлт хүчин зүйл:

  • 65 ба түүнээс дээш настай
  • БЖИ 30-аас их, таргалалттай
  • Бараан өнгийн арьстай
  • Тамхи татдаг
  • Витамин Д-ээр баялаг хоол хүнс бага хэрэглэдэг
  • Витамин Д-ийн дутагдлын шинжилгээ

Хүн бүр Витамин Д-ийн дутагдлыг илрүүлэх цусны шинжилгээ өгөх шаардлагагүй ч эрсдэлтэй гэж үзвэл энгийн цусны шинжилгээгээр цусан дахь 25-гидроксивитамин Д-ийн түвшинг найдвартай тодорхойлох боломжтой.

Витамин Д-ийн дутагдлын эмчилгээ

Олон улсад Витамин Д-ийн дутагдлыг арилгахад дараах тунгаар Витамин Д-ийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг:

  • Нярай болон бага насны хүүхдэд: 400 ОУН/өдөрт
  • 1-18 насны хүүхэд, өсвөр үе: 600 ОУН/өдөрт
  • 19-70 насныхан: 600 ОУН/өдөрт
  • 70-аас дээш ахмад настан: 800 ОУН/өдөрт

Шинжилгээгээр Витамин Д-ийн дутагдал оношлогдвол эмчийн зөвлөмжөөр нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.

Витамин Д-ийн нэмэлт бүтээгдэхүүн

Витамин Д нь эргокалциферол (D2) болон холекалциферол (D3) гэсэн 2 төрөлтэй. D2-ийг эмийн жороор, D3-ийг жоргүй олгодог. D3 хүний биед илүү шингэц сайтай.

Витамин Д нөхөх эмчилгээний тунг дутагдлын зэрэг болон, эрсдэлт хүчин зүйлийг тооцож эмч тохируулна. Эмчилгээний тун өдөрт 6000 ОУН D3 буюу өндөр тунгаар эхлээд, цусан дахь Витамин Д-ийн түвшин 30 ng/mL-ээс дээш гармагц өдөрт 1000-2000 ОУН болгож тунг бууруулж болно.

Витамин Д-ийн дутагдалтай хүүхдэд D3 нэмэлт бэлдмэлийг зургаан 7 хоногийн турш 2000 ОУН тунгаар өгөөд, цусны шинжилгээгээр 30 ng/mL-ээс дээш гарвал өдөрт 1000 ОУН болгож тунг бууруулах, нярайд өдөрт 400 ОУН тунгаар өгөхийг зөвлөдөг.

Витамин Д-ийн дутагдлыг эмчлэхэд хэр хугацаа шаардлагатай вэ?

Дутагдлын зэрэг болон хувь хүний онцлог, эрсдэлт хүчин зүйлээс эмчилгээний хугацаа хамаарна. Ерөнхийдөө зөв тунгаар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхэд 6-8 долоо хоногт цусан дахь Витамин Д-ийн түвшин хэвийн хэмжээнд хүрдэг. Шинжилгээний хариу хэвийн гарсан ч эмч D3 нэмэлт бэлдмэлийг урьдчилан сэргийлэх тунгаар үргэлжлүүлэн уухыг зөвлөж болно. Ялангуяа Монголд газарзүй болон цаг уурын онцлогоос хамаарч нарны гэрлээс Витамин Д хангалттай авах боломж хомс тул нэмэлт бэлдмэл тогтмол хэрэглэхийг зөвлөдөг.