Мэдээлэл

Хялгасан хорхойн халдвар гэж юу вэ?

08/21/2024
preview

ХЯЛГАСАН ХОРХОЙН ХАЛДВАР

Хялгасан хорхойн халдвар нь цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд элбэг тохиолддог нарийн гэдэсний өвчин юм. Хялгасан хорхой нь урт нарийн хэлбэртэй, цагаан өнгөтэй бөгөөд хүний нарийн, бүдүүн гэдсэнд байрлаж, халдварладаг. 6-13 мм урттай, цагаан хорхой гэж нэрлэх нь бий.

Хялгасан хорхойн халдварын хамгийн түгээмэл илрэх шинж тэмдэг нь хошного хавиар хүчтэй загатнах бөгөөд ялангуяа шөнийн цагаар эм хорхой анусны сүвээр гадагшилж, эргэн тойрон өндөглөх үеэр илүүтэй загатнана.

Хялгасан хорхой тээгч хүн шөнө унтаж байхад эм хорхой анусны эргэн тойрны хуниас арьсны завсраар өндгөө шахдаг. Ихэнх хүмүүст шинж тэмдэг илэрдэггүй ч, шөнийн цагаар загатнасны улмаас нойрсож амарч чадахгүй байх хүндрэл элбэг тохиолддог.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн дунд халдвар өргөн тархсан бөгөөд өчүүхэн жижиг өндөг нь нэг хүүхдээс нөгөөд хялбархан халдварладаг. Хялгасан хорхойн эсрэг үйлчлэлтэй эмийг уухаас гадна хувийн ариун цэвэр сайтар сахиж, унтлагын хувцас, орны цагаан хэрэглэл, дотуур хувцас зэргийг хялгасан хорхойн өндөгнөөс бүрэн цэвэрлэхийн тулд сайтар угааж, ариутгах шаардлагатай. Мөн эмийн эмчилгээг зөвхөн халдвар авсан хүүхдэд өгөөд зогсохгүй, гэр бүлийн гишүүн бүр уухыг зөвлөдөг. Учир нь насанд хүрэгчид халдвар авсан ч, шинж тэмдэггүй байх өндөр магадлалтай.

Хялгасан хорхойн халдвартай үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

·       Анус орчмоор загатнах (ихэвчлэн шөнийн цагаар)

·       Шөнө унтахгүй хөрвөөх, нойр хулжих

·       Эмэгтэйчүүд үтрээ орчмоор загатнах

·       Бухимдах, уур уцаар төрөх

·       Хэвлийгээр үе үе өвдөлт мэдрэх

Хялгасан хорхойн халдвар хэрхэн дамждаг вэ?

Хялгасан хорхойн өндгийг санамсаргүй залгих, амьсгалах замаар халдвар тархдаг. Өчүүхэн жижиг өндөг нь бохир гар, хоол ундаар дамжин аманд ордог. Залгисны дараа өндөг нарийн гэдсэнд хүрч хэдхэн 7 хоногийн дотор бие гүйцсэн хорхой болно.

Эм хялгасан хорхой шөнийн цагаар анусны сүвээр гадагшилж, эргэн тойрон өндөглөхөд маш их загатнадаг. Загатнасан газрыг гараараа маажихад хялгасан хорхойн өндөгнүүд хумсны завсарт үлдэнэ. Хумсны завсарт наалдсан өндөгнүүд орны цагаан хэрэглэл, тоглоом, ариун цэврийн өрөөний суултуур зэрэг гадаргууд дамжиж цааш халдвар тараасаар байдаг. Мөн халдвартай хүнээс хоол, унд, хувцас зэргээр өөр хүнд дамждаг. Хялгасан хорхойн өндөг гадаргуу дээр 2-3 долоо хоног амьдрах чадвартай.

Хэн хялгасан хорхойн халдвар авах эрсдэлтэй вэ?

·       5-10 насны хүүхдүүд хамгийн өндөр эрсдэлтэй. Хялгасан хорхойн өндөг цэцэрлэг, өдөр өнжүүлэх, сургууль, гэр бүлийн орчинд хурдтай тархдаг. 2-оос бага насны хүүхэд хялгасан хорхойн халдвар авах эрсдэл харьцангуй бага

·       Бага насны хүүхэд харж, асарч буй насанд хүрэгчид

·       Эрхий хуруугаа хөхөх, хумсаа мэрэх дадалтай хүмүүс

·       Гарын ариун цэвэр муутай байх

·       Хүн амын нягтрал ихтэй, нэг дор олуулаа амьдардаг насанд хүрэгчид мөн адил эрсдэл өндөртэй.

Ямар хүндрэл учирч болзошгүй вэ?

Ихэнх тохиолдолд хялгасан хорхойн халдвар ноцтой хүндрэл учруулдаггүй. Ховор тохиолдолд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл үүсгэдэг. Хялгасан хорхой анусаас үтрээ, умай, үрийн суваг гэх мэт бага аарцгийн эрхтнүүдэд хүрэх боломжтой. Ингэснээр үтрээний үрэвсэл (вагинит), умайн салстын үрэвсэл (эндометрит) зэрэг хүндрэлийг үүсгэж болзошгүй. Цөөн тохиолдолд дараах хүндрэлүүдийг үүсгэх эрсдэлтэй:

·       Шээсний замын үрэвсэл

·       Биеийн жин буурах

·       Хэвлийн хөндийн үрэвсэл

Хялгасан хорхойн халдварыг хэрхэн оношлох вэ?

Хялгасан хорхойн өндөг илрүүлэх шинжилгээг эмнэлэг, лабораторид хийдэг. Өглөөний цагаар хүүхэд хүндээр бие засаагүй үед шинжилгээ өгөх бөгөөд анус орчмоос зориулалтын бамбараар арчдас авч шинжилнэ. Уг шинжилгээ нь ямар нэг зовиур, хүндрэлгүй, өртөг багатай шинжилгээ юм. Шинжилгээний хариу 30 минутанд гарна.

Хялгасан хорхойн халдвар дахин авахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хялгасан хорхой нь угаалтуур, суултуур, орны цагаан хэрэглэл, тоглоом зэрэг гадаргуу дээр 2 долоо хоног амьдрах чадвартай. Иймд орчны цэвэрлэгээг тогтмол хийхээс гадна дараах арга хэмжээг авах нь дахин халдвар авахаас сэргийлж чадна:

·       Өглөө бүр шүршүүрт орох. Хялгасан хорхой өндгөө шөнө гаргадаг тул анус орчмоо өглөө бүр сайтар угаах хэрэгтэй. Ваннтай усаар халдвар тархах эрсдэлтэй тул шүршүүрт ороорой.

·       Орны цагаан хэрэглэл, дотуур хувцсаа өдөр бүр солих

·       Цагаан хэрэглэл, хувцас, ванны арчуур, унтлагын хувцас, дотуур хувцсаа халуун усаар угааж, өндөр хэмд хатаах нь хялгасан хорхойн өндгийг устгадаг.

·       Хүүхэд бөгс нь загатнахад маажихгүй байхад анхаарах. Хумсыг нь тогтмол авснаар хялгасан хорхойн өндөг хумсны завсар үлдэхээс сэргийлнэ. Таны хүүхэд хумсаа мэрдэг дадалтай бол түүнийг арилгахад анхаарах.

·       Гарын ариун цэвэр сайтар сахих нь энгийн боловч хамгийн үр дүнтэй арга юм. Иймд хоол идэхийн өмнө болон дараа, ариун цэврийн өрөө хэрэглэсний дараа, хүүхдийнхээ живхийг сольсны дараа гараа заавал угааж хэвшээрэй.