Мэдээлэл

Өсвөр насны сэтгэл гутралын талаар та хэр мэдэх вэ?

02/27/2019
preview

Өсвөр насны сэтгэл гутралын талаар та хэр мэдэх вэ?

Өсвөр насанд амьдрал, сургууль, найз нөхөд, үерхэл, биед гарах өөрчлөлтүүд нэгэн зэрэг явагдсанаас зарим үед сэтгэлийн хөдөлгөөн тогтворгүй болох нь түгээмэл. 

Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж паркын галзуу хулгана мэт байх нь хэвийн үзэгдэл үү? эсвэл анхаарах ёстой зүйл үү? Өсвөр насныхан болон өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд дараах асуултуудад анхаарал хандуулаарай:

  • Өмнө нь хийх дуртай байсан зүйлээ хийхээ зогсоох. Сагсан бөмбөг, бүжиг, сургууль дээрх клуб гэх мэт. Зурагтаар дуртай сувгаа сольж үзэхээ больж, зугаатай санагддаг байсан зүйлүүд сонирхол татахаа больсон уу?
  • Найз нөхөдтэйгөө цагийг өнгөрүүлэхээс зайлсхийж, ихэнх хугацааг ганцаараа өнгөрүүлдэг болсон уу?
  • Сурлага муудаж, дүн буурсан уу?
  • Эцэг эхтэйгээ маргалдах нь ихэсч, тэдэнтэй учраа олоход бэрхшээлтэй байна уу?
  • Ямар нэг тодорхой шалтгаангүйгээр уурлаж, цухалдах нь ихэссэн үү?
  • Ядарч байгаа ч, унтахад хүндрэлтэй байна уу?
  • Сэтгэл санаагаа өргөхийн тулд хэт их идэх, эсвэл эсрэгээрээ хоолны дуршил буурсан уу?
  • Гэм буруутай, сэтгэлийн түгшүүртэй мэдрэмж төрж байна уу?
  • Амиа хорлох бодол хэзээ нэгэн цагт төрж байсан уу?

Хэрэв дээрх асуултуудаас хоёр ба түүнээс олон асуултанд “тийм” гэж хариулах, эсвэл зөвхөн сүүлийн асуултанд “тийм” гэж хариулбал таны хүүхэд сэтгэл гутралд өртсөн байх магадлалтай. Энэ тохиолдолд тухайн хүүхдэд өөрт нь юу тохиолдоод байгаа, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Хүүхэд эцэг эхтэйгээ, эмчтэй, сэтгэл зүйчтэй, эсвэл өөрийн итгэдэг насанд хүрсэн хүнтэйгээ ярилцаж болно.

Сэтгэл гутрал гэж юу вэ?

Ихэнх хүмүүс өөрийгөө сэтгэл гутралд өртсөнийг мэддэггүй. Учир нь тэд “би үргэлж уйтгар гунигт автаад байдаггүй” гэж хэлдэг. Гэвч сэтгэл гутрал бол зөвхөн уйтгар гунигтай холбоогүй. Энэ нь бие даасан сэтгэлзүйн асуудал бөгөөд хүний зан байдалд бүхий л талаар нөлөөлдөг.

Сэтгэл гутралтай зарим хүмүүст гуниглах, их уйлах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Харин зарим нь ааш муутай болж, хорвоо дэлхийг бүхэлд нь үзэн ядах мэт аягладаг.

Гэвч сэтгэл гутралыг сэтгэлээр унах мэдрэмжээс ялгаж оношлоход төвөгтэй.

Хүн бүрт сэтгэлээр унах, сэтгэл санаа тавгүйтэх мэдрэж төрдөг бөгөөд энэ бол сэтгэл гутралаас ялгаатай асуудал.

Тэмцээнд хожигдох, үерхдэг охин, хөвгүүнтэй харилцаагаа таслах, сайн найзтайгаа муудалцжээ гэж төсөөлье. 1-2 долоо хоногийн дараа сэтгэл санаа дээрдэж, хэвийн амьдралдаа эргэн орж чадвал энэ нь сэтгэл гутрал биш. Амьдралд уйтгарлах, уурлах, сэтгэлээр унах шалтаг, шалтгаан олон тохиолдох бөгөөд эдгээр мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөн нь бүгд хэвийн зүйл.

Харин уцаарлах, муухай аашлах, уйтгарлах, сэтгэлээр унах шинж тэмдэг 2 долоо хоногоос удаан хугацаанд үргэлжилбэл анхаарал хандуулах шаардлагатайг илтгэнэ.

Сэтгэл гутралын шалтгаан

Сэтгэл гутралд өртсөн нь тухайн хүнийг сул дорой, азгүй гэсэн үг биш.

Түүнчлэн сэтгэл гутрал хүмүүст харилцан адилгүй илэрдэг. Зарим хүмүүсийн хувьд маш хүчтэй илэрч, өдөр тутмын хэвийн амьдралыг нь алдагдуулахуйц байдаг бол зарим нь хэдэн сар жилээр чимээгүй шаналсаар явдаг. Мөн хайртай дотны хүний үхэл, гэр бүл салалт зэрэг амьдралын томоохон хүнд үйл явдлуудын дараа сэтгэл гутралд өртөх нь түгээмэл байдаг. 

Гэсэн хэдий ч сэтгэл гутралын бүх хэлбэрийг бүрэн эмчлэх боломжтой. 

Юу хийх хэрэгтэй вэ?

Сэтгэл гутралд орсон гэж бодсон ихэнх хүмүүс тусламж эрж хайвал хүмүүс өөрийг нь “галзуу” мэтээр бодно гэдгээс санаа зовдог.

Сэтгэл гутралд орсноо эрт мэдэх нь сайн бөгөөд эмчилгээний олон аргууд хэрэглэгдэж байна. Кинон дээр гардаг шиг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд, уухыг хүсэхгүй эмийг чинь хүчээр уулгана гэж айх хэрэггүй. Үнэнийг хэлэхэд сэтгэц заслын аргууд хамаагүй илүү үр дүнтэй бөгөөд аюулгүй байдаг.

Эмчилгээний дараах аргуудаас сонгож болно:

  • Сэтгэц засал. Мэргэжлийн сэтгэц заслын эмчтэй ганцаарчлан, эсвэл бүлгээр уулзах эмчилгээ. Эмчилгээний зорилго нь таны амьдралд тохиолдоод байгаа зүйлийг ойлгуулж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах. Сургууль, ажил дээр үүссэн стресс, хамт ажилладаг болон гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа хэрхэн сайжруулах гэх мэт.
  • Амьдралын хэв маягийн өөрчлөлт. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх, зохистой хооллох, нийгмийн оролцоогоо нэмэгдүүлэх нь сэтгэл гутралыг даван туулах үр дүнтэй аргууд гэдэг нь тогтоогдсон.
  • Сэтгэл гутралын эсрэг эмүүд. Зарим тохиолдолд эмчийн жороор олгогддог сэтгэл гутралын эсрэг эмүүд нь тархины үйл ажиллагааг хэвийн байдалд оруулахад үр дүнтэй эмчилгээ болдог. Энэ төрлийн олон эмүүд байх бөгөөд зөвхөн мэргэжлийн эмчийн хяналтанд хэрэглэнэ.

Эмчлэгч эмч зөвхөн танд тохирсон эмчилгээний сонголтыг санал болгоно. Сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэх эсэхээс үл хамааран сэтгэц засал эмчилгээ болон амьдралын хэв маягийн өөрчлөлт зайлшгүй хийнэ. Зарим тохиолдолд эмнээс илүү үр дүн үзүүлэх нь бий.

Дунд болон хүнд хэлбэрийн сэтгэл гутралтай хүүхдүүдэд эмийг эмчилгээг ганцаарчилсан сэтгэц заслын эмчилгээтэй хослуулах нь илүү тохиромжтой байдаг. Гэвч хэрэв тухайн хүүхэд эмийн эмчилгээнээс татгалзвал бусад төрлийн эмчилгээний аргууд ч байдаг. Эмчилгээний жинхэнэ үр дүнг харахад 1-2 сар шаардлагатай байдаг ч, эмчилгээг аль болох эрт эхлүүлэх нь зүйтэй.