Нойр булчирхайн өвчнүүдийн лабораторийн сорилууд
Нойр булчирхайн өвчний оношлогоонд цусанд амилаза, липаза, панкрес амилаза, сахар, кальци, CRP, CA-19-9, CEA-г тодорхойлно. Эдгээр шинжилгээний хариу юуг илэрхийлдэг талаар дараах мэдээллийг сонирхоно уу.
- Ийлдсийн амилаза
Нойр булчирхай ба шүлсний гэсэн 2 изомертэй. Нойр булчирхайн бус гаралтай нь бүгд шүлсний булчирхайтай холбоотой. Бөөрний дутагдлын үед хоёул ихэсч болно.
Ихсэлт
а. Нойр булчирхайн хурц үрэвсэл.
- Ихсэлт нь 3-6 цагийн дараа эхэлж, 20-30 цагийн дараа оргил хэмжээнд хүрэх ба 48-72 цаг үргэлжилнэ.
- Хэвийн хэмжээнээс 40 дахин ихэсч болно. Шээсэнд ийлдсийн түвшингээс 6-10 цаг хоцорч тодорхойлогдоно.
б. Нойр булчирхайн архаг үрэвсэл хурцдах
в. Нойр булчирхайн цорго бөглөрөх:
- Чулуу болон хавдар
- Эмийн үйлчлэлээр сфинктер нарийсах (опиатууд, кодейн, метил холин, хлортиазид) үед хэвийн хэмжээнээс 2-15 дахин
- Хэсэгчилсэн бөглөрөл ба эмийн үйлчлэл (холецистокинин- секретин тест)
г. Цөсний замын эмгэгүүд:
- Цөсний ерөнхий цоргын бөглөрөл
- Цөсний хүүдийн хурц үрэвсэл
д. Нойр булчирхайн үрэвслийн хүндрэлүүд (хуурамч уйланхай, асцит, буглаа)
е. Нойр булчирхайн гэмтэл (хэвлийн гэмтлүүд, түүний улмаас ретроград холеангиопанкреатографи хийлгэх)
ё. Ходоод гэдэсний нэвчимхий чанар өөрчлөгдөх
- Гэдэсний ишеми ба цооролт
- Улаан хоолой хагарах
- Ходоодны шарх цоорох ба пенетраци болох
- Хэвлийн дээд хэсгийн хагалгаа, ялангуяа ходоод хэсэгчлэн тайрсны дараа (өвчтөний 1/3-д хэвийн хэмжээнээс 2 дахин хүртэл ихэсдэг)
ж. Архи хэт их уух буюу архинд хордох
з. Шүлсний булчирхайн өвчнүүд (гахайн хавдар, идээт үрэвсэл, цорго чулуугаар бөглөрөх, радиаци)
и. Хорт хавдрууд (ялангуяа уушиг, өндгөвч, нойр булчирхай, өндгөвч, түүнчлэн хөх болон бүдүүн гэдэс) хэвийн хэмжээнээс 25 дахин ба түүнээс их нэмэгддэг, харин нойр булчирхайн үрэвслийн үед ийм хэмжээнд хүрэх нь ховор.
к. Бөөрний дутал гүнзгийрсэн үе, нойр булчирхайн үрэвсэлгүй ч ихэсдэг.
Багасалт
Нойр булчирхайн тархмал деструкц (хурц фулминант панкреатит, хүндэрсэн архаг панкреатит ба уйланхайт фиброз). Фулминант панкреатитын цөөн тохиолдолд л амилазийн багасалт клиник ач холбогдолтой.
Элэгний хүнд гэмтлүүд (гепатит, хордолтууд, жирэмсний хордлого, бамбайн хүнд хордлого, хүнд түлэгдэл гэх мэт)
Дараах үед хэвийн байж болно:
- Нойр булчирхайн архаг үрэвслийн эдгэрлийн үе
- Гипертриглицеридеми (техникийн шалтгаант өөрчлөлт)
- Архины шалтгаант нойр булчирхайн хурц үрэвсэл
- Ийлдсийн липаза
Түүдгэнцрээр шүүгдэж, проксимал сувганцраар эргэн шимэгддэг гликопротейн эсгэг. (оношлуур нь заавал колипаза агуулсан байна)
Ихсэлт:
а. Нойр булчирхайн хурц үрэвсэл
б. Ходоодны шарх цоорох буюу хажуу эрхтэнд нэвчих (ялангуяа нойр булчирхайд)
в. Нойр булчирхайн цорго бөглөрөх:
- Чулуу
- Оддын сфинктер эмийн үйлчлэлээр агших (опиатууд, кодейн, морфин, метил холин, хлортиазид) хэвийн хэмжээнээс 2-15 дахин
- Хэсэгчилсэн бөглөрөл ба эмийн стимуляци
г. Нойр булчирхайн архаг үрэвсэл
д. Цөсний хурц үрэвсэл
е. Нарийн гэдэсний түгжрэл
ё. Нарийн гэдэсний шигдээс
ж. Бөөрний хурц ба архаг дутагдал (өвчтний 80%-д 2-3 дахин, 5%-д 5 дахин ихэсдэг)
з. Эрхтэн шилжүүлэн суулгасан (бөөр, элэг, зүрх), түүний хүндрэл (эрхтэн эсэргүүцэх, цитомегаловирусын халдвар, циклоспорины хордлого)
и. Архидалт
к. Чихрийн шижингийн кетохүчилшил
л. Ретроград холеангиопанкреатографи хийлгэсний дараа
м. Шалтгаан тодорхойгүй гавлын дотор цус алдах
н. Лимфомын макро хэлбэр, элэгний хатуурал
о. Эмийн нөлөө:
- Хурц панкреатит
- Цөс зогсонгишил (индометацин)
- Аргачлалын интерференс (панкреозимин-липаза агуулдаг, диоксихолат, гликохолат, таурохолат-эсгэг идэвхгүйжихийг хориглодог, билирубин-турбидиметрийн сорил)
ө. Элэгний архаг өвчин (хатуурал- хэвийн хэмжээнээс 2 дахин хүртэл)
Хэвийн:
- Гахайн хавдар
- Макроамилаземи
- Нярайд бага байдаг.
- Ийлдсийн глюкоз
Чихрийн шижин өвчний оношлогоо.
ДЭМБ-с өлөн үеийн ийлдсэн дэх глюкоз 126 мг/дл буюу ямар ч тохиолдолд 200 мг/дл-с их бол чихрийн шижин гэж үзнэ гэж тодорхойлжээ.
Чихрийн шижингийн хяналт
Гипогликемийн оношлогоо
Ихсэлт:
а. Чихрийн шижин
- Гемохроматоз
- Кушинг хам шинж (инсулинд тэсвэрт шижин)
- Акромегали ба гигантизм (инсулин тэсвэрт шижингийн эрт үе, гипопитуитаризмын хожуу үе)
б. Цусанд эргэлдэх эпинефрины хэмжээ ихсэх
- Адреналин тариулах
- Феохромoцитома
- Стресс
в. Хурц панкреатит
г. Архаг панкреатит
д. Верникийн энцефалопати (вит В1 дутагдал)
е. ТМС-ийн зарим эмгэг (субарахнойд цус харвалт, тархи доргих)
ё. Зарим эмийн үйлчлэл (кортикостеройд, эстроген, алкогол, фенотойн, тиазид, пропроналол, архаг гипервитаминоз А)
Багасалт:
а. Нойр булчирхайн өвчнүүд
- Арлын эсийн хавдар, гиперплази
- Нойр булчирхайн үрэвсэл
- Глюкагоны дутагдал
б. Нойр булчирхайн бус хавдрууд
- Бөөрний дээд булчирхайн карцинома
- Ходоодны карцинома
- Фибросаркома
- Бусад
в. Элэгний өвчнүүд
- Өвчин даамжрах, хүндрэх (хордолт, гепатит, цирроз, анхдагч ба үсэрхийлсэн хавдрууд)
г. Дотоод шүүрлийн эрхтний эмгэгүүд
- Гипопитуйтаризм
- Аддисоны өвчин
- Гипотиройдизм
- БДБ-н тархилаг хэсгийн үл мэдрэгшил
- Чихрийн шижингийн эрт үе
д. Үйлдлийн шалтгаант хямралууд
- Постгастроэктоми
- Астроэнтеростоми
- Мэдрэлийн автономи системийн хямралууд
е. Хүүхдийн зарим эмгэг
- Дутуу төрөлт
- Чихрийн шижинтэй эхээс төрсөн нярай
- Кетозын гипогликеми
- Зеттерстромын хам шинж
- Шалтгаан тодорхойгүй лейцинд мэдрэг байдал
- Нярайн аяндаа үүсэх гипогликеми
ё. Эсгэгийн өвчнүүд:
- Von Gierke өвчин
- Галактоземи
- Фруктозын интолерант байдал
- Амин болон органик хүчлийн дефектүүд (Метилмалоник ацидеми, Глютар ацидеми, 3-гидрокси, 3-метил глютар ацидеми)
- Өөхний хүчлийн бодисын солилцооны эмгэгүүд (Acyl CoA Dehydrogenase defects, Карнитины дутагдал, бусад)
- Экзоген инсулин
- Гипогликеми үүсгэдэг уух эмүүд
- Лейцинд мэдрэг байдал
- Хоол тэжээлийн дутагдал
- Гипоталамусын эмгэгүүд
- Алкоголизм
Тайлбар:
Цусны сорьцоос ийлдсийг салгаагүй тохиолдолд тасалгааны температурт глюкозын хэмжээ цагт 3-5%-р буурна.
Чихрийн ихэнх туузан сорилуудыг захын цусны сорьцонд үздэг бол лабораториуд сийвэн болон ийлдсэнд чихрийг хэмждэг бөгөөд энэ нь эхнийхээс 10-15%-р өндөр байдаг.
Глюкометр нэг үйлдвэрлэгчийнх байлаа ч хэмжилтийн хариу зөрөх нь бий.
Зарим глюкометрт зөвхөн хялгасан судасны шинэ цус шаардлагатай байдаг, хүчилтөрөгчийн бага агууламжтай бол (вены цус, далайн түвшнээс өндөрт гэх мэт) хуурамчаар өндөр заадаг.
Ихэнх тохиолдолд хялгасан судасны цусан дах хэмжээ 160 мг/дл нь вены сийвэн дэх хэмжээтэй (135 мг/дл) дүйнэ.
Нойр булчирхайн өвчнүүд
- Нойр булчирхайн хурц үрэвсэл:
Ийлдсийн липаза
- 3-6 цагийн дотор ихэсч 24 цаг гэхэд оргил хэмжээндээ хүрэх ба 8-14 хоногийн дараа хэвийн хэмжээнд очно. Амилазаас илүү мэдрэг. Маш өндөр хэмжээнд хүрч ихсэж, амилаза бууснаас 14 хоногийн дараа багасах нь бий.
- Липаза хэвийн хэмжээнээс 5 дахин түүнээс ихсэх нь нойр булчирхайн үрэвслийн гол шинж мөн (өвөрмөц чанар нь 85%).
Амилаза үзсэн эсэхээс үл хамааран липазаг заавал шинжлэх шаардлагатай
- Шээсэнд липаза үзэх нь ач холбогдолгүй.
- Липаза-амилазын харьцаа 3-с их байх (ялангуяа >5) нь архины гаралтай нойр булчирхайн үрэвслийг илүүтэй заана.
Ийлдсийн амилаза
- Өвчтөний 75%-д 3-6 цаг гэхэд ийлдсэн дэх амилазагийн хэмжээ өндөрсөөд, 20-30 цагийн дараа оргил хэмжээнд хүрнэ. Эхний 12-24 цагт мэдрэг чанар нь 95% байх ба амилаза хэвийн хэмжээнээс 40 дахин хүртэл нэмэгдэнэ. Гэхдээ ихсэлт болон бууралтын эрчим нь өвчний хүнд хөнгөн, тавилан, эдгэрлийг заахгүй.
- Нойр булчирхайн хүрц үрэвсэлтэй өвчтөнд амилаза 3 дахин илүү ихсэх нь оношлогооны чухал үзүүлэлт болдог.
- Харин 7-10 хоногоос удаан хугацаагаар өндөр байх нь нойр булчирхайн хавдар, хуурамч уйланхай, нойр булчирхайн үрэвслийн гаралтай асцит эсвэл нойр булчирхайн бус шалтгаантай байж болно.
Хурц панкреатиттай өвчтний 19%-д (ялангуяа өвчин эхэлснээс 2-с дээш хоногийн дараа) шинжилгээний үзүүлэлт хэвийн байна. (ялангуяа архины шалтгаантай болон ужиг явцтай бол)
- Нойр булчирхайн архаг үрэвсэл, гипертриглицеридемийн үед үзүүлэлт хэвийн байж болно.
- Архины хурц үрэвслийн үед хэвийн байх нь бий.
- Архины хурц хордолттой өвчтний 10-40%-д ийлдсийн амилаза хэвийн хэмжээнээс 3 дахин хүртэл ихсэж, хэвлийн өвдөлт дагалдана. 25 дахин илүү ихсэх нь панкреатит гэхээс үсэрхийлсэн хавдрын шинж болно.
Ийлдсэн дэх изоамилазаг хэмжиж шүлсний амилазын ихсэлтийг дүгнэнэ. Энэ нь нийт ихсэлтийн 25%-г эзлэдэг. Эрүүл хүнд ийлдсийн нийт амилазын 40% нь нойр булчирхайн, 60% нь шүлсний хэлбэр байдаг. Ийлдсийн амилаза болон липаза бага зэрэг ихсэх нь панкретитаас өөр өвчин сэжиглэх шинж юм. Эмийн олон бодисууд ийлдсэн дэх амилаза ба липазын хэмжээг ихэсгэдэг. Хүнд хэлбэрийн үед ийлдсийн кальци 1-9 дэх хоногт буурна, гэхдээ амилаза-липаза хэвийн хэмжээнд очсоны дараа. Таталт өгч болно. Ийлдсийн кальци өндөр, эсвэл хурц панкреатитын гиперамилаземи буурахгүй бол гиперпаратиройдизмыг үгүйсгэнэ. Шээсэнд амилаза ихсэх нь ийлдсийн түвшингээс 6-10 цагаар хоцрох ба зарим тохиолдолд шээсэн дэх хэмжээ ийлдсийнхээс өндөр, удаан үргэлжлэх нь бий. Шээсний 1 цагийн сорьцонд өндөр атлаа 24 цагийн шээсэнд хэвийн байж болно. Иймээс шээсний цагийн сорьц оношийн ач холбогдолтой.
Бусад үзүүлэлт
- Амилазын ба креатинины клиренсын харьцаа ихэснэ (>5%). Хүнд түлэгдэл, чихрийн шижингийн кетохүчилшил, бөөрний архаг дутагдал, малтипл миелома, дээд гэдэс цоорох, бөөрний сувгийн эргэн шимэгдэл буурдаг аливаа эмгэгийн үед уг харьцаа ихэснэ.
- Цөсний замаас гаралтай нойр булчирхайн үрэвслийн үед ийлдсийн билирубин ихэснэ, харин архины шалтгаантай бол үгүй. Үүнтэй зэрэгцэн ийлдсийн АСТ, АЛТ, ШФ ихсэх ч амилаза, липаза, кальцийн түвшинд хүрэхгүй. Амилазын ихсэлт 2000 нэгж/л-с их бол цөсний эмгэгийг заана. 24 цагт ийлдсийн билирубин, АСТ, АЛТ, ШФ-н хэмжээ 50%-р хэлбэлзэх нь цөс бөглөрлийг харуулна.
- Ийлдсийн трипсин ихэснэ. Өндөр мэдрэг үзүүлэлт учраас хэвийн хэмжээнд байх нь хурц панкреатитыг үгүйсгэнэ. Харин өвөрмөц чанар хангалтгүй.(элэг-цөс, гэдэсний болон бусад эрхтний эмгэгтэй өвчтнүүдэд, бөөрний дутагдлын үед ихэсдэг ба нойр булчирхайн архаг үрэвсэлтэй өвчтөний 13%, нойр булчирхайн хавдартай бол 50%-д өндөр заадаг).
- Ийлдсийн С урвалжийн уураг (CRP) 3 дахь хоногт оргил хэмжээнд хүрэх ба 48 дахь цагт мэдрэг чанар нь 65% -100%.
Нойр булчирхайн архаг үрэвсэл
Лабораторийн шинжилгээнд ерөнхийдөө өөрчлөлтгүй. Ийлдсийн амилаза, липаза үл ялиг ихэсдэг. Харин хэвийн хэмжээнээсээ хэд дахин ихсэх нь зөвхөн хурц үрэвслийн үед ажиглагдана. Архаг үрэвслийн төгсгөлийн шатанд нойр булчирхайн паранхиме эд хатингаршдаг учир түүнээс ялгарах ферментүүд (ийлдсийн амилаза, липаза) лабораторийн шинжилгээнд хэвийн гэсэн үр дүн гардаг. Энэ нь холбогч эдээр солигдсон нойр булчирхайн шүүрлийн концентраци нь цусанд эрс буурсантай холбоотой.
Нойр булчирхайн хавдар
Их бие ба сүүл
Лабораторийн сорил ихэвчлэн хэвийн. Хавдрын маркер СА-19-9, СЕА
- Нойр булчирхайн хавдрын үед СА-19-9-н мэдрэг чанар 70%, өвөрмөц чанар нь 87%, эерэг таамаглах үнэлэмж-59%, сөрөг нь 92% байдаг. Мэдрэг чанарын хувьд анхдагч голомт болон үсэрхийллийн ялгаа илрэхгүй. Эрт үед ихэвчлэн хэвийн байдаг тул скринингийн зорилгоор хэрэглэхгүй. Ихэссэн бол эмгэгийн хортой ба хоргүйг ялгахад тустай. Хавдар бүрэн авагдсаны дараа 3-6 сарын дотор хэвийн болдог учир хяналт болон тавиланг тодорхойлоход ач холбогдолтой. Эмнэлзүйн шинж илрэхээс өмнө 2-20 долоо хоногийн өмнө хавдрыг илрүүлнэ.
- Нойр булчирхайн хувьд өвөрмөц бус, ходоод гэдэсний замын хавдар, ялангуяа бүдүүн гэдэс, цөсний цорго өртсөн бол өндөр зааж болно.
- Нойр булчирхайн хавдартай эрчүүдийн 70%-д тестеостерон: дигидротестостероны харьцаа 5-с бага (хэвийн хэмжээ ~ 10).Мэдрэг чанар бага ч СА-19-9-г бодвол илүү өвөрмөц бөгөөд хавдрын I үе шатны үед өндөр тодорхойлогддог.
- Оношлогооны гол сорил нь хэт авиа ба СТ, ретроград холангиопанкреатографи бөгөөд энэ үед эс, эдийн болон нойр булчирхайн үйл ажиллагааны шинжилгээг авдаг. Оношлогооны эдгээр аргыг хавсруулах нь тохиолдлын 90-с дээш хувьд зөв онош тавих буюу нойр булчирхайн хавдрыг үгүйсгэдэг.
- Эсийн шинжилгээний мэдрэг чанар нь 25%, өвөрмөц чанар нь 100%.
Толгой
- Нойр булчирхайн толгой хэсэг нь цөсний ерөнхий цоргоны ойролцоо байдаг учраас хавдрын үед цөсний ерөнхий цорго дарагдаж бөглөрлийн шинж илэрнэ.
- Цөсний ерөнхий цорго бүрэн бөглөрлийн лабораторийн шинжүүд:
- Ийлдсийн билирубин 12-25 мг/дл хүртэл өндөрсөх ба шууд фракц нь давамгайлна, бараг хэлбэлзэхгүй, тогтвортой өндөр байдаг.
- Шүлтлэг фосфатаза ихэснэ.
- Шээс болон өтгөнд уробилиноген тодорхойлогдохгүй.
- Протромбины хугацаа уртсах ба витамин К эмчилгээний дараа хэвийн болно.
- Ийлдсийн холестерол 300 мг/дл-с илүү өндөрсөх ба эфир буурахгүй.