Мэдээлэл

Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүдийг хянаж, хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь

03/12/2018

Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүдийг хянаж, хавдрын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь

Хорт хавдрын өвчлөл Монгол улсад төдийгүй, дэлхий даяар нэмэгдэж байгаа өнөө үед хавдрын эрсдэлт хүчин зүйлүүдийг илүү нарийвчлан судалж, оношилгоо, эмчилгээний шинэ аргууд нэвтэрсээр байна. Хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлүүдэд насжилт, архи, тамхины зохисгүй хэрэглээ, нарны хэт ягаан туяанд цохиулах, цацраг идэвхит болон химийн бодист хордох, зарим бактер, вирусийн халдвар, хорт хавдраар өвчилж байсан гэр бүлийн өгүүлэмж, зохисгүй хооллолт, хөдөлгөөний дутагдал, таргалалт зэрэг олон хүчин зүйлийг дурдаж болно.

Хэдийгээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоо, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, эмчилгээний шинэ аргууд бий болсоор байгаа ч хавдраар өвчлөгсдийн тоо болон хавдрын төрөл нэмэгдсээр байна. Жил бүрийн 2 дугаар сарын 4-ний өдрийг “Хорт хавдартай тэмцэх өдөр” болгон зарласан. Хэрэв хувь хүн эрүүл амьдралын хэв маягтай бол өөрийгөө 3 ба түүнээс дээш төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлж, эрсдэлээ бууруулах боломжтой. Түүнчлэн хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдсанаар эрүүл мэнд, амь насаа аврахаас гадна цаг хугацаа, эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байх болно.

Зонхилон тохиолддог хорт хавдар өвчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.

А. Эмэгтэйчүүд ба хөхний хорт хавдар

Хөхөнд хорт хавдрын эс үүссэнээр хөхний хорт хавдраар өвчилнө. Жирэмслэхээс сэргийлэх эмийн бэлдмэл, даавар орлуулах эмчилгээ, хэт бага насанд сарын тэмдэг ирэх, насжилт (35-аас дээш), жирэмсэлж байгаагүй, хожуу насанд хүүхэд төрүүлэх, хэт ягаан туяатай орчинд ажиллах, хожуу цэвэршилт, гэр бүлийн аль нэг гишүүн хөхний хорт хавдраар өвчилж байсан эсэх, таргалалт болон тамхи татах зуршил нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Гэрийн нөхцөлд хөхөө шалгаж болох энгийн 3 арга:

Эмэгтэй хүн сард нэг удаа хөхөө өөрөө шалгаж байх хэрэгтэй. Ингэснээр та хөхөнд гарсан өөрчлөлтийг эрт мэдэхээс гадна эмчид хандахад илэрч буй өөрчлөлт, зовиурыг тайлбарлаж хэлэхэд хялбар байх болно. Хөхөнд гарч буй хэвийн бус өөрчлөлт нь хорт хавдрын шалтгаантай байж болно. Хөхний хорт хавдрыг эрт үед нь илрүүлснээр бүрэн эмчлэгдэх боломжтой.

Хөхөө шалгах энгийн 3 байрлал:

1. Усанд орж байхдаа

  • Гарын хуруугаараа тэмтрэх.
  • Хурууныхаа үзүүр хэсгээр хөхийг гадна талаас нь дотогшоо чиглэлтэйгээр тойрох хөдөлгөөнөөр тэмтэрч үзэх.

2. Толины өмнө

  • Харагдах байдлыг шалгахын тулд толины өмнө зогсож, гараа дээш өргөн хөхний арьсанд үүссэн хонхорхой, хавдсан эсэх, овгор зүйл харагдах эсвэл хөхний толгойд ямар нэг өөрчлөлт орсон эсэхийг анхааралтай ажиглах.
  • Дараа нь гараа ташаандаа авч, цээжний булчингаа суллаж дахин ажиглах байдлаар хөхний гадна байдал, хонхорхой, нугалаас зэрэг өөрчлөлт илэрсэн эсэхийг шалгах.

3. Хэвтээ байдалд шалгах

  • Хэвтэж байх үедээ баруун гараа толгойн ард байрлуулж зүүн гараараа баруун хөхөө удаанаар тэмтэрч шалгах.
  • Хурууны үзүүрээр баруун хөхийг тойруулан бүхэлд нь тэмтэрч шалгах.
  • Хөхний толгойг эрхий болон долоовор хуруугаараа чимхэн ямар нэгэн овгор байгаа эсэх эсвэл шингэн зүйл гарч байгаа зэрэг өөрчлөлтийг ажиглах.
  • Дараах шинж тэмдэг илэрсэн тохиолдолд зайлшгүй эмчид хандана уу!
  • Бэрсүү эсвэл ямар нэгэн хэвийн бус зүйл тэмтрэгдэх.
  • Хөхний толгой татагдах.
  • Хөхний толгойноос шингэн зүйл ялгарах.
  • Хөхний хэлбэр болон хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд

Эмэгтэйчүүд доорх зөвлөгөөний дагуу хөхний хорт хавдар илрүүлэх шинжилгээг өгөх шаардлагатай.

  • Сард нэг удаа сарын тэмдэг дууссанаас нэг долоо хоногийн дараа хөхөө өөрөө шалгах.
  • Жилд нэг удаа эмчид үзүүлэх.
  • 40 ба түүнээс дээш настай бол жилд нэг удаа маммограм болон хөхний хэт авиан оношлогоонд орох.

Б. Эрэгтэйчүүд ба түрүү булчирхайн хорт хавдар

Бүх эрэгтэйчүүд түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байдаг. Гэр бүлийн аль нэг гишүүн түрүү булчирхайн хорт хавдраар өвдөж байсан эсэх болон насжилттай холбоотойгоор хорт хавдраар өвчлөх эрсдэл нэмэгдэнэ. Эрэгтэй хүний тестостерон даавар 40 наснаас эхлэн буурч эхэлдэг нь эмэгтэй хүнд цэвэршилт явагддагтай ижил юм. Хувь хүнээс хамааран бие физиологийн болон сэтгэл санааны өөрчлөлт илэрдэг. Иймд дааврын өөрчлөлт явагдаж эхэлдэг тул түрүү булчирхайн хорт хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээ, оношлогоонд хамрагдаж байх нь чухал. Түрүү булчирхайн хорт хавдраас хоол хүнсний тусламжтайгаар сэргийлэх боломжтойг судлаачид зөвлөдөг.

Түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүнсний 3 бүтээгдэхүүн

1. Ликопиноор баялаг хүнсний бүтээгдэхүүн

Ликопин нь улаан өнгийн хүнсний ногоонд агуулагддаг. Ялангуяа улаан лоолинд ихээр нийлэгждэг бие махбодь дахь чөлөөт радикалуудыг дарангуйлдаг антиоксидант юм. Чөлөөт молекул нь эсийн ДНХ болон уургийн бүтцийг эвддэг сөрөг үр дагавартай. Харин антиоксидантууд нь тэдгээр чөлөөт радикалуудыг саармагжуулан эсийн бүтцийг хадгалахад нөлөөлдөг. Сүүлийн жилүүдэд хийгдсэн олон судалгааны үр дүнгээс үзэхэд ликопин нь түрүү булчирхай, уушиг, хөх, бүдүүн гэдэс болон ходоодны хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд ач тустай болох нь тогтоогдоод байна.

Улаан лоолийг хэрэглэхдээ түүхийгээр нь биш аль болох оливийн тостой болгож идэх нь зохимжтой. Болгож идсэн тохоилдолд ликопин нь бие махбодид илүүтэйгээр шимэгддэг байна. Ликопин нь бусад нэгдлийн адил халаах эсвэл болгох явцад саармагждаггүй, эсрэгээрээ ликопиний биологийн идэвхит байдал нь нэмэгддэг.

2. Сульфорафан

Сульфорафан нь хорт хавдар үүсгэгч бодисын эсрэг үйлчлэхээс гадна үрэвслийг дардаг антиоксидант юм. Энэ нь брокколи, лууван, хятад байцаа, хүрэн манжин болон цэцэгт байцаанд агуулагддаг.

3. Флавонойд болон изофлавонойд

Флавонойд болон изофлавонойд нь бэлгийн дааврыг тэнцвэржүүлэхээс гадна түрүү булчирхайн эрүүл мэндэд ач тустай. Энэ нь эрдэнэшишид ихээр агуулагдахаас гадна улаан дарс, цангис болон анар жимсэнд нийлэгждэг.

Үүнээс гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн болох цагаан гаа, сонгино, хулууны үр, алим зэрэг нь түрүү булчирхайн хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй.

В. Уушигны хорт хавдар

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хийсэн статистик судалгаанаас үзэхэд хавдраар нас барж буй хүмүүсийн дунд уушигны хорт хавдар нэгдүгээрт орж байна. 2012 онд дэлхий даяар нийт 1 590 000 хүн уушигны хорт хавдраар нас барсан. Мөн бага насны хүүхдийн хажууд тамхи татах нь тухайн хүүхдийн амьсгалын замын өвчнөөр өвчлөх эрсдэлийг нь 50 – 100 хувиар нэмэгдүүлдэг болохыг мэдээллэжээ. Уушигны хорт хавдар нь эмэгтэйчүүдээс илүүтэйгээр эрэгтэйчүүдэд ихээр илэрдэг ба настай хүмүүст мөн адил илүү давамгайлсан байдаг.

Уушигны хорт хавдар нь бусад залгаа эрхтэнүүддээ тархах эрсдэл өндөр байдгаараа аюултай.

Уушигны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг гадны хүчин зүйлс:

  • Тамхи татдаг ба тамхи татдаг хүний хажууд байдаг хүмүүс. Уушигны хорт хавдрын 80 хувь нь тамхинаас үүдэлтэй. Өдөрт бүтэн хайрцаг тамхийг 30 жилийн турш, 2 хайрцаг тамхийг 15 жилийн турш татаж байгаа бол эсвэл 15 ба түүнээс бага хугацаанд тамхи татаагүй ч компьютер томографийн шинжилгээнд (CT) орж, цээжний зургийг авахуулан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах шаардлагатай. Үүнээс гадна тамхинаас гарах эсвэл татаж буй тамхины тоогоо багасгаж, дасгал хөдөлгөөн хийснээр уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулах бололцоотой.
  • Агаарын бохирдол
  • Радоны хий болон асбест минерал нь хорт хавдар үүсгэдэг бодисыг агуулдаг. Эдгээр нь хөрснөөс агаарт шилждэг хорт нэгдэл бөгөөд тамхи татдаггүй хүн үүнээс үүдэн уушигны хорт хавдраар өвчлөх магадлалтай байдаг.
  • Хөнгөн цагаан агуулсан бүтээгдэхүүн болон кадмийн нэгдэл.

Уушигны хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг дотоод хүчин зүйлс:

  • Генийн өөрчлөлт
  • Эс өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж чадахгүй байх.

Шинж тэмдэг:

  • Амьсгалын замын шинж тэмдэг: ханиалгах, цусаар ханиалгах, амьсгал давчдах, амьсгаадах.
  • Бие махбодийн өөрчлөлт: биеийн жингээ алдах, сульдах, ядрах, халуурах, хумс хэвийн бус хэлбэртэй болох (товойх).
  • Бусад шинж тэмдэг: дотор муухайрах, бөөлжих, гараар дагаж өвдөх, зовхи унжих, хөлрөх, нүүр, хүзүү хөөх, толгой болон нуруу өвдөх, давсаг сулрах зэрэг шинж илэрдэг.

Уушигны хорт хавдрын эмчилгээ

Уушигны хорт хавдрын үед юуны өмнө хорт хавдар ямар шатандаа явж байгаа, өвчтөний биеийн байдал, эмчийн зөвлөмж болон эмч, өвчтөн хоорондын зөвшилцлийн үндсэн дээр эмчилгээг сонгож явуулдаг. Уушигны хорт хавдрын 2 төрөл байдаг. Үүнд: Жижиг эст болон жижиг бус эст (ямар ч төрлийн эс байж болно) уушигны хорт хавдар гэж ангилдаг. Жижиг бус эст хорт хавдар түгээмэл тохиолддог.

1. Жижиг эст уушигны хорт хавдар:

  • Гол эмчилгээ нь химийн эмчилгээ бөгөөд бусад эрхтэн рүү хавдрын эсийг тархахаас урьдчилан сэргийлэхээс гадна тус хорт хавдрын эсийг устгах зорилготой байдаг.
  • Туяа эмчилгээ буюу рентген заслаар хорт хавдрын эсийг үхүүлэх замаар эмчилдэг үр дүн сайтай эмчилгээний нэг юм.

2. Жижиг бус эст уушигны хорт хавдар:  

  • Хорт хавдрын эсийг мэс заслын аргаар салгаж авдаг.
  • Эмчилгээг илүү үр дүнтэй болгохын тулд хими, туяа болон эмийн эмчилгээг хавсарч явуулдаг.
  • Хорт хавдар бусад эрхтэн рүү тархсан тохиолдолд хими болон туяа эмчилгээг зайлшгүй хийдэг.

Зөвлөгөө 1: Спиртний хэрэглээгээ багасгаж чадвал элэгний хорт хавдраар өвчлөхгүй байх боломжтой!

Элэгний хорт хавдар нь ихэнх тохиолдолд хүнд шат хүртлээ ямар нэгэн шинж тэмдэг өгдөггүй. Элэгний хорт хавдар үүсэх шалтгаанд: элэгний В болон С вирус, спиртний төрлийн ундааг ихээр хэрэглэх, элэгний паразитын халдварт өвчин, элэгний хорт хавдар үүсгэдэг карциноген (элэгний эдэд илрэх) бодис зэргээс үүдэн үүсдэг. Доорх зөвлөмжийг баримталснаар та элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Үүнд:

  • Спиртний төрлийн ундаанаас татгалзах, стандарт хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. Нэг удаа хэрэглэх согтууруулах ундааны стандарт хэмжээ:
  • Шар айраг 250 мл
  • Дарс 100 мл
  • Ликёр 60 мл
  • Цагаан архи 25 мл
  • Хүнсний бүтээгдэхүүнийг заасан температурт боловсруулан хэрэглэх, хагас боловсруулсан эсвэл түүхий бүтээгдэхүүнээс татгалзах.
  • Гепатит А болон В эсрэг вакцин хийлгүүлэх.
  • Элэгний хэт авиан оношлогоо, альфа-фетапротеин (AFP) шинжилгээ өгөх.

Зөвлөгөө 2: Хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээс хамааран бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэл шалтгаалдаг

Дэлхий дээр халуун орны хүмүүс ихэвчлэн бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх нь түгээмэл. Учир нь мах боловсруулахдаа махыг утах, хэт их давслах аргыг түлхүү хэрэглэдэгтэй холбоотой. Иймд:

  • Хиам, зайдас, утсан мах зэргийг 7 хоногт 500 гр-аас ихгүйгээр хэрэглэх.
  • 50 ба түүнээс дээш насныхан 5 – 10 жил тутам бүдүүн гэдсийг дурандуулж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах.

Хүн бүр эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягтай байж, хорт зуршил болох тамхи татах, спиртний төрлийн ундааг хэтрүүлэлгүй хэрэглэж чадвал хорт хавдар хэмээх аймшигт өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлэх боломжтой. Хорт хавдрыг илрүүлж тогтоох нь хялбар ажиллагаа биш. Хорт хавдар болгон эхэлж буй үедээ ямарваа нэгэн шинж тэмдэг өгдөггүйг анхаараарай. Иймээс хорт хавдраас урьдчилан сэргийлэх оношлогоо, шинжилгээнд хамрагдах нь чухал.

ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛСӨН ҮЕД ХИЙХ ШААРДЛАГАТАЙ, АНХААРАХ 5 ЗҮЙЛ

ЗАЙЛШГҮЙ ХИЙХ 5 зүйл:

  • Дасгал хөдөлгөөн.
  • Оюун бодлоо цэгцлэх (бясалгах).
  • Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх.
  • Хангалттай хэмжээний шим тэжээлийн бодис авах.
  • Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдах.

АНХААРАХ 5 зүйл:

  • Тамхи татахгүй байх.
  • Эрсдэлгүй бэлгийн амьдралтай байх.
  • Спиртний хэрэглээг хянах.
  • Нарны гэрэлд хэт удаан явахгүй байх.
  • Түүхий загас идэхгүй байх.

Зайлшгүй хийх 5 зүйлийн тухай дэлгэрэнгүй

1. Дасгал хөдөлгөөн хийх

Цөөнгүй тооны судлаачид өөрсдийн өгүүлэлдээ дасгал хөдөлгөөн нь хорт хавдартай шууд хамааралтай гэж үзсэн байдаг. Учир нь дасгал хөдөлгөөн хийснээр калорийн хэмжээ болон стрессийг бууруулж хорт хавдар үүсгэдэг гол шалтгааныг дарангуйлж өгдөг гэжээ. Иймд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж чадвал стресс болон калориос айх зүйлгүй юм.

Зөвлөмж:

  • Долоо хоногт 3 удаа 30 минутаар дасгал хөдөлгөөн хийх.
  • Биеийн жингийн индексийг хянаж байх.

БЖИ 18.5 – 25 (Хэвийн)

БЖИ 25 – 30 (Жингийн илүүдэлтэй)

БЖИ 30-аас илүү бол (Таргалалт)

2. Бодол санаагаа цэгцлэх

  • Стресс нь хүний биеийн дархлааны системд нөлөөлөн хорт хавдар үүсэх шалтгаан болдог.
  • Бодол санаагаа цэгцэлснээр стрессээс ангижрах болно. Ингэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой.
  • Бие бялдар хүчтэй байх нь бодол санаа цэгцтэй байгаагийн шинж юм.

Зөвлөмж:

  • Буддын шашны өөрөө өөртөө сэтгэл хангалуун байх арга замд суралцан дадлагажих.
  • Тогтмол бясалгал хийх.

3. Хүнсний ногоо болон жимс жимсгэнэ түлхүү хэрэглэх

Хүнсний ногоо нь дан ганц антиоксидантаар баялаг бус хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй биологийн идэвхит нэгдлийг агуулж байдаг. Жишээ нь: бета-каротин, ликопин, изофлавон зэрэг нэгдлүүд ордог. Эдгээр нь цагаан гаа, лууван, брокколи зэрэгт агуулагддаг.

Зөвлөмж:

  • Өдөрт 500 гр хүнсний ногоо болон жимс хэрэглэх.

4. Тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх

  • Хорт хавдартай өвчтөнүүдийн 1/3 нь өмнө нь тэжээллэг бус хоол хүнс хэрэглэж байсантай холбоотой байдаг.
  • Исгэсэн хүнсний бүтээгдэхүүн эсвэл хагас боловсруулсан хатаасан мах зэрэг нь KNOагуулдаг нь хорт хавдар үүсгэдэг нитрозамин болж хувирдаг.
  • Шарах, утах зэрэг нь хорт хавдар үүсгэдэг нэгдлийг бий болгодгийг анхаарна уу.

Зөвлөмж:

  • Өдөрт 5 удаа хооллох.
  • Шарсан, хуурсан, утсан хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах.
  • Улаан мах болон исгэсэн бүтээгдэхүүнээс татгалзах.

5. Эмчийн үзлэг

Үзлэгт хамрагдсанаар бие махбодид ямарваа нэгэн эмгэг байгаа үгүйг тогтоохоос гадна хорт хавдрыг эрт илрүүлдэг давуу талтай.

Зөвлөмж:

  • Өөрийн бие махбодид явагдаж буй өөрчлөлтийг сайтар ажиглах.
  • 35 ба түүнээс дээш насныхан эмчийн үзлэгт тогтмол хамрагдах.

Анхаарах 5 зүйлийн тухай дэлгэрэнгүй

1. Тамхи татахгүй байх

  • Тамхи нь уушиг, хоолой, элэг цаашилбал эмэгтэй хүнд өндгөвчний хорт хавдар үүсгэдэг.
  • Тамхи нь 4000 орчим химийн бодис агуулдаг бөгөөд тэдгээрээс 60 нь хорт хавдар үүсгэдэг.
  • Тамхи татдаг хүмүүсийн 80 хувь нь уушигны хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй бол жил бүр 10 000 хүн уушигны хорт хавдартай хэмээн оношлогддог.

Зөвлөмж:

  • Тамхи татдаг хүний хажууд байхаас аль болох зайлсхийх.

2. Эрсдэлгүй бэлгийн амьдралтай байх

Бэлгийн олон хавьтагчтай байх нь эмэгтэйчүүд хүний хөхөнцөр вирусээр өвчлөх эрсдэл нэмэгддэг. Ингэснээр умайн хүзүүнийн хорт хавдар үүсэх шалтгаан болдог.

Зөвлөмж:

  • Бэлгийн нэг хамтрагчтай байх.
  • Бэлгийн хавьталд орох тохиромжтой нас 20 ба түүнээс дээш.
  • Хамгаалалтгүй бэлгийн хавьтлаас татгалзах.

3. Согтууруулах ундааг зохистой хэрэглэх

Согтууруулах ундаа хэрэглэдэг хүмүүс элэг, хөх, улаан хоолойн хавдраар өвчлөмтгий байдаг. Өдөрт тогтмол 60 граммаас илүү спиртний төрлийн ундаа хэрэглэдэг хүмүүс хэрэглэдэггүй хүмүүстэй харьцуулахад хорт хавдраар өвчлөх эрсдэл 9 дахин өндөр байдаг.

Зөвлөмж:

  • Зөв зохистой хэмжээгээр хэрэглэх. Эрэгтэй хүн өдөрт 2 нэгж, эмэгтэй хүн 1 нэгжээс илүүг хэрэглэхгүй байх.
  • Пиво 7%= 288 мл
  • Вино 13%= 153 мл
  • Виски 37.5%= 53 мл

 4. Нарны хурц гэрэлд удаан явахгүй байх

  • Нарны гэрэл хэт ягаан туяаг ялгаруулдаг учир арьсны хорт хавдар үүсэх шалтгаан болдог.
  • Хэт ягаан туяаны 3 хэлбэр байдаг. Үүнд: UVA, UVB, UVC. Эдгээрээс UVB нь арьсны хорт хавдрыг илүүтэйгээр үүсгэдэг.
  • Хэт ягаан туяа нь ганцхан арьсыг гундуулаад зогсохгүй нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг.
  • Хэт хурц биш нарны гэрлээс витамин Д авах боломжтой боловч удаан хугацаагаар байх нь хорт хавдар үүсэх шалтгаан болдог.

Зөвлөмж:

  • Нарны шууд тусгалаас зайлсхийх.
  • Нарны хамгаалалттай тосыг тогтмол хэрэглэх.
  • Нарны шил, урт бээлий, малгай зэрэг нарнаас хамгаалах зүйлс авч явах.
  • Бие махбодид ямар нэг эмгэг өөрчлөлт илэрч байгаа үгүйг шалгах.

5. Түүхий загас идэхгүй байх

Усны шинэхэн загас нь бактер тээж байдаг учир бактерийн халдвар үүсгэдэг.

Зөвлөмж:

  • Түүхий загасны хэрэглээг багасгах.
Бид дараа дараагийн нийтлэлүүддээ хорт хавдрын оношлогоо, эмчилгээний талаар цуврал мэдээлэл бэлтгэн хүргэх болно.