Мэдээлэл

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт

02/18/2019
preview

Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт

Умайн хүзүүний хорт хавдраар хэн өвчлөх эрсдэлтэй вэ?

Бүх насны эмэгтэйчүүд ялангуяа 30-аас дээш насныхан умайн хүзүүний хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Умайн хүзүүний хавдрын гол шалтгаан нь бэлгийн замаар дамждаг хүний папиллома вирус (ХПВ) юм. Бэлгийн идэвхтэй амьдралтай хүмүүсийн тал хувь нь амьдралынхаа туршид ХПВ-ийн халдвар авдаг боловч маш цөөн тооны эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчилдөг байна. 

Барууны ихэнх орнуудад эрт илрүүлгийн сорил (ПАП тест) хийж, ХПВ-ээс сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдсанаар умайн хүзүүний хавдраас сэргийлэх боломжтой болжээ. Уг хавдрыг эрт оношилбол бүрэн эмчлэгддэг. 

Умайн хүзүүний хавдрын эрсдэлт хүчин зүйлд юу багтах вэ?

Дээр дурдсанчлан умайн хүзүүний хавдрын гол шалтгаан бол ХПВ боловч дараах хүчин зүйлс хавдрын эрсдэлийг нэмэгдүүлнэ:

  • Тамхи татах
  • ХДХВ халдвар (ДОХ-ын шалтгаант) 
  • Удаан хугацаанд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэх ( 5 эсвэл түүнээс олон жил)
  • Олон хүүхэд төрүүлэх
  • Бэлгийн олон хавьтагчтай байх

Умайн хүзүүний хавдрын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Умайн хүзүүний хавдрын эрт үед ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Харин хавдрын хожуу үед бэлгийн хавьтлын дараа үтрээнээс цус алдах, ялгадас гарч болно. Хэрвээ эдгээр шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай.

Умайн хүзүүний хавдрын эрсдэлийг хэрхэн бууруулах вэ?

Таны хийж чадах хамгийн чухал зүйл бол 21 наснаас эхлэн 3 жил тутамд умайн хүзүүний хавдрын эрт илрүүлгийн сорилд (ПАП тест) хамрагдах юм.

Эрт илрүүлгийн сорил: Умайн хүзүүний хавдраас сэргийлэх эсвэл эрт илрүүлэх зорилгоор дараах хоёр сорилыг хийдэг. 

  • ПАП тест (пап түрхэц) арга нь үтрээгээр умайн хүзүүнээс арчдас авч, хорт хавдар үүсгэж болзошгүй хавдрын урьдал эмгэгийг оношлох
  • Хавдар үүсгэх эрсдэлтэй ХПВ-ийн халдварыг илрүүлэх сорил

Хэрвээ 21-29 настай бол

21 наснаас эхлээд ПАП тестэд хамрагдах эхэлнэ. Хэрвээ ПАП тест хэвийн бол 3 жилийн дараа давтан өгөхийг эмч зөвлөнө.

Хэрвээ 30-65 настай бол

Эмчтэйгээ зөвлөлдөөд дараах сорилоос өөрт тохирохыг сонгож хийлгэж болно.

  • Зөвхөн ПАП тест. Хэрвээ сорилын үр дүн хэвийн бол 3 жилийн дараа давтан хийлгэхийг эмч зөвлөнө.
  • Зөвхөн ХПВ тест. ХПВ илрүүлэх анхдагч сорил бөгөөд хэрвээ сорилын үр дүн хэвийн бол 5 жилийн дараа дараагийн шинжилгээнд хамрагдахыг эмч зөвлөнө.
  • ПАП болон ХПВ тест хамтад нь. Үүнийг хавсарсан сорил гэж нэрлэнэ. Хэрвээ хавсарсан сорилын үр дүн хэвийн бол 5 жилийн дараа уг шинжилгээг давтан хийлгэхийг зөвлөнө.

Хэрвээ 65 дээш настай бол 

Сүүлийн хэдэн жилд эрт илрүүлгийн сорилын дүн хэвийн байсан эсвэл умайн леймиома зэрэг хоргүй хавдрын улмаас умай бүрэн тайрагдсан бол дахиж эрт илрүүлэгт хамрагдах шаардлагагүй. 

ХПВ-ийн вакцинжуулалт

ХПВ-ийн вакцинжуулалт нь умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэнд ХПВ халдварлахаас сэргийлнэ. Уг вакциныг хөгжингүй орнуудад 11-12 насны охид, хөвгүүдэд хийхийг зөвлөдөг боловч хамгийн эртдээ 9 насанд, хамгийн хожуу 26 насанд хийлгэж болно. Наснаас хамаарч вакцины давталтын тунг 2 эсвэл 3 удаа хийнэ. ХПВ-ийн вакцинжуулалтад хамрагдсан ч умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэгт тогтмол хамрагдах шаардлагатай.