Мэдээлэл

preview

Элэгний сорвижил нь цочмог болон архаг элэгний гэмтлийн хариу урвал болсон шарх эдгэрэлтийн процесс юм. Арьсан дээр үүссэн шарх эдгэхдээ сорвиждогийн адилаар элэгний цочмог болон архаг гэмтэл нь элэгний сорвижилд хүргэдэг. Элэгний сорвижил болон хатуурал нь дэлхийн хүн амын үхлийн шалтгааны нэлээдгүй хувийг эзлэх бөгөөд монгол орны хувьд элэгний хатуурал болон элэгний эсийн хавдраас үүсэлтэй нас баралт нь хүндхэн асуудлуудын нэг болчихоод байгааг бид сайн мэднэ.


Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд (элэгний В, C, D вирусийн халдвар, архагшилт), архины бус шалтгаант элэгний өөхлөлт, архины бус шалтгаант элэгний өөхлөлт үрэвсэл, архины шалтгаант элэгний үрэвсэл, аутоиммун элэгний өвчин нь элэгний сорвижилтийн үндсэн шалтгаанд ордог. 


Элэгний фиброз (сорвижил)

Элэгний фиброз буюу элэгний эдийн гэмтлийн зэргийг тодорхойлох нь эмчилгээг шийдэх, эмчилгээний үр дүнг хянах, цаашид үүсэх хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой шинжилгээ юм.


Элэгний фиброз нь F0 (эрүүл)-ээс F4 (элэгний хатуурал) хүртэл зэрэгтэй байх ба F1, F2 буюу хөнгөн, дунд фиброзын зэрэгт нь зохих эмчилгээг хийвэл элэгний эд эргэн эрүүл болдог. Харин даамжиран F3 зэрэгт хүрвэл элэгний эд эргэшгүй өөрчлөлтөнд орж, цаашлаад F4 зэрэг буюу элэгний циррозд хүргэдэг. 

Одоохондоо элэгний хатуурлын цорын ганц эмчилгээ нь элэг шилжүүлэн суулгах учраас бид элэгний сорвижилтын үе шатанд нь аль болох удаан барих, сорвижилтын үндсэн шалтгааныг арилгах, сорвижилтыг эргүүлэх эмчилгээний бодлого баримталж ажиллах хэрэгтэй. Элэгний биопси нь элэгний хатуурал, сорвижилтын зэргийг үнэлэх алтан стандарт юм. Хэдийгээр оношлогооны мэдээлэл сайн боловч энэ нь инвазив арга бөгөөд хаанаас эдээ авснаас хамааран шинжилгээний хариу янз бүрээр гардаг. Иймд өвчтөнд зовиургүйгээр элэгний сорвижил, хатуурлын зэргийг тогтоож чадах оношилгооны арга болон цусны биомаркер тест юм.


M2BPGi элэгний фиброзын оношлогооны шинэ аргачлал

Элэгний фиброзын зэргийг тогтоох цусны биомаркерын хэд хэдэн төрлийн шинжилгээ хэрэглэгдэж байгаагаас хамгийн оновчтой нь M2BPGi болж байна. Уг шинжилгээ нь Лектин ашиглан фиброзын түвшинтэй харилцан хамаарал сайтай сахарын гинж нь өөрчлөгдсөн Мак-2 холбоот уураг гликолизаци изомер (M2BPGi)-г онилон Химилюминесценц Энзим Иммуны аргаар M2BPGi-н хэмжээг илэрхийлэх гэрэлтэлтийн хүчийг хэмждэг шинжилгээ юм. M2BPGi нь эрүүл хүнд бага, фиброзын түвшин нэмэгдэхийн хэрээр хэмжээ ихэсдэг байна.

Цусанд илрэх M2BPGi-н хэмжээ нь фиброзын түвшинтэй хамааралтай ихэссэн байдгийг баталсан олон судалгаа байдаг. Тэдгээрийн нэг болох эмнэлзүйн дүгнэлт хийхэд ашиглаж болох судалгааг танилцуулъя. С вирусийн шалтгаантай элэгний өвчтэй лапароскопийн тусламжтайгаар авсан элэгний биопсийн шинжилгээгээр фиброзыг тогтоож, тэдгээр хүмүүст M2BPGi-н хэмжээ ямар байсныг тодорхойлсон судалгаанаас харахад M2BPGi-н хэмжээ ≤1 тохиолдлын ердөө 6% нь даамжирсан фиброз эсвэл хатууралтай, ихэнх нь эрүүл эсвэл хөнгөн фиброзтой байсан. Харин эсрэгээрээ M2BPGi-н хэмжээ 4≤ тохиолдолд 80%-иас илүү нь даамжирсан фиброз эсвэл хатууралтай байсан. (Yamasaki K. et al.evaluated serum level…Hepatology. 2014).


M2BPGi шинжилгээг хэн өгөх шаардлагатай вэ?

Элэгний архаг үрэвсэлт өвчнүүд (элэгний В, C, D вирусын халдвар, архагшилт), архины бус шалтгаант элэгний өөхлөлт, архины бус шалтгаант элэгний өөхлөлт үрэвсэл, архины шалтгаант элэгний үрэвсэл, аутоиммун элэгний өвчтэй, цөсний шалтгаантай элэгний эмгэгтэй хүмүүс уг шинжилгээг өгч элэгний гэмтлийн зэргээ мэдэх шаардлагатай.


Фиброскан (FibroScan) шинжилгээ

Сүүлийн үед Фиброскан (FibroScan) оношлогоог элэгний сорвижил, хатуурлын зэргийг тогтоох инвазив бус арга болгон өргөн хэрэглэж байна. Гэвч Фиброскан (FibroScan) нь хавирга хоорондын зай багатай болон илүүдэл жин, таргалалттай хүмүүст оношлогоо хийхэд хүндрэлтэй, мөн элэгний үрэвсэл явагдаж байгаа өвчтөнд элэгний хатуурал, элэгний үрэвсэл, хавагналтыг ялгаж таних боломжгүй, дадлага туршлагатай эмч харах шаардлагатай, өртөг өндөр зэрэг сул талтай. Тиймээс цусанд илрүүлэх фиброзын биомаркер M2BPGi-г фиброскантай хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй.