Эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулав.
Микоплазма нь умайн үрэвсэл үүсгэдэггүй ч M. hominis, U. urealyticum хоёулаа шээс бэлгийн замын халдвар, нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсгэдэг. Бэлгийн харилцаа идэвхтэй хүнд шинж тэмдэггүй байдлаар тохиолдох учир өсгөвөрлөх аргаар тодорхойлоход төвөгтэй байдаг. Оппортунист эмгэг төрүүлэгчид бөгөөд дархлаа сулрах үед ихсэн, цаашлаад хүнд өвчлөл үүсгэх чадвартай. Мөн бэлгийн харилцаа идэвхтэй хүмүүс олон хамтрагчтай байх тусам колони үүсгэх түвшин нь их гэсэн судалгаа байдаг. Нярайд төрөлтийн үед колони үүсгэх чадваргүй.
Mycoplasma hominis эрүүл насанд хүрэгчдийн дотор ойролцоогоор 50%-д доод шээс бэлгийн замд байдаг. Дээд шээс бэлгийн зам руу халдварлан сальпингит, пиелонефрит, аарцагны үрэвсэлт өвчин, төрөлтийн дараа халууралт үүсгэх эрсдэлтэй.
Mycoplasma genitalium нь анх 1980 онд ялган авсан. Заг хүйтний бус уретрит, умайн хүзүүний үрэвсэл /cervicitis/, эндометриоз, аарцагны үрэвсэлт өвчинтэй холбогддог. Үр дамжуулах сувгийн шалтгаант үргүйдэл /tubal infertility/ -ийн шалтгаантай холбогдох тохиолдол байдаг. Тархах шалтгаан нь тодорхойгүй, гэхдээ ходоод гэдэсний замаас шээс бэлгийн зам эсвэл амьсгалын зам руу шилждэг байх магадлалтай. ПГУ шинжилгээгээр цочмог заг хүйтний бус уретриттэй эрэгтэйд уретритгүйгээс их тохиолддог байна. Илрүүлэхэд зөвхөн ПГУ ашигладаг.
Сорьц авалт, зөөвөрлөлт
Микоплазмыг өсгөвөрлөхөд цус, шүлс, нугасны шингэн, үеийн шингэн /synovial fluid/, аммоний шингэн, шээс зэрэг биеийн шингэн, идээт үрэвсэл, хамар хоолой, умайн хүзүү, үтрээний арчдас авч шинжилдэг. Эдийн өсгөвөр мөн ашигладаг. Эсийн ханагүй учир бүх микоплазма нь хуурай нөхцөлд, дулаанд маш мэдрэг.
Өсгөвөрлөх тохиолдолд: сорьц авсан даруй тарилга хийх нь хамгийн зүйтэй. Хэрэв боломжгүй бол SP4 зэрэг зөөвөрлөх орчинд хийн лабораторт аваачина. Хөвөн арчдас, модон иштэй арчдас дарангуйлах нөлөөтэй тул хэрэглэхгүй. Хөнгөн цагаан эсвэл хуванцар иштэй, Дакрон, кальцийн альгинат арчдасыг ашигладаг. Зөөвөрлөх орчинд хийхдээ арчдасыг зайлуулна. Лабораторт ирээд 24 цагийн дараа тарихгүй нөхцөлд -70оС -т хөлдөөнө.