Мэдээлэл

preview

Цирроз буюу хатуурал гэдэг нь элэгний эрүүл эс аажмаар холбогч эдээр солигдож, бүтэц нь алдагдахыг хэлнэ. Цирроз нь ихэнх тохиолдолд үрэвсэл болон архинд донтох эмгэгийн нөлөөгөөр олон жилийн турш үргэлжилдэг. Нэгэнт бий болсон бүтцийн өөрчлөлтийг эргэн сэргээх бараг боломжгүй ч, циррозыг эрт оношлож чадвал амь насанд аюул учруулахаас сэргийлж чадна.

Элэг нь хэмжээгээрээ хөлбөмбөгийн бөмбөгтэй төстэй, амин чухал үүрэгтэй эрхтэн. Цуснаас хорт бодисыг шүүж, хоол боловсруулахад шаардлагатай энзимүүдийг ялгаруулж, сахар болон шимт бодисуудыг хадгалж, үрэвслийн эсрэг үйл ажиллагаанд оролцдог гэх мэт үүрэгтэй бидний бие организмын хамгийн чухал эрхтэн гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Элгэнд гэмтэл үүсэх бүрт өөрөө өөрийгөө анагааж, нөхөн төлжихдөө бүтэц нь өөрчлөгдөж, холбогч эдээр солигддог. Холбогч эдийн хэмжээ эзлэх хувь хэт ихэссэн үед элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдана.


Шинж тэмдэг

Элэгний хатуурлын эхний үе шатанд зовиур, шинж тэмдэг илрэхгүй байж болно. Цаг хугацааны явцад элэгний бүтцийн өөрчлөлт илүү ихээр явагдахад дараах шинж тэмдэг илэрч болзошгүй:

  • Ядарч, сульдах
  • Хоолны дуршил буурах, шалтгаангүй жин буурах
  • Дотор муухайрах

Мөн хөл, хэвлийгээр хөөж, хавагнах, амархан хөхөрч, цус алдах шинж тэмдэг илрэхээс гадна, арьсанд дараах өөрчлөлтүүд гарна:

  • Шарлалт (арьсны өнгө шар болох)
  • Хүчтэй загатнах
  • Арьсан дор аалзны тор мэт судаснууд тодорч харагдана
  • Гарын алга улайж, хумс цайна.

Бие организмд гарах өөрчлөлтөөс гадна анхаарал төвлөрөл, ой тогтоолт буурах зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлтүүд илэрч болно. Эмэгтэйчүүдийн хувьд биений юм алдагдах тохиолдолд цөөнгүй. Эрэгтэйчүүдэд бэлгийн дур хүсэл буурах, хөх томрох, төмсөг жижгэрэх шинж тэмдгүүд мөн илэрдэг.

Дараах шинж тэмдгүүд цөөн боловч илэрдэг:

  • Цустай бөөлжих
  • Булчин хүчтэй шархирч өвдөх
  • Шээсний өнгө бор хүрэн болох
  • Халуурах
  • Дэлүү томрох
  • Ясны бат бөх чанар алдагдах

Эдгээр шинж тэмдгүүд бүгд нэг дор илрэхгүй байх магадлалтай бөгөөд зарим шинж тэмдгүүдийн шалтгаан өөр өвчин, эмгэг байж болохыг анхаараарай.


Элэгний хатуурлын шалтгаан, эрсдэлт хүчин зүйл

Элэг НЭГ шөнийн дотор хатуурдаггүй! Элэгний эс, бүтцийн өөрчлөлт удаан хугацааны турш явагдсан байдаг. Дараах хүчин зүйлүүд нь элэгний хатуурлын эрсдэлийг нэмэгдүүлдэг:

  • Архинд донтох, архи согтууруулах ундааг байнга их хэмжээгээр хэрэглэх
  • Таргалалт
  • Удаан хугацаагаар Гепатит В, С вирусийн идэвхтэй халдвартай явах

Дараах эрүүл мэндтэй холбоотой шалтгааны улмаас элэгний хатуурлаар өвчилж болзошгүй:

  • Цистик фиброз
  • Сахарын боловсруулалтанд сөргөөр нөлөөлдөг өвчин эмгэгүүд
  • Төмрийн нөөц хэт ихсэх
  • Өөрийн элэгний эдийг гэмтээгч бодис ялгаруулах буюу дархлааны тогтолцооны эмгэг
  • Цөсны цорго бөглөрөх
  • Тэмбүү, бруцеллёз зэрэг халдварт өвчнүүд
  • Зарим эмийн гаж нөлөө


Оношлогоо, хатуурлын үе шат

Хатуурлын эхний үе шатуудад шинж тэмдэг илэрдэггүй тул урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах хүртлээ олон хүн элэгний хатууралтай гэдгээ мэдээгүй байдаг. Дотрын эмчийн үзлэгээр эрүүл мэндийн асуумж болон архины хэрэглээг асууж тодруулна. Мөн бодит үзлэгээр элэгний хэмжээ болон бүтэц хэвийн байгаа эсэхийг тэмтэрч шалгадаг.


Лабораторийн шинжилгээ: Хэрэв эмч таны элгэнд бүтцийн ямар нэг өөрчлөлт, хатуурал байна гэж сэжиглэвэл оношийг баталгаажуулах зорилгоор цусны шинжилгээ авна. Цусны шинжилгээгээр элэгний үйл ажиллагаанд өөрчлөлт орсон эсэхийг илрүүлнэ. Үүнд:

  • Элэгний зарим энзимүүдийн хэмжээ ихэссэн
  • Билирубин ихэссэн
  • Цусан дахь уургийн хэмжээ багассан
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ хэвийн бус
  • Вирусийн халдвар илэрсэн
  • Дархлааны тогтолцооны өвчний (аутоиммуны) үед үүсдэг эсрэг бие илрэх

Дараагийн шатанд хэвлийн хэт авиа, MRI зэрэг дүрс оношлогоо хийж болно. Мөн элэгний хатуурлын үе шат болон шалтгааныг тодруулах зорилгоор элэгний биопси шинжилгээ хийдэг.

Үе шат: Эмч шинжилгээний хариуг үндэслэн элэгний хатуурлын үе шатыг тодорхойлно. Ээнигшилтэй хатуурлын үед элэгний эдийн бүтцийн өөрчлөлт явагдсаар байх хэдий ч элэгний үндсэн үйл ажиллагаа хэвийн байдаг. Энэ үед ямар нэгэн шинж тэмдэггүй байж болно.


Эмчилгээ: Амьдралын хэв маяг, эмийн эмчилгээ, мэс засал

Эмчилгээний сонголтыг элэгний гэмтлийн түвшинтэй уялдуулан хийх бөгөөд эмчилгээний зорилго нь элэгний эрүүл эдийг хамгаалж үлдэх юм.

Эхний шатанд элгийг нэмж гэмтээхгүйн тулд хатуурлын шалтгааныг эмчилнэ. Үүний тулд дараах арга хэмжээнүүдийг авч эхэлнэ:

  • Архи согтууруулах ундааны хэрэглээг нэн даруй зогсоох, шаардлагатай бол донтолтын эсрэг эмчилгээнд хамрагдах.
  • Таргалалттай бол жин хасах. Ялангуяа хатуурлын шалтгаан нь элэг өөхлөх эмгэг бол жин бууруулах арга хэмжээг яаралтай авах.
  • Гепатит В,С вирусийн халдвартай бол вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх.

Арьс загатнах, ядарч сульдах, өвдөлтийн зовиурыг бууруулахын тулд эмийн эмчилгээ хийж болно.

Мөн элэгний хатууралтай хавсарч илэрдэг эрүүл мэндийн асуудлыг шийдэхэд дараах аргуудыг хэрэглэж болно:


Давсны хэрэглээгээ бууруулах: Ингэснээр хөөх, хавагнах шинж тэмдгийг хянахад тустай. Мөн хаван хөөх үйлчлэлтэй эмийн эмчилгээг эмчийн заавраар хэрэглэнэ. Хэрэв таны биед илүүдэл ус ихээр хуримтлагдсан бол биеэс гадагшлуулах зайлшгүй шаардлагатай.

Цусны даралт бууруулах эмчилгээ: Судас хагарснаас үүдэлтэй дотуур цус алдалтыг бууруулна. Венийн судас хэт өргөссөн тохиолдолд мэс засал эмчилгээ шаардлагатай.

Антибиотик болон вакцин: Бусад төрлийн халдвар, үрэвслээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор хэрэглэнэ.

Элэгний хатуурлын хүндрэл нь элэгний хорт хавдарт хүргэдэг тул хавдрын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдах шаардлагатай.


Өвчний тавилан

Ерөнхийдөө хатуурлын улмаас элгэнд үүссэн бүтцийн өөрчлөлт, гэмтэл нь эргэж хэвийн болохгүй. Гэвч элэг бол нийт массынх нь гуравны хоёртой тэнцэх хэсэг нь гэмтсэн эсвэл тайруулсан ч үүргээ тодорхой хэмжээнд гүйцэтгэсээр байдаг гайхамшигтэй эрхтэн.

Удаан хугацаанд гепатитын халдвартай байсан нь элэгний хатуурлын шалтгаан болсон тохиолдолд вирусийн халдварыг эрт эмчилснээр хатуурлын явцыг удаашруулж, хүндрэлийн эрсдэлийг бууруулна. Элэгний хатууралтай ихэнх хүмүүс эрт шатандаа оношлогдсоноор цаашид эрүүл, урт удаан амьдрах бүрэн боломжтой байдаг.

Таргалалттай эсвэл чирхийн шижин өвчтэй хүмүүс илүүдэл жингээ бууруулж, цусан дахь сахарын түвшингөө хянаж чадвал элэг өөхлөх эмгэгийн улмаас үүсэх гэмтлийг бууруулж чадна. Хэрэв элэгний хатуурлын шалтгаан архи согтууруулах ундааны хэт хэрэглээтэй холбоотой бол нэн даруй уухаа зогсоох шаардлагатай.


Урьдчилан сэргийлэлт

Хатуурлаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь амьдралын эрүүл хэв маяг юм. Энэ нь архийг зохистой хэрэглэхээс эхэлнэ. Эрэгтэйчүүд өдөрт 2 нэгжээс ихгүй, эмэгтэйчүүд 1 нэгжээс ихгүй хэрэглэхийг зөвлөдөг. (1 нэгж гэдэг нь 330мл шар айраг/ 125мл дарс/ 50мл цагаан архи)

Мөн гепатит B,C вирусийн халдвар авч болзошгүй эрсдэлт зан үйлээс татгалзах. Үүнд зүү, тариур, сахлын хутга, хумсны хутга зэргийг хувааж хэрэглэхгүй, хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас зайлсхийх гэх мэт багтана.

Биеийн жингээ зохистой хэмжээнд барих. Товлолын болон сайн дурын дархлаажуулалтанд бүрэн хамрагдах зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.