Мэдээлэл

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?

01/19/2018

PCR буюу Полимеразийн гинжин урвал (ПГУ)-ын шинжилгээ гэж юу вэ?

Амьд организм бүр дезоксирибонүклейн хүчил (ДНХ) болон рибонүклейн хүчил (РНХ) агуулдаг. Шинжлэгдэхүүнд байгаа эмгэг төрүүлэгч бичил биетний маш өчүүхэн хэмжээний ДНХ эсвэл РНХ-ийг өвөрмөц урвалж, ферментийн тусламжтайгаар олшруулан илрүүлдэг молекул биологийн өндөр мэдрэг шинжилгээний аргыг полимеразийн гинжин урвал (ПГУ) буюу англиар Polymerase Chain Reaction (PCR) гэж нэрлэдэг. ПГУ арга нь 20 дугаар зуунд биологийн шинжлэх ухаан, өвчний оношлогоо, сэргийлэлтэнд гарсан шинжлэх ухаан технологийн хамгийн чухал ололт бөгөөд халдварт өвчний лабораторийн оношлогоонд дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байгаа юм. Ялангуяа өсгөвөрлөх, наац бэлтгэх болон иммунологийн аргаар илэрдэггүй нян, вирусийн гаралтай халдварыг молекул биологийн шинжилгээний энэ аргаар илрүүлж оношлох боломжтой.

PCR/ПГУ шинжилгээний давуу тал

ПГУ-ын шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна шинжлэгдэхүүнд байгаа вирусийн тоог нарийвчлан тодорхойлсноор эмчилгээний үр дүнг хянах, эмийн бодисыг тухайн өвчтөнд тохируулан сонгож хэрэглэх боломжийг бий болгодог. Энэ шинжилгээ нь шинжлэгдэхүүнээс ДНХ, РНХ ялгах, нүклейн хүчлийг олшруулан илрүүлэх гэсэн хоёр үе шаттай хийгддэг, цаг хугацаа бага шаарддаг, мэдрэг өвөрмөц чанараараа одоо хэрэглэж байгаа аргуудаас хамгийн найдвартай нь юм. Нэг шинжлэгдэхүүнд олон төрлийн үүсгэгчийг нэгэн зэрэг илрүүлдэг учраас цаг хугацаа, өртөг, хөдөлмөр хэмнэдэг давуу талтай. Халдварын үүсгэгчийн талаар хамгийн үнэн, зөв мэдээллийг эмч, үйлчлүүлэгчдэд өгч чаддаг лабораторийн дэвшилтэт, өндөр технологи юм.

Сүүлийн жилүүдэд лабораторийн тоног төхөөрөмжийн хүчин чадал ихсэж байгаатай уялдан PCR шинжилгээнд ашиглагддаг төхөөрөмж цаг үеэ даган шинэчлэгдэж байна. Ингэхдээ мэдрэг чанар болон нарийвчлалийн үзүүлэлт сайн болохын зэрэгцээ цаг хугацааг хэмнэсэн төхөөрөмж гарч байна. Үүнээс гадна PCR-ийн давуу тал бол нэгэн зэрэг маш олон төрлийн эмгэг төрөгчийг илрүүлэх боломжтой.

PCR шинжилгээ нь ямарваа нэгэн халдварын үүсгэгчийг найдвартай гаргадаг ба энэ нь эмчилгээг сонгож дүгнэхэд чухал ач холбогдолтой. Мэдрэг чанар нь тус шинжилгээний хамгийн гол давуу тал юм.

Полимераз гинжин урвалын (ПГУ) арга нь:

  • Биологийн материалаас үүсгэгчийн өчүүхэн хэсгийг илрүүлэх чадамжтай
  • Өндөр өвөрмөц чанар (тухайн үүсгэгчид л байх ДНХ-н фрагментийг илрүүлдэг)
  • Өндөр мэдрэг чанар (нян, вирусийн ганц эсийг ч илрүүлж чадна)
  • Өсгөвөрлөхөд төвөгтэй, өсгөвөрлөх боломжгүй нянгийн халдварыг илрүүлэх
  • Нянгийн нууц халдварыг илрүүлэх
  • Нэг био-сорьцонд хэд хэдэн үүсгэгчийг илрүүлэх
  • Антигенээ өөрчлөмтхий нян болон эс доторх паразитыг илрүүлэх зэрэг давуу талуудтай, хамгийн орчин үеийн, өндөр нарийвчлалтай арга юм.

“Оношмед” эмнэлзүйн лаборатори нь ПГУ/PCR шинжилгээндээ Япон, Өмнөд Солонгос болон Хонг Конг-д үйлдвэрлэсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжүүдийг ашиглан халдварт өвчний оношилгоог хийж байна. Цус, шээс, умайн хүзүү, үтрээ, шээсний сувгийн арчдас зэрэг сорьцноос бэлгийн замын үрэвсэлт өвчин үүсгэгч 16 төрлийн нян, вирусийн ДНХ/РНХ илрүүлэх шинжилгээг GeneFlow STD Array Test Kit-Hybridization Kit (DiagCor, Hong Kong) оношлуураар “Ft-Pro” эрлийзжүүлгийн багаж ашиглан тогтмол хийж байна.

Энэ шинжилгээгээр дараах үүсгэгчдийг илрүүлж байна. Үүнд:

  1. Chlamydia trachomatis (CT) – Хламиди
  2. Neisseria gonorrhoeae (NG) – Заг хүйтэн үүсгэгч
  3. Mycoplasma genitalium (MG) – Микоплазм генаталиум
  4. Ureaplasma urealyticum (UU) – Уреаплазм уреалитикум
  5. Ureaplasma parvum (UP) – Уреаплазм парвум
  6. Trichomonas vaginalis (TV) – Трихомониаз вагиналис
  7. Mycoplasma hominis (MH) – Микоплазм хоминис
  8. HPV type 6, 11 – Хүний хөхөнцөр вирус 6,11
  9. Herpes simplex virus type 1, 2 – Энгийн херпес вирус 1,2
  10. HPV 16, 18 – Хүний хөхөнцөр вирус 16, 18
  11. HR 1(31,33,45,52,58) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 1 бүлэг
  12. HR 2 (53,59,66,68) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 2 бүлэг
  13. HR 3 (35,39,51,56) – Хүний хөхөнцөр вирус өндөр эрсдэлт 3 бүлэг

Нэг сорьцноос олон үүсгэгчдийг нэгэн зэрэг богино хугацаанд илрүүлж байгаа энэ шинжилгээний мэдрэг чанар болон нарийвчлал нь 100 хувь юм. Уреаплазм, Микоплазм, Хламиди, Хүний хөхөнцөр вирусийн халдвар нь бэлгийн замын халдварын ямар нэгэн зовиургүйгээр явагдах тохиолдол багагүй байдаг.

“Оношмед” эмнэлзүйн лаборатори нь умайн хүзүүний хорт хавдар, ургацаг үүсгэдэг хүний хөхөнцөр вирусийн урьдчилан сэргийлэх цогц шинжилгээг хийж байна.

HPV (6,11, 16, 18, 26, 31, 33, 35, 39, 40, 42, 43, 44, 45, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 61, 66, 68, 70, 71, 72, 73, 81, 82, 84 ) хэв шинжүүдийг умайн хүзүүний арчдаснаас илрүүлж байна.

Шинжилгээнд бэлтгэх заавар:

  1. 2 – 3 хоног бэлгийн хавьталд ороогүй байх.
  2. Сарын тэмдэг ирээгүй байх.
  3. Үтрээний лаа болон угаалга хийгээгүй байх.
  4. Эрэгтэйчүүд шинжилгээ өгөхөөс өмнө 2 – 3 цаг шээгээгүй байх.
  5. Сүүлийн 10-14 хоног антибиотик эмчилгээ хийлгээгүй байх.