Мэдээлэл

Хичээл эхлэхээс өмнө хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?

08/11/2024
preview

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн ханиад, томуу зэрэг халдварт өвчний тархалт нэмэгддэг. Агааржуулалт муутай сургууль, цэцэрлэгийн анги танхимд олон хүүхэд нэг дор бөөгнөрснөөр вирус, нян үржиж, тархах таатай орчин бүрдэнэ. Хичээлийн ширээ, хаалганы бариул, ариун цэврийн өрөө зэрэг нь халдвар тараах гол эх үүсвэрүүд юм.

Намар хичээл эхлэхэд хүүхдүүд яагаад өвчилдөг вэ?

Намар хичээл эхлэхтэй зэрэгцэн ханиад хүрээд, 2 долоо хоног бүр өвдөж, хүүхдүүд нь өвлийн турш ханиад, томуунаас салахгүй байна гэж олон эцэг эхчүүд үздэг. Ханиад, томуу, гэдэсний өвчин, нүдний ханиад зэрэг өндөр халдвартай өвчнүүд нь сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдээс хүүхдэд тархсаар байдаг. Ковид-19, улирлын томуу ч гэсэн жилийн тодорхой үеүдэд эргэлтэнд орж идэвхждэг. Хэдийгээр хүүхдийг эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх шидэт жор байхгүй ч, эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ өвчлөх эрсдлийг бууруулах арга хэмжээг авах боломжтой.

Сургуулийн орчинд хүүхдээ өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?

Гараа тогтмол угаах нь энгийн боловч өндөр үр дүнтэй арга юм. Гарыг тогтмол, зөв угааснаар олон төрлийн вирус, нян цааш тархахаас сэргийлж чадна. Дараах тохиолдолд хүүхдийнхээ гарыг тогтмол угаалгаж хэвшүүлээрэй:

·       Ханиаж, найтаах, хамраа цэвэрлэсний дараа

·       Хаалганы бариул, ширээ зэрэг олон хүн гар хүрдэг эд зүйлд хүрсний дараа

·       Бие зассаны дараа

·       Хоол идэхийн өмнө болон дараа

Хүүхдээ гараа зөв угаах дадалд сургах нь чухал. Дор хаяж 20 секундын турш гараа савандаж, үрж угаах хэрэгтэй. Саван хэрэглэх боломжгүй тохиолдолд 60%-ийн спирт агуулсан гар ариутгагч хэрэглэж болно. Хүүхдэд зориулсан жижиг савалгаатай гар ариутгагчийг сургуулийнх нь цүнхэнд хийхээ мартуузай.

Ханиаж найтаахдаа салфетка хэрэглэх, эсвэл гарын алгаар бус тохой хэсгийг өргөж амаа дарна. Амьсгалын замын өвчнүүд нь ихэвчлэн агаар дуслын замаар халдварладаг. Ханиад, томуугийн дэгдэлт ихтэй үед амны хаалт тогтмол хэрэглэх нь үр дүнтэй.

Хүүхдийнхээ дархлааг хэрхэн дэмжих вэ?

Хүний биеийн дархлаа нь халдварт өвчин үүсгэгч вирус, нянтай тэмцэх үүрэгтэй. Бага насны хүүхдийн дархлааны тогтолцоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг тул өвчинд өртөмтгий байдаг. Иймд хүүхдийнхээ дархлааг дэмжих нь сургууль, цэцэрлэгийн орчинд ойр ойрхон өвчин тусах эрсдлийг бууруулдаг.

1.    Хүүхэд хангалттай унтаж амрах хэрэгтэй. Өдөрт хэдэн цаг унтах хэрэгцээ нь хүүхдийн наснаас хамаарч ялгаатай байдаг. Хангалттай нойр авах нь дархлааны тогтолцоо хэвийн ажиллахад чухал үүрэгтэй. АНУ-ын Хүүхдийн Эмч нарын Академи сургуулийн өмнөх насны хүүхдүүд 10-13 цаг, 6-12 насныхан 9-12 цаг унтахыг зөвлөдөг. Энэ нь хоногийн турш унтаж амрах нийт хугацаа бөгөөд өдрийн унтлагын цагийг тооцсон болно. Хүүхдийн орондоо орж унтах цаг чухал бөгөөд нойрны чанарт орчин мөн адил чухал. Сэрүүн, харанхуй, нам гүн орчинд хүүхэд чанартай сайн унтдаг бөгөөд дэлгэцнээс хол байлгах хэрэгтэй.

2.    Стрессийг бууруулах. Хангалттай нойр авах нь стрессийг бууруулахад чухал үүрэгтэй ч хүүхдийнхээ стрессийн түвшинг тогтмол ажигладаг байх хэрэгтэй. Ихэнх хүүхдүүд намар хичээл эхлэхийн өмнө их, бага хэмжээгээр түгшсэн байдаг. Хүүхэдтэйгээ энэ талаар ярилцаж, мэдрэмжийг нь хуваалцах нь стрессийг бууруулах үр дүнтэй алхам юм. Нойрны хэмнэл, хоолны дуршил, зан төлвийн өөрчлөлт зэрэг сэтгэл түгшилтийн шинж тэмдгүүдийг ажиглах хэрэгтэй. Шаардлагатай бол мэргэжлийн сэтгэлзүйчтэй уулзуулж болно. Хичээл эхэлмэгц шинэ юм сурах, гэрийн даалгавар хийх зэргээр хүүхэд завгүй болдог ч хүүхэддээ тоглох, наадах чөлөөт цагийг заавал гаргаж байгаарай. Хичээл, спорт, хобби, чөлөөт цагийн тэнцвэрийг зохистой хангах нь хамгийн чухал.

3.    Вакцинжуулалтанд хамруулах. Хүүхдийнхээ товлолын болон сайн дурын дархлаажуулалтын хуваарийг тогтмол шалгаж, вакцинаар сэргийлэх боломжтой өвчнүүдээс хамгаалах хэрэгтэй. Өвлийн улирал хүйтэн, урт хугацаанд үргэлжилдэг манай орны хувьд томуугийн вакцин үр дүн сайтай. Вакцинд намар эрт хамрагдсанаар томуугийн тархалтын оргил үед дархлаа бүрэн гүйцэд тогтсон байна. Хэдийгээр вакцин томуугийн халдвар авахаас бүрэн хамгаалахгүй ч, халдвар авсан ч хүндрэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг.

4.    Эрүүл, зөв хооллох. Эрүүл, тэнцвэртэй хооллолт хүн бүрт чухал бөгөөд хүүхдийн эрүүл мэндэд хамгийн чухал үүрэгтэй. Олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээр хангалттай хэмжээний витамин, эрдэс бодис, шим тэжээлийг авах боломжтой болно. Чихэр, чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах нь халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулахад тустай. Дархлаа дэмждэг хүнснүүд:

a.    Жимс, хүнсний ногоо нь С витаминаар баялаг, дархлааг дэмжинэ.

b.    Тарганд агуулагдах пробиотик нь хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ.

c.     Бүхэл үр, өндөр чанартай уурагт хүнс нь хүүхдийг эрч хүчтэй болгодог.

Ихэнх эцэг эхчүүд хүүхэддээ витамин, эрдэс бодисын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн өгөх шаардлагатай гэж үздэг. Хэрэв таны хүүхэд хоол хүнсээрээ шаардлагатай шим тэжээл авч чаддаг бол заавал нэмэлт бүтээгдэхүүн шаардлагагүй бөгөөд мэргэжлийн хоолзүйч болон хүүхдийн эмчээс энэ талаар зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Харин Д витаминыг хоол хүнсээр авах боломж муу, нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр хэрэглэх шаардлагатай байдаг. Иймд хүүхдээ цусан дахь Д витамины түвшин тодорхойлох шинжилгээнд хамруулж, шаардлагатай бол эмчийн заавраар тохирох тунгаар Д витамин уулгах хэрэгтэй.

 

Хүүхэд маань өвдсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

 

Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч, урьдчилан сэргийлэх боломжит арга хэмжээг авсан ч хүүхэд өвчлөх нь элбэг. Хэрэв хүүхдэд ямар нэг шинж тэмдэг илэрвэл хичээлд нь явуулалгүй, гэртээ асарснаар халдварыг зогсоож цааш тархахгүй байхад чухал нөлөөтэй. Дараах өвчин, шинж тэмдэг илэрвэл хүүхдээ гэрт нь асраарай:

·       Халуурах

·       Суулгалт

·       Ковид-19

·       Норовирус (гэдэсний ханиад)

·       Улаанбурхан, салхин цэцэг, гар хөл амны өвчин гэх мэт

Хүүхдийн бие махбодь, дархлааны тогтолцоо хэвийн ажиллахад амралт чухал үүрэгтэй. Иймд өвдсөн үед нь хүүхдээ гэртээ сайтар асарч, амраах нь эдгэрэлтийг дэмжээд зогсохгүй, халдвар бусад хүүхдэд тархахаас сэргийлдэг.