
Haemophilus ducreyi
Гемофиллус дюкрей (Haemophilus Ducreyi) бактери нь бэлгийн замаар дамжин халдварладаг бөгөөд зөөлөн яр (бэлгийн шархлаа, шанкройд, бэлэгсийн 3 дахь өвчин)-г үүсгэдэг. Энэхүү халдварын үед бэлэг эрхтэн дээр олон тооны өвчин эмзэглэлтэй шарх гарч, тунгалгийн зангилаа үрэвсэх шинж бүхий цочмог явцтай бэлгийн замаар дамжин халдварладаг өвчин юм.
Зөөлөн яр өвчний нууц үе ихэвчлэн 4-7 хоног байдаг боловч ховор тохиолдолд 3 хүртэл хоног болон богиносох болон 10-с дээш хоног хүртэл уртсаж болно. Урьдал шинж тэмдэг илэрдэггүй. Халдвар авсны дараа эхний хоногт үүсгэгч нэвтрэн орсон газарт тод улаан өнгөтэй, захруугаа тэлж томрох хандлагатай толбо үүснэ. Дараагийн өдрүүдэд төвөөсөө идээт цэврүү үүсч эхлэн халдвар авснаас 3-4 хоногийн дараа идээт цэврүү хагарч маш их өвчин эмзэглэлтэй шарх үүснэ.
Зөөлөн ярын шарх ихэвчлэн бэлэг эрхтэн дээр байрлан эрэгтэйчүүдэд шамрангийн арьсны дотор, эмэгтэйчүүдэд бэлгийн их, бага уруул, хэлүү, ховор тохиолдолд умдаг, гуяны дотор тал, хошногоны амсрын эргэн тойронд гарч болно. Мөн амны хөндийд зөөлөн яр гарсан тохиолдлын талаар бичигдсэн байдаг.
Лабораторит бичил харуураар /микроскоп/ харах, өсгөвөрлөх, иммуноферментийн арга болон полимеразын гинжин урвал (PCR болон RT-PCR) -аар оношилж болно.
Зөөлөн яр өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд БЗДХ-с урьдчилан сэргийлэх ерөнхий зарчмыг баримтална. Эмчилгээ дууссаны дараа 8-12 сарын турш сар бүр эмнэлзүйн-ийлдэс судлалын хяналт хийх хэрэгтэй.