“Хялгасан хорхойн өвчин” буюу бидний хэлж заншсанаар “цагаан хорхой” гэдэг нь Enterobius Vermicularis үүсгэгчээр үүсдэг халдварт өвчин юм.
Бүтэц, харагдах байдал
Шимэгч хорхой нь 0,7-1,3 см урттай, цагаан өнгөтэй, тахиралдсан хэлбэртэй, бичгийн үдээсний хэмжээтэй, цайвар шаргал өнгөтэй байдаг.
Халдварлах зам
Хүнээс хүнд дамжин халдварладаг. Бүх насныхан өвчлөх эрсдэлтэй боловч, 5-10 насныхан өвчлөх эрсдэл илүү өндөр байдаг.
Цагаан хорхойн шимэгч нь бохирлогдсон гар, хоол хүнсээр дамжин халдварладаг. Гарын ариун цэврийг сайтар сахиж, гарыг ойр ойрхон угаалгах, хумсыг дор дор нь авах, хоол хүнсийг сайтар жигнэж, болгож идэх, жимс жимсгэнийг сайтар угааж , хальсыг нь авч идэх нь чухал. Мөн шимэгчийн өндөг нь наалдамхай чанар ихтэй учраас гэрийн хивс шал, ор дэр, хүүхдийн тоглоомонд ихээр наалддаг учир сайтар цэвэрлэгээ хийх шаардлагатай. Нэг анхаарах зүйл нь ор дэрний даавуу, хүүхдийн хувцас бохирлогсон эд зүйлсийг цэвэрлэх үед сэгсэрвэл өндөг агаарт цацагдаж, хамраар дамжин амьсгалын замыг үрэвсүүлэх эрсдэлтэй. Мөн ор дэрний даавуу, унтлагын хувцас, хөнжил гудас зэргийг нарны цацрагт дэлгэж тавих нь үр дүнтэй байдаг .
Халдварын эх уурхай нь халдварлагдсан хүн боловч хүүхэд өөрөө өөрийгөө тодорхой циклээр халдварлуулдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд шөнө унтсан үед анусын булчин суларна. Энэ үед уг хялгасан хорхой хошногоны сүвээр гарч, өндгөө цацна. Харин энэ өндгөнд загатнуулагч бодис агуулагддаг. Хүүхэд нойрондоо бөгсөө маажсанаар тухайн хүүхдийн хумсны завсар өндөгнүүд үлддэг. Өглөө хүүхэд хэрвээ гараа угаагаагүй, эсвэл дутуу угаасан тохиолдолд хоолтой хамт дахин гэдэс рүү орж, өндөгнөөс авгалдай, авгалдайнаас бие гүйцсэн шимэгч болж, өсч үрждэг. Мөн үүн дээр нэмж хэлэхэд хуруугаа хөхдөг, амандаа байнга гараа хийдэг, хумсаа мэрдэг хүүхдүүд Enterobius Vermicularis шимэгчийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй байдаг.
Халдварлах механизм
Шимэгч хорхойн өндөг амаар орон хоол боловсруулах замаар дамжиж, нарийн гэдсэнд ирээд өсч эхэлдэг. Цаашид бүдүүн гэдсэнд хүрэх хүртлээ амьдардаг. Эр цагаан хорхой нь долоон долоо хоног амьдрах чадвартай бол эм нь 4 -13 долоо хоног амьдарна. Эр, эм шимэгч хорхой нарийн гэдсэнд үржилд ормогц эр нь үхэж, өтгөнтэй хамт гадагшилдаг. Харин үр тогтсон эм хорхой анусанд ирж өндөглөдөг.
Оношлогоо, эмчилгээ
Цагаан хорхойн шинжилгээ өгөх . Хэд хэдэн удаа шинжилгээ өгөх нь тун чухал байдаг (2-4 удаа давтан) өгөх!
Учир нь өндөг хүний гэдсэнд орж авгалдайнаас нас бие гүйцэн өндгөө гадагшлуулж үржих хүртэл 1-2 сар болдог. Тиймээс ойр ойрхон 2-4 удаагийн шинжилгээнд хамрагдах нь оношийг үнэн зөв гарахад ач холбогдолтой.
Шинжилгээгээр илэрсэн бол заавал эмийн эмчилгээ хийлгэх . Гэрт чийгтэй цэвэрлэгээ, орны даавуу болон хөнжил, дотуур хувцасыг заавал индүүдэх хэрэгтэй шүү.
Эмийн эмчилгээнд шимэгч хорхой маш хурдан үхдэг боловч зөвхөн нас биенд хүрсэн хорхой нь устдаг. Өндөгнүүд нь амьд байсаар байдаг учраас хоёр долоо хоногийн дараа дахин эм уудаг. Өтгөнд шимэгчийн өндгийг илрүүлэх давтан шинжилгээнд ороод сөрөг хариу гарвал эдгэрсэнд тооцож болно.
Гэрийн нөхцөлд оношлох арга
Хүүхдийг унтсанаас хойш 2-3 цагийн дараа хошногоны амсар орчмыг шалгах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн унтаж, бие тайвшрахад хорхой гарч ирж, өндөглөх нь нэмэгддэг. Энэ үед амьд хорхой илрүүлэх боломжтой. Хялгасан хорхой нь бичгийн үдээсний хэмжээтэй, тахиралдсан, цайвар шаргал өнгөтэй байдаг. Мөн бие зассаны дараа өтгөний гадаргууг шалгаж болно. Хорхой ихээр халдварласан үед өтгөнд олонтаа илэрдэг. Үүнээс гадна бараан өнгийн дотуур хувцас өмсүүлээд, өглөө шалгавал цагаан өнгийн хорхойг олж харж болно. Үүний дараа эмчид хандан шинжилгээ хийлгэн эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй. Шимэгч хорхойн эмчилгээнд шимэгчийн эсрэг үйлчилгээтэй тусгай эм, бэлдмэлийг хэрэглэдэг. Илэрсэн шимэгчийн тодорхой төрлөөс хамааран эмийг сонгодог. Эмчилгээг гэрийн нөхцөлд хийнэ.