Мэдээлэл

Түгээмэл илэрдэг хоол боловсруулах замын эмгэгүүд

07/24/2024
preview

Олон хоног үргэлжилсэн баярын өдрүүдийн дараа хоол боловсруулах замын эмгэг, хүндрэлүүд элбэг тохиолддог. Гэдэс дүүрэх, цанхайх, цээж хорсох, өтгөх хатах, гүйлгэх зэрэг шинж тэмдгүүд нь хоол боловсруулах замд ямар нэг асуудал байгааг илтгэнэ. Баяр наадмаар бидний иддэг уламжлалт хоол болох хуушуур, хорхог, боодог зэргийг хэтрүүлж хэрэглэх нь хоолны шингэц муудах, дээрх шинж тэмдгүүд илрэх шалтгаан болдог. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдэх, ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Хоол боловсруулах систем хэрхэн ажилладаг вэ?

Хэдийгээр бидний идсэн хоол хүнс зөвхөн ходоод гэдсэнд боловсордог мэт боловч энэ нь олон эрхтнийг хамарсан, өргөн хүрээний үйл явц юм. Нийтэд нь хоол боловсруулах зам гэж нэрлэдэг.

Хоолыг зажлах үед шүлс ялгарч, задалснаар хоол боловсруулах үйл явц бидний аманд эхэлдэг. Зажилсан хоолыг залгихад улаан хойлоогоор дамжин ходоод руу орно. Улаан хоолойн булчин хоолыг ходоод руу шахаж оруулдаг. Хоол хүнс ходоодны хүчлийн тусламжтай задарч, цааш нарийн гэдэс рүү нэвтэрнэ. Тэндээ нойр булчирхай, цөсний хүүдийгээс ялгардаг шүүстэй холилдож, дахин задарч, шим тэжээлүүдийг нийлэгжүүлнэ. Үүний дараа бүдүүн гэдэс рүү шилжиж, тэндээ ус болон электролитүүд аажим шимэгдэж, өтгөн ялгадас үүсч анусаар дамжин гадагшилна.

1.    Гэдэс дүүрэх, унгуулах

Гэдэс дүүрч унгуулах нь тавгүй мэдрэмжийг төрүүлдэг. Гэсэн хэдий ч унгах нь хоол боловсруулах хэвийн үйл ажиллагааны нэг хэсэг юм. Хоол боловсруулах замд хуримтлагдсан агаар нь хэрхрүүлэх үед амаар, унгах үед анусаар гадагшилдаг. Эрүүл хүн өдөрт 13-21 удаа унгадаг.

Гэдэс яагаад дүүрдэг вэ?

Юм идэх, уух үед хий залгиснаас гэдэс дүүрдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүн задрах явцад хий ялгардаг бөгөөд зарим төрлийн хүнс задрахдаа илүү их хий ялгаруулна. Үүнээс гадна зарим хүнсний бүтээгдэхүүнд илүү мэдрэг тохиолдолд тухайн хүнсийг хэрэглэсний дараа гэдэс дүүрдэг. Цөөн тохиолдолд эмийн гаж нөлөөгөөр гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрнэ.

Гэдэс дүүргэдэг хүнсний бүтээгдэхүүнүүд:

·       Алим

·       Аспарагус /хэрээн нүд/

·       Шош

·       Брокколи

·       Бруссель байцаа

·       Байцаа

·       Цэцэгт байцаа

·       Сүү, сүүн бүтээгдэхүүн

·       Мөөг

·       Сонгино

·       Тоор

·       Лийр

·       Хар чавга

·       Гурил, гурилан бүтээгдэхүүн

Гэдсэнд хий ихээр хуримтлагдах үед хэвлий ормоор хатуурах, гэдэс дүүрэх, цанхайх зэрэг тавгүй мэдрэмж төрдөг. Дараах тохиолдолд гэдэс дүүрэх шинж тэмдэг түгээмэл илэрнэ:

·       Гэдэсний халдварт өвчин

·       Гэдэс цочролын хамшинж /IBS-Irritable Bowl Syndrome/. Уг эмгэгийн үед өтгөн хатах, гэдэс дүүрэх, гүйлгэх, хэвлийгээр өвдөх зэрэг зовиур илэрнэ.

·       Целиак эмгэгтэй (цавуулаг үл тэвчих) хүмүүс глютен (цавуулаг) агуулсан хүнс хэрэглэх үед өөрийн нарийн гэдэсний ханыг гэмтээх эсрэг бие ялгаруулдаг аутоиммуны эмгэг юм.

·       Эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэхийн өмнө дааврын өөрчлөлтөөс гэдэс дүүрэх шинж тэмдэг ажиглагддаг.

·       Өтгөн хаталт

Гэдэс дүүрэх нь тавгүй мэдрэмж бөгөөд зарим тохиолдолд хэвлийн урд болон хажуу хэсгээр өвдөлт мэдрэгддэг.

Гэдэс дүүрэх зовируыг хэрхэн бууруулах вэ?

·       Өөх тостой хүнсний хэрэглээг бууруулах

·       Газтай ундааны хэрэглээг бууруулах

·       Тайван, удаанаар идэж, уух

·       Тамхинаас гарах

·       Бохь зажлахгүй байх

·       Дасгах хөдөлгөөн тогтмол хийх

·       Хий ялгаруулдаг хүнсний хэрэглээх хязгаарлах

·       Амт оруулагчтай хүнс хэрэглэхээс татгалзах

 

2.    Цээж хорсох

Хэвлийн дээд хэсгээр, цээжний голд шатах мэдрэмж төрүүлж, өвдөлт үүсгэдэг зориурыг цээж хорсох гэнэ. Цээж хорсолтын өвдөлт нь дээшээ улаан хоолой, эрүү хүртэл тархаж, хэдэн минутаас хэдэн цаг ч үргэлжилдэг.


Цээж хорсох шалтгаан?

Улаан хоолой, ходоодны уулзвар хэсэгт хуниас хэлбэртэй булчин байх бөгөөд зажлаад залгисан хоол улаан хоолойгоор дамжаад ходоод ороход нээгдэж, ходоодны хүчил улаан хоолой руу орохоос сэргийлж хаагдах үүрэгтэй. Уг булчин ойр ойрхон нээгдэх, эсвэл суларсан тохиолдолд ходоодны хүчил улаан хоолой руу түрж орсноор түлэгдэж, хорсох мэдрэмж төрүүлдэг.

Цээж хорсолтыг юу сэдрээдэг вэ?

Хүн бүрт цээж хорсох шалтгаан, нөхцөл харилцан адилгүй байдаг. Түгээмэл хүчин зүйлсийг дурдвал:

·       Хэтрүүлж идэх

·       Халуун ногоотой, хүчиллэг, тослог хоол идэх

·       Архи согтууруулах ундаа, кофе уух

·       Тамхи татах

·       Хоол идсэний дараа хэвтэх

·       Стресст өртөх

Ямар хүмүүс цээж хорсолтонд илүү өртдөг вэ?

·       Тамхи татдаг

·       Илүүдэл жинтэй

·       Жирэмсэн

Цээж хорсохоос хэрхэн сэргийлэх вэ?

Зарим тодорхой нэр төрлийн хүнс ууж идсэн үед цээж илүүтэй хорсож байгааг анзаарсан уу? Цээж хорсолтыг өдөөдөг хүнснүүд:

·       Архи, согтууруулах ундаа

·       Шоколад

·       Кофе

·       Тослог, шарсан хоол

·       Түргэн хоол

·       Сонгино

·       Жүрж, нимбэг, бусад цитрусын төрлийн жимс, тэдгээрийн шүүс

·       Алимны цуу, халуун ногоо, салат амтлагч

·       Гаа

·       Газтай ундаа, ус

·       Халуун ногоотой хүнс

·       Улаан лооль, лоолийн нухаш

Хоолны порц, хэмжээ цээж хорсолтонд нөлөөлнө. Иймд өдөрт багаар олон удаа хооллохыг хичээгээрэй.

Хоолны дэглэмээс гадна дараах арга хэмжээг авбал цээж хорсон зовиурыг бууруулахад тустай:

·       Илүүдэл жинтэй бол жингээ хасах. Илүүдэл жин ходоодонд очих даралтыг ихэсгэж, хүчил улаан хоолой руу шахагдаж орох нөхцлийг бүрдүүлнэ.

·       Биед эвтэйхэн сул хувцаслах. Бариу хувцас ходоодыг шахаж, цээж хорсолтыг ихэсгэнэ.

·       Тамхи татдаг бол гарах. Тамхины утаа ходоодны амсрын булчинг суллах, хүчлийг ихэсгэх үйлчлэлтэй.

·       Тогтмол уудаг эм бэлдмэлийг анхаарах. Түгээмэл хэрэглэгддэг үрэвслийн эсрэг эмүүд цээж хорсолтыг ихэсгэж болзошгүй.

·       Өндөр эрчимтэй дасгал хийхээс зайлсхийх.

3.    Ходоод, улаан хоолойн сөөргөө

Цээж хорсох зовиур хүмүүст маш түгээмэл илэрдэг. Гэвч ойр ойрхон цээж хорсох (7 хоногт 2-оос дээш), өдөр тутмын хэвийн амьдралд нөлөөлөх, эсвэл улаан хоолой шархлах зэргээр хүндэрсэн тохиолдолд ходоод, улаан хоолойн сөөргөө (GERD) гэж нэрлэдэг. Цээж хорсох нь сөөргөө өвчний хамгийн түгээмэл илэрдэг шинж тэмдэг юм.

Сөөргөө өвчний шинж тэмдгүүд:

Цээж хорсохоос гадна дараах шинж тэмдгүүд илэрдэг.

·       Амнаас эвгүй үнэр гарах, ам, хоолойн араар гашуун амт мэдрэгдэх

·       Амьсгалахад хүндрэлтэй болох

·       Ханиалгах

·       Хоолойн ар хэсэгт зангилаа байгаа мэт мэдрэгдэх

·       Дуу хоолой өөрчлөгдөх

·       Дотор муухайрах

·       Хоол залгихад хөндүүрлэх

·       Хоолой хөндүүрлэх

·       Шүд өвчлөх

·       Бөөлжих

Цээж хорсолт, сөөргөө хүндэрвэл яах вэ?

Амьдралын хэв маягийн зохицуулалт болон шаардлагатай эмийн эмчилгээг цаг алдалгүй хийгээгүй тохиолдолд дараах эрсдэлд хүргэж болзошгүй:

·       Астма, шөнө хахах, дахилтат уушигны хатгаа зэрэг амьсгалын замын эмгэг үүсэх

·       Улаан хоолойн эс гэмтсэнээс бүтцийн өөрчлөлтөнд орж, улмаар улаан хоолойн хорт хавдраар өвчлөх магадлалтай.

·       Улаан хоолойн үрэвсэл үүсгэх бөгөөд өвдөлт ихтэй.

·       Улаан хоолойн нарийсал болж, хоол залгихад хүндрэл учирна.

4.    Өтгөн хаталт

Ялгадсаа хэвийн гадагшлуулах үйл явц хүн бүрт харилцан адилгүй. Хатуу ялгадас гарах, дутуу хүндэрсэн мэдрэмж төрөх нь өтгөн хаталтын шинж тэмдгүүд юм. Хааяа өтгөн хатах нь хэвийн зүйл ч 7 хоногт 3-аас цөөн удаа хүндэрдэг бол эмчид хандаарай.

Өтгөн хатах шалтгаан?

Өтгөн хаталтанд хүргэдэг олон шалтгаан байх бөгөөд олон шалтгаан хавсарсан байж болно:

·       Ус хангалтгүй уух

·       Ислэг багатай хоол идэх

·       Аяллаар явах, амьдралын хэвшил өөрчлөгдөх

·       Дасгал хөдөлгөөн хийхгүй байх

·       Зарим төрлийн эм бэлдмэлийн гаж нөлөө (антидепрессант, антигистамин, төмрийн бэлдмэл, зарим өвчин намдаах эмүүд)

·       Хорт хавдар, чихрийн шижин, гэдэс цочмог хямрах хамшинж, бамбайн дутагдал зэрэг өвчлөл

·       Жирэмслэлт

·       Бүдүүн гэдэсний бөглөрөл

·       Бүдүүн гэдэс, хошного орчмын мэдрэл, булчингийн үйл ажиллагааны алдагдал

Өтгөн хаталтын эмгүйгээр эмчлэх аргууд?

·       Өдөрт уух усны хэмжээг нэмэгдүүлэх

·       Өдөрт 20-35 гр ислэгийг хүнсээр авах

·       Жимс, хүнсний ногооны хэрэглээг нэмэгдүүлэх

·       Өглөө босоод бүлээн ус, ургамлын цай уух

·       Дасгал хөдөлгөөн тогтмол хийх

5.    Суулгалт

Суулгалт гэж юу вэ?

Шингэн, усархаг ялгадсыг суулгалт гэх бөгөөд таныг ойр ойрхон ариун цэврийн өрөө ороход хүргэнэ. Суулгалтын үед хэвлийгээр өвдөх, базлах, гэдэс дүүрэх шинж тэмдэг илэрдэг.

Суулгалтын шалтгаан?

Вирус, бактер, паразитын халдвар болон эмийн гаж нөлөө, гэдэс, ходоодны үйл ажиллагаанд нөлөөлдөг эмгэгүүд зэрэг олон шалтгааны улмаас суулгаж болно. Идсэн хоол ч нөлөөлдөг.

Хэзээ эмчид хандах вэ?

Хөнгөн хэлбэрийн суулгалт нь аяндаа хэвийн болдог тул айх зүйлгүй. Гэвч 2-оос дээш хоног үргэлжилж, биеийн байдал сайжрахгүй бол эмчид үзүүлэх нь зүйтэй. Нярай болон бага насны хүүхдэд суулгалтын шинж тэмдэг илэрвэл хүүхдийн эмчид заавал хандана.

Суулгалтын улмаас шингэний дутагдалд орох эрсдэлтэй. Ам ихээр цангах, арьс ам хуурайших, шээс бага, өтгөн гарах, бие сулрах зэрэг шингэний дутагдлын шинж тэмдэг юм.

Суулгалтыг хэрхэн эмчлэх вэ?

Шингэний дутагдалд орохоос сэргийлэхийн тулд ус, жимсний шүүс, спорт ундаа зэргийг ихээр уух. Архи, согтууруулах ундаа, кофе, сүүн бүтээгдэхүүнээс зайлсхий. Дотор муухайрахгүй бол банана, хольцгүй цагаан будаа, талх, жигнэмэг зэргийг багаар идэж болно. Биеийн байдал дээрдэхгүй бол эмчид хандаж, эмийн эмчилгээ авах нь зүйтэй.