Бид оношлогооны шинэ техник, технологи нэвтрүүлж, шинжилгээ оношлогооны үр дүнг сайжруулахыг байнга хичээж ажилладаг.
+ (976) 7720-5599
info@onoshmed.mn

Шинэ мэдээлэл

Витамин Д-ийн дутагдал насжилтыг богиносгодог уу?

Витамин Д-ийн дутагдал насжилтыг богиносгодог уу?

Залуу болон дунд насныхны цусан дахь витамин Д-ийн хэмжээ бага байх нь насжилтыг богиносгодог гэсэн томоохон судалгааны үр дүн гарчээ.

Уг судалгаа нь Австри улсад 78.000 хүнийг хамруулан 20 жилийн турш дагаж судалсан бөгөөд цусан дахь витамин Д-ийн хэмжээ бага насанд хүрэгчид хэвийн хэмжээтэй хүмүүстэй харьцуулахад судалгааны явцад нас барах магадлал 3 дахин өндөр байжээ.

Нас баралтын шалтгааныг нарийвчилж үзвэл витамин Д-ийн хэмжээ нь чихрийн шижингийн хүндрэлээс үүдэлтэй нас баралттай хамааралтай байв.

Энэхүү судалгааны урьдчилсан үр дүнг Европын Чихрийн Шижингийн Судалгааны Холбооны хурал дээр 2019 оны 09 сарын 20-нд танилцуулсан бөгөөд витамин Д-ийн дутагдал нь хүмүүсийн амьдралыг богиносгодог гэсэн дүгнэлт хийхэд эрт байгааг мэргэжилтнүүд цохон тэмдэглэж байна.

Гэсэн хэдий ч витамин Д-ийн дутагдал нь ясны бат бөх чанарт сөргөөр нөлөөлдөг нь батлагдсан. Мөн чихрийн шижин, цусны даралт ихсэлт, зарим төрлийн хорт хавдар, тархмал хатуурал зэрэг автоиммуны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоогоод байна.

Витамин Д нь ясны эрүүл мэнд болон кальцийн шимэгдэлтэнд чухал үүрэгтэй гэсэн хэвшмэл ойлголт сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж, илүү өргөн хүрээг хамрах болов.

Зарим архаг, хууч өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл, урт наслахын тулд хоол хүнс болон нэмэлтээр витамин Д-г заавал нөхөх шаардлагатай эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

New England Journal of Medicine сэтгүүл дээр саяхан хэвлэгдсэн нийтлэлд витамин Д-ийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь эрсдэл өндөртэй бүлгийн хүмүүсийг 2-р хэв шинжийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэхэд үр нөлөөгүй гэсэн таагүй үр дүн гарчээ. Гэвч үүнийг зарим судлаачид витамин Д-г хожуу насанд нэмэлтээр хэрэглэх нь өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд хангалттай биш хэмээн тайлбарлаж байна.

Учир нь чихрийн шижин зэрэг олон өвчнүүдийн суурь залуу насанд тавигдсан байдаг.

Судалгааны багийнхан витамин Д-ийн хэмжээ болон 60 наснаас өмнө нас барах эрсдэлийн хооронд хамаарал байгааг тогтоосон. Цусан дахь витамин Д-ийн хэмжээ 10 nmol/L-ээс бага байсан хүмүүс 50 nmol/L хэмжээтэй хүмүүстэй харьцуулахад судалгаа үргэлжлэх явцад нас барах эрсдэл ойролцоогоор 3 дахин өндөр байв.

АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс цусан дахь витамин Д-ийн хэмжээ 50 nmol/L-ээс их байх нь биеийн ерөнхий эрүүл мэндийг хамгаалахад хамгаалахад гэж зөвлөж байна.

Хэдийгээр учир шалтгааныг бүрэн тогтоогоогүй ч цусан дахь витамин Д-ийн хэмжээ нь чихрийн шижин өвчтэй хамааралтай болохыг судалгаагаар тогтоосон. Витамин Д нь бие организмд даавар төст үйлчилгээ үзүүлдэг бөгөөд дархлааны тогтолцоог зохицуулахад оролцдог. 1-р хэв шинжийн чихрийн шижин нь автоиммуны эмгэг тул витамин Д-ийн хэмжээтэй хамааралтай гэж үзэж байна.

Мөн витамин Д нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг инсулин даавар ялгаруулдаг эсийн үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Бие махбодийн инсулинд мэдрэг байдлыг тодорхойлдог тул 2-р хэв шинжийн чихрийн шижинтэй холбоотой.

Иймд хүүхэд, залуучууд витамин Д-ийн дутагдлаас урьдчилан сэргийлж, витамин Д-г зохистой тунгаар нөхдөг байх хэрэгтэй. Олон улсын Дотоод Шүүрлийн Нийгэмлэгийн удирдамжид насанд хүрэгчид өдөрт 1500-2000 ОУН, хүүхэд, өсвөр үеийнхэн 600-1000 ОУН уухыг зөвлөсөн байдаг.

Хэдийгээр хүний биеийн арьсан дээр нарын гэрэл тусахад витамин Д-г нийлэгжүүлдэг боловч зарим улс орнуудын цаг уурын онцлог, өвлийн улирлаас шалтгаалж нарны гэрэлд удаан байх боломжгүйгээс витамин Д хангалттай нийлэгжиж чадалгүй дутагдалд орох эрсдэлтэй.

Витамин Д-ийн дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цусан дахь Д-ийн хэмжээгээ лабораторийн шинжилгээгээр тодорхойлох нь зүйтэй. Хэрэв витамин Д-ийн хэмжээ бага гарсан тохиолдолд Д-ээр баяжуулсан хүнс болон биологийн нэмэлт бүтээгдэхүүнийг эмчийн заавраар хэрэглэх боломжтой.